Хуульч Ж.Эрхэмбаатар Захиргааны хэргийн шүүхэд хандан, нэхэмжлэл гаргажээ. Энэ залуу ХХААХҮ-ийн сайдын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээнүүдийг цуцалснаар, зээлийг буцаан төлүүлж, энэ мөнгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очуулахаар тэмцэж буй. Төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлөх түүний хүчин чармайлтыг “Манай үеийн баатар” буландаа онцолж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн найдваргүй болсон авлагуудыг барагдуулах ажлыг хариуцуулахаар ТББ-уудын дунд тендер зарлахад хуульч Ж.Эрхэмбаатар нөхдийн хамт шалгарч байжээ. 89 хариуцагчтай зээлийг эргэн төлүүлэхээр хөөцөлдөж байхдаа тэд нийтийн мөнгөнд эрсдэл учирч байгааг анзаарчээ. Тэрбээр үүнээс ч өмнө Сангийн яамны 250 орчим тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар ажилласан туршлагатай.
-Төрд учирсан хохирлыг барагдуулах орхигдсон ажлыг та барьж авчээ. ХХААХҮ-ийн сайдын хууль бус тогтоолыг цуцлуулахаар шүүхэд хандсан тухайгаа тодруулаач?
-Нийтийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Энэ мөнгийг үр өгөөжтэй, оновчтой зарцуулах шаардлагатай. Гэтэл энэ мөнгийг төрийн нэрийн өмнөөс зарцуулаад, хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоор нийтийн мөнгийг завшиж байгааг бид өдөр бүр харж байна. Албан тушаалтнууд хууль бус шийдвэр гаргаж, иргэдийг хохироож байна. Ийм тохиолдолд төр нийтийн мөнгөнөөс хохирлыг барагдуулдаг. Гэхдээ нийтийн мөнгөнөөс хохирол барагдуулж байгаа учраас нийтийн мөнгө бас хохирч байгаа. Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төрийн хохирлыг буцааж төлүүлэх ажлыг төр хариуцах ёстой. Энэ ажлаа огт хийхгүй байна. Бид хоёр жил шахуу судалгаа хийж, сургалт зохион байгуулан, хариуцсан эрх бүхий субьектуудтай уулзаж, албан бичиг явуулаад, шүүхэд хандаж, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулаад, хууль бус шийдвэрийн улмаас олон нийтэд учирсан хохирлыг эргэж төлүүлсэн тохиолдол олдохгүй байна.
Нөгөө нэг асуудал нь нийтийн мөнгийг зохисгүйгээр зарцуулах. Одоо ид маргаан өрнөөд байгаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой зээл, Хадлан тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангуудын мөнгө албан тушаалтны халаас руу яваад орчихсон тохиолдол гарлаа шүү дээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн тойронд өрнөж байгаа улстөржилт дундаас учирсан хохирлыг бодитойгоор төлж барагдуулах, хууль зөрчсөн шийдвэрүүдийг засч сайжруулах ажил хийгдэхгүй байна. Энэ алхмуудыг хийлгэх зорилгоор бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
-Захиргааны хэргийн шүүхэд яг ямар хүсэлт гаргасан бэ?
