УИХ-ын гишүүн асан С.Сайхансамбуутай ярилцлаа.
-Монголын төрийг удирддаг алдартай 30 гэр бүлийн талаар та юу хэлэх вэ?
-29, 30 ч бай тэр нь хамаагүй тэд тодорхой. “Бороо гоулд” –аас орж ирэх 70 тонн алтаа Монгол алдсан. Нэг л хүн хожсон тэр нь Сү.Батболд. Мөн Оюу толгойг Бороо гоулдын замаар оруулах гэж зүтгэсэн С.Баяр тэргүүтэй нөхөд тодруулбал гардан гүйцэтгэгч нь С.Баярцогт дагалдан гүйцэтгэгч нь Л.Гансүх Д.Зоригт. Энэ хоёр даалгавар гүйцэтгэсэн. Толгойлогч нар нь шоронд ороогүй. Мөн Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, зүгээр байсан Н. Алтанхуягийн засгийн газрыг унагааж, тоглоомын засгийн газрыг байгуулсан гээд төрд их гай хийсэн хүн дээ. Ч.Сайханбилэг тоглоомонд нь орчихсон. Бас Оюу толгойг найруулсан нэг том оффшорчин байдаг. Монголыг хорлож байгаа нэг л хүн бий тэр хүний заавраар С.Баяр хөдөлдөг.
-Монголыг хорлож байгаа тэр хүний нэрийг нэрлэж болох уу?
-Дараа нэрлэнэ. Одоо нэрлэхээр шүүхээр тогтоогдоогүй байхад гээд олон юм ярьж магад. Одоо энэ хулгайч нарын хэрүүл дундаас нэг өөрчлөлт гарах байх. Тэр үед тэр хүн хамгийн түрүүнд гарч ирж баригдах байх.
-Өнөөдрийн энэ улс төрийн нөхцөл байдал хаашаа явчихав аа?
-Манайх шиг бохир улс төр их ховор. Өөрсдөө дүрмээ зохиож, улс төрөө түүндээ тааруулж хийж байгаа учир аргагүй. Татвар төлөгчдийн мөнгөө зохион байгуулалттай хувааж цөлмөөд л, гурван хувийн хүүтэй зээл аваад л. Би 2008 онд улс төрд ороод анхныхаа бүлгийн хурал дээр л ямар муухай зүйл хийдгийг шударгаар хэлж байсан хүний нэг. Тэр үед С.Баяр, Ц.Нямдорж нар ” Дөнгөж шинээр улс төрд орж ирчхээд битгий олон юм яриад бай” гэж хэлж байсан. Эд улс төрд орсон юм байж, гутлаа сольж чадахгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байхад нь харин би тусалж, мөнгө өгч явсан хүн. Авилгачидтай нэг дор сууж байна гэж хэлээд прокурорт эрүү үүсгүүлж байлаа. Би үнэн л хэлсэн байгаа биз. Улс төр луйвар болжээ гэж бодож байсан. 1990 онд надаас гуйж явсан хүмүүс намайг 2008 онд улс төрд орход ааш зан, алхаа гишгээ хэлж байгаа үг тэс өөр болсон байсан. Оюу толгойг эсэргүүцэж бас бус олон асуудал дээр санал нийлээгүй учраас намайг зохион байгуулалттайгаар энэ намаас хассан.
-Тухайн үед тантай хамт эсэргүүцэж санал хэлдэг гишүүд байгаагүй юм уу танай намд ?
-Ц. Даваасүрэн Б.Бат-Эрдэнэ гишүүд байсан. Хоёулаа сайд болоод л эсэргүүцэж үг дуугарахаа больдог юм билээ. Их аюултай зүйл болсон бас нэг юм бий.
-Ямар аюултай зүйл болсон гэж. Ярьж болно биз дээ?
-Үндсэн хуульд долоон өөрчлөлт нэмсэн. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж энэ их буруу зүйл. Төрийн гурван өндөрлөгт хамаг эрх мэдлийг хуваагаад өгсөн. Бүх том албан тушаалуудыг өөрсдөө оруулж ирдэг. Тэр нь дан хуйвалдааны булхай луйврын хүмүүс. Үндсэн хуульд байгаа хийг л ашиглаад байдаг. Томилогдсон сайд нар нь дурын мөнгөө хувааж иддэг. Эндээс л ЖДҮ үүссэн шүү дээ.
-Хуулиа мэргэжлийн өндөр төвшинд, зохих хүрээнд яагаад хэлэлцэж баталж болдоггүй юм бол оо. 76 хуулиа батлах гэж лобби хийсээр байгаад ямар ч боловсруулалтгүй хууль гаргачих юм? Уг нь тэдний үндсэн ажил хууль батлах?
-Лобби биш бүүр зохион байгуулалттай хийнэ. Яаж мэдсэн юм гэхээр би Оюу-толгойн гэрээн дээр л мэдсэн. Тэр үед засгийн газарт40, 57 гэж хоёр тогтоол баталж өгсөн байдаг. 40-р тогтоол зургаан заалттай нэг ч заалт нь биелээгүй гэж Ч.Улаан сайд чуулган дээр ярьж байсан. 57–р тогтоол дөрөвхөн заалттай. Хамгийн гол заалт нь одоо байгаа Ашигт малтмалын хуульд зохицуулж энэ гэрээг хийсүгэй гэж заасан. Тэгээд л анх орж ирсэн үеэс л буцаасан. Нэлээн хэд буцаж байх хооронд нөгөө чухал. Одоо байгаа “Ашигт малтмалын хуульд нийцүүлж хийгээрэй” гэсэн заалтыг өөрчилсөн байсан. Тэгэхээр аймшиггүй чин зоригтой улс байгаа биз. Хуулийг янзтай өөрчилнө шүү дээ.
- Хуулийг гол засаж, залруулж, найруулдаг хүн нь Ц.Нямдорж гишүүнийг гэж яриад байдаг л даа? Бүгд л засдаг юм биш үү?
-Хуулиар тоглодог хүн шүү дээ. 1992 оноос хойш монголын хуулийг гартаа барьж байгаа хуульч. Хууль зассан гэдэг хэргээр Үндсэн хуулийн цэц дээр буруудаад, УИХ-ын даргыг нэг жил хийгээд, огцорч байсан хүн. Ц.Нямдорж их олон дүрд хувирч чаддаг хүн. Яг хачиг хувалз л гэсэн үг. Сүхбаатар жанжин Луузанг хэлдэг дээ буриад, халх, казак, дөрвөд гээд олон дүрд хувирдаг гэж. Яг тийм л хүн. Сонгуулийн дараа 49 хувь гээд олон юм яриад байсан сайд болоод л таг болсон. Сайд, УИХ-ын гишүүн хийгээд байхаар барьж хорих боломж гарахгүй байна шүү дээ. Монгол Улсыг самарч байгаа хүний нэг дээ.
-МАН-ын идээ бээр дээд цэгтээ хүрлээ. Цаашид яах бол?
-МАН 32,33 хуваагдаад сууж байгаа нь өөрсдийн нь буруу. Одоо энэ намд бизнес эрхэлдэггүй хүн байхгүй. Одоо энэ залуучууд нь кноп дарагсад, цүнх баригчдад би төгөлдөр хуурч гэдэг нэрийг өгсөн хүн шүү. Яг л төгөлдөр хуур дарж байгаа юм шиг л кноп дардаг. С.Баярын хамтарсан Засгийн газрыг би стандарт бус засгийн газар гэж хүртэл бичиж, ярьж байсан. Манай 45 гишүүн дургүй байсан. 2011 онд чуулган дээр УИХ-ын зарим гишүүдийг хулгайч нар, Үндсэн хуулийн цэцийг манаач биш мануухай гэж хэлж байсан. Тухайн үед хулгайч нарыг би хоёр ангилж байсан. Нэгдүгээрт татвар төлөгч нарын мөнгийг ажил хийсэн нэрийн дор нэг хулгай хийж байна. Хоёрдугаарт бизнесменүүдийг асар их дарамталж мөнгө авч байна, үүнийгээ болиоч ээ гэж хэлж байсан.
-МАН-ын дотоод хагарал юунаас, хэзээнээс эхлэх болов?
-2016 оны сонгуулийн дараа 65 суудал авснаас эхэлсэн. Бүгд сайд болох гэж дайрсан. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат аа чи дуугүй байгаарай би чамайг хэн ч биш байхад энэ намд 90 оноос хойш явсан шүү гээд үг дайгаад байна аа даа. Энэ чинь нэг юм хэлээд байгаа юм. Одоо миний Ерөнхий сайд болох цаг болсон гээд. Тэгж байтал М.Энхболд, хэн ч мэдэхгүй Ж.Эрдэнэбат гэгчийг Ерөнхий сайд болгосон. Ингээд хууччуул нь уурлаж гол хагарал нь эндээс эхэлсэн. Мөн уяач нөхрийг Хөдөө Аж Ахуйн сайдаар, Арьс судлалын эмчийг Эрүүл мэндийн сайдаар тавьсан асуудал нь сандал ширээ булаацалдах дуртай нөхдийн уурыг хүргэсэн гэсэн үг.
-Үеийн үед л чуулганы ирц гэж нэг айхтар эд байх юм аа. Чуулган ирц хүрсэнгүй, хойшлов гээд л УИХ-ын даргын алх тас. Гадаадын зарим оронд гишүүдтэйгээ хариуцлага тооцдог олон арга байдаг юм билээ. Манайх заримаас нь туршиж үзсэн гэвч болоогүй. Одоо бас ирц хүрэхгүй төрийн ажил тэр чигтээ гацаанд орчихлоо?
