Улаанбаатар хотод шатахууны үнэ дахиад л нэмэгджээ. Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг АИ-92 автобензинийг шатахуун түгээх станцууд долоо хоногийн өмнөхөөс литрийг нь 70-90 төгрөгөөр нэмж 1855-1880 төгрөгөөр борлуулж байна. Мөн дизелийн түлшний үнэ ч 30-40 төгрөгөөр нэмэгджээ.
Шатахууны үнэ өсөхөөр жижиглэн худалдааны, ялангуяа өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ дагаж өсдөг. Гэхдээ буурахаар нь дагаж буурдаггүй гажиг зуршилтай. Ийнхүү шатахууны үнийн илд (сэлэм) гялалзан цавчихын хэрээр, иргэдийн бодит орлогыг тасдан хаяж багасгадаг.
Шатахууны үнийн хэлбэлзэл үндсэн гурван шалтгаантай. Энэ бол Түлш шатахуунаа 100 хувь гаднаас авдаг, Төгрөгийн ханшийн савлагаа, Төрөөс шатахууны үнийг тогтоохыг оролдож буйтай холбоотой.
Монголын шатахууны ганц нийлүүлэгч ба Платц үнэ
МУ-ын газрын тосны бүтээгдэхүүний (ГТБ) бараг ганцхан нийлүүлэгч нь “Роснефть” компани. Учир нь энэ компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр манай хойд хилийн төмөр замын боомтод хамгийн ойрхон, тээвэрлэлт нь хамгийн бага зардалтай учир, өөр хаанаас ч ирүүлсэн үнэ түүнтэй өрсөлдөж чаддаггүй.
Таван жилийн өмнөөс монголын импортлогч компаниуд “Роснефть”-тэй сар бүр заавал авах, нийлүүлэх хэмжээгээ урьдчилан тохиролцох, урт хугацааны гэрээ байгуулсан учир түлш шатахууныг найдвартай, тасралтгүй хангах болов.
Харин шатахууны үнийг бол олон улсын зах зээлийн ханштай холбож (Платц үнэ буюу Сингапурт байршилтай ГТБ-ий үнийг мэдээлдэг байгууллага), өмнөх сарын дунджаар тогтоож иржээ. Ингэснээр дараа сарын үнийг баримжаалах боломж бүрджээ. Өмнө нь ОХУ-ын үйлдвэрлэгч үнээ сар бүр дураараа тогтоодог, монголын импортлогч компани тус бүрд ялгаатай үнээр гэрээ хийдэг байлаа. Хажуугаар нь ОХУ-ын экспортын болон бусад татварын өөрчлөлт, дотоодын зах зээлийнх нь үнийн хэлбэлзэл, төмөр замын тарифын өөрчлөлт зэргээс хамаардаг байв.
2019 оны 4-р сарын хилийн үнэ өмнөх 3-р сарынхаас АИ-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 71 ам.доллараар, 5-р сарынх нь 4-р сарын дунджаас 47 ам.доллараар нэмэгдсэн учир импортлогчид ийнхүү үнээ өсгөж байгаа ажээ. Хэрвээ Платцын үнийн хандлага өөрчлөгдөхгүй гэвэл 2019 оны 6-р сарын бензиний үнэ 22 ам.доллараар, зуны дизелийн үнэ 17 ам.доллараар тус тус өсөх ажээ.
Газрын тосны үнэ ба ам.долларын ханш
Газрын тосны бүтээгдэхүүний үнэ нь гол түүхий эдээсээ буюу газрын тосны үнээс хамааралтай (график1). Хоёр үнэ хоёулаа АНУ-ын доллараар илэрхийлэгддэг. Олон улсын зах зээл дээр түүхий газрын тосыг хамгийн том хоёр зах зээл буюу Европын (Брентийн) ба АНУ-ын ( WTI or West Texas Intermediate) үнийг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Хоёр үнэ маш олон хүчин зүйлээс хамаарч, үргэлж өөрчлөгдөж байдаг. Томоор нь багцалбал АНУ ба ОПЕК-ийн (газрын тос экспортлогч орнуудын холбоо) харилцаа, мөн Саудын Араб, ОХУ, БНХАУ болон тэдгээрийн харилцаа, холбооны асуудлууд юм.