-ЖДҮ-ийг дэмжих санд хандсан 1000 гаруй төсөл байдаг юм билээ. Зарим нь шаардлага хангаагүй, шаардлага хангасан боловч санхүүжилтийн эх үүсвэр хүлээж байсан 300 гаруй төсөл байсан. ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудал дэгдэхээс өмнө асуудал хариуцсан сайд нь түр журам батлаад, түр журмынхаа зарим нэг заалтыг хүчингүй болгоод, зээл олгоод явсан. Банкаар дамжуулахгүйгээр сан нь өөрөө зээл олгох боломжтой эрх зүйн орчныг бий болгох зорилготой түр журам баталсан. Зургаагийн долоо гэсэн зүйл заалт байсан. Төсөл нь тэнцсэн боловч санхүүжилт хүлээж байгаа зээлүүдэд эх үүсвэр орж ирвэл санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр жагсаалтад байсан 300 гаруй төслийг цааш нь түлхээд, шинээр төсөл авах бололцоог өөртөө нээжээ. Дөрөв, тав хоногийн хугацаатай сонгон шалгаруулалт зарлаж, шинээр төсөл аваад, 130 аж ахуйн нэгжид хоёр тушаалаар зээл олгосон. Эдгээрийн 120 нь төрийн өндөр албан тушаалтантай хамаарал бүхий компаниуд байсан. Энэ гэмт хэрэг мөн эсэхийг эрх бүхий байгууллага шалгаад явна. Уг нь Засгийн газар зургаагийн долдугаар зүйл заалтыг хүчингүй болгосон сайдынхаа шийдвэрийг хүчингүй болгох ёстой. ЖДҮ дээр гарсан завхралыг таслан зогсооё гэвэл энэ хууль бус өөрчлөлтийг хүчингүй болгоод, дараалал хүлээж байсан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох бололцоог нээх хэрэгтэй. Тэр 130 аж ахуйн нэгжид хамаарал бүхий этгээд байгааг тогтоосон. Үүнд үндэслээд сайдын гаргасан 130 аж ахуйн нэгжид зээл олгох тушаалыг хүчингүй болгох эрх бий. Ингэснээр ямар үр дагавар үүсэх вэ? Тэр 130 аж ахуйн нэгжийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчингүй болно. Өөрөөр хэлбэл зээлийг хугацаанаас нь өмнө буцааж авах бололцоотой. Хэдэн улс төрч олон нийтэд зээлээ буцааж төлнө гэж амласан ч бусад зээл авсан аж ахуйн нэгж одоо болтол төлөхгүй байгаа. Хэдийгээр хууль бусаар зээл авснаа мэдэж байгаа ч зээлийн гэрээний дагуу төлнө гээд таван жилээ хүлээгээд сууж байна. Хууль бус шийдвэрт үндэслэж авсан зээлээ ашиглаад байгаа хэрэг. Үүнийг нэн яаралтай буцааж төлүүлэх шаардлагатай. Үүний тулд уг тушаалыг, улмаар зээлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, зээлийг буцаан төлүүлэн, эргээд энэ мөнгө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих учиртай.
Энэ алхмыг Засгийн газар өнөөдөр ч хийх бололцоотой ч хийхгүй байна. Тийм учраас энэ алхмыг хийлгэх үүднээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Яагаад буцааж яаралтай төлүүлэх шаардлагатай гэхээр энэ зээлийн эх үүсвэр Хөгжлийн банкнаас олгогдсон. Мөнгө өөрөө өртөгтэй. 7,14 хувийн хүүтэй эх үүсвэр татдаг юм байна, Хөгжлийн банк, цаанаасаа. Энэ бол хамгийн бага хүү. Гэтэл тэдэнд гурван хувийн хүүтэй өгчихсөн. 4,14 хувийн хүүгийн алдагдал Хөгжлийн банк үүрч яваа. Албан тушаалын давуу байдлаа ашиглан иргэдээс булааж авсан энэ мөнгө ЖДҮ эрхлэгчдэд очсон бол ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэр оруулах байсан.
-Тэгэхээр Захиргааны хэргийн шүүх энэ хууль бус шийдвэрийг хүчингүй болгоод, буцааж мөнгөө татахыг даалгана гэсэн үг үү?
-Ер нь тэр шийдвэрээ Засгийн газар, Ерөнхий сайд гаргах ёстой. Үүнийгээ өнөөдрийг хүртэл гаргахгүй, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудад зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт яваад байна. АТГ хөөцөлдөөд нотолж чадвал шүүх дээр очоод эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол хүнд процесс. Нотлох баримт хангалттай юу. Адаглаад гишүүдийн бүрэн эрх саад болж байна. Ийм хүнд процессоос өмнө мөнгөө олж авах, хохирлоо төлүүлэх нь гар доор хийх бололцоотой зүйл. Энэ ажлаа хийгээч гэж шаардаж байгаа юм.
-Захиргааны хэргийн шүүхэд хандаад хэр удаж байгаа вэ. Ямар хугацааны дараа энэ асуудал шийдэгдэх бол?
