x

Тэмцээний зорилго ба хандлага

Оршил

Хэдэн жилийн өмнө Австри руу ажлаар яваад найзындаа хэд хоносон юм. Тэгсэн манай найз “Лхагва гаригт бид нар австричуудтай сагс тоглодог юм, чи хамт явж тоглох уу” гэж байна. Ингээд бид сагс тоглохоор явж заалны гадна хамт тоглох хэдэн монголчуудтай танилцав. Монголчууд, австричуудын 1 цаг 30 минутын тоглолт надад маш их зүйл бодогдуулж билээ. 

Австричуудын зааланд ирж буй зорилго, хандлага бид нарынхаас тэс өөр. Тэд чөлөөт цагаа өнгөрүүлж зөвхөн кайф авах зорилготой бол бид нар хэн нэгнийг хожих зорилготой ирсэн байлаа. Тэд хэнтэй ч маргалдахгүй, хэнтэй ч муудалцахгүй. Багаараа маш гоё дамжуулалтууд хийж нэг ч маргаан гаргахгүй байв. Харин бид нар зөвхөн хожихын тулд үхэн хатан зүтгэж, хамгийн сайн тоглодог нь голдуу бөмбөгөө нэхнэ. Хоорондоо маргалдаж, нэгнээ загнах энүүхэнд. Хөөрхий австричуудыг хожихын тулд хүнд алдаа гаргаж, унатал нь түлхэж, шархи сорви үлдээнэ. Энэ бүхэнд тэд уурлахгүй инээгээд л өнгөрнө. Эцэст нь бид нар хожин кайф авч аз жаргалтай заалнаас гарсан бол австричууд ч ялгаагүй чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, сайхан багийн тоглолт хийгээд гарсан юм. Найзтайгаа дараа нь машинд зааланд болсон бүх процессийг ярилцаж, дүгнэж явав. Бид нар ч үнэхээр спортод хандах хандлага, спортын соёлоороо болоогүй юм байна гэдэг дээр санал нэгдсэн юм. Австричууд ч ялгаагүй “Монголчууд нээрээ сонин хүмүүс шүү, яахаараа ингэж үхэн хатан тоглодог байнаа” гэж бодсон байлгүй. 

Бидний спортын хандлага

Бид ер нь спортод яаж ханддаг юм бэ гэхээр сонин. Найзуудтайгаа зааланд тоглоход хожихын төлөө юу ч хамаагүй хийх нь элбэг. Хэрэлдэнэ, маргалдаж гар зөрүүлэх нь ч бий. Байгууллагын жижиг тэмцээн ч ялгаагүй шүүгчээ хараана, загнана, сүрдүүлнэ. Манай найзуудын тэмцээн, хэдхэн ажилтантай байгууллагын тэмцээн ч ялгаагүй танай, манай хэрүүл маргаан. Дээшилвэл том лигийн тэмцээнүүдийн дүр төрх адилхан. Дасгалжуулагч, тамирчид, үзэгчдийн соёл спортод хандах хандлага доод түвшинд. Харааж, ерөөх, бусдыг сүрдүүлэх бол элбэг. Зүгээр нэг заал авах, найзуудтайгаа тоглох, байгууллагын жижиг тэмцээн гээд бүх зүйлд бид тэмцээний сэтгэхүйгээр ханддаг. Хүүхдүүдээ хүртэл багаас нь тэмцээний сэтгэхүйтэй болгож, олимпиад тэмцээнээр угжина. Хүүхдээ спортоор хичээллүүлэхдээ тамирчин болгоно гэж бодохоос чөлөөт цагийн талаар бараг л юм бодохгүй. Бөхөд ямарч сонирхолгүй хүүхдээ бөх болгоно гэж мөрөөдөх нь хүүхдээ өөрийгөө баясгах хэрэгсэл мэт харж байгаатай ялгаагүй.

Энэ бүхний цаана манайх л хожвол шударга гэдэг дүрэм оршино. Хожигдоно гэдэг монголчуудын хувьд байж боломгүй асуудал. Манайх хожвол шударга, танайх хожвол бульхайтай. 

