УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, Доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш С.Ламбаатай ярилцлаа.
-Улс төрийн идэвхитэй амьдралаас холдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэр их ном уншиж байна?
2000 оны 12-р сарын 06-нд ардчиллын таван нам нэгдсэн түүхэн өдөр. Түүнээс хойш 18 жил өнгөрч байна. Жил бүрийн энэ түүхэн өдөр тухайн үеийн намын удирдлага болон үе үеийн намын дарга, ЕНБД нарыг намын удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Энэ хүндэтгэлийн зоог дээр С.Эрдэнэ даргын өгсөн бэлгэн дотор С.Пүрэвийн “Бөх бэлгүүтэй”, Б.Өлзийсүрэнгийн “Ботохой хатан” Ч.Жанчивдоржийн “Гэрэлт цагаан суварга”, Б.Ойдовын “Орлой мэргэн цагаан” С.Оюуны “Алтан ургийн босго”, Д.Цэнджавын “Улаан тэргэл сар”, Х.Зандраабайдийгийн “Дөрвөн зүгийн дайсны дунд” туужууд багтсан “Хаан цадиг” гэж түүхэн туужисын ном байсан. Энэ номыг уншиж байна. Ер нь сүүлийн жилүүдэд ихэвчлэн түүхэн романуудыг уншиж байна.
-Ном таны амьдралд хэр нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?
Уран зохиолын номноос хайр энэрэл, гэгээрэл, сургамж авдаг бол түүхэн романуудаас өв соёл түүхээ мэдэж, гүн ухааны номноос өөрийгөө олж авах жишээтэй. Ном унших тутам хүний оюун ухаан задарч хөгждөг. Бидний үеийнхэн чинь хар багаасаа л номтой нөхөрлөж ирсэн шүү дээ. Одоо харин мэдээллийн эрин зуун болоод хүүхэд залуучууд номноос нэлээд хөндийрч байх шиг. Энэ бол сайн зүйл биш. Ер нь ном уншина гэдэг бясалгал хийхтэй адилхан гэж үздэг.
-Таны мөрөөдөл биелсэн үү?
Мөрөөдөл гэдэг цаг үетэйгээ холбоотой юм шиг байна. Би хүүхэд байхдаа хэзээ ч УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд болно гэж мөрөөдөж байгаагүй. Сумын төвд буудаг ногоон онгоц ирэх болгонд гүйж очиж шохоорхдог, хоёр жолооч ахынхаа машиныг хүүхэд байхаасаа барьж сурсан болоод ч тэр үү нисгэгч, жолооч болно л гэж мөрөөддөг байсан. 10 дугаар анги төгсөөд нарийн учрыг нь ч мэдэхгүй МУИС-ийн авто тээврийн инженер эдийн засгийн ангийн хуваарь аваад ирсэн чинь миний хүсэл мөрөөдөлтэй нийцсэн мэргэжил байсан. Хүн ер нь цаг хугацаа, орчин тойрноосоо болж олон зүйлийг мөрөөддөг юм билээ. Би гэхэд зураг зурж, хөгжим тоглож, дуулж бүжиглэж, шүлэг бичиж, багш болж эрдмийн зэрэг хамгаалж, профессор гэдэг цол хүртэх юмсан гэж мөрөөдөж байсан. Энэ бүх мөрөөдлөө ямар нэг хэмжээгээр биелүүлсэн гэж боддог. 1980 оны намар Дээд,тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын Улсын хороо байгуулагдаж, манай их сургуулийн ректор, академич Н.Содном багш дарга нь болсноор миний бие энэ хороонд огт санамсаргүй мэргэжилтэн болж төрийн албанд зүтгэх болсон.
-МУИС-ийн ректор Н.Содном гуай яагаад таныг хороондоо авах болсон юм бол?