-ЖДҮ-тэй холбоотой асуудлаар он гаргаад л нэхэмжлэл өгсөн. Мэдээлэл дутмаг байсан. Мэдээллийг олж авах, хаана ямар шийдвэр гарсан, яг хэдэн зээлдэгч цаана нь хохирсон гэдэг тоон мэдээлэл дутмаг байсан учраас түүнийг цуглуулж авахад хугацаа орсон. Хоёр шатны шүүхэд хандсан юм. Анхан шатны шүүхээр тэр тушаалыг хүчингүй болгуулъя. Давж заалдах шатны шүүхээр хэм хэмжээний актыг хүчингүй болгуулъя гэж хандсан. Шүүгч хүлээж авсан. Захиргааны хэрэг үүсгэсэн, удахгүй сайдыг хариуцагчаар дуудаж, тайлбар авч, ажиллагаа хийгдэнэ.
Бид төөрөгдөлд орчихоод байгаа юм. Барьж аваад, хоривол хариуцлага хүлээж байна гэж ойлгодог. Гэтэл хариуцлагын хамгийн үр дүнтэй хэлбэр нь санхүүгийн хариуцлага. Гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг буюу хүүгийн зөрүү, алдагдлыг аль эсвэл аж ахуйн нэгжид учирсан хохирлыг албан тушаалтнаар төлүүлж байвал хэрэгжихэд хялбар, дээр нь түрийвчтэй мөнгөтэй нь ярьдаг учраас шийдвэр гаргаж байгаа хүндээ ч хүнд тусдаг. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн түгээмэл хариуцлагын хэлбэр. Эрүүгийн журмаар явна гэвэл олон жил өнгөрч, тэр хүнд процессыг давж байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас авахуулаад Эрүүгийн хариуцлагаас мултрах бололцоо бий. Ажлаа өгчихлөө боллоо гэдэг. Гэтэл шийдвэр болгоны цаана үр дагавар байгаа.
-Та яагаад шүгэл үлээгч болчихсон юм бэ. Төрийн эсрэг заргалдаад, стратегийн өмгөөлөл хийхэд багагүй зардал гарах байх?
-Би хуульч. Надад мэдлэг байна. Энэ бүхнийг хөөцөлдлөө гээд надад ашигтай юм байхгүй. Одоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гараад явж байна. Нэгдүгээрт иргэн, хоёрдугаарт хуульч хүн учраас олон нийтийн эрх ашгийг хамгаалж дуугарах үүрэгтэй. Энэ сэдвээр бид хэлэхгүй бол хэн ч хэлэхгүй болчихоод байна л даа. Хамгийн том давуу тал бидэнд мэдээлэл байна. Сангийн яам, ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай ажиллаж, судалж байсан учраас нотлох баримтууд байна. Үүнийг аль болох хуваалцах ёстой л доо.
Энэ олон асуудлууд ундраад биднийг зүгээр суулгахгүй байна. ЖДҮ-ийн кэйс гарч ирлээ. Цэцийн гишүүдийн томилгооны асуудлаар ч хуульчид Цэцэд эсэргүүцэл илэрхийлж, гарын үсэг зураад явж байгаа. Энэ бол бид Үндсэн хуулийнхаа үзэл санааг хамгаалах, мэргэжлийнхээ нэр хүндийг хадгалах зорилготой хийсэн ажил. Бас нэг зүйл Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад, Засгийн газар тэр чигтээ Захиргааны шүүхийн хяналтаас гаръя гэсэн хуулийн төсөл хэлэлцэгдэх гээд байна. Ингэж болохгүй шүү гэдгийг бид хэлж ярьдаг. Үндсэн ажлаа хийж чадахгүй хэмжээнд их ажил ундарсан. Аль болох цаг гаргах гээд хичээж л байна.
-Гадаадад төгссөн хүмүүс тэндээ шингэх боломжтой. Монголд ирээд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, тэмцэж амьдрах шийдвэр гаргахад зориг шаардсан уу?