Төлөвшил

Миний хувьд өөрийнхөө характерийг удирдах юмсан гэж их хичээдэг. Монгол хүн байна даа гэдэг шиг талбай дээр учир утгагүй хэрэлдэх, эсрэг багийн тоглогч руу дайрдаг байснаа нуугаад байх юу байхав. Муухай зан гаргах бүртээ дараа нь маш их гэмшдэг байлаа. Хэдэн жил давтагдсан даа. Ингээд бодож бодож зорилго буруу байгаа юм байна гэдгийг олж хараад тэмцээнд ирэхдээ хожихыг хамгийн эхэнд тавих биш өрсөлдөгчөө, шүүгчээ, зохион байгуулагчаа хүндлэх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Гэхдээ шүүгч санаанд оромгүй алдаа үлээж байхад шүүгч рүү өмнө ч гэсэн дайрч этикгүй зан гаргаж байгаагүй гэдгээ хэлье. Зорилго тодорхой боллоо, одоо хамгийн хэцүү даваа юу хэрэгжүүлэх. Угтаа бол характераа удирдах. Эхэндээ хэцүү л байлаа, талбай дээр байнга ингэж болохгүй гэж бодож явах хэцүү л байлаа. Хоёроос гурван тэмцээний дараа характераа удирдах нь илүү сайжирч талбай дээр сэтгэл зүйн хувьд тун амгалан болж ирэв. Дараа нь бодоход анхны хожино гэж ирдэг зорилго маань угаасаа буруу байсныг олж харсан юм. Зүгээр зааланд тоглохдоо хүртэл хэт хожих гэж улайрах, хоосон мэт зорилгынхоо араасаа тэмүүлэх нь хүний сэтгэл зүйг тогтворгүй болгодог хүчин зүйл. Хүн байнга хожоод байхгүй. Гэтэл хожих гэж ирсэн зорилго нь нуран унахаар сэтгэл санаагаар унах нь ойлгомжтой. Харин өнөөдөр хэнтэй ч маргалдаагүй, хэнтэй ч зүй бус харьцаагүй гэхээр цаанаа л нэг өег. 

Хүүхэд байхад бие биенээ дийлэх гэж улайрдаг байсан тэр улайрлаа том болохдоо үлдээх ёстой юм шиг. Гэтэл тэр зангаа аваад хөгширөхөөр төлөвшинө гэдэг ойлголт байхгүй мэт. Хүн өөрийгөө ялна гэж үүнийг л хэлээд байх шиг. Характераа удирдаж чадахгүй нэгэнтэй хамт байх нь өөрөө хамгийн тавгүй зүйлийн нэг. Ямарч хүн хожигдох бүртээ бусад руугаа дайрч давшилдаг нэгэнтэй хамт байгаад байхыг хүсэхгүй. Хүүхэд байхад компютер тоглож байгаад хожигдохоороо компютерийн гараа шиддэг, хараал ерөөл нь дийлддэггүй зантай нэгэнд хожигдоод өгсөн ч яахав дээ гэж бодогдох үе байдаг байлаа. Намайг ч тэгж боддог байсан хүмүүс бас байсан л байлгүй. Хүн өөрийнхөө орк гэдгийг хүлээн зөвшөөрөх хэцүү ч, хэрвээ зөвшөөрч чадвал цаашдаа орк байхгүй эхлэх тавигдах шиг санагдсан.

Тэмцээний соёл

Дээд лиг гэх мэт том тэмцээний үед маргалдах, муудалцах тохиолдол гаралгүй яахав. Угаасаа контакттай спортын салшгүй нэг хэсэг. Гол нь энэ маргааныг зохион байгуулж буй холбоо нийгэм дүрмээ барьж сайн зохицуулах хэрэгтэй. Манайд 1990 он гарснаас хойш спортын холбоодууд тийм ч хүчтэй, зохион байгуулалттай байгаагүй. Тоглогчдод ч энэ бөөн далим. Тэр ч утгаараа том тэмцээний шийдвэрлэх тоглолтууд дээр маргаан, зодоон гарах тохиолдол нилээд ажиглагдаж байв. 2005 оны хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтоор Дарханд болсон Дархан – Мазаалай клубын хоорондох ширүүхэн тоглолтын дундуур согтуу хөгжөөн дэмжигч тоосго барин гарч ирээд зодоон эхлүүлж байлаа. Хэдэн жилийн өмнө дээд лиг дуусахад талбайн шүүгчийг зодсон тохиолдол ч гарсан. Сагсны дээд лигийн тоглолтонд тоглолт дууссаны дараа шүүгчийг зодох гэж дайрах тоглогчид, дасгалжуулагчид, эзэд, хөгжөөн дэмжигчдийг олон харж байлаа. 

Үүнээс өмнөх үйл явдлуудтай харьцуулахад бидний тэмцээний соёл, этик илүү сайжирч байгааг харьцуулж болж байна. Тоглолт дууссаны дараа хожигдсон баг шүүгч барьж авч зодоод Лигийн зохион байгуулагчид асуудлыг зохицуулж чадахгүй хоёр багт хүрэл медалийг хувааж өгч байсан түүхтэй. Үнэн худлааг мэдэхгүй ч сагсны шүүгчийг далан давхарт аваачиж айлгаж байсан гэх яриа бий. Мөн торгуулийн цохилт хийх үед цохисоныг нь “ална” гэж хэлээд цохих хүнгүй болоод хөгшин дасгалжуулагч нь солилцоогоор орж ирээд цохисон гэдэг яриаг сонсож байлаа. Аль аль нь жоохон хэтрүүлэгтэй гэж бодоход тэмцээний соёл сайжирч буй нь тодорхой.Ямарч л байсан атамантай баг нь хождог үе улирал оджээ.