График 1
АНУ ба БНХАУ нь дэлхийн хамгийн том газрын тосны хэрэглэгч, мөн АНУ (занарын Fracking технологийн хүчээр) нь хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч болоод байна. АНУ ба БНХАУ-ын хоорондын худалдааны дайн хурцадвал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, эрэлт хэрэгцээ буурдаг, тэгэхээр газрын тосны үнэ унадаг. Харин сүүлийн үед энэ хоёр улс хоорондын худалдааны тарифын асуудлаа эерэгээр шийдэх гэж байгаа тул дэлхийн эдийн засагт сайнаар нөлөөлж, эрэлт нэмэгдсэнээр газрын тосны үнэ өснө гэсэн хүлээлт үүсээд байна. АНУ-д занарын технологиор газрын тосны олборлолт нь нэмэгдэж, газрын тосны үлдэгдэл нөөц ихэсвэл үнэ буурч, эсрэгээрээ үйлдвэрлэл нь буурах буюу эсвэл эрэлт нь ихсэж нөөц нь багасвал үнэ өсдөг. Энэ жил АНУ-ын занарын үйлдвэрлэлийн өсөлт саарах шинжтэй байгаа нь газрын тосны үнэ буурахгүй, харин ч өсөх хүлээлт үүсгэж байна. Мөн АНУ-ын эдийн засаг сайн үзүүлэлттэй байгаа нь үнэ өсгөх нөлөөтэй. Ам долларын ханш чангарвал, түүхий газрын тосны үнэ буурч байгаа мэт харагддаг.
ОПЕК болон ОХУ хамтран газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээгээ царцааж байгаа нь, газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлаж, нийлүүлэлтийн илүүдлийг арилгаж, магадгүй бүр хомсдол үүсгэж үнийг бууруулахгүй, эсвэл бүр өсгөхөд нөлөөлнө гэж судлаачид таамаглах боллоо.
Иран болон Венесуэлийн эсрэг АНУ хориг тавьж түүхий нефтийн экспортыг нь хаах бодлого барьж байгаа нь үнэ өсгөхөд нөлөөлсөөр байна. Ер нь газрын тосны экспортлогч Ирак, Иран, Ливи, Судан, Венесуэль зэрэг улсуудад үймээн самуун гарахаар л үнэ өсдөг. Бас зуны улирал эхлэж байгаа учир улсуудын ГТБ-ий хэрэглээ нэмэгдэж үнэ ч дагаад өсдөг.
Ерөнхийдөө газрын тосны үнэ, ойрын хугацаанд өснө гэсэн хүлээлт үүсжээ. Манай улсын хувьд АНУ-ын доллар чангарахын хамтаар төгрөг бас сулрах хоёр хандлага зэрэг гарч байгаа нь бараа импортлогчдыг жижиглэнгийн үнээ нэмэхэд түлхсээр байна.
Засгийн газрын завхруулсан бодлого
Монголын төр засаг өргөн хэрэглээний олон барааны үнийг тогтоож ард иргэдээ “халамжилдаг”. Гэтэл энэ үйлдэл нь эцсийн дүндээ тус биш ус буюу “баавгайн үйлчилгээ” болдог. Шатахууны үнийг одоог хүртэл шатахууны онцгой албан татварын (ОАТ) түвшинг өөрчлөн зохицуулж ирлээ. Шатахууны үнийн дөрөвний нэгээс, заримдаа хагасыг нь хүртэл эзэлдэг ОАТ-ыг хилийн буюу ам.долларын үнэ өсөхөөр бууруулж, бууруулахаар өсгөж ирлээ. (график 2) Гэхдээ энэ татварыг хилийн үнийн тодорхой хувиар тогтоохын оронд шууд тонн тутамд төгрөгөөр тогтоодог учир, төгрөг чангарвал шатахууны үнэ буурдаггүй.