-Энд зоригсоод байх юмгүй. Беркли төгсөгч АНУ-д хуулийн үйлчилгээ үзүүлэх бололцоотой. Хуулийн фирмд ажиллалаа гэхэд жилдээ 120-150 мянган долларын орлоготой ажиллаж болно. Яагаад Монголд ирсэн юм бэ гэхээр би Монголд илүү орлого олдог. Дээр нь нийгэмдээ ганц ч болов лаа асаагаад, нэг ч гэсэн оюутны толгойд юм хийгээд, нэг ч гэсэн асуудлын гарц гаргалгааг нь хэлээд явж байвал хүн болж төрсний хэрэг бүтээх юм болов уу гэж бодсон. Энд толгой өвдөөд ирэх үү байх уу гээд тоо бодсон юм байхгүй. Миний хувьд энэ зах зээлд ажилласан, орон зайгаа бий болгосон байсан учраас ирээд ажиллахад түвэгтэй байгаагүй л дээ.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ? Бага нас чинь ямаршуухан өнгөрөв?
-Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн. Ээж аав хоёр уурхайчин. Аав, өвөө, эмээ ч уурхай дагасан хүмүүс. Хажуу-Улааны уурхайд төрж өссөн хүн дээ. Бага нас малын бэлчээрт өнгөрсөн. Би хөгшин ээж дээрээ өссөн хүүхэд. Морь унах дуртай. Айл амьтны тугал бяруу эргүүлнэ. Хичээл тараад эмээдээ очдог. Хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө хөдөөнөөс сайртай орж ирдэг. Вазелиндаж вазелиндаж, гараа гялгар уутаар ороож байгаад сайрнаасаа жаахан салаад, хичээлдээ ордог хүүхэд байлаа. Тав зургадугаар анги хүртлээ ийм байсан. Багаасаа бие даасан хүүхэд байсан л даа.Хөгшин ээж маань өөд болоход гэр бүлдээ эргэж ирсэн.
-Хөгшин ээж чинь ямар хүн байсан бэ, хуучны хүмүүс хүмүүжлийн өвөрмөц аргатай байсан санагддаг?
-Миний хөгшин ээж нөхөрсөг, хөгжилтэй, жаахан зальтай. Ах бид хоёрыг яаж ийж байгаад аргалаад ажил хийлгэчихдэг байсан. “Миний хүү ямар хурдан юм бэ, тугалынхаа араас тавхай нь гялалзаад гүйчих юм” гэхээр онгироод гүйчихдэг. Нууранд очиж сэллээ гэхээр “Тэг тэг” гэнгүүтээ шуудай өгөөд явуулна. Өөрөө араг үүрчихнэ. Бид хоёр хөлдүү үхрийн баасыг сагс тоглож байна гээд хийгээд нэг мэдэхэд үхрийнхээ баасыг арилгачихсан байх жишээтэй. Биднийг хөдөлмөрч, ажилсаг болгож өсгөсөн. Улаанбаатарт ирээд, есдүгээр ангийн сурагч аравдугаар ангийн шалгалт өгч, 16-тай оюутан болж байлаа.
-Хуульч мэргэжлийг яаж сонгов?
-Аав тушаал гаргаад цохсон. Ах банкир учраас намайг хуульч болгохоор шийдсэн. Гэхдээ би харамсдаггүй. Аав маань алсыг харж дээ. Энэ хэрүүлч заргач нөхөрт тохирох ажил гэж бодсон шиг байгаа юм.
-Өмгөөлөгчийн орлогод зан занар нөлөөлдөг юм биш үү, хэрүүл заргач байвал сайн уу?
-Заргач гэхээсээ маш сайн зөвлөгч, мэдрэмжтэй байх ёстой. Эрсдэлд орсон хүнийг ойлгохын тулд эхлээд мэдрэх учиртай. Ойлгож чадахгүй бол амьд харилцаа үүсэхгүй. Эрүүгийн хэрэгт холбогдсон хүнд үзүүлж байгаа үйлчилгээний 50 хувь нь хуулийн, үлдсэн нь сэтгэл зүйнх байдаг. Амьдрал нь нурж, шоконд орсон хүнд итгэл өгч, тайвшруулж байж дараагийн ажилдаа орохгүй бол зөв, оновчтой мэдүүлэгч өгч чаддаггүй. Хямарсан хүнийг яаж тайвшруулж, туслах вэ гэдгийг бодож олох нь ажлын 50 хувь. Шүүгч, прокурорын эсрэг яаж мэтгэлцэх, хүмүүсийн хэлдгээр хэрүүл хийнэ гээд байгаа үе чинь 10 хувь нь.