Байгууллага хоорондын тэмцээнүүд дээр ийм зүйл байнга тохиолддог. Гол гардаг маргаан шүүгч чинь худлаа шүүж байна, зохион байгуулагчдад үйлчилж байна. Байгууллагын удирдлагууд тэмцээнд оролцож буй тамирчдаа хожих үүрэг өгөхөөс тэмцээнд томоотой оролцох талаар ёс төдий дурьдаад өнгөрдөг. Анхнаасаа зорилго буруу болохоор тамирчид хожих, түрүүлэх зорилгын төлөө үхэн хатан тэмцэж тэр нь цаашаа хэрүүл, зодоон болон хальж, багт нэг, хоёр өөрийгөө хянах чадваргүй нөхдүүд байхад бусад нь аялдаг дагалдаж буй харагддаг.

Хэдэн жилийн өмнө +30 гээд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байхад маш их хэрүүл, маргаан, зодооны гэрч болж байв. Уг нь хамгийн төлөвшсөн байх насан дээрээ байгаа хүмүүс. “ Нас нь яваад бие нь явахаа болихоор ам руугаа орчихдог байхгүй юу” гэж өөрсдийгөө зөвтгөнө. Гэтэл миний харж байгаагаараа бие нь хөдөлдөг байхдаа ч характераа барьж чаддаггүй байсан гэдэг нь ажиглагддаг. Анхнаасаа зорилго нь хожих болохоор хожихын тулд юу ч хамаагүй хийж сурсан зан л харагддаг. Хожиж л байвал дүрэм, журам, этик ямарч хамаагүй. 

Хожихоороо хүүхэд шиг баярлаж “миний буруу, үгүй ээ миний буруу, үгүй ээ миний буруу, намайг уучилчих л даа” гээд дуусашгүй пялдага зан, хожигдохоороо өөрийгөө хянаж чадахгүй түрэмгий зан…

Байгууллага хоорондын (мөн найзууд хоорондын) тэмцээнд зохион байгуулагч болон хэдэн шүүгчид ажилладаг. Тухайн тэмцээн дээр байгууллагын соёл, этик тэр чигээрээ бууна даа. Яагаад гэвэл жилдээ цөөхөн болдог сайхан арга хэмжээ. Бүгд л тэмцээнтэй гэж баярлаж, байгууллагынхаа шилдэг, аварга болохыг зорьдог. Ийм төрлийн тэмцээн тоглогчдын этик дээр илүү тогтдог бөгөөд этикээс хамаарч тэмцээний дундах хэрүүл маргаан гарах үгүй нь шийдэгддэг. Мэдээж тааруу шүүгчтэй байх хэцүү ч, шүүгчээ өөрсдөө сонгож, өөрсдийнхөө өгсөн цалинд таарсан шүүгч авч байгаагаа хамгийн эхэнд бодох хэрэгтэй. Тэгсэн мөртлөө шүүгчдийн төсөв гэж бага мөнгө төсөвлөдөг бөгөөд уг нь шагналаас илүү засаглалыг хадгалах үүрэгтэй шүүгчдэд илүү сайн мөнгө төлж байж сайн шүүгчид ирж тэмцээн илүү гоё болно. Олон жилийн туршлагаар энэ алдааг ажиглаж шүүгчдээ сайн сонгодог байгууллагууд нилээд бий. Шүүгч алдаа гаргасны дараах эмоц байгууллагын соёлыг шууд харуулдаг. Ална хядна гээд дайрах нь байгууллагын соёл ямар түвшинд байгааг шууд хэлдэг. Манай энэ дандаа ингэдэг юм битгий тоо гэж нэгийгээ өмөөрөх нь байгууллага эсвэл найзууд тухайн нөхрөө дотоод соёлоороо болох болохгүйг ойлгуулж чадаагүйтэй холбоотой. За тэгээд дарга, удирдах албан тушаалын хүмүүс эсвэл хамгийн нэр хүндтэй алдартай нөхдүүд этикгүй зан гаргах нь хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл тэдэнд хүмүүс юм хэлж чаддаггүй. Хэн ч надад юм хэлэхгүй гэсэн шиг хамгийн мэдрэмжгүй нөхдүүд бол эд нар. 

Шүүгч алдаа гаргахдаа санаатайгаар бараг л гаргадаггүй. Тэгэх ямар ч шаардлагагүй, тэгвэл өөрөө асуудалд орно гэдгээ маш сайн мэддэг. Ялангуяа орчин үед. Гаргаж буй алдаа нь голдуу ур чадвар дуугаас л болсон байдаг. Бөмбөгөө шидээд алдахаар оруулаачээ гэж загнадаг утгагүй үгтэй л адилхан мэт шүүгчдээс олон утгагүй зүйл шаардаж буй харагддаг. 

