Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнүүчлэн явна гэдэг шиг бидний хэсэг нөхдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан Электорат хөдөлгөөн Монголын нийгмээр хэсүүчлэн явна. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр улс төрийн торгон мэдрэмжтэй зарим нөхөд хүүе хаая би элсэе, нэгдэе, Та нарын түмэн зөв хэмээн саймширна. Миний сайн танил УИХ-ын гишүүн нэг нөхөр маань “Та нараар нэг сайн шүүлгэе” хэмээн надад хэлж байх нь талархууштай. Арга ч үгүй биз. Улс төрч болоод эрх мэдэлд хүрээд (УИХ-ын гишүүн байхад л хангалттай) танигдаад ирэхийн цагт ямар ч сайн хүнийг хов ороож аваад үнэн худал нь үл ялгагдах баахан ял тулгаад нэрийг нь баллачихдаг, тэгж баллуулсан хэрнээ гэмгүй байгаа нь хэнд хандахаа мэддэггүй, тэгвэл буруу зөвийг ялгаж салгаж олон түмэнд үнэн мөнийг ойлгуулах “Электорат” гэж институц гараад ирж хэмээн тэр гишүүн үзэж байгааг би ёстой хоёр гараа өргөн дэмжмээр санагдана. УИХ-ын олон гишүүн, гишүүн болохоор өөрийгөө сойж буй олон хүн бидэнд хандана даа, би бүр ерөөлөөр лүндэгдэж байна. Улс төрийн намууд ч хүүе хаая гэх цаг ирнэ!
“Электорат” олон түмэнд хүрэх нь хүрсэн, олон түмний дундаж өнгө аясыг тандваас нийтээрээ дэмжих хандлагатай. Зарим нэг нь улс төрийн хардлагаасаа болоод цэрвүү барьцнаас дөлж хандах ба цаад “эздийг” нь битүү хайгаад байх шиг. “Электорат” гэх гадаад үгээ монголчлооч гэсэн хүсэлт сануулга тоймгүй. Сошиалаар ч үлэмж шуугилаа. Шуугина чиг.
Латин хэлний elector буюу сонгогч гэх үгнээс үүдэлтэй. Латин хэлний нэр томъёо түгээмэлжээд хүн төрөлхтөн өргөн хэрэглэж байгаа тул би хувьдаа монголчлох хэрэггүй гэж үздэг. “Төлөөлөн сонгогч” хэмээн социализмын үед манай албан ёсны орчуулгад 1960-аад онд ороод ирсэн гадаад үг шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үед гадаад мэдээнд тэр үг их хэрэглэгдээд, манай нэг үеийн сэхээтнүүд эрхбиш гадарладаг болчихсон. Ухаан нь Д.Трамп ард түмэндээ ялагдаад, харин “Электорат”-аасаа ялаад гараад ирсэн учраас Цагаан ордонд одоо заларч байна. Хэрэв ард түмний сонголт шийдчихдэг байсансан бол Хиллари хатагтай Цагаан ордноо заларч байх байлаа. АНУ-ын хувьд амин чухал институц байгаа учраас ардчиллын амин сүнсийн нэг элемент нь “Электорат” болж байгаа юм, бүдүүн баргаар тайлбарлавал.
Монголд хожуу ч гэлээ ийм институцыг төлөвшүүлэх, яваандаа хүн арддаа шингээж өгөх нь зүйтэй гэдэг дээр би хоёр гараа өргөн уухайлна. Гэхдээ одоо бид АНУ-ын “Электорат” шиг УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудыг монополчлох гээгүй. Тэгэх нөхцөл ч байхгүй, тэгэх тэгүүлэх хүсэл ч хаа хаанаа байхгүй. Харин арав, арвантаван жилийн дараа арай өөр болчихсон байхыг үгүйгэхгүй. Тэгээсэй ч билээ. Өөрсдийгөө төлөөлөн өмнөөс нь сонгуульд санал өгөх нэг нөхөртэй болчихвол Монголын улс төрийн амьдрал цэгцрэх, хүн ардын хий хүлээлт цэгцрэх, гол нь популизмыг газар авахуулахгүй байх мөн ч их ирээдүй бий дээ.
Бидний зорилго, ард түмний хүсэл хослоосой гэсэн нь манай “Электорат”-ын үндсэн үзэл санаа. Ард түмэн(сонгуулийн насны нийт иргэдээ тэгээд нэрлэчихье) энэ 30 жилд ардчилсан сонголтуудаасаа уйдаж залхаад саарал ордонд заларсан улс төрийн ямар ч нам, улс төрч нарт итгэл сэтгэлээ гээж дуусаад байгаа нь худал биш. Нийгэм нэг эвгүйцвэл нурж унахад тун дөхсөн байна. Юу үнэн, тэр үнэн.
Саяхан Украинд юу болж өнгөрөв дөө? Бэлээхэн жишээ байна. Ард түмэн зовлонгоосоо (ядуурал, мөнгөтүйтэл, ажилгүйдэл, бусад) салж чадахгүй л бол төр барьсан ямар ч нөхөр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хатуу зогсоод нэмэр алга гэдэг нь л харагдлаа. Энэчлэн Монголд ард түмний олонхи зовлонгоосоо (ядуурал, ажилгүйдэл, мөнгөний хяслан гачаал, агаарын бохирдол, автозамын их түгжрэл, эрүүл мэндийн доройтол, бусад) салж чадахгүй л бол төр барьсан ямар ч монгол нөхөр хийсэн бүтээснээ бүгдийг хараар будуулж дуусгана, үгүйсгэгдэнэ.
Өнгөрсөн гучин жилд манайд ололт амжилт, бүтээн байгуулалт гэвэл байнаа байна. Би үгүйсгэх гээгүй. Гэхдээ хүн амын тал нь ядуурахад бэлэн, хүн амын хагас нь болох тэдний талаас илүү нь ядуу гуйранч өөдлөхгүй явж ирсэнд л бүх учир байгаа юм. Тийм хүмүүсийг популизмаар илбэдээд аргалаад ирсэнд цэг тавих шаардлагатай болчихсон байна!
Бүтээн байгуулалт хийлгэхийн тулд хүн амын бүтцээ эрс цэгцлэх, тэгж ярьвал мэргэжлийн бүтцээ (хөдөлмөрийн насны эрүүл саруул иргэдийн дийлэнх олонхи нь жолооч, худалдагч!) эвдэх, баялаг бүтээдэг, мөнгө босгодог арвижуулдаг мэргэжлүүдийг өргөн ашиглах цаг нь тулчихсан, бүр томоор ярьвал монгол ахан дүүс маань бүтээн байгуулах их эрх чөлөөгөө эдлэх цаг нь болчихсон юм биш үү?
Гэтэл улс төр гай дөнгө болж, улс төрчид нь популизм хийж, эх оронч царайлж суугаад л энэ нийгмийн тэргүүний хэсэг нь бухимдаад олон санал санаачилга гаргасны зөвхөн нэг нь “Электорат” юм шүү дээ.
2020 оны УИХ-ын сонгууль дөхөх тусам үүсгэл санаачилгын ийм хөдөлгөөн, холбоо, ТББ олноороо буй болохоос гадна миний тооцоогоор бол улс төрийн шинэ намууд Дээд шүүхэд нэмж бүртгүүлсээр бараг 40-ийг давах биз.
Гэлээ гээд 2020 сонгууль өмнөх сонгуулиудаасаа зарчмын хувьд нэг их хол ялгарах нь эргэлзээтэй. Сонгогчдын маань байр байдлыг авч үзвэл тэд популизмд автана, хуурагдана, яалт ч үгүй. Харин тэгдэг хэмжээ процентыг бууруулдаг арга чаргыг “Электорат” хайж байна.
Санаа нь давтагдаж магад, тэгээсэй ч билээ. Нэг логик байна: Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баяр, Энхсайхан, Гончигдорж, Дэмбэрэл, Энхболд, Алтанхуяг, Сайханбилэг, Эрдэнэбат... бүгд ариун явдалт нөхөд, нэг үгээр “зөв хүн” саарал ордон руу залагдаж очсон байх. Саарал ордоноос явахдаа, эсвэл явахаараа цаазын тавцанд очихын наагуур занагдаж зүхэгдээд Монголын саарал нийгэм рүү шингээд алга болцгоодог. Явж явж монголчуудад сайн нэртэй, сайхан зүстэй, гэгээн дурсамжтай хоёрхон улс төрч үлдсэн. Тэр нь Чингис хаан, Цэдэнбал. Би ингэж мөн ч олон удаа бичиж байна даа.
Одоо төрийн ордноо заларч буй улс төрч гэгдэх бүх нөхдийг би нэвт шувт харж байна. Удахгүй, мөдхөн Энхбаяр, Элбэгдорж, Гончигдорж, Баяр, Сайханбилэг нар шиг зүхүүлээд алга болцгооно. Баттулгыг дараагийн Ерөнхийлөгч нь, Хүрэлсүхийг дараагийн Ерөнхийсайд нь, Занданшатарыг дараагийн спикер нь үгүйсгэнэ, харлуулна, тэр гарцаагүй. Ийм зүйтогтолтой болгочихлоо шүү дээ, бид өөрсдөө. Жам ёсны үзэгдэл болж түүхэнд хадагдах нь байна. Худлаа гэвэл Энхбаяр, Элбэгдорж нарынхаа арван хэдэн жилийг аваад үз. Гялтайх юу ч үгүй болгочихоод бүхнийг цоо шинээр эхлүүлэх гэж муугаа үзэж сууна. “Бодлогын дуусдаггүй нүүдэл”- “Төрийн бодлогын алтан аргамж бөмбөг шиг өнхөрсөөр” хэмээн “ЗгМ” сонинд бичсэн залуу сэтгүүлчээс эшлэе. Гялтайх юу ч үгүй болгочихоод бодлого хайгаад сууж байгааг чинь тэгээд егөөдчихөж, залуус. Одоо доог хийх нь л үлдлээ.
ШУА-ийн Ерөнхийлөгөөс бас эшлэе: - Монголын төмөр зам гэхэд төрөөс зүгээс бодлогоо 2012 онд маш тодорхой тогтоосон. Гагцхүү тэр бодлогоо хэрэгжүүлэлгүй нэг төр солигдоход А-аас Б хүртэл төмөр зам тавина гэдэг. Дараагийн төр “Үгүй. Б.-ээс Д рүү төмөр зам тавина” гэсээр өнөөдөр нэг км зам ч тавьсангүй. Төрийн бодлогын залгамж чанар байхгүйн гамшгаар ийм байдалтай 10-аад жил өнгөрөх гэж байна.
Энэ чинь юу вэ? Монголын төр-засаг мөн үү? Эсвэл хэн нэгэн “бие хүн” нь төр байж байгаад халагдаад алга болдог, оронд нь бас нэг “бие хүн” шинэ төр буй болгодог юм уу?
2020 оны сонгуулиар одоогийн УИХ-ын гишүүдийн лав тал нь, бүр нягталбал дөрөвний гурав нь эргэж сонгогдохгүй. Тэднийг буусны дараа юу? Харж байгаарай, цаазын тавцан руу дуудах уриалах, Сүхбаатарын талбайд авчирч олны өмнө шийтгэх шившиглэхийг ёстой нэг уриалж урсгаж өгнө дөө. Улс төрч, олигархи хэн нь ч бай Монголд нэг хөгийн жишиг тогтож байна. Бичих нь бүү хэл санахаас ч ичмээр. Бүгдээрээ дэргэдээ нэг нэг хуульч, нэг нэг ламтай болж хувирсан. Хуульчаараа амиа хамгаалуулна, ламаараа үйлдсэн нүгэл, хуримтлуулсан хөрөнгөө хамгаалуулна, сан тавиулж хариулдаг хөөдөг жатга хийлгэнэ. XXI зууны Монголын улс төрчид ийм дээрээ тулмааргүйсэн.Мөн хөгийн байгаа биз?
Ийм дээрээ тулсан шалтгаан нь нэн тодорхой. Монголын улс төрийн тамын тогооны хууль ийм юм. Монголчууд өөрсдийгөө тарчилгаж амьдардаг, сайхан амьдралаа сөнөөж мөнгө олдог хэмээн би ард олон руу хандуулж бичдэг шиг л улс төрчид тамын тогоондоо чанагдаж улс төрөө хийдэг, тэр нь ч таашаал болдог. Энэ бол гол шалтгаан. Туслах шалтгаан гэж олон байна даа.
Бас нэг логик (өмнөхтэй адил, бараг нэг) байна. Ард түмэн, улс орондоо асар их зүйл бүтээсэн гэсэн тайлан, илтгэх хуудас, ном хэвлэж тараасаар халаагаа өгдөг өмнөх дөрвийн дөрвөн Ерөнхийлөгч, арван хэдэн Ерөнхий сайд, арав орчим спикер, хэдэн зуугаар тоологдох Төрийн яамдын сайд нараас (ядаж ганц нь) хэн нь ч сайн нэргүй, ард түмэндээ үзэн ядагдсан, эсвэл мартагдсан, ядаж удирдлагад нь ажилласан хэн нь ч магтахгүй, дурсахгүй, ядаж ганц нэг жишээ ч татахгүй явааг би мөн ч олон удаа сануулан бичсэн дээ. Энэ бүхэн буруу сонголт байв уу, эсвэл манай ард түмэн тийм адайрын тулам уу, эсвэл цаад нөхөд угаасаа хулхидаж, хуурч, шоудаж суусан уу?
Ямар ч л гэсэн сонгогч олон түмэндээ зөвийг зааж, бурууг гэтэлгэж, энэ эмзэг жижиг эх орныхоо улс төрийг тэгшитгэж цэвэршүүлэх нь манай “Электорат” хөдөлгөөний түүхэн үүрэг гэж үзээд бид байгуулсан, одоо ард түмэндээ хандаж байгаа нь энэ болой.
Хөхөө шиг донгодоод, буян амлаад, мөнгө тараагаад, уран сайхандаад УИХ-д орж суучихаад болохгүй байна, ард түмний аж байдал сайжрахгүй байна, одоо хаашаа харж үхэх вэ гэх гоморхол олон түмэнд түгээмэл болжээ. УИХ-ын гишүүдийг бүлэг хулгайч гэж үзэх нь бүр доозоо хэтрүүлээд одоо цусан өшөө авахыг уриалан дуудах дээрээ тулжээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, хаашаа хандахаа мэдэхгүй байгаа, төөрөлдөж хуурагдаж ханасан иргэд минь бидэндээ хандаж болно. Улс төрийн нөмөр нөөлөг болгож ашиглана гэхгүй л бол муу нэр зүүгээд хэнд ч итгэгдэхээ байсан улс төрчид минь нэрээ цэвэрлэхийн тулд бидэндээ хандаж болно.
Уур уцаараа барьж дийлэхээ больсон завтай хэдэн нөхөр “Электорат” хөдөлгөөн байгуулчихсан юм биш, энэ чинь дэлхий нийтийн ерөнхий хандлагын тусгал шүү гэдгийг хэлэх нь зөв болов уу.
Ардчилсан сонголт хийдэг, ардчилсан институц, ардчилсан төртэй аливаа ард түмэн уламжлалт улс төрийн амьдралааса залхаж байгаа нь дэлхийг шуугиулсан үзэгдэл мөнөөсөө мөн. Уламжлалт ардчилсан, либерал, социал-демократ, баруун төвийн гэх улс төрийн намууд гэхээсээ иргэний үүсгэл санаачилгын элдэв хөдөлгөөн, эвсэл холбоод, мэргэжлийн улс төрч бусчуудад санал өгөх явдал харагдаж байна. АНУ-д Дональд Трамп гэхэд л 70 нас хүртлээ, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцон оролцтолоо улс төрөөс нэн хол явсан, ядаж сенатч, төлөөлөгчдийн танхимын гишүүн, муж улсын хурлын гишүүн ч яваагүй нөхөр ялаад гараад ирсэн, одоо улс төрийг уламжлалт бус аргаар хийж байгаа, улс төр явуулдаг уламжлалт загварыг үе үе эвдчихдэг нь бидэнд харагдаж л байна. Европт Франц, Итали, бусад зарим улсад ч ийм үзэгдэл давтагдлаа. Украинд «Слуга народа» гэх улс төрийн инээдэмт киноны гол баатар, улс төрийн ямар ч практикгүй, намын харьяалалгүй Владимир Зеленский гэгч нөхөр ялчихсан байж байгаагаар бол уламжлалт улс төрөөс татгалзагчид наашилж (Монгол руу) явах шиг байна.
Нийгэм-улс төрийн лут хувьсгалт тэмцлүүд мөн л уламжлалт загварыг эвдэх тал руугаа. “Арабын хавар”, Европ дахь шар хантаазтангууд, Британийг Европын Холбооноос гарах адармаат үйл явц, Латин Америк дахь тэмцлүүд, ард түмэн нь тэмцэл ба зүүний бодлогоос залхсаар Бразилыг 180 градус эргүүлчихсэн зэрэг нь Монголд шууд биш гэлээ гэхэд шууд бусаар нөлөөлж л таарна.
Хөлгөн судар–“Нууц товчоо”-ны 254 дүгээр зүйлд: “Одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, орондоо унтах завгүй олзлон булаалдаж байв. Хөрст дэлхий хөрвөж, хөвчин улс хямралдаж, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байв” гэдэг шиг үйл явдал арай ч өрнөхгүй байх. Гэхдээ дөхсөн. Ер нь УИХ-ын сонгууль болгон цусгүй иргэний дайны уур амьсгалд болж өнгөрдөг. Худал биш.
МАН, АН хоёр уламжлалт тэмцлийн хөлд дайрагдах, үрэгдэх, цоо шинээр нам болж төлөвших үйл явцаас зайлж чадахгүй, харин хойшлуулж аргацааж дөнгөнө. 2020 оны сонгуулийн ерөнхий төрх олон түмэнд аль хэдийнэ буучихсан. МАН нь “60 тэрбум” ба “ЖДҮ” гэх хоёр 32-ын “А”, “Б” хоёр бүлэглэлийн цусгүй тэмцлийн дунд 2020 оныг угтаж үдэх гэж байна. АН нь С.Эрдэнэ ба одоогийн Ерөнхийлөгчийн гэх хоёр том фракцын тэмцлээр 2020 оныг угтаж үдэх гэж байна. Дөрвөн талаас хоёр хоёроороо (хосоороо) үзэлцэх тэмцэл ба сульдаж унахыг нь харахаар парламентад суудалгүйулс төрийн олон намууд язганана. Энэ тэмцлийн хөлд улс орон сүйрчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ 76-хан (далан зургаахан) суудлын төлөө ингэж их үхэлдэн тэмцэлдэх нь эмгэнэлтэй ба инээдэмтэй. Ард түмэн залхлаа!
Залхалтыг гэтэлгэхийн тулд мэргэн сонголт хийж, хайгаад байгаа тэр “ЗӨВ ХҮН”-ээ олж сонгоход тань бид тусална, бид сонгогчдыг гэгээрүүлнэ, итгэлд тань гал асааж өгнө!
О.Баярхүү /baabar.mn/
Сэтгэгдэл (1)