-Та хэр үнэтэй өмгөөлөгч вэ?
-Шаардлагатай тохиолдолд үнэгүй өмгөөлдөг. Хот төлөвлөлтөөс хохирсон иргэд, ХЗХ-ны хохирогчид, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үнэгүй өмгөөлөгч. Хууль зүйн туслалцаа авахаар хандсан хүний асуудлыг аравхан хоромд шийдэж болдог. 10 хоромд зөвлөгөө өгөхийн тулд би 19 жил сурч, ажиллаж, хуримтлуулсан мэдлэг туршлагаа ашигладаг. Ийм учраас зөвлөгөө үнэтэй. Миний зөвлөгөөг авсан хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учрах эрсдэлээ хаадаг. Ийм учраас үнэтэй байдаг.
-Эхнэр чинь бас хуульч. Хуульчдын дуусдаггүй яриа гэрт бас үргэлжлэх үү?
-Мэргэжилтний хувьд ярилцана. Эхнэр нөхрийн маргаанд бол эхнэрээ барахгүй шүү дээ. Тэр чинь мэргэжлийнхээс гадна эмэгтэй хүн шүү дээ. (инээв)
-Үлгэр дуурайл болгодог хүн байдаг уу?
-Байлгүй яах вэ. Манай Б.Чимэд багш байна. Сүүлийн шавь нарынх нь нэг. Б.Чимэд багшаас авч үлдсэн нэг зүйл Үндсэн хуулийн үзэл санаанд үнэнч байх. Амьдрал яаж ч савласан Үндсэн хуульд заасан үзэл санаанд үнэнч байвал аврал. Үндсэн хуулийн үзэл санаа, онол амьдралд туршигдсан, практикт судалгаа хийж байгаад энэ нь зөв юм байна гээд гаргаж ирсэн жор. Бусад улс орны алдааг судалж, эрх мэдэл хоорондоо тэнцвэргүй бол ийм алдаа гарна гэж тогтоогоод, ингэж болохгүй гэсэн заавар байхгүй юу. Энэ зааврыг дагахгүй бол болохгүй гэдгийг ойлгочих ёстой. Энэ үзэл санаандаа үнэнч байх ёстойг Б.Чимэд багш амьдрал, түүхээрээ харуулсан. Б.Чимэд багшийн сүүлийн лекцэн дээр “Та бидэнд сургаал айлдаач” гэхэд “Эзэн хичээвэл заяа хичээнэ, болох уу” гэсэн юм. Энэ үгийг хөгшин ээж маань ч хэлж байлаа, ээж аав ч хэлдэг. Гэхдээ л энэ үгэнд бүх үнэ цэнэ бий.
-Хамгийн сэтгэлд чинь үлдсэн үйлчлүүлэгч ямар хүн байв, боломжтой бол яриач?
-Анхны үйлчлүүлэгчээ мартдаггүй. Ээжтэйгээ амьдардаг охин байсан. Ээжийнх нь ах дүүс бас гэрт нь амьдардаг. Өвлийн хүйтэнд ээж, охин хоёрыг хөөгөөд гаргачихсан. Би туршлагагүй, ном хууль уншаад ард нь гарах гэж хичээсэн. Байрыг нь борлуулаад, ээж охин хоёрт байр авч өгөөд, нөгөө хэдэд нь бас хашаа байшин авч өгсөн. Хөрөнгийг нь тусгаарлаж, ээж охин хоёр орох оронтой болсон. Тэд их баярласан. Энэ үед л хуульч мэргэжлийн үнэ цэнэ, сайхныг мэдэрч билээ.
Б.Янжмаа "Ардчилал таймс" сонин
Сэтгэгдэл (11)