ГЕНЕРАЛ ХУРЦАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Монголын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Батын Хурцыг Хууль зүйн сайд Цэндийн Нямдорж баривчлан хорьжээ.
Тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага хоёр нь хэдийгээр хүмүүс хоёуланг нь нийлүүлээд “хүчний байгууллага” гэж нэрлэдэг боловч төрийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцсан хүрээ салбар, үйл ажиллагаа, арга техник нь маш ялгаатай юм. Цагдаа бол хууль хэрэгжүүлэгч, хуулийн хүрээнд хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн энх амгалан байдлыг хангах, хууль хэрэгжүүлэлтийг сахиулах, хуульд заасан нийтийн хэв журмыг сахин хамгаалах үүрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэхдээ тодорхой хүрээ, хязгаарын дотор гүйцэтгэх тагнуулын ажиллагаа явуулах, тусгай арга, техник хэрэглэх эрх, үүрэгтэй байгууллага юм.
Тагнуулын байгууллага гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоог хэлнэ. Тагнуулын байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах ёстойг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Хуульд мөн онцлон заахдаа Тагнуулын байгууллага тагнуулын мэдээ олох, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн дэвшилтэт ололт, шийдлийг ашиглах, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, мэдээлэл, өгөгдлийн сан, тэдгээртэй холбоотой засвар-үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах гэсэн байна.
Нэг л үгээр хэлэхэд дээрх хоёр байгууллагын зорилго, хариуцсан хүрээ, хамрах эрх мэдэл өөр болохоор гүйцэтгэх ажлын хяналтыг Цагдаагийн байгууллага хариуцахгүй. Тэр дундаа Тагнуулыг байгууллагын гүйцэтгэх ажлын хяналт зөвхөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд харъяалагдах ёстой. Хууль нь ийм юм.
ОТГОНБИЛЭГИЙГ ЗАЙЛУУЛАХ ОППЕРАЦИ
1998 оны 5-р сард УИХ-ын гишүүн Чимэдцэрэн золгүй байдлаар нас баржээ. Түүний сонгогдсон тойрог Дарханд нөхөн сонгууль болж МАХН-ын Цэвээнжав оронд нь орж ирсэн юм. Энэхүү нөхөн сонгууль МАХН-ын хувьд маш ач холбогдолтой байлаа. Сэргээн босголтын хэрэг гэгдэх банкны реформд тэд гүтгэх, мушгин гуйвуулах хүчтэй суртал нэвтрүүлэг хийж чадсаны үр дүнд нийгэмээс дажгүй алга ташилт авчихаад байсан үе. Үүнээс хоёр сарын дараа Зориг алагдсан нь асуудлыг бүрэн нэг талд нь гаргаж тэд 2000 оны сонгуулиар ялан төрийн эрх барих нь нэгэнт тодорхой болсон. Намын толгойлогч Энхбаяр дарааийн Ерөнхий сайд болох нь бүхэнд ойлгомжтой болов.
Дарханы сонгуульд МАХН-ынхан бүтэн бүлгээрээ туйлын идэвхитэй оролцсон. Энхбаяр өөрийнх нь дараагийн Засгийн газрыг энэ үеэс бүрдүүлж эхэлсэн билээ. Нам дотроо бүтэн хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж амжаагүй байсан тэрээр намын хүрээнд өөртэй нь тэнцэхүйц бие хүмүүстэй эвсэхээс өөр аргагүй. Тэрээр Энэбиш, Отгонбилэг, Нямдорж гурвыг багтаа нийлүүлжээ. Эдэнтэй бүгдтэй төдийлөн тааламжтай харилцаатай биш боловч тэднийгээ хүлээн зөвшөөрч байж л өөрөө оргилд гарч чадна. Цэвээнжавыг ялуулсны маргааш мань дөрөв аминчлан уулзаж засаг хуваав. Энхбаяр Ерөнхий сайд, өөрөөр хэлбэл удирдлагын орой. Энэ дөрөв дотор хамгийн бага рейтингтэй Нямдорж хамгийн бага тушаал Хууль зүйн яамыг эзэмшихээр болов. УИХ-ын дарга хэмээх хоёрдахь том байр суурин дээр Отгонбилэг, Энэбиш хоёр тунажээ. Энэбиш УИХ-ын даргын местэд сэтгэл бүрэн ханах байсан бол Отгонбилэгийн санаархал Ерөнхий сайд!
Энхбаяр гурвууланд нь дургүй. Ерэн зургаан оны сонгуульд нам ялагдсаны дараа шинэ даргын төлөө Энхбаяр, Багабанди хоёр өрсөлдөхөд Отгонбилэг, Энэбиш нар Багабандийг дэмжижээ. Хувь заяаны шоглоомоор дөрвүүлээ, Багабандийг оруулбал тавуулаа маш зуумхай, урьдын хонзонг огт мартдаггүй, хариугаа авч байж салдаг хүмүүс.
Элбэгдоржийн Засгийн газар огцрох дээрээ тулан дэнжигнэж эхэллээ. Чухам энэ нь Отгонбилэгийг гол гаргах сайхан далим болов. Нямдорж, Энэбиш хоёр Энхбаярын талд хатуу зогсож Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн даргаас хусаж өгөхийг гуйсаар Элбэгдоржид бараалхав. Хариуд нь Засгийн газрыг огцруулахгүй авч үлдэнэ гэсэн амлалт. Отгонбилэгийг огцруулах оппераци хэрүүл шуугиантай боловч эцэст нь бүтсэн. Харин мань дөрвийн өмнөх эргэлзээтэй тохиролцоо хэрүүл маргаан, бараг л зодоон цохионоор өндөрлөж МАХН-ын удирдлагыг илэрхий том хагарал хуваагдалд хүргэвээ. Отгонбилэг нь Энхбаярын ноймор нэг дайсан болж, Энхбаяр Багабанди нар үл эвлэрэлийн хурц мэс зөрүүлэлцсэнээ хэнээс ч нуухаа болив.
