Шат шатны сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай шүүхийн маргаан тэнгэрт тулж, баахан нэхэмжлэгч, хариуцагч нар гарч ирдэг дээ. Маргааныг нь шүүхээр шийдвэрлэж, ажилд нь эргүүлэн тогтоосон ч шүүхийг шийдвэрийг хэн ч биелүүлдэггүй, биелүүлсэн нэг нь долоо хоногийн дараа дахиад нэг өөр үндэслэл гаргаж ирээд халчихдаг. Нэг аймагт бүр (Говь-Алтай шиг санаж байна) дунд сургуулийн захирлыг долоон удаа ажлаас нь халж, долоон удаа ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарч байв. Дээр нь төрийн байгууллагуудын тушаал, шийдвэрээр аж ахуй нэгжүүдэд учруулсан хохирлыг бол ярих ч юм биш. Өнгөрсөн онд байх, Засгийн газраас шүүхийн шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон нөхөн олговрын хэмжээ долоон тэрбум төгрөг давсан гэнэ.
Энэ бол манай төрийн захиргааны байгууллагуудын шийдвэр хэр зөв зүйтэй, хуульд нийцэж гардаг вэ? гэдэгт хариулт өгөх нэгхэн жишээ. Нөхөн олговрыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах боловч хууль зөрчиж шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн тал хувь нь шүүхэд очдог, шүүхэд очсон нэхэмжлэлийн бараг 90 хувийг шүүх хангадаг (иргэн, аж ахуйн нэгжийн талд шийдвэр гардаг) гэсэн судалгааг өмгөөлөгч нар танилцуулав.
Гэвч энэ байдлаас маш “амар хялбар” аргаар гарах арга замыг манай Засгийн газар сүвэгчилжээ. Засгийн газраас боловсруулж, Хууль зүйн яамнаас санал авахаар тус яамны албан сайтад байрлуулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уншаад үзээрэй. Төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэж бичсэн байна. Шууд утгаараа Засгийн газрын байгууллагуудын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг юм.
Мөн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, “Засгийн газрын шийдвэр” хэсэгт заасан (30 дугаар зүйл. Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна) “Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно” гэдэг заалтаас “захиргааны” гэдэг үгийг хасахаар төсөлд бичжээ. Учир нь Засгийн газар болон захиргааны бүх байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүх хянаж үздэг.
Захиргааны хэм хэмжээний акт гэдэг нь хуульд зааснаар “хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр” гэсэн байна. Жишээ нь, автомашины дугаарын хязгаарлалт. Энгийнээр хэлбэл, захиргааны байгууллагаас гаргасан элдэв дүрэм, журмуудыг хэлж байгаа юм. Хэм хэмжээ тогтоосон Засгийн газрын тогтоол ч бас үүнд хамаарна. Хэрэв тэдгээр нь Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүх маргааныг хянаж үзээд хүчингүй болгох эрхтэй.
Нэг жишээ авахад, өнгөрөгч 2017 онд Засгийн газраас гаргасан нийт 106 шийдвэрийн:
-8,55 хувь буюу 9 нь захиргааны акт,
-42,4 буюу 45 нь захиргааны хэм хэмжээний акт,
-45,05 хувь буюу 52 нь улс төрийн буюу бодлогын шинжтэй шийдвэр байв.
Эндээс үзвэл, Засгийн газраас гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүдийн 51 хувь нь иргэд, хуулийн этгээдэд чиглэж, эрх ашгийг нь шууд хөнддөг гэсэн үг. Үлдсэн нь улс төрийн буюу бодлогын шинжтэй шийдвэрүүд байна. Энэ төрлийн шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” хэмээн томьёолж, энэ хуулиар зохицуулахгүй гэсэн байна (Гуравдугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэг). Мөн “Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулахгүй” гэжээ.
Харин одоо боловсруулаад байгаа төсөлд тусгаснаар бол Засгийн газраас эхлээд түүнээс доошхи захиргааны бүх байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг шүүхээр хянуулахгүй гэж байна л даа.
Иргэд, аж ахуй нэгж “Мэргэжлийн хяналтын байцаагч тэр, эсвэл цагдаагийн байгууллагын энэ албан тушаалтан хууль зөрчсөн ийм ийм шийдвэр гаргалаа. Үүний улмаас надад, манай байгууллагад ийм хэмжээний хохирол учирлаа” гээд шүүхэд нэхэмжлэл гаргах гэвэл түүнийг нь хүлээж авах газар байхгүй гэсэн үг. (Цагдаагийн байгууллага ч бас хууль хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, Засгийн газрын нэг агентлаг шүү дээ) Лав Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцэхгүй юм байна. Дээрээсээ доошоо бүх шатанд гаргасан бүх шийдвэр нь шүүхээр хянагдахгүй, өөрсдөөс нь өөр хэн ч тэр шийдвэрийг нь цуцлах эрхгүй гэсэн үг.
Өөр жишээ авья. Нийгэмд хамгийн их дуулиан болоод байгаа том сэдэв бол “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал. “Монголын зэс” компанийн өмчид байсан 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол гурван шатны шүүхээр дөрвөн удаа хэлэлцэгдэж, гуравт нь ялагдчихаад байгаа. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим маргааныг хянаж үзээд анхан шатны шүүх рүү буцаасан байдаг.
Өчигдөр хуульчдын дунд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Жоомоо алах гээд гэрээ шатаах вий” гэсэн үгс ч дуулдаж л байна лаа. Магадгүй Засгийн газраас уг хуулийн төслийг анх боловсруулсан сэдэл шалтгаан нь иргэдийн эрх ашиг руу шууд чиглээгүй байж болно л доо. Гэхдээ нэг компанийн өмчийг авах гээд нийт иргэдийнхээ эрхийг гаргуунд гаргаж, цаашлаад Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тэнцвэрийг хүртэл үгүй хийж болохгүй биз дээ. УИХ нь хуулиа баталдаг, Засгийн газар нь хэрэгжүүлдэг, шүүх нь түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хэрэв Засгийн газар шүүхэд хянагдахгүй ээ гэвэл хамгийн түрүүнд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болно доо.
Холбоотой нийтлэл: Х.Нямбаатар гишүүнийг гүтгэсний учир
Б.СЭМҮҮН 2018.06.17