График 2
Уг нь аливаа барааны үнийг зах зээл тогтоосон нь урт хугацаандаа хэрэглэгчдэд илүү ашигтай, урьдчилан таахад харьцангуй амархан, хүлээлтийн инфляцийг бууруулна. Зөвхөн зах зээлийн бодит үнэ л хэрэглэгчдэд үнэн мэдээлэл өгөх бөгөөд үнэ юунаас хамаарч буйг хэрэглэгч ойлгосны дараа ойрын болон холын үйлдлээ бодитой төлөвлөж чадна. Түлш шатахууны үнийг төр биш, зах зээл тогтоовол импортлогч компаниудын хооронд амьд өрсөлдөөнийг өдөөж, зардлаа хэмнэх замаар шатахууны үнээ бууруулна.
Үнийн өсөлтөөс хамгаалах бамбай
Монголын компаниуд дараа сарын үнэ нэмэгдэх төлөвтэйг хараад өөрсдөө эрсдлээ хүлээж, аль болох их хэмжээгээр захиалъя гэсэн ч агуулах савны багтаамж бага. Олон төрлийн бүтээгдэхүүнийг тус бүрээр нь хадгалах ёстой учир нэг сараас илүүгээр нөөцлөх боломжгүй. Дизель гэхэд л өвлийнхийг нь дуусгаж саваа суллаад зуныхыг авах жишээтэй. Чөлөөт өрсөлдөөн байхгүй, шатахууны бизнесийн ашиг эрс багассан, зээлийн хүү өндөр тул сараар нөөцлөх санхүүгийн боломж ховор. Мөн дараа сард нь үнэ өсөх биш буурчихвал, өндөр үнэтэй нөөцийг хямдруулж зарахаар алдагдал гарна.
Аливаа эрсдлээс хамгаалах хүн төрөлхтний бодож олсон арга бол даатгал. Барааны үнийн савалгаанаас хамгаалах тэр даатгалыг гадаад худалдаанд хэджинг (hedging) гэдэг. Хэджинг гэх энэ бамбай яаж ажилладаг вэ? Тодорхой үнийн түвшин дээр тохиролцоо хийнэ. Тохирсон хугацаа болохоор, үнэ өөрчлөгдсөн ч, анх тохирсон үнээрээ л бараа авна, эсвэл зарна. (график 3) Энэ үйлчилгээг авахын тулд тодорхой төлбөр (premium) эхлээд төлнө. Даатгуулсан талд үнэ өсчихвөл ашигтай, үнэ буурчихвал алдагдалтай. Даатгасан талд эсрэгээрээ.
График 3
Худалдааны эргэлт маш том, олон улсын түүхий эдийн трэйдэр компаниуд энэ бамбайг үргэлж ашигладаг. Гэхдээ үнэ өөр болсон ч авах эсэхээ сонгох сонголттой (option) даатгал ч бий. Үнэ буурчихвал, буурсан үнээр нь авна гэвэл дахиад л илүү төлбөртэй. Гэхдээ буурсан үнээр авч, өрсөлдөгчидтэйгээ адилхан үнээр зарахгүй бол зах зээлээ алдана.
Хэджинг/опцион өндөр зардалтай учир олон улсын трэйдинг компаниудаар дамжуулахаас өөр эдүгээ сонголт алга байна. Төр засаг хэрэв үнэ хянах бодлогоо үргэлжлүүлнэ гэвэл ОАТ-ын хөрөнгөөр сан байгуулж, тэндээс энэ хэджинг хийж болох юм.
Д.Жаргалсайхан /baabar.mn/