Хувь тавилан гэхүү дээ, тэр жил(1980он) шинэ жилээр оюутны байранд хариуцлагатай эргүүл хийгээд сууж байтал Содном ректор ирж оюутнуудын өрөөгөөр явж, тэдэнтэй ярилцаад эцэст нь байрны комендант Рэгзэдмаа эгчийн урилгаар гэрт нь (тэр үед байрын комендантууд оюутны байрандаа амьдардаг байсан юм) орж, шинэ оны мэнд дэвшүүлэн шампанск тулгаж, Рэгзэдмаа эгчтэй ажил төрөл хөөрөлдөж байгаад явсан. Тэгэхэд л надаас нэр усыг маань асууж аль тэнхимд ажилладаг, хэзээ багш болсон, хаана амьдардаг гээд л нэлээн байцаасан. “Ламбаа гэж бас сонин нэр байна шүү” гээд шоолонгуй маягаар инээж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Хорооны дарга болоод гэнэт сонин нэртэй багш санаанд нь орсон юм байлгүй гэнэт намайг дуудуулаад шууд л - таныг дээд боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулах саналтай байна, залуу хүн төрийн ажилд суралцах хэрэгтэй шүү дээ гэж баахан сургаал хайрлаад хариу ч сонсолгүй -Гомбо даргаа (боловсон хүчний хэлтсийн дарга) энэ хүний тушаалыг гаргаад ажилд нь оруул гэхэд гялтганасан халзан толгойтой, улаа бутарсан царайтай цэмцгэр ах за даргаа гэж инээмсэглээд өрөөнөөс нь аваад гарсан. Ийм л юм болсон. Монголын сор болсон сэхээтэн, эрдэмтэн, академич, төр нийгмийн зүтгэлтэн Намсрайн Содном гэж энэ агуу хүнээс МУИС-ийн багш, Улсын хорооны мэргэжилтэн гэсэн хоёр томилолт гардаж авсан нь миний өдий зэрэгтэй ажиллаж амьдрах үүд хаалгыг нээсэн. Тийм болохоор би энэ хүнийг эрхэмлэн дээдэлж, хүндэтгэж ирсэн.
-Төрийн албан хаагч болсноор хүсэл мөрөөдөл чинь өөрчлөгдсөн үү?
Юу нь өөрчлөгдөх вэ, харин ч монголын боловсролын төлөө зүтгэнэ дээ гэж бодсон. 1983 онд аспирантурын шалгалт өгч Москвагийн их сургуульд явах болтол манай хорооны орлогч дарга Д.Чүлтэм багш -Чи нялх нойтон хүүхэдтэй хүн Эрхүүгийн их сургуулийн бэлтгэл факультетийн деканаар яв, энэ хугацаандаа эрдмийн ажлаа хий гэсэн. Тэр үед чинь боловсон хүчний бодлого гэдэг маш нарийн байлаа шүү дээ. Дөрвөн жил шахуу оюутнуудтай зууралдаж, Москвагийн их сургуульд боловсролын эдийн засгийн асуудлаар эрдмийн зэргээ хамгаалаад Эрхүү хотоос ирээд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн даргаар томилогдсон. Тэр үед боловсролын хороо, боловсролын яам хоёр хэд хэд салж, нийлж эцэст нь ийм хороо болчихсон байсан юм. За тэгээд л ардчилсан хувьсгалтай золгосон доо. Энэ хувьсгалын үр дүнд монголын нийгмийн харилцаа орвонгоороо эргэж, бидний үеийн залуучуудын хүсэл мөрөөдөл, зорилго чиглэл бүхэлдээ өөрчлөгдсөн дөө. Гэхдээ би боловсролдоо үнэнчээр үлдэнэ гээд ямар ч сонгуульд ордоггүй байсан. Гэтэл улс төр надаар “тоглоод” арга буюу улс төрд орсон.
-Яаж оролдсон гэж?