ДОТООДЫГ ХАМГААЛАХЫН САЙД
Хууль зүйн сайдын хишиг хүртэхээр болсон Нямдорж өмчлөхөөр болсон бялууныхаа хүрээг томсгохоор энэ үеэс ажиллагаа нь эрс идэвхижив. Түүний гол сонирхол хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яам буюу дээр үеийн Дотоодыг хамгаалах яамыг сэргээн босгож цагдаа тагнуулын байгууллагыг өөрийн гар дор нэгтгэх санаархал байсан юм. Энэ саналаа шинэ хамсаатан, өөрийнх нь ирээдүйн шууд дарга болох гэж байгаа Энхбаярт тавих болов. Энхбаяр Нямдоржийг танихтайгаа, иймээс өмнөөс нь жонхуу зуурах хүсэл байсангүй. Шинэ Засгийн газар байгуулсны дараа тийм яам байгуулбал хэл ам тасрахгүй, цаад ардчилсан намынхантай ярьж байгаад одоо тэднээр байгуулуулчих гэж “зөвлөжээ”. Зоригийн амийг хөнөөсөн явдлыг “Дотоод яамгүйгээс” болсон мэтээр тайлбарлаж НАХЯ сэргээн байгуулахыг гуйж ардчилагчдаас дэмжлэг хайн нэлээд гүйсэн боловч тэндээс тийм хамтрагч олдсонгүй.
2000 оны сонгуулиар мэдээж МАХН үнэмлэхүй ялалт байгуулж Нямдорж ч хагас НАХЯ-ныхаа сайд боллоо. Хагас гэдгийн учир нь Энхбаяр нохойтоод түүнд Тагнуулын газрыг өгсөнгүй өөртөө авч үлдэх нь тэр. Нямдоржид ердөө л Хилийн цэрэг өгч “доромжлов”. 1998 онд Батлан хамгаалах хүчинд томоохон өөрчлөлт хийж, Монгол улсыг нэгдсэн зэвсэгт хүчинтэй болгосноор Батлан хамгаалах яаманд Хилийн цэрэг, Дотоодын цэрэг хамаарах болсон билээ. Нямдоржийн хүслийг биелүүлэхийн тулд арай гэж эмхэлсэн зэвсэгт хүчний тогтолцоо ингэж хоёр ч насалж чадсангүй нурах нь тэр. 1999 онд баталсан Тагнуулын байгууллагын хуулинд утас чагнах зэрэг гүйцэтгэх ажиллагааг ТЕГ-ын нэгдсэн бүртгэлд заавал тэмдэглүүлж байхаар болсныг хүчингүй болгон гүйцэтгэх ажил хийдэг байгууллагууд өөр өөрийн хүрээндээ энэ ажлыг бие даан гүйцэтгэх эрхтэй үлдэв. Нэгдсэн бүртгэл хийгдэхээ болилоо, үүнээс хойш тагнах чагнах явдал “хувьд шилжсэн”. Тагнуулын байгууллагыг өөртөө авна гэсэн тооцоогоор Нямдоржийн санал болгосон “Хууль зүй, дотоод хэргийн яам” гэсэн аймаар сонсогдох яамны шинэ хаягийг нь Энхбаяр харин зөвшөөрч, харж үзжээ. Нямдорж ийнхүү шүдгүй чоно болон хоцорч ихэд хорсов. Хорслоо удаан нууж чадсангүй Энхбаярт ил дайсагнах боллоо. Хэдэн жилийн дараа идэвхитэй хөөцөлдөж, чөмгөө дундартал гүйсний эцэст Энхбаярыг шоронд хийн хэсэгтээ тайтгарсан даа.
БАРИМТ ЦУГЛУУЛАХ ДОН
УИХ-д Тусгай хяналтын дэд хороо ажилладаг. Энэ нь улсын нууцтай холбоотой ажиллагаа болон цэргийн тагнуул, тагнуулын ерөнхий газар, АТГ, цагдаагийн зэрэг байгууллагын гүйцэтгэх ажиллагааны төсвийг баталж, хуулийн биелэлтийг шалгах онцгой эрхтэй нэгж юм. Улс болгонд бий. АНУ-д гэхэд л Конгресст энэ хороо долоон гишүүнтэй, хүн болгон нь тусгай хамгаалалтад байдаг. Энэ том улсын цэрэг армийн нууц гүйцэтгэх ажиллагаа асар их мөнгө сүйтгэдэг биз. Монголд ч социализмын үед байсан.
1996-2000 онд Тусгай хяналтын дэд хороо Энхбаатар, Батбаяр, Нямдорж гэсэн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байлаа. Дэд хороон дарга Энхбаатар урьд нь Цэргийн тагнуулд ажилладаг байсан тул тэр талынхаа юмыг илүүтэй сонирхож хөөцөлдөнө. Нямдорж цэргийн прокурорт олон жил оргодол цэргийн хэрэг мөрдөж гаршсан болохоор өөрийгөө хуульч, цагдаа тагнуулын асуудалд мэргэшсэн хэмээн гайхуулж тийш тэмүүлмой. Улсын төсвийг жилд нэг удаа л баталдаг болохоор Тусгай хяналтын дэд хороо тийм ч их ачаалалтай биш. Төсөв батлахаас бусад цагт бүрэлдэхүүнээрээ цуглаад ямар нэг асуудал шийдэж байсан, хяналт шалгалт явуулж байсан тохиолдол үгүй. Тэгсэн мөртөө мань Нямдорж энэ талаар жил тойрон “завгүй” байсан. Байнга л холбогдох байгууллагын удирдлага, том жижиг дарга нар, гүйцэтгэх албаныхантай ганцаарчилсан уулзаастай. Хүн амьтны тухай мэдээлэл цуглуулдаг байсан бололтой. Хөдөө орон нутгийн гэж голохгүй, Дархан, Эрдэнэтээс бол байнга дуудаж уулзана. Ингэж Тусгай дэд хорооны нэр барин цэргийг эс тооцвол хүчний гэх байгууллагуудыг гартаа хийж авлаа. Энэ нөхцөлд цуглуулсан “баримтаараа” ам алдан хааяа гайхуулах дуртай, хожмын олон үйлдлээс нь ажиглахад гол төлөв сүрдүүлэх шантаажлах аргад голдуу ашиглана.