-Дордохын долоогийн нэг нь энэ ирцний асуудал. 51 гишүүн ирж байж ирц бүрддэг байсан юм. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр гишүүдээ цуглуулж чадахгүй болоод 51 байсныг 39 болгосон. Гэхдээ тэр 39 дотор чинь ирэхгүй гишүүд бас байгаа. Гар хөл болдог хэдхэн гишүүд байдаг. Тэд л кнопоо дараад хариу бэлгээ авдаг. Жишээ нь сайд, эсвэл дэд сайд, тендэр, шагналын орон тоо гэх мэт. Ямар ч үүрэг байхгүй.
-МАН-ын сандал ширээний асуудал цаашид хэрхэн өрнөх бол. Бүүр идээ бээрээ шахаад цэвэрших үү, эсвэл түр зууртаа эвлэрсэн жүжгээ тавих уу?
-Шинээр орж байгаа гишүүд нь үл бүтэх хүмүүс. Шинэ гишүүн чи дуугүй байгаарай гэдэг нь эхний удаа юм идэх болоогүй ээ хэд сонгогдож байж болно л гэсэн үг шүү дээ. Тэгээд хуучин гишүүд нь уурлаад, чи болоогүй байна ядаж над шиг хоёр, гурав сонгогдчихоод эхэл гэдэг. МАН эвлэрэх ямар ч боломжгүй болсон. Харин удаан тэслээ шүү дээ. Одоо цаг нь...
-Төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж болох уу? МАН-ын 60 тэрбумын асуудал өнөөдөр нийгэмд хүчтэй шуугиан дэгдээгээд авсан. Хариуцлагатай албан тушаалтан нь ч хүлээн зөвшөөрч байгаа харагдсан?
-200 сая төгрөг өгөөд сайд болсон юм аа гээд хэлэх хүн байхгүй. Бизнес гайгүй хийсэн хүн энэ 76 дотор ховор. Эзэн холбогдогч нь гараад ирвэл тодорхой хэрэг. Гол нь яаж батлах вэ гэдэг асуудал байна.
-Улс төрийн нөхцөл байдал хурцдах уу цаашид?
-Миний бодлоор хурцадна. Асуудал их байна. Хоёр том нам хоорондоо маш муу. Бие биенээ үзэхгүй. МАН дотроо хоёр хуваагдсан. АН мөн адил зөндөө асуудалтай. Бас л хэд хэд хуваагдаж байх шиг байна. Оны дараа асуудал ноцтой болох байх аа. Нам ажлаа хийхгүй байна. Бодлого ярихгүй зөвхөн сандал ширээ л яриад бие биенээ ухаад төнхөөд байна шүү дээ? Нам бол бүлэглэл болсон. Монголын ард түмэн одоо энэ хоёр намд итгэхээ больсон байна. Одоо өөр цаг ирж байна. Шинэ нам гарна. Улс төрийн циклээр энэ хоёр намыг солих цаг болсон. Цикл нь 30-40 жил байдаг. Тэр цаг нь ирлээ. Ард түмний тэвчээр дээд цэгтээ хүрч байна шүү. Шинэ улс төрийн хүчин гарч ирнэ, 2020 онд. МАН-ыг магтвал зодуулахаар байна шүү дээ.
-Монголын төрийг яаж эрүүл саруул байлгах ёстой вэ. Төрийн гол ажил иргэддээ чиглэсэн байх ёстой?
-Төрийн гол үүрэг нэгд иргэдээ эрүүл байлгах. Энэ бол нэг номерын ажил. Зардал чирэгдэлтэй байсан ч зүтгэх. Хоёрт Цэцэрлэгээс нь авахуулаад иргэдээ боловсролтой болгох. Гуравт орон сууцтай болгох. Дөрөвт ажлын байртай болгож өгөх ёстой. Энэ дөрвөн зүйлийг л хийдэг Ерөнхий сайд байх ёстой. Даанч хийдэг Ерөнхий сайд алга. Төр үүнийг л сэтгэж боддог байх ёстой.
-Монголын улс төрд хүчтэй лидер байна уу?
-Хүчтэй лидер байхгүй. Энэ хоёр намд лав алга. Ямар ч ёс суртахуун байхгүй байна шүү дээ.
-ЖҮД-чин гэсэн сэтэр нэмэгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаар таны бодол. Үнэхээр энэ хүн шударга ёсыг тогтоож намаа цэвэрлэж шинэ сайхан намыг бий болгож төрийг төвхнүүлэх гээд байгаа юм уу?