1992 онд ерөнхий боловсролын сургуульд шинэчлэлт хийх зорилгоор 84-р дунд сургууль,122 дугаар цэцэрлэгийг түшиглэн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборыг байгуулж, цоо шинэ төсөл хэрэгжүүлсэн юм. Гэтэл 1995 оны хавар багш нарын ажил хаялт болж, манай цогцолборын багш нар манлайсан гэж үзэж намайг “толгойлогч” нь мэтээр хардаж сэрдэж, сайд дарга нар дуудаж загнаж, нэг өдөр М.Зэнээ гишүүн УИХ-ын чуулган дээр “тэр Архангайн Ламбаа гэж “Эфү Цэрэнгийн үлдэгдэл” төрд тэрсэлсэн урвагч нөхөр”... гээд л авч өгсөн. Тэр нь телевизээр цацагдаад гэр, ажлын утас тачигнаад зовоож өгсөн. Тэгээд л сэтгэл шулуудаад багш нарынхаа тэмцэлд нэгдэж орсон. Энэ ажил хаялт улс орон даяар өрнөж, Засгийн газрыг дэнжигнүүлж улмаар боловсролын сайдыг огцруулж, эцэст нь төр засгаас бидний тавьсан шаардлагыг хүлээн авч багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээс хамаарсан олон төрлийн урамшууллыг бий болгосон.
-Тэгээд 1996 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдож, М.Зэнээ гишүүнтэй хамт нэг танхимд суусан биз дээ?
Тэгсэн. Төрсөн нутаг Архангай аймагтаа УИХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшиж, багш нарын ажил хаялтын “толгойлогч” гэж орон даяар цоллуулсан болохоор “ногоон” гэрлээр сонгогдсон.(инээв) Үнэндээ багш нарын энэ тэмцэл “Ардчилсан холбоо” эвсэл 1996 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад чухал нөлөө үзүүлсэн юм шүү дээ. М.Зэнээ гишүүн юу гэхэв дээ, угаасаа хэлэх гэснээ шулуухан түс тас хэлчихдэг, гүдэсхэн эр хүн байсан.
-Ингэхэд та аавын, өвөөгийн үүргээ хэр сайн биелүүлж байна?
Би хоёр охинтой. Хар залуугаасаа ном эрдэмд шамдаж, төрийн албанд өдөр шөнөгүй, цаг наргүй зүтгэж ирсэн болохоор аавын үүргээ муухан биелүүлсэн байх аа. Хоёр охиноо өсгөж хүмүүжүүлэх бүх ачааг миний хань л үүрсэн. Ганцхан жишээ хэлэхэд хоёр охиноо аравдугаар анги төгсөх, их сургуульд өрсөлдөх үед нь УИХ-ын сонгуульд үзэлцээд л явж байлаа шүү дээ. Гэхдээ би эцгийн хувьд хоёр охиныхоо чансааг мэддэг болохоор ямар ч юманд санаа зовдоггүй байсан. Одоо бид хоёр гурван зээ хүү, нэг зээ охинтой. Охинтой хүн хүүтэй гэж үнэн юм билээ. Би өвөөгийн үүргээ бол овоо сайн биелүүлж байгаа. Үнэндээ зээ нар маань өвөө эмээгийн амь амьдрал болчихдог юм байна шүү дээ.
-Туулсан амьдралдаа хэр хангалуун байдаг вэ?
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй“ гэдэг. Малчин аав ээжийнхээ энхрийлэлд өсч торниод аравдугаар ангиа Архангайд төгсөөд том эгчтэйгээ ногоон онгоцоор Улаанбаатарт ирж их сургуулийн хаалга татаж, энэ хугацаанд цэргийн алба хааж, сургуулиа төгсөх жилээ эхнэртэйгээ гэр бүл болж, Дэнжийн мянгын цагаан байшинд өрх тусгаарлаж, их сургуулийн багш болж “профессоруудын байр”-нд(оюутны байр) шилжиж, ажил амьдралынхаа гарааг эхэлснээс хойш төрд 43 жил тасралтгүй ажиллаж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч ирсэн болохоор туулсан амьдралдаа хангалуун байлгүй яахав.
-Та бурхан шүтдэг үү?
Би чинь багадаа ээжийгээ бурхандаа мөргө гэхээр Ленин, Чойбалсан, Цэдэнбал даргын том том зургийг жаазалж тавьсан хоймрын улаан авдрыг л мөргөж өссөн хүүхэд шүү дээ.