Урьд нь зартай хэрүүлчийн авъяасаараа бусдыг залхаадаг байсан бол энэ үеэс олсон “баримтын” үнэн худал нь мэдэгдэхгүй зах сэжүүрээр хүн айлгадаг мангас болон хувирсан юм. Хууль зүй Дотоод хэргийн яамны сайд болсноор байдал нь бүр бэхжиж түүнээс айдаггүй хүн ч үгүй болж, тэрээр өөрийн хариуцсан хүрээллээс халин шүүх болон гүйцэтгэх засаглал, тэр байтугай хууль тогтоох байгууллагыг ч бараг л гартаа базан хуйлруулах болов. Гэм хийгээгүй ариун цагаан төрийн “хар хүн” ч эрс цөөрч байсан үе. Ийм болохоор өөртэй нь сөргөсөн болон өөрийг нь дэмжихгүй хэн ч байсан “чамайг мартаагүй шүү”, “чиний хийсэн хэрэг байгаа шүү”, “чи тийм цэвэр ариун хүн биш шүү” гэх мэтээр мухар сохор “анхааруулга” өгнө, цаадах нь ч үнэхээр цэвэр ариун биш болохоор аль булхайг минь дэлгэх гэж байгаа бол гэж хулмалзан дугуй болно. Бараг цөмөөрөө “бохир” болохоор бүгд Нямдоржоос айна, харин өөрийнх нь түмэн нүгэлээс хэн нэг нь цухуйлгавал эргүүлээд гүтгэнэ, доромжлоно, урьдын зөрчил дутагдлыг нь ухуулахаар өөр бусад нүгэлтнүүдийг мөн л айлган сүрдүүлж дайчлана.
Яавч хуультай нийцэхгүй шийдвэрийг удаа дараа шүүхээр гаргуулж байсныг нь албан ёсоор шүүмжлэн хэлэлцэж байсан удаа үгүй. Хэсэг хулигаанууд зодоон цохион хийснийг дэвэргэн шүүхээр ахадсан ял өгүүлэн шоронд хатааж байсан. Түүнийгээ Монгол орныг мафиас цэвэрлэж мөнхийн гавъяа байгууллаа хэмээн шүүхийн шийдвэрийг өөрөө гаргуулснаараа гайхуулах болов. Хожим нь “олон хүн шоронд хийсэн учир хамгаалалтанд орохгүй бол амь нас аюулд учирлаа, иймээс намайг УИХ-ын дарга болгож өгөөч” хэмээн гишүүдээс гуйж явсныг олон гэрч баталдаг. Болж ч чадсан, харин хууль зөрчиж удалгүй хусагдсан даа.
Тэрээр эрэмшсэн айлган сүрдүүлэгч болсноор урьдын хувийн өс хонзонгоо төрийн байгууллагын нэрийн өмнөөс “гүйцэтгэх” болов. Өөртэй нь олон жил тэрсэлдсэн Баатар генералийг Ганц худагт хаалттай зохион байгуулсан шүүх хурлаар оруулан долоон жилийн ял өгүүлж чадсан. Долоон жилийн гурав нь Баатарыг улсын нууц задруулсан хэрэгт хамааруулсныг хууль ёсных гэж үзье, яахав. Гэтэл үлдсэн дөрвөн жил нь Дотоод хэргийн сайд Нямдоржийг гүтгэн нэр төрд нь халдсан гэсэн хаягтай байлаа. Чойномыг Цэдэнбал даргын нэр төрд халдсан хэргээр дөрвөн жилийн ял өгч байснаас өөр ийм тохиолдол 1952 оноос хойш Монголын түүхэнд тохиолдоогүй. 1990-92 онд өөртэй нь хамт Хууль зүйн яамны дэд сайд хийлцэж байсан Санжаасүрэнтэй шоронгийн шинэ барилга барих төсвийн мөнгөн дээр маргалдан өстөн бололцсон. Ажлаасаа гараад олон жил болж өмгөөлөгч болсон Санжаасүрэнг улсын нууц задруулсан хэргээр мөн л шорон руу илгээсэн. Нууцын тухай хуульд нууц хадгалах үүрэг хүлээсэн шийдвэр гаргагч, үүнд оролцогчид, бичиг баримтыг бичигч олшруулагч нар нууцыг задлахгүй хэмээн урьдчилан тангараг өргөснөөр хариуцлага хүлээх субьект болох тухай тодорхой заасан байдаг. Хуулиар өмгөөлөгч Санжаасүрэн улсын онц ч бай онцгүй ч бай нууц задруулагч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээгч биш юм.
ЭРҮҮДЭН ШҮҮХ ИЛ АЖИЛЛАГАА
Яриа нь энэ тэнд. Шударга шүүхээр яллууллаа, би үүнийг хийлээ гэнэ. Тэрийгээ мартчихдаг бололтой, Монголын шүүх хэзээ ч шударга байгаагүй, хээл хахуульд идэгдсэн гэнэ. Женко Баттулга өөрийг нь гүтгэсэн хэмээн шүүхэд хандан ялсан чинь “Би шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, давж заалдах ч үгүй” гэж хуулийг үл хэрэгсэн басамжилж байгаагаа зарлан тодроно. Гүндалайг баривчлагдахад “Би огт мэдээгүй, хөдөө явж байсан” гэж гүрийнэ. Бат-Үүлийг баривчлах ажиллагааг бас сонсоогүй байсан гэнэ. Энхбаярыг баривчлагдахад “Манайх зурагтгүй учраас би үзээгүй, огт мэдээгүй” гэж тэнэгтэнэ. Баривчлах ажиллагааны штабыг генерал Сандаг-Очироор дамжуулан алсаас (дэргэдээс нь) гардан удирдаж байв. Хэн ч харсан бүх хэргийг санаачилж удирдсан хүн шүү дээ.
2004 оны эхээр тэрээр “Сонгуульд Ардчилсан нам намын даргагүй ороод ялалт байгуулахыг нь харъя” хэмээн орон даяар заналтайгаар зараллаа. Дөнгөж дараахан нь Зоригийг алсан этгээдийг Монголын эрэлхэг хөвүүд Францаас баривчлан авчирав. Эндээс маш тодорхой болсон зүйл гэвэл Ардчилсан намын дарга Энхсайхан захиалан байж Зоригийг алуулсан ба гүйцэтгэгч нь Франц руу оргоод алга болсон Энхбат аж. Хууль зүй Дотоод хэргийн сайд баривчилгааг зохион байгуулж удирдаад энэ гавъяагаа мөнхлөхийн тулд ард түмэндээ “улсын нууцыг” задлаж буй хэрэг гэж хэн ч дүгнэхүйц.
Тухайн үед Ерөнхийлөгчөөр Багабанди, Ерөнхий сайдаар Энхбаяр, УИХ-ын даргаар Төмөр-Очир, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар Нямдорж, Тагнуулын Ерөнхий газрын даргаар Батсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар Сандаг-Очир нар ажиллаж байсан юм. Хэргийн мөрөөр хөөвөл Зоригийг Ардчилсан хүчнийхэн өөрснөө алсан хэмээн 2000 оны сонгуульд улайм цагаангүй мэдэгдэн, учрыг нь дорхноо олно гэсэн мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон МАХН дөрвөн жил өнгөрсөн хойно хэлэх юмгүй болчихсон байв. Дараагийн сонгууль тулчихсан байсан учир хэргийг илрүүлэх гэж маш их яарч байжээ. Нямдоржийн өөрийнх нь гардан удирдаж байсан цагдаагийн мөрдөгчид хэрэгтнийг олов. Тухайн үед Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх түрүүчийн комиссыг Нямдорж тараагаад Тагнуулын байгууллагатай хамтарсан шинэ комисс байгуулчихсан байсан юм. Тэдний илрүүлсэн хэрэгтэн Францад амьдарч байгаа аж. Яаж түүнийг Монголд авчирах вэ?
Түрүүн нь АНУ-д консулаар томилогдон ажиллаж байсан “ард” хэмээх Батсүхийг сэм баривчлан онгоцонд нууж ачих гэж байгаад америкийн цагдаад баригдсан. Батсүх алуурчин мөн гэж хэдэн цаг элчин сайдтайгаа нийлэн нотолж гуйсаар байгаад аваад ирсэн. Гэвч бүтэн жил тамлан зовоож мөрдсөөр байгаад биш болох нь тодорхой болонгуут “Батсүх нь хуурамч дипломтой байсан, тэр хэрэгт нь нэг жилийн ял өгч мөрдөнд суусан нэг жилийг нь түүнтэй дүйцүүлэн үзээд сулаллаа” гэж заралсан. Энэ бол шүүхээс гарсан ичих нүүргүй мэдэгдэл.
Нээлттэй нийгэмд болсон энэ ичгүүргүй явдлыг Америкийн байтугай дэлхийн холбогдох байгууллагууд мэдэж байгаа. Иймээс Энхбатыг албан ёсоор гуйн авчрах бололцоогүй. Монгол улс хэрэгтэн шилжүүлэх гэрээ Франц улстай байгуулаагүй, баривчлаад өгөөч гэхээр нотолгоо шаардана, тэр нотолгоо нь манайд байхгүй, ердөө л хардаж байгаа. Ингэхээр хулгайлах хэрэгтэй. Үүнийг энэ талын туршлага мэдлэг ойлголт байхгүй цагдаагийнхан гүйцэтгэх бололцоогүй. Ингээд ТЕГ-аар гүйцэтгүүлэхээр шийдэв. Өөр чадах газар үгүй юм чинь. Хурандаа Сийзхүүгээр ахлуулсан баг бүрдүүллээ. ТЕГ-ын харъяалалд Европын орнуудад “дипломат алба” гүйцэтгэдэг ажилтнууд хулгайлах опперацид оролцох болов. Франц, Герман, Унгар, Бельги зэрэг оронд сууж байсан “чекистүүд”-ээс бүрдсэн багийнхан даалгаварыг амжилттай гүйцэтгэсэн.
Энхбатыг энд авчраад тамлан тарчилгасан, хуруу гарыг нь хугалсан гэх мэдээллийг түүний өмгөөлөгч Санжаасүрэн хэлснээсээ болоод улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял аван шоронд одох нь тэр. Энхбат ч үхсэн, ер нь түүнд тохсон хэрэгт тэрээр огт холбогдолгүй болох нь тогтоогджээ. Нямдорж ч үүнээс хойш өөрийн оролцоог үгүйсгэх болов. Энэ удаа хөдөө явж байсан, гэртээ зурагтгүй учраас мэдээгүй гэлтэй нь биш, үгийн далимд Тагнуулынхныг буруутган толгой сэгсэрнэ. Харин ажиллагааг удирдсан хурандаа удалгүй нас барсан гэсэн байхаа.
