Манай гэр хорооллынхон үнэндээ "газрын эзэд" юм. Гэхдээ гэр хорооллынхон "газрын эзэн" гэдгээ сайн ойлгодоггүй. "Газар" хэмээгч нь алтнаас өөрцгүй үнэ цэнэтэй хөрөнгө гэдгийг огтоос мэдэхгүй.
Яагаад гэвэл манайд хувийн өмчийн газар гэсэн уламжлал байсангүй. Бас дээрээс нь чөлөөт зах зээлд шилжих явцад гажуудал гарч хашааны газрын "зээлжих зэрэглэл"-ийг унагаж үнэгүйдүүлсэн. Ийн газар нь үнэт капитал мөн болохыг мэдэх боломж гэр хорооллынхонд олдоогүй билээ. Хашааны газар нь үнэгүйдэж, эдийн засгийн эргэлтэд орох чадваргүй болсноор гэр хороолол ядууралд гинжлэгдсэн юм. Зүгээр ядуурал ч биш архаг ядуурал шүү!
Архаг ядуурал хүмүүсийг хачин болгодог. Гэр хорооллынхныг хачин болгосон. Тэд газрын эзэд атлаа хамжлага албат аятай ухаан нь мохож, дорд хүлцэнгүй байдалд автсан. Жишээ нь, газрынх нь үнийг санаатай унагасаар атал хүлцэж сууна. Ямар газрын эзэд гэхээрээ ингэдэг билээ?!
Дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж байх үед нэг хашааны газар дунджаар хоёр өрөө орон сууцны үнэтэй болж байлаа. Гэтэл одоо үсрээд л ипотекийн урьдчилгааны 30 хувийн үнэ цэнэтэй болж уналаа.
Хашааны газрын үнийг унагаж буй нь алсдаа хямд үнээр арилжин авч "газарт оруулах" зорилготой юм. Харин орон сууцны урьдчилгаанд хашааны газраа өгсөн иргэд ипотекийн зээлийнхээ үлдэгдэл өрөө төлж чадахгүй, байр ч үгүй, газар ч үгүй үлдэнэ.
Ийм политик явуулж буйг анхааруулаад байхад л манай гэр хорооллынхон эсэргүүцэх гэж үгүй. Далайсан бүхнээс дальдчиж явна. Түүгээр зогсохгүй зарим этгээд харин ч газрыг нь санаатайгаар үнэгүйдүүлж байгаа улстөрчдийн талд орчихсон суртал хийгээд явж байна! Бодвол гайгүй хөлс өгсөн бололтой дог.
Энэ байдлыг харахаар Христийн "Тэд юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа юм! Тэднийг өршөө, Эцэг минь!" хэмээх учирлал санаанд ордог юм. Архаг ядуурал хүмүүсийг угаасаа тэнэглэл, мунхаглал руу түлхдэг болой.
Хэдийгээр гэр хорооллынхон "юу хийж байгаагаа ойлгохгүй", өөрөөр өөрсдийнхөө сайн сайхны төлөө тэмцэж чадахгүй улстөрчдөд дээрэлхүүлж суугааг харахад хөөрхийлөлтэй ч нийслэлээ, улс орноо хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч буй хүн бүр тэднийг дэмжиж "босгох" хэрэгтэй.
Учир нь нийслэл болоод улсын хөгжил гэр хорооллын "барьцаа"-нд буй. Үүнийг утаа, хөрсний бохирдол, байгаль орчны доройтлоос өгсүүлээд зөвхөн уул уурхайн орлогоос хамааран савлаж байдаг арчаагүй эдийн засаг, олигтой өндийж өгөхгүй байгаа үндэсний үйлдвэрлэл харуулаад байгаа юм.
Тэгэхэд бид гэр хорооллыг зөвхөн утаа, тоос, хөрсний бохирдлын эх үүсвэр төдийд өрөөсгөл хараад байдаг. Том зургаар нь харж чадахгүй байна.
Гэр хорооллын хашааны газар "зээлжих зэрэглэлгүй"-н улмаас чөлөөт зах зээлийн харилцаанд орж чадахгүй байгаа нь нийслэлийн хагас сая иргэн тогтвортой орлогын эх үүсвэргүй болж ядуурахад хүргэсэн. Хагас сая хүн төлбөрийн чадваргүй болоход зах зээл хагас сая худалдан авагчаа алдан бизнес дампуурч, үүний улмаас эдийн засаг хумигдан давжаардаг. Үүнийг макро эдийн засгийн онолтой холбон ойлгодог нэг ч улстөрч, банкир, бизнесмэн, эдийн засаг болон нийгмийн ухааны боловсролтой хүнтэй би таарч байсангүй!
Манай "дээдэс" харин гэр хорооллынхон арчаагүй учраас ядуу байдаг хэмээх хөгийн өнгөцхөн атлаа муйхар ойлголттой байдаг. Арчаагүй гэгдээд байгаа тэр хүмүүс нь 7 орчим тэрбум доллараар (2010 оны судалгаагаар) үнэлэгдэх хөрөнгө улаан гараараа босгочихсон, тэр нь хууль ёсны бизнес, санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйн улмаас "цус"-гүй хөрөнгө болжихуйд цуцан ядуурсан юм шүү дээ!
Хэрэв зээ гэр хорооллынхныг ялгаварлан гадуурхалгүй чөлөөт зах зээлийн үйлчилгээнд хамруулан зээлжих зэрэглэлийг нь нэмэгдүүлбэл эдийн засаг маань даруй 2-3 дахин тэлнэ. Дээрээс нь уул уурхайтайгаа зуузай холбоодохвол жилийн өсөлт маань ойрын 20-30 жилд тогтвортой хоёр оронтой тоогоор хэмжигдэх учиртай. Гэр хорооллыг дорд үзсэнээс ийм боломж алдаж байна даа!
"Дээдэс" нь гэр хорооллоо дорд үздэг нь социализмын үеийн ангич үзлээс үүдэлтэй нэг төрлийн "арьсны үзэл" юм. Айн Рэнд "...ер нь арьсны үзлээр оюунлаг хүмүүс биш, сэтгэлгээний хоосролтой хүмүүс өвчилдөг" хэмээсэн. Тэгээд энэ сэтгэлгээний хоосрол нь хөгжил дэвшлийг боомилж, боломжийг алдуулдаг гэжээ!
Манай дээдсүүд ихэрхэлгүй "оюуны хоосрол"-тойгоо хүлээн зөвшөөрч гэр хороолол руу анхаарлаа хандуулан тэднийг дэмжих цаг болсон!
Э.Бат-Үүл /baabar.mn/