-У.Хүрэлсүхийг би сайн мэднэ дээ. Ийм тогтворгүй сэтгэлтэй хүн яаж Ерөнхий сайд хийх юм. Шударга дүрд тоглож байгаа хулгайч хүн шүү дээ. УИХ-ын өмнө номхон зогсоод, ажлаа тайлагнаж байх ёстой. Гэтэл яаж байна, одоо УИХ-ыг удирдаж байна шүү дээ. УИХ-ын дээр даам гарчихсан явж байна. Бүх бодлого нь буруу, зөв хийсэн зүйл юу байгаа юм. Бензины үнийг бууруулна, хүүхдийн мөнгө нэмнэ гэсэн яасан. Намаа хоёр хуваачихлаа, энэ хүн.
-ЖДҮ-ийн талаар та юу хэлэх вэ. Энэ Засгийн газраа тогтоохын тулд хийсэн арга мөн үү?
-Би санал нэг байна. У.Хүрэлсүхийн л хийсэн ажил шүү дээ. Засгийн газраа авч үлдэх гэж хийсэн. ЖДҮ-ийн анхны хэлбэр нь хадгаламж зээлийн хоршоо шүү дээ. Эхлэлээ тэд ингэж хийсэн улс. Дараа нь бас нэг аймшигтай зүйл хийж байгаа. Хүн амины хэрэг. Хүн амины хэрэг хийж байгаа ийм намыг сонгуульд оруулаад яах юм. Яаман дотроо хүн амины хэрэг хийгээд л сууж байна шүү дээ. Шударга ёс тогтооно гэсэн яасан тэр Ерөнхий сайд.
-“Нарантуул худалдааны төв” таны анхны хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн газар?
-Би ард түмэнтэйгээ хамгийн ойр байгаа хүн. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барьж байна шүү дээ. Яагаад гэвэл түрээс нэмэхэд л бүх барааны үнэ өснө. Үнэ өсөхөөр 21 аймагт бараа бүтээгдэхүүн нугарч очно. Иймд түрээсийн үнийг нэмэх тал дээр хэзээнээсээ би дургүй хүн. Нарантуул худалдааны төвийг 1993 онд би өөрийн гараар босгосон. Жинхэнэ хөлс хүчээ дайчлан өдий зэрэгт хүргэсэн.
-“Нарантуул худалдааны төв”-д хэчнээн түрээслэгч үйл ажиллагаагаа явуулж байна?
-Ойролцоогоор 500 гаруй түрээслэгчтэй байх. (инээв )Улирлаасаа шалтгаалаад янз бүр байдаг. 20-30 мянган хүн өдөрт үйлчлүүлдэг.
“Нарантуул худалдааны төв”-ийг олон улсын жишигт хүрсэн худалдааны төв болгож болохгүй юу? Ядаж эрээн хотын зах шиг
-Солонгосын зураг төслийн компаниар орчин үеийн шинэ захын зураг төсөл хийлгэсэн байгаа. Гэхдээ тийм болгочихвол барааны үнэ өсөж яг л супермаркет шиг болно шүү дээ. Олон улсын жишигт аль ч оронд задгай зах байж л байдаг. Би Нарантуул худалдааны төвөө уламжлалт маягаар авч явах хүсэлтэй байдаг хүн.Түрээсийн үнэ өнөөдрийн байдлаар 60-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Урд нь хоёр ч удаа галд шатаалгасан. Битүү том байр чинь эрсдэл ихтэй. Гал гарахад хүмүүс баяр хүргэж байсан. Баяр хүргэе гэж. Хүн гэдэг амьтан их муухай шүү.
-Сүүлийн жилүүдэд баян хоосны ялгаа нэлээд байх шиг байна уу даа?
-Асар их байна. Өөрсдөө дүрмээ зохиогоод, өөрөө өөрсдөдөө зориулж хууль батлаад ойрын хүмүүстээ мэдээллээ тараагаад, баяжсан хүмүүс саарал ордноор дүүрэн байна. Төрийн өмчийг 1996 оноос хойш л идлээ шүү дээ. Эндээс л баян хоосны ялгаа их үүссэн. Цөөхөн баяжсан хүмүүс нь одоо 30 гэр бүл боллоо шүү дээ. Үүнийг чинь Ерөнхийлөгч хэлээд байгаа юм. 2002 онд “Ардын эрх сонин”-д би ярилцлага өгч байсан ирээдүйд цөөхөн хүмүүсийн гарт энэ улс орох юм байна даа гэж. Өнөөдөр яг л тийм байгаа биз дээ?
-Та Үнэн ба зөв намыг байгуулаад яваад байна уу? 2020 онд сонгуульд оролцох уу? Хэдэн гишүүнчлэлтэй байна.
-35 мянган гишүүнтэй. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан. 2020 онд сонгуульд оролцоно.
П.Оюунсувд “Ардчилал таймс” сонин