Хууль бусаар хүн хулгайлж авчраад эрүүдэн шүүж, тамлан тарчилгаж байгаад үхүүлсэн явдал олон улсын хэмжээнд скандал боллоо. Францад элчин сайдаар сууж байсан Батбуян (Нямдоржтой дунд сургуульд хамт сурч байсан), Германд элчингээр сууж байсан Тэрбишдагва (“нэг нутаг” хэмээн Энхбаярын шинээр тодруулсан хүн) нар тухайн газартаа тун эвгүй байдалд оржээ. Тэдэнд пэрсон нон грат өгч хөөж явуулах асуудал ч тухайн орнуудын холбогдох байгууллагуудад яригдах болсон. Энэ хэрэгт холбогдсон нэгэн “дипломатч” Швейцарид сатуулагдсанаас болоод нэгэнт нэр нь тодорхой болсон “чекистүүдийг” Европ руу явахыг хориглов. Гэтэл Унгарт ажиллаж байсан хошууч Хурц дураараа загнан Англид очоодохсон чинь тэндээ баривчлагдан жил шоронд хоригджээ. Хурц ч бас зуумхай хүн болохоор Энхбаяр, Нямдорж нарыг насны өстөнөөр тооцов. Бодвол мэдэж байгаа болоод л хүнээ олж зуугаа биз дээ.
ЦААШ НЬ ЯРИХ УУ, ЯАХАВ?
Нямдорж Хууль зүйн яам ба Хууль зүй Дотоод хэргийн яамны сайдаар таван удаа томилогджээ. Ийм аварга амжилт Монголын Засгийн газрын түүхэнд өөр байхгүй байх. Өөр хүн байхгүй юм шиг тавын таван Засгийн газар энэ хүнийг шилэн авсан нь туршлага мэдлэгт дулдуйдсан гэхээсээ айсандаа чингэсэн болов уу гэж бодогдом. Өөрийг нь сонгон томилсон тавын таван Ерөнхий сайдыг бүгдийг нь ээлж дараалан өөлж эцэст нь архиран зууж ямар нэг “баримтаар” буруутган ноцсон. Энэ нь үзүүлэн тоглолт. Нэг талаас буруу юмыг тэвчдэггүй шулуухан пал цүл хийтэл хэлэн үүнээ хөдөлгөөнгүй баримтаар нотолдог маш шударга хүн хэмээн ард түмэндээ ойлгуулж, тийм имиж олж аван энэ нэрээ чулуу болгох гэсэн дэвэргэн хүсэл тачаал биз. Гэвч нөгөө талаас гол нь өөрийгөө нэг зуувал чөмгөө дундартал зүтгэж байгаад тавихгүй тас хазан шоронгоор дуусгана шүү гэдгийг одоогийн болон ирээдүйн төр баригчдад байнга сануулж буй хэрэг. Төрд орж ирсэн л бол зуулгах сэдэвгүй хүн гэж үгүй болчихсон нийгэм түүнээс үхтлээ айдаг болохоор тун таатай тайзан дээр дураараа тонгочих бололцоог түүнд олгож байгаа юм.
Ийм олон удаа сайд хийхдээ Зоригийг хөнөөсөн асуудал дээр дандаа маш сондгой авир гаргаж байсан нь онц хачирхалтай харагддаг. Дөрөв таван удаа “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг”-ийг тараажээ. Мөрдөн шалгах ажиллагааны түүхэнд ийм олон “самралт” бас байхгүй. Хий хардлаганаас өөр юмгүй байсан Энхбат гэгчийг яагаа ч үгүй байхад алуурчин мөн гэж тогтоон захиалсан эзэнтэй нь зарлаж байсан тэрээр нэгэнт шүүхээр ороод мөн гэж нотлогдон гурвын гурван шатны шүүхээр орон яллагдсан бүлэг этгээдийг анхны мөчөөс эхлэн үгүйсгэн бүр нийт төр ард түмний өмнөөс уучлал гуйн нулимс унагаж тэднийг даруй суллахыг шаардах боллоо.
Зоригийг хөнөөсөн гэгдэх бүлэг этгээдийн хэрэг хэдэн жил мөрдөгдөж явсаар шат шатны прокуророор дамжин, эцэст нь гурван шатны шүүхээр орон шийдэгдсэн. Энэ хэргийн тодорхой нарийвчилсан хэсгийг учир шалтгаантай болоод нууцлан, хаалттай шүүхээр шийдсэн боловч мөрдөгчдөөс эхлээд дээд шүүх хүрэх урт замд хэргийн протоколтой нийтдээ дөч тавин хүн танилцжээ. Одоо Нямдоржийн үгээр энэ олон хүн бүгд худалдагдсан, авилга авсан, айж цочсон, тэнэг мулгуу байсан болж таарч байна. Нямдорж өөрийнх нь нэр төрд халдсан гэгдэх хэргээ хаалттай шүүх хурлаар шийдүүлж байсан мөртөө, өч төчнөөн гүйцэтгэх нууц ажиллагаа явагдсан хэргийг ил тодоор бараг л зурагтаар шууд дамжуулан явуулахыг шаардаж гардаг баййгаа!
Олон жил таамаглаж байсанчлан Зоригийг хөнөөсөн хэрэг нь улс төрийн сэдэлтэй биш юм байна гэж прокурор, мөрдөн, шүүх үзжээ. Энэ нь дээрмийн зорилготой ахуйн гэмт хэрэг гэж тэд үзсэн байна. Хэргийг задалсан хүн нь гэмт хэрэгт голлох үүрэгтэй оролцсон хүнд гэмт хэрэгтэн мөн боловч үүнийг нь шалган тогтоохын тулд тагнуул цагдаагийн олон ажилтан уйгагүй шалган мөрджээ гэж тэд үзсэн юм байна. Одоогоор гүйцэтгэгч нар илэрсэн учир тэднийг шүүхээр шийтгэсэн боловч цаад эзэн буюу захиалагчийг илрүүлэх мөрдөх ажиллагаа явагдаж байна гэж тэд нэгэнтээ заралсан.
Гэвч дээрмийн зорилготой гэмт хэрэг юм бол хүн амины хэрэг үйлдүүлэх захиалагч цаана нь байгаа гэх нь их л маргаантай асуудал болно. Шатаагдагдаж үхсэн гэх дээрмийн багийн ахлагч мөнөөх сэтгэцийн өөрчлөлттэй болов уу гэмээр үйлдэгчийг “бид дээрэм хийх гэсэн болохоос хүн алах гэж ирээгүй” хэмээн хэдэн удаа зодсон баримт ч сонсогддог. Дээрмийн хэрэг юм бол захиалагч байхгүй баймаар, гэвч өдөөгч, сэдэл өгөгч баймаар... Алаад ир гэж хэн ч захиалга өгөөгүй гэж үзвэл дээрэм хийж их олз олж болох аятай объектийг хэн нэг нь зааж өгсөн байж болох шүү дээ... Цааш нь ярих уу, яахав???
АЙМШГИЙН КИНО БА ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИЛЖҮҮЛЭЛТ
Эрүүдэн шүүх нь өнгөрсөн социалист нийгмийн үед хэрэг хүлээлгэх гол арга барил байв. Хэргээ хүлээхгүй бол эрүүдэн шүүх хэрэгтэй гэсэн Цэдэнбалын гарын үсэгтэй нууц заавар хожим ил болсон. Эрүү Манжийн үед ч байсан, Чингисийн үед ч байсан. Ер нь эрт балар цагт нийт хүн төрлөхтөн бараг л гагцхүү эрүүдэж байж хэрэг хүлээлгэдэг байжээ. Дундад зууны Европт албан ёсоор эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг тусгай инстүүц хуулийн дагуу ажиллаж байсныг инквизит гэдэг. “Өөрөө хэргээ хүлээвэл буруутайгийн титэм баталгаа мөн” гэсэн зарчим үйлчилж байсан учир өөрөөр нь бурууг хүлээлгэхийн тулд ердөө л эрүүдэн тамалдаг байж. Энэхүү дундад зууны бүдүүлэг аргыг Сталины ЗХУ-д өргөнөөр ил тод хэрэглэдэг байсан нь Монголд шууд нэвтэрч монгол эрчүүдийн тав тутмын нэгийг хэргээ өөрөө хүлээсэн хэмээн шүүхийн тогтоолоор буудан хороожээ.
Сталинизмыг буруутгасны дараагаас эрүүдэн шүүх нь арай өөр хэлбэрт орж, нууц маягаар явагдах болов. Өөрөө хэргээ хүлээтэл нь сар жилээр шоронд хорих, мөрдөж байгаа маягаар сэтгэл санаагаар унагах, ар гэрийнхэнд нь дарамт учруулах гээд олон олон “хүмүүнлэг” арга бий. Тамлан тарчилгах арга харин шүүх прокуророос гадуур нийтийн дунд их дэлгэрсэн юм. Энэ нь ялангуяа цэрэгт газар авсныг дэглэх гэж нэрлэнэ. Одоогийн ахмад үеийнхэн энэ тухай сайн мэднэ. Нямдорж хүртэл дүүгээ цэрэгт байхдаа дэглүүлээд өвчин тусаж тэрнээсээ болж хожим нас барсан гэж ярьж байсан. Тэгээд ч тэрээр арваад жилийн турш оргосон дэгэлсэн дэглүүлсэн цэргүүдтэй хөөцөлдөж явсаар энэ талаар мэргэшсэн болохоор хэнээс ч илүү аймшигт яргалал тамлалыг цээжээрээ мэдэх учиртай. Оргосон цэрэгт ахадсан том ял өгдөгөөрөө цэргийн прокурорын Нямдорж зартай нэгэн байсан гэдэг. Тамлах явдал эрүүлжүүлэх газар хүртэл ил задгай байсныг бас олон хүн сайн мэднэ.
Монгол улсардчилсан Үндсэн хуультай болсноос хойш төрийн зүгээс алив хэрэгт эрүүдэн шүүхийг хориглосон юм. Эрүүдэж болохгүй талаархи олон улсын конвенцид Монгол нэгдэн орсон. Урьдын гашуун туршлагадаа үндэслэн эрүүдэн шүүдэг туршлага уламжлалтай цагдаа цэрэг болон тагнуулын байгууллагын хуулинд алив хэрэг мөрдөхдөө хүний эрхийг хөсөрдүүлж болохгүй тухай заалт орсон.
Гэвч сурсан юмыг сураар бооход маш төвөгтэйг шинэ Үндсэн хуулиас хойшхи гуч шахам жилийн туршлага тод харуулж байна. Дээр дурдсан “ард” Батсүхийн явдал бол үүний нэг жишээ. Энхбатын хэрэг бол бүр тод жишээ. Олонд ил болсон сүүлийн баримт гэвэл Ерөнхий сайд Алтанхуягийн “түүхий нүүрс” ажиллагаанд огт санаандгүй холбогдсон нягтлан хүүхэн байна. Түүнийг хэргээ хүлээ хэмээн жилээр шоронд хатаажээ. Сүүлд нь цагаатгахад тэр эмэгтэй шүүх мөрдөнгийнхний хүний мөсгүй, хууль дүрэмгүй аашилж байсныг улаан нүүрэн дээр нь улайтал хэлснийг мэдээллийн хэрэгслэлээр харуулсан. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Зоригийг хөнөөхөд оролцсон этгээдүүдийг шүүхээс буруутган ялласнаас жилийн дараа нэгэн сайхан нартай өдөр мань Нямдорж мөрдөнгийнхөн сэжигтнүүдийг эрүүдэн шүүж тамлан зовоож яргалан бузарласан явдлыг видео бичлэгээр нь илрүүлснээ дэлхий даяар зарлан тэнгэр газрыг нийлүүлэх шахав. Тэрээр Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад урьд өөрийнх нь Ерөнхий сайд асан Миеэ Энхболдыг түм буман хэрэгт холбогдуулан буруутгахын сацуу Зоригийг хөнөөсөн хэрэг худлаа болсон, намайг дахин Хууль зүйн сайд болгох юм бол жинхэнэ үнэнийг гаргаж ирнэ гэж тангаргалсаар байгаад Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж чадсан билээ. Жинхэнэ гэмт хэргийн нотлох баримтыг олж чадсан Нямдоржийг нийтээр таашаан, хэлсэн амандаа хүрч чадсан хэмээн ард түмэн алга нижигнүүлэн ташив. Гэвч прокурорынхон хэлэхдээ хэрэгтнийг эрүүдсэн хэргийг Нямдорж биш прокурорынхон илрүүлсэн, харин үүнийг нотолж задалж амжаагүй мөрдлөг үргэлжилж байхад Нямдорж баримтыг лав л хууль бус аргаар олж авсан байна гэж мэдэгдэх нь тэр.
Шүүх эрх мэдлийг ердөө гуравхан этгээдэд шилжүүлэн өгөх оппераци үүнтэй зэрэгцэн явагдлаа. Ажиллагааг Нямдорж удирдав. Үнэндээ түүгээр удирдуулав. Үндсэн хуультай эрс харшлах энэ опперацийг “түр хууль” гэж нэрлэсэн нь эрх зүйн онолын үүднээс тун ч инээдтэй тайлбар юм. Алив хууль нийгмийн хэм хэмжээг тодорхойлдог болохоос түр хууль гэж байх бололцоогүйг маш их “баримт” цуглуулдаг донтой боловч хууль эрхийн тухай анхдагч ойлголтгүй тэр юугаа ч мэдэх билээ дээ.
Шүүх эрх мэдлийг гурван хүнд шилжүүлэх хуулийн төсөл гэнэт зарлагдан ээлжит бус яаралтай чуулганд орж ирээд тэр шөнөдөө батлагдав. Нямдорж өнөөх тамлан зовоосон адал явдлаа уйлан хайлан бараг биеэр дуурайн давтан үзүүлэх шахаж, тоглолтоо хурлын явц дундуур үргэлжлүүлэв. Тэрээр хүнд үзүүлэхийн аргагүй, бие муутай хүн үзвэл газар дээрээ зүрх нь зогсохуйц аймшгийн бичлэгийг хурлын дундуур хаалттайгаар гишүүдэд харуулав. Гишүүдийн бие хаа мэдрэл сэтгэхүйд хурцаар нөлөөлөхөөс болгоомжлон бүр илүү аймшигтай хэсгийг нь танаж хассан шүү гэж мэдэгдэнэ. Нямдоржийг дэмжигч зарим нь толгой сэгсрэн нулимс дуслуулна. Сүүлд нь тэд аймшгийн кино үзсэнийхээ дараа сэтгүүлчидтэй уулзан харснаа ярих гэснээ салгалж чичрээд амьдралдаа ийм аймаар муухай бузар юм үзэх нь байтугай сонсож ч байгаагүй хэмээн уйлагнан арай ядан үгээ төгсгөнө. Тэд киноноос айсан юм болов уу, эсвэл Нямдоржоос уу?
Нямдорж дараа нь энэ аймшгийн киногоо сэтгүүлчдэд үзүүлнэ гэж амаллаа. Гэхдээ тэдэнд биеэ барьж сэтгэлээ хатамжлахыг захиж театрт айсандаа болоод үхчихвэл хариуцлагыг нь хүлээхгүй гэдгээ сануулахаа мартсангүй. Үзсэн хүмүүсийн яриагаар хэрэгтнүүдийн хумсан завсар хулс шаасангүй, хэлийг нь огтолсонгүй, нохойгоор уруулсангүй, бэлэг эрхтнийг таслаад аманд нь үмхүүлсэнгүй. Иймэрхүү тамлалтай кино тэд зурагтаар олон удаа үзсэн болохоор тэрнээс дор юм харна гэж горьдоцгоожээ. Одоо Нямдорж аймшгийн киногоо нийгмийн янз бүрийн бүлэгт ээлжлэн үзүүлэхээр хуваарь гаргачихсан давхиж явна. Сэтгүүлчдийн дараа Төрийн бус байгууллагынханд одоо үзүүлж байна. Монголд 26 мянган ТББ бий. Мань хүн мэдээж марк цуглуулагчдын, дугуй сонирхогчдын, цэцэг таригчдын ТББ-ынханд тоож үзүүлэхгүй нь дэндүү ойлгомжтой. Ийм террор, дарамт шахалтын дараа Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөх, шүүх зоригтой хэн ч олдохоо болино. Зорилго ердөө энэ л юм!
