Улс төрийн намын санхүүжит гэхээр “Маньд ямар хамаатайв” гээд хойш суудаг цаг өнгөрч. Тэр нэг “юм” нь ил гарч өгдөггүй, гарт баригддаггүй, нийтэд мэдээлэгддэггүй, нууц далд, ханцуй дотроо наймаалцах маягаар явж ирсний гайгаар өнөөдрийн энэ ЖДҮ гэмт хэрэг, 60 тэрбум, цаашлаад “Стандарт” банкны өр гэх мэтийн гэмт хэргийн чанартай зүйлүүд гарч ирээд байгаа юм шүү дээ. Тэгээд хохирол нь хэн дээр буух вэ? Нөгөө татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдөж таарна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 40 сая ам.долларын өрийг хаанаас төлбсөн бэ? Үйлдвэрийн өөрийн Эрсдлийн сангаас. Ямар нэг давагдашгүй хүчин зүйл, гамшигт нөхцөл байдлын үед хэрэглэнэ гэж Эрсдийн санг байгуулдаг байх. Тэгвэл тэр ч гэсэн татвар төлөгчийн мөнгө. Эрдэнэт үйлдвэр чинь өөрөө Монголын хамгийн том татвар төлөгч юм байгаа биз дээ. Улсын төсөвт татвараар төвлөрүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдах ёстой байсан орлогоосоо “Жаст”-ын өрийг төлсөн хэрэг.
Яагаад “Жаст” биш, “Эрдэнэт” төлөх ёстой болсон талаар өмнө нь одон удаа нуршсан учраас давтаад яах вэ. Харин үйлдвэрийг өрөнд оруулсан этгээдийг олж шийтгэхийн оронд өр төлсөн одоогийн удирдлагуудыг буруутгах нь зүйд үл хийцэх юм. Ядаж л нийтээрээ, дээр доргүй хуулийн дор амьдраад сурчихмаар байна. Шүүхийн шийдвэрийг хэн ч давахгүй гэдэгтэй л эвлэрчих. Тэр тусмаа манай дотоодын шүүх ч биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шүүх эцсийн шийдвэрээ гаргасан учраас.
Баасан гаригт энэ талаар мэдээлэл хийсэн Ө.Энхтүвшин сайд “Хуулийн байгууллагын ажиллагаа хэтэрхий удаан байна. Шүүх хурал маш олон удаа хойшиллоо. Одоо дотооддоо үйлдвэрийг өрөнд оруулсан гэмт хэрэгтнүүдээ олж хариуцлага тооцьё, үйлдвэрийг хохиролгүй болгоё” гэсэн. Шүүх хурал олон удаа хойшилж байгаад ч гэсэн тодорхой учир шалтгаан байх ёстой. Нэг хүн идэж уусан бол аль хэдийн ачигдчих хугацаа боллоо. Намааараа идэж уучихаад (тодорхой албан тушаалтнууд оролцсон учраас) хойшлуулаад байгаа юм биш үү? гэдэг олон нийтийн хардлага, бухимдал ч гэсэн ор үндэсгүй юм биш. Энэ бол логик.
Одоо ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ нарын үйлдвэр дээр тогтоосон онц дэглэмийг зогсоож, үйлдвэрийн үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулдаг юм руу орохгүй бол “Нийтлэг үйлчилдэг хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдэж үйл ажиллагааг нь удирдана” гэчихсэн ийм эрх зүйн зохицуулаттай (онц дэглэм тогтоосон хуулийн зохицуулалт нь энэ) байгаа нөхцөлд ямар ч дур зорго явахыг таах аргагүй. Ялангуяа удахгүй сонгуулийн жил гарах гэж байгаа энэ нөхцөлд. Дахиад нөгөө бэлэн мөнгө тараалт, саналын худалдан авалт руу үйлдвэрийн ашиг орлого “элсэнд асгасан ус” шиг шургачих магадлалтай.
Өнгөрөгч долоо хоногт “Шилэн нам-Авилгын эсрэг түншлэл” ТББ-аас “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” хэлэлцүүлгийг судлаачид болон сэтгүүлчдийн дунд явуулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар улс төрийн намууд сонгуульд авсан саналын тоо болон УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор төсвөөс санхүүжилт авдаг юм байна. Гэсэн хэдий ч энэ хүрээндээ хүртэл тайлан тооцоогоо гаргаж гишүүддээ мэдээлдэггүй. Тайлангаа үзүүлээч гэж хэлсэн гишүүд нь өөрсдөө ад шоо үзэгдэхдээ тулдаг, дарамт шахалтад ордог тухай ярьж байна.
Саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “МАК” компани манай намын сонгуульд хоёр тэрбум төгрөг хандивласан” гэж ярьсан. Сонгууль болгоноор хоёр тэрбум төгрөг хандивлаад байвал 30 байтугай 300 лицензтэй болохгүй яах юм, энэ компани. Нэг компаниас ийм хэмжээний мөнгө хандивт авч байгаа нам нийтээр нь санал худалдаж авахаас өөр ямар ажил хийх вэ?
Уг нь сонгуулийн тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжээс авах хандивын хэмжээг хязгаарлаад өгчихсөн. Иргэнээс нэг сая хүртэл, аж ахуйн нэгжээс таван сая хүртэл төгрөгийн хандив авна аа гээд. Гэтэл энэ мөнгийг 400 дахин нугалсан мөнгийг нэг компаниас авчихаад “Аа, чи муу яасан их лицензтэй юм, хураана аа” гээд байгаа намын дарга, нэр дэвшигч хоёрын яг хэн нь “хулгайч” юм бэ гэдэг ч бас эргэлзээтэй болоод явчихна.
Хэдэн жилийн өмнө МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гэж залуу намдаа 500 сая төгрөгийн хандив авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, шүүхээр шийтгэгдсэн. Харин энэ мөнгийг “аваад ир ээ” гээд явуулсан намын дарга нь ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Ийм хуультай байхад бид улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, төрийг авлигаас салах тухай мөрөөдөөд ч хэрэггүй нь тодорхой...
Үргэлжлэл бий.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)