-Юу, тэр гурван хүн ээжийнх нь шүтдэг бурхан байсан хэрэг үү?
Үгүй дээ, авдар дотор аав ээжийн минь шүтдэг бурхан тахил, ном судар байсан юм билээ. Тэр үед чинь бурхан тахил нууц байлаа шүү дээ. Ардчилал гарч ирээд л монголчууд шүтдэг бурхан тахилаа ил гаргасан. Миний ажлын өрөөнд бидний шүтдэг бурхан тахил, ном судар байдаг. Гэхдээ тийм ч их шүтлэгтэй хүн биш л дээ.
-Таны амьдралдаа баримталж ирсэн зарчим гэвэл?
Социализмын үед төрийн сайд академич Н.Содном, доктор профессор Б.Даваасүрэн, Ч.Сэрээтэр, С.Галсан, М.Даш, Д.Дашцэдэн, Б.Энхтүвшин гээд мундагчуудын гарт “нухлагдаж” ирсэн болохоор ямар ч ажлыг хийсэн шиг хийж, үнэнч шударгаар зүтгэх ёстой гэсэн зарчмыг яс махандаа шингээсэн хүн гэх үү дээ.
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ер нь юу болоод байна аа, таны бодол?
Ардчиллын 29 жилийн дотор монголын төрд бугшсан улс төрийн хуйвалдаан, луйвар, хамаг л муу муухай бүхэн ил тод болж, задарч байх шиг байна. Би хувьдаа болох ёстой юм болдгоороо л болж байна гэж харж байна. Хэзээ нэгэн цагт ингэх л байсан, харин ч их оройтлоо.
-Оройтох болсон гол шалтгаан нь юу юм бэ?
Монгол Улс ардчилсан хувьсгалын үр дүнд олон намын тогтолцоонд шилжсэн гэх боловч үнэндээ 100 насыг зооглох гэж байгаа МАХН(МАН) төрийн дээр ганцаараа ноёрхож байсан хуучин тогтолцоогоо хадгалж үлдсэн учраас өнөөдрийг хүртэл улс төрийн тавцанд тоглолтоо хийж, улс орны хөгжилд “бул хар чулуу” болж ирсэн. Энэ “бул хар чулуу”-г бид биш, тэд өөрсдөө л түлхэж унагахаас өөр ямар ч боломжгүй байсан. Тэр цаг нь өнөөдөр болж байна.
Өнөөдрийг хүртэл монголчууд найман удаа УИХ-ын гишүүдийг сонгож, сонгосон гишүүд нь 16 засгийн газрыг томилж байх шиг байна, юу өөрчлөгдөв өө?
30 жилийн өмнө хөх толбот монголчууд ардчилсан төрт ёс, чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгосон. Түүнээсээ монголын ард түмэн урваж хөрвөлгүй зүтгэж, 29 жилийн дотор өмнөх үетэй харьцуулахад танигдахын аргагүй цоо шинэ Монгол Улсыг бүтээж босгосон. Үүнтэй хэн ч маргах эрхгүй. Магадгүй парламентын гишүүд нь төрийн бодлогоо зөв тодорхойлохын төлөө “чөмгөө дундартал” ажиллаж, Засгийн газрын гишүүд хүлээсэн үүргээ ягштал биелүүлж, үнэнч шударгаар, хариуцлагатай, тогтвортой ажилласан бол үүнээс ч илүү үр дүн авчрах байсан.
-Тэгэхлээр та ч гэсэн энэ хариуцлагыг хуваалцах ёстой биз дээ?
Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ би өөрийнхөө хийсэн ажлын үр дүнд огт харамсдаггүй. Хүн бүхэн л ингэж хэлэх байх л даа. Гэхдээ монголын ард түмэн төрийн түшээд, сайд нарыг ямар нэг хэмжээгээр үнэлж, цэгнэж л байгаа байх.
-УИХ тарах тал дээр таны байр суурь ямар байна. Ажиллаж чадахгүй байгаа бол тарвал яасан юм бэ?