Арабын террористууд олон газар халдлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч Буш хэргийг нь хүлээлгэхийн тулд хоригдлуудыг эрүүдэх эрх олгожээ. Энэ нь нууц заавар байсан боловч илчлэгдэж бөөн шуугиан боллоо. Ерөнхийлөгч үүнд хариулахдаа хэдийгээр хууль зөрчсөн энэ шийдвэр нь арга барагдсан явдал байсан боловч чухам ингэсний хүчинд халдлага хийх гэж байсан олон хэргийг урьдчилан мэдэж мянга мянган хүний амь аварсан гэж тайлбарласан. Энэ хариултын дараа түүнийг шүүмжлэх шуугиан тэгэсхийгээд намжсан билээ. Террористуудыг америкийн мөрдөгчид тамалж байгаа бичлэг ил болж дэлхийгээр нэг цацагдсан. Хэрэгтний аман дээр алчуур тавиад дээрээс нь ус гоожуулаад байх юм билээ. Энэ нь тэнд болсон хамгийн хүнд эрүүдэлт гэнэ.
Гэтэл Нямдоржийн кинонд ядахнаа тийм юм гарсангүй. Урьд цэрэгт байсан үзэгч ярихдаа дал наяад оны цэргийн дэглэлтийн хажууд хүүхдийн өхөөрдөлт байна билээ гэж байсан. Хэд хэдэн удаа эрүүлжүүлэхэд орж байсан хашир хажуугаас нь үг нэмэрлэж согтуу хүн эрүүлжүүлэхэд баригдахаар цагдаа нар зугаагаа гаргаж үүнээс хавьгүй илүү тамалдаг байж билээ гэнэ.
ТӨГСӨӨГҮЙ ТӨГСГӨЛ
Эрүүдэн шүүх нь өнөөгийн хуулиар хориглогдсон төдийгүй гэмт хэрэгт тооцогдоно. Тагнуулынхан хэрэгтнүүдийг эрүүдсэнийг огт зөвтгөх гээгүй. Гэвч урьдын уламжлал хориглогдсоор байтал өдий болтол үргэлжилсээр, ийм тохиолдлын ихэнх нь баригддаггүй, олонд мэдэгдсэн ч, тэрбайтугай мэдээллийн хэрэгслэлээр тараагдсаар атал эрүүдэгчид огт хариуцлага хүлээхгүй явдал манай нийгэмд элбэг байсаар байна. Сэжиглэгдсэн болон гүтгэгдсэн нэгнийг хууль бусаар сар жилээр шоронд хатаадаг хүлээн зөвшөөрөгдсөн эрүү бол хорих камерт нь орж ирж зодсонтой харьцуулахад илүү хүнд тамалгаа тарчилгаа билээ.
Нямдорж шүүхээр яллагдсан этгээдүүдийг яаралтай суллахыг шаардаж байгаа боловч түүнд хэрэгтнүүд эрүүдсэнээс болж худал хэрэг хүлээсэн үү, эсвэл тэд үнэхээр хэрэг үйлдсэн харин хэргийг илрүүлэх явцад мөрдөгчид эрүүдэх арга хэмжээ зэрэгцүүлэн үйлдсэн үү гэдгийн аль нэгийг нотолсон баримт үгүй бололтой. Энийгээ нотолсон баримт түүнд байсан бол өдийд цаадах чинь шударга бус гариг дэлхийг нураана гээд пижигнүүлж явах учиртай. Тэрээр мөрдөгчдийг буруутгаж буй өөр нэг “чухал” баримт гэвэл, мөрдөгчид хэрэгтнүүд рүү хуурамч мэссэж илгээн хууран мэхэлсэн явдал гэнэ. Сэжигтнүүдийг хууран мэхэлсэн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг санаатай зөрчсөн хэрэг юм байх. Харин прокурорынхан хариу мэтгэхдээ ийм үйлдэл нь мөрдөн байцаах арга техникт зөвшөөрөгдсөн ажиллагаа, хэрэгтнийг төөрүүлэх төөрөгдүүлэх зэргээр хариу үйлдлийг нь шалгаж дүн шинжилгээ хийдэг гэлээ.
Нямдоржийн хамгийн амжилттай гүйцэтгэсэн оппераци гэвэл шүүх эрх мэдлийг шүүх инстүүцээс салгах ажиллагаандаа мөнөөх аймшгийн киног амжилттай ашигласан явдал билээ. Тэрээр шүүх инстүүцэд дайн зарлаад нэлээд удаж байна. Жилийн өмнө шүүхийн зарим салбарыг үгүй болгох, ажиллагааг нь эгнэгт хориглох, татан буулгах хуулийн төсөл бэлдсэнээ тунхаглан заралсан. Үүнийгээ “тэд ажил хийлгэхгүй саад болоод байна” гэж тайлбарласан. Ихэнхдээ монгол хүний бодож олсон оппераци иймэрхүү л болхи бүдүүлэг юм байдаг. Харин хожим тайлбарлах болон хардахдаа ямар ч дедектив зохиолыг давж гарахуйц хүний санаанд багтамгүй уран нарийн тайлал олдог. Гэтэл саяхи шүүх эрх мэдэл шилжүүлэх опперацийн арга техник, дараалал, уялдаа, урьдчилсан сурталчилгаа, бэлтгэл ажиллагаа, түгшүүр заралж буй байдал зэрэг нь маш сайн төлөвлөгдсөн, гарцаагүй амжилт олох нигуртай, зохиомж зохиол нь төгс эд байлаа. Нямдорж байтугай ямар ч монгол мэргэжилтэн ийм төгс сценари туурьвисан гэхэд итгэх аргагүй. Тэдэнд энэ гайхалтай төгс технологи аргачлалыг хэн боловсруулан зааж өгөв? Ямар зорилготой юм бол?
Мартсанаас өнөө элдэв шуугианд орооцолдон эцгийнхээ чихийг халууцуулаад яваа Нямдоржийн банди нь гадаадад элчин сайдаар томилогдох болсон гэж гадуур шуугиад л байна. Цааш нь ярих уу, яахав?
baabar.mn
Сэтгэгдэл (21)