Соёл түгээгчид

Илүү мэргэжлийн түвшиний буюу дээд лиг, шигшээ багийн тоглогчид манай нөхцөлд бүгд ямар нэг байгууллагад харьяалагддаг. Эдгээр хүмүүс тухайн соёлын тэргүүн шугамд явдаг учраас очсон газартаа нэн тэргүүний соёлыг түгээх үүрэгтэй. Тамирчдаас ч тэр, дээр нь өөрсдийнхөн тоглодог дээд лигийн зохион байгуулалтаас ч шалтгаалдаг соёл түгээх үүргээ ихэнх нь мэддэггүй. Байгууллагын тэмцээнд том тамирчид том тэнэгтэх нь их. Өөрөөсөө хамаагүй чадвар бага тамирчидтай муудалцаж, өөрийнхөө нэр хүндээс доогуур шүүгчийг загнаж, заналхийлэн байж өөрийнхөө талд үлээлгэнэ. Хожигдох дургуй нэр хүндийг ойлгож байгаа ч, өөр нэгэн хожигдол дагаж явдагийг санахад илүүдэхгүй. Энэ чинь байгууллагын тэмцээн.

Анх томчуудтай тэмцээнд орж байснаа тод санаж байна. Талбай дээр ч, бэлтгэл дээр ч байнга загнуулж, зарим нь бүр зодуулж ч байлаа. Тэгээд бидний хэсэг хүүхдүүд ярилцаж байв.

  • Би лав том болоод ….. ах нар шиг мангар болохгүй. 

  • Би ч гэсэн

  • Би ч гэсэн…

  • Ах нар яах вэ одоо өөрчлөгдөхөд хэцүү, бид нар хэлвэл шууд мангар бацаанаараа дуудуулна (бацаан гэж буй хүмүүс асуудлын мөн чанарыг олж чаддаггүй, мөн чанарыг харалгүй бацаан хэлж байгаа юм чинь гээд үл тоомсорлонгүй ханддаг этикийн ойлголт багатай хүмүүс харагддаг).

Тухайн үед ийм болохгүй гэдэгтээ тангараг өргөх нь холгүй байсан ч хэдэн жилийн дараа өөрөө “ах” болоход нь яг адилхан занг харж байснаа нуух юун. Тэгэхээр хүн эрх мэдлийн сул талыг хардаг ч өөрөө эрх мэдэлтэй болохоороо өөрийн сул талаа харж чаддаггүй гэдгийг ойлгож авсан юм. Бацаанууд гээд л багийн уур амьсгал бүрдүүлэх ажлыг харин ч нэг хойш нь татаж байгаа юм даа. Харьцангуй багасаж байгаа ч энэ шалтгаанаар асуудлыг мөн чанараар нь бус, этикгүй хандлагаараа шийдээд сурчихсан ахмадуудаас болж залуусын бухимдал төрж буй харагддаг. 

Төгсгөл

Төгсгөлд нь бид зорилгоо ялгаж салгах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Хар багаас нь уралдуулсан тэмцээний сэтгэхгүй суусан хүүхдүүд спортын соёлыг энэ чигээрээ нь буулгаж аваад амьдралынхаа дүрэм болгочихдог. Зарим нь өөрсдийгөө өөрчилж чаддаг ч ихэнх нь үгүй. Тиймээс хүүхдүүдийг багаас нь уралдуулсан, даалгавраар өрсөлдүүлсэн уралдаан ч, тэмцээний сэтгэхүйг нь багасгаж илүү багийн, хамтын, оролцооны ажлыг нь дэмжиж өгөх нь зүйтэй. Зөвхөн хэдэн сайн сурагчдаа олимпиад болон тэмцээнд бэлддэг биш бүгдийг нь хамруулж чаддаг заах арга барилыг багш нар эзэмших ёстой мэт. 

Дэлгэцийн араас эсэн бусан сэтгэгдэл бичдэг нөхдүүд ч гэсэн өөрийнхөн дэмжиж буй тал, эсвэл өөрийхөн дэмжиж буй үзэл бодол ялагдсанд л характераа барьж чадахгүй хамаагүй цацаж буй харагддаг. Ядаж байхад нэр усгүй, мэдэгдэхгүй болохоор ёстой хамаа намаагүй цацна даа. Зөв хүний үйлдэл, нүднээс далд ч зөв байдаг гэдэг үг яг тохирно.

Спортын удирдах байгууллага, холбоод, соёлыг түгээх зорилготой хүмүүс, ер нь бүгдээрээ спортын соёл, зорилгоо дахин нэг харж үзвэл яасан юм бэ гэдэг санал гаргаж байна. 

Б.Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 18 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 23 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top