МАН-ын парламентийн гишүүд нь хоёр хуваагдчихаад эцэстээ УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнээ огцруулах гэж үзэлцээд УИХ-ын үйл ажиллагаа таг зогсчихлоо. Энэ бол төрийн хямрал нүүрлэж байгаагийн бодит жишээ. Ийм хэрүүл тэмцэл удаан үргэлжилбэл төрийн хямрал улам гүнзгийрч, улс төрийн нөхцөл байдал хурцадна. Сүүлийн үед зарим гишүүд бослого тэмцэлд ч уриалаад байх шиг. Ийм байдал юунд ч хүргэж магадгүй.
-УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хуйвалдаж ЖДҮХС-ийн хөрөнгийг завшсан маш том хэрэг мандлаа. Ингэхэд энэ төрд шударга үнэн гэж юм байна уу, үгүй юу?
Өмнө нь мөрдөж байсан холбогдох хууль, журмыг өөрчилж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой ЖДҮС-ийн хөрөнгийг УИХ, Засгийн газрын гишүүд албан тушаал, эрх мэдлээ ашиглан хуваагаад авчихсан нь нэгэнт ил тод боллоо. Гэхдээ сангийн хөрөнгийг өөрийнхөө холбогдолтой аж ахуйн нэгж, аав ээж, эхнэр хүүхдэдээ аваад өгчихсөн нөхөд л ил болж байна. Цаана нь хаа хамаагүй хүнээр дамжуулаад авчихсан хэдэн ч хүн байгаа юм билээ. Энэ бол зохион байгуулалттай хийсэн маш ноцтой үйлдэл. Ийм ёс суртахууны доройтолд орсон хүмүүс төрийн түшээ, сайдын нэр зүүж албан тушаалдаа сууж байх эрхгүй.
-Улс орны хөгжлийн үндэс болсон эдийн засгийн хүчин чадлыг чадавхижуулъя гэвэл юунд анхаарах ёстой вэ?
Салбар бүрээр олон жилийн судалгаанд үндэслэж боловсруулсан алс хэтийн төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлэх нь эдийн засгийн хөгжлийн бодлогыг чадавхижуулах үндэс гэж боддог. Харамсалтай нь монголын эдийн засгийн хөгжлийн бодлого улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж ямар ч судалгаагүй, уялдаа холбоогүй дөрвөн жилийн амлалт дээр тогтож ирсэн. Уг нь намууд парламентаас баталсан 20,30,50 жилийн хөгжлийн прогнозыг хэрэгжүүлэх бодлого, аргачлал, хүрэх үр дүнгээр өрсөлддөг, түүнийгээ хатуу сахилга баттайгаар хэрэгжүүлдэг болчихвол монголын эдийн засаг тогтвортой асар хурдацтай хөгжих боломжтой. Наад зах нь мал нь 80 саяд хүрчхээд байхад түүний ашиг шимийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэсэн төрийн бодлого байхгүй л байх жишээтэй.
-Хэзээ монголчууд төр засгаас хамааралгүй сайхан амьдар ч болох вэ?
Монголын нийт хүн амын дийлэнх хувь нь дундаж амьдралтай болсон цагт л иргэд төр засгаас хамааралгүй амьдарч чадна. Япончуудын 5 хүрэхгүй хувь нь чинээлэг, 5 хүрэхгүй хувь нь амьдралын доод түвшинд, бусад нь дундаж амьдралтай болсон гэдэг. Тиймдээ ч тэд засаг төрөөсөө хамааралгүй тайван сайхан амьдарч байна. Ард түмнээ ийм амьдралтай болгохын тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, боловсон хүчний бодлогоо зорилго чиглэлтэй болгох ёстой.
-Та бол инженер эдийн засагч мэргэжилтэй хүн. Тэгсэн мөртлөө 1996 оноос УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, ЭМСЯ-ны ТНБД, Эрүүл мэнд спортын сайд гээд энэ салбартай маш олон жил ажил амьдралаа холбосон байх юм?
