УУХҮЯ “Ил тод уул уурхай” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хямдарсан. Гэтэл манай улсад төдийлөн буурахгүй байна. Энэ талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Шатахууны үнийг үе шаттай буулгах бодлогыг Засгийн газраас боловсруулж байгаа. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсан нөхцөл байдалтай уялдуулж төв банкны болон шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Ингээд эхний ээлжинд литр тутамд нь 100 төгрөгөөр буулгасан. Цаашдаа 200 хүртэлх төгрөгөөр буулгах боломжтой гэж шийдсэн байгаа. Энэ сард авах шатахуун хямдарсан үнээр орж ирнэ. Ирэх оны нэгдүгээр сарынх ч бас ялгаагүй хямд үнэтэй юм.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил нь 80 орчим хувьтай явж байна. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний дундаж өртөг нэг литр тутамдаа 850 төгрөг байх тооцоо гарсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийг зарим хүн үл бүтэх талаас нь тайлбарлаж байна. Энэ бүтээн байгуулалтыг хийнэ. Бид ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлага Игорь Сечинтэй шууд онлайн хурал хийсэн. Шинэ он гараад УУХҮЯ-ны төлөөлөл болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын хэсгийнхэн ОХУ-д албан ёсоор айлчилж холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна.
Томоохон төслийн ажлууд эхлээд явж байна. Ялангуяа, алтны татварыг 2.5 хувь дээр зайлшгүй байх ёстой. Энэ салбар жилд 800 орчим сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог. Өнөөдөр улсын төсөвт алтнаас орж ирэх татварын хувь хэмжээ 87 тэрбум төгрөгөөр хязгаарлагдахгүй.
-Нүүрсний экспорт нэг хэсэг саатсан. Иймд борлуулалт буурч төсвийн орлогод сөрөг нөлөөлсөн гэдэг. Гэтэл экспорт нэмэгдсэн гэх юм?
-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эцсийн байдлаар түүхэндээ 13 сая тонн нүүрс экспортолно. Хилээр өдөрт 1000-1500 авто машин нүүрс тээвэрлэн гардаг байсан ч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж 300-500 болж буурсан. Ингээд БНХАУ-ын Элчин сайд болон яамд, хил гаалийн холбогдох хүмүүстэй уулзаж өдөрт тогтмол 1500 авто машин нүүрс тээвэрлэн гаргах тохироо хийсэн. Харамсалтай нь, хэлэлцэн тохирсондоо хүрч чадсангүй. Гэвч нүүрсний экспорт өссөн. Ингээд нүүрсний борлуулалт 57.9 хувь буюу 1.3 их наяд төгрөгт хүрч өссөн. Тэгэхээр нүүрснээс төсөвт төвлөрөх орлого ихээхэн нэмэгдсэн. Ялангуяа, Таван толгойн нүүрс цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм.
-БНХАУ нүүрсний импортоо бууруулах мэдэгдэл гаргасан. Авах нүүрсэндээ квот тогтоож байна гэсэн. Тэгэхээр манай улс ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж чадах болов уу?
-Хувийн болон төрийн мэдлийн компаниас худалдан авч буй нүүрсэнд ямар нэг квот тогтоосон зүйл байхгүй. БНХАУ-ын Эдийн засаг, худалдааны яам, Хөгжил шинэчлэлийн хороотой манай улсын Гадаад хэргийн яам ярилцаад 2019 оны төлөвлөгөөнд нь “Эрдэнэс Таван толгой” компани 18 сая тонн нүүрс нийлүүлэх квот тогтоох байр суурьтай байгаа. Ингэж байж оны эцсээр экспорт гацдаг байдал арилна. Ямар ч улс өөрийн дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг талтай. Урд хөрш оны эхэнд хангалттай нөөц авчихаад үлдсэн хугацаанд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталдаг. Тэгээд манай нүүрсний экспортод хүндрэл учирч байгаа юм. Бид цаашдаа худалдан авч байгаа талтай яг таг тохирч тэр хэмжээгээр уул уурхайн ажлаа явуулах нь зөв гэж бодож байна. Магадгүй нүүрсний экспортод улс төрийн жижиг сажиг асуудал ч нүүрсний экспортод сөрөг нөлөөлж байж болзошгүй.
-Манай улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний өр төлнө. Тэгвэл уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлэх ажил ямар шатанд явж байна. Эсвэл өрийг өрөөр төлөх үү?
-Томоохон төслийн ажлууд эхлээд явж байна. Ялангуяа, алтны татварыг 2.5 хувь дээр зайлшгүй байх ёстой. Энэ салбар жилд 800 орчим сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог. Өнөөдөр улсын төсөвт алтнаас орж ирэх татварын хувь хэмээ 87 тэрбум төгрөгөөр хязгаарлагдахгүй. Ойролцоогоор бодоход 20 тонн алт 800 сая ам.доллар болно. Манай яамнаас алтны салбар жилд нэг тэрбум давсан ам.долларын экспорт хийх ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Шинэ он гараад алт цэвэршүүлэх үйлдвэр барих талаар Монголбанктай тохирсон. Одоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байна. Энэ үйлдвэрт олборлож буй бүх алтыг цэвэршүүлж Монголбанкинд тушаах юм. Мөн хил гаалийн хяналтыг сайжруулах, үүнийг дагуу зарим холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтад нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна. Жишээ нь МХЕГ, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ-тай холбоотой хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт орох юм. Манай улс хил гаалиа чангатгаж байж алтны салбараа босгож ирнэ гэж Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн хэлсэн. Иймд бид өндөр ач холбогдол өгч шаргуу ажиллаж байгаа. Зэсийн салбарт ч бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайлбал, Оюутолгойн далд уурхайг 2020, 2021 оноос эхлүүлнэ. Иймд энэ төслийн манай улсын төсөв, нийгэмд үзүүлэх нөлөө нь эрс нэмэгдэнэ. Үүний өмнө зорьж буй том ажил бол Таван толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажил ид дундаа өрнөж байгааг дээр хэлсэн. Бэлтгэл ажлаа УИХ-д тайлагнах хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 29-нд дуусна.
Өр төлөх талаар Сангийн сайд юу бодож байгааг сайн мэдэхгүй. Санхүү эрхэлсэн захиргааны төв байгууллага бол Сангийн яам. Гадаад валют олох эдийн засгийн гол салбар бол алт, нүүрс, зэсийн салбар юм. Үүн дээр газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орж ирж байгаа орлогоос эдийн засгийн мөнгөн урсгалын тооцоог гаргаж байж төлбөр тооцооны асуудал яригдах байх. Гэхдээ тэр өр төлбөрийг хойшлуулж болно. Гэрээ хэлэлцээрийн нөхцөл байдлаа сайжруулах талаар хариуцаж байгаа хүмүүс идэвхтэй ажиллана гэж бодож байна.
-Алтны татвар 2.5 хувь байх хуулийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нд дуусна. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Гэтэл гацаанд орчихлоо одоо яах вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д хэлэлцэх эсэх дээр явж байгаа. Алтны татварыг 2.5 хувиар таван жилийн хугацаатай явуулах нь үр дүнтэй. Манай улс 2008 онд алтанд 68 хувийн татвар ногдуулсан. Ингээд алт тушаалт огцом буурсан. Монголбанк 2010 онд хоёр тонн алт худалдан авсан түүхтэй. Өмнөх УИХ энэ татварыг бууруулсан. Ингээд жилд 12-16 тонн алт худалдан авах болсон. Энэ онд 21 тонныг худалдан авах төлөвлөгөө бий. Монголбанкнаас өдөр тутам мэдээлэл авч байгаа. Тэгэхээр салбарын сайдын хувьд алтны татварыг энэ онд багтаж яаралтай журмаар хэлэлцэх асуудлыг УИХ-д оруулсан. Энэ онд багтаж уг асуудлыг шийдэхгүй бол он гараад шинэ хууль үйлчилнэ. Уг хуулиар алтны татвар таван хувь болно. Одоогоор нэг унци алт 2239 орчим ам.долларын ханштай байна. Алтны татвар өсөн нэмэгдэх заалттай. Тэгэхээр нэг унци алт 1200 ам.доллараас дээш үнэтэй байгаа тул дөрвөн хувь нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд алтны татвар есөн хувь болох болгоомжлол бий. БНХАУ-ын алтны татвар таван хувьтай байгаа. Тэгэхээр бид аль болох бага татвартай байж төв банкинд тушаах алтны хэмжээг нэмнэ. Хил гаалиа чангатгаагүй, хяналтаа сайжруулаагүй байгаа өнөө үед өмнөх түүх давтагдах болгоомжлол байгаа юм. Олборлосон алтаа нунтаг чигээр гаргахгүй. Тодорхой хэмжээгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод зүүгээд гараад явчихна. Бид Монгол Улсаас олборлосон алтыг Монголбанкинд тушаах ёстой гэсэн зарим баримталж байна. Ирэх таван жилд хуулийн давхардлаа арилгах, хил гаалийн хяналтаа сайжруулах, алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар төлөвлөсөн.
-Ерөнхий сайд Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд авна гэж мэдэгдсэн. Та ажлаа авахдаа, “Нэг компанид хэтэрхий олон тусгай зөвшөөрөл байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй учир цэгцэлнэ” гэж хэлж байсан. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Цагаан суваргатай холбоотой асуудал жичдээ яригдах байх. Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл хараахан ирээгүй. Ер нь тус ордод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Хувийн хэвшил гадаадын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгож уул уурхайн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд тодорхой ажлууд хийх ёстой. Тухайлбал, төрийн дэмжлэг туслалцаа гэдэг бол их чухал. Энэ талаар тухайн үед нь тайлбар өгнө.
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан асуудал гарсан. Мөн 1.3 сая ам.долларын авлигын асуудал ч бас яригдаж байгаа. Энэ ордын ирээдүйг салбарын яам хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын төр Үндсэн хуульд газрын доорхи баялаг төрийн мэдэлд, ард түмний өмчлөлд байна гэж заасан. Иймд төр хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Ялангуяа, уул уурхайн салбарт хяналтыг сайжруулж ажиллах ёстой. Уул уурхайн салбар өнгөрсөн 28 жилд ямар хэмжээнд явж ирснийг хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ салбарт яах аргагүй хулгай нүүрлэсэн. Уг салбарыг зөв хариуцлагатай, шударга тогтолцоотой болгохын төлөө УУХҮЯ, сайдын зүгээс хичээл зүтгэл тавин ажиллаж байна. Гэхдээ УУХҮЯ гэхээс илүүтэй Монголбанк, МХЕГ, БОАЖЯ, ХЗДХЯ, Сангийн яам гээд холбогдох субьектүүдийн ажлын уялдаа холбоо чухал. Өмнө баталсан хуулийн хэрэгжилтэд бид мониторинг хийж хамтын ажиллагааны үр дүнгээ тооцох учиртай. Ингэж байж дээр яриад байгаа хэрэгтэй холбоотой асуудлыг нухацтай ярих ёстой. Үүнийг шийдэхийн тулд хөрөнгө оруулалт оруулсан эсэх, бодитой хөрөнгө мөнгөний урсгал явж байгаа зэрэг талаас нь нарийвчилсан судалгаа хийх учиртай. Мэдээж, хууль бус зүйлийг дэмжихгүй. Хууль зөрчсөн бол зохих ёстой арга хэмжээ авна гэсэн байр суурьтай байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхайн салбарынханд дургүйцэх хандлага байдаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг оруулсан мөнгөө өсгөх бизнесийн зарчимтай зүйл. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг болохгүй, бүтэхгүй талаас нь битгий хараасай гэж би бодож байна. Хөрөнгө оруулагчид орж ирээд Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд мөрдөх ёстой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах учиртай. Үүнд нь монголын төр тоо бүртгэл нь зөв эсэх, улсын төсөвт оруулах орлого, нөөцөө бүртгүүлж байгаа байдал, байгаль орчинд ээлтэй байх, орон нутагт дэмжлэг үзүүлж байгаа зэрэгт нь хяналтаа тавиад явах ёстой. Хэрэв хууль зөрчсөн бол арга хэмжээ тооцох хэрэгтэй. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулагч хэрэггүй гэх, тэдэнд хойрго хандах зүйл байж болохгүй. Жишээ нь БНХАУ 1978 онд “Нээлттэй хаалганы бодлого” явуулж энэ онд 40 жилийнхээ ойг хийлээ. Энэ улс өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудаж тэдэнтэй хамтран ажилласан. Ингээд олон ажлын байр бий болгож 780 сая иргэнээ ядуурлаас гаргасан бодит жишээ урд хөршид бий. Тэгэхээр гурван сая гаруй хүн амтай, 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, байгалийн асар нөөцтэй Монгол Улс цаашдаа яах ёстой вэ гэдэг бодлого гаргах хэрэгтэй гэж бодож байна.
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудал нэлээд маргаан дагуулдаг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар тусгай зөвшөөрөл олгох нь шударга зарчим гэж бодож байна. Өргөдлийн зарчмаар олгоход хардалт сэрдэлт, буруу зөрүү яриа хөөрөө гарна. Тэгэхээр дэнчингийн мөнгө тавиад, улсад татвар, хураамжаа төлөөд нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар явах нь шударга болно. Ер нь хайгуулын салбар хүнд байдалд орсон гэдэг санал шүүмжлэл их бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хүмүүсийн сэтгэхгүй өөрчлөгдсөн, хариуцлагатай болсон үед барууны журмаар өргөдлөөр олгодог болох байх. Одоохондоо чангатгасан журмаар олгох нь тохиромжтой.
Т.Жанцан "Ардчилал таймс" сонин