Нарийн яривал социализмын үед Дээд, тусгай дунд,техник мэргэжлийн боловсролын Улсын хороонд мэргэжилтэн болж Анагаах ухааны дээд сургууль, Сувилахуйн дунд сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг хариуцаж АУДС-ын ректор Д.Балдандорж, Г.Жамба, хичээлийн эрхлэгч Д.Дүнгэрдорж, Сувилахуйн дунд сургуулийн захирал Т.Батсүх (бүгд гавьяатууд болсон) гээд анагаахын “акул”-уудтай хамтарч ажиллах үеэс л эрүүл мэндийн салбартай холбогдсон юм шүү дээ.
-Тэгвэл танд “мэргэжлийн бус” хүн байж... гэж улиг домог болсон асуултыг тавихаа болилоо. Таны 2008-2012 онд сайд байх үедээ хийсэн ажлаа тайлагнасан “Итгэл зүтгэл” гээд цагаан номыг уншсан л даа. Энэ их ажлын дотор хамгийн томд тооцогдох ажил гэвэл ?
Том жижиг гэлтгүй хийсэн бүх ажилдаа сэтгэл хангалуун явдаг. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа бүх хуулийг боловсруулах, УИХ-аар батлуулах ажлыг хариуцаж эрүүл мэндийн салбарыг хууль эрх зүйн чадамжтай болгосон нь төрийн түшээгийн хувьд энэ салбарт хийсэн хамгийн том ажил. 2008-2012 онд эрүүл мэндийн салбарын эдийн засаг, ЭМД-ын тогтолцоонд томоохон шинэчлэл хийж, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлсэн, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимтэй явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг бодитой нэмэгдүүлсэн гээд яриад байвал барагдахгүй л дээ. Манай салбарынхан миний юу хийж бүтээснийг сайн мэдэх болохоор нэг бүрчлэн тайлбарлах шаардлагагүй байх.
-УИХ-ын даргын ахлах зөвлөх байхдаа бас анагаахын сургуульд ажиллаж байсан тэ?
Хувь заяаны тохиолдлоор 2013-2016 онд Л.Гантөмөр сайдын хүсэлтээр ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар томилогдож, доктор профессор Г.Батбаатар захирлын удирдсан шинэхэн багтай хамтран ажилласан. Бид ЭМШУИС-ийн нэрийг АШУҮИС болгон өөрчлөх, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, сургалтын агуулга хөтөлбөрийг шинэчлэх, Японы буцалтгүй тусламжаар баригдах сургалтын нэгдсэн эмнэлгийн газрыг шийдүүлж, барилга байгууламжийг эхлүүлэх, түүнд түшиглэн АШУҮИС-ийн цогцолбор (кампас) байгуулах, номын өргөөг шинээр барих, оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эко цогцолбор байгуулах, цөм лаброторийг ашиглалтад оруулах гээд маш том ажлуудыг хийсэн дээ. Энэ бас түүх болон үлдэнэ.
-Одоо чинь чанаргүй эмч бэлтгэж байна гээд л шүүмжлээд байгаа нь юутай холбоотой юм бол оо?
Нэг талаас эмч бэлтгэх бодлого алдагдсантай холбоотой. Сая гаруйхан хүн амтай монгол улсад 20 шахам анагаахын сургууль байна гээд бод доо. ЭМЯ нь боловсон хүчнийхээ бодлогоос хөндийрчихсөн үеэс дурын хүмүүс анагаахын сургуулийг байгуулж “тоглодог” болсон. Нөгөө талаас сургалт цаасан дээр явагдаж эмч нар ямар ч дадлага туршлагагүй гарч байна. Дэлхийн том анагаахын сургуулиуд дэргэдээ асар том эмнэлэгтэй учраас оюутан хүн нэгдүгээр ангиасаа эхлээд эмнэлэгтээ асрагч хийж өвчтөн зөөж, эмнэлгийн үйл ажилагаанд оролцоод эхэлдэг. Энэ тогтолцоо одоо л АШУҮИС-д хэрэгжих гэж байна.
-Монголчууд олон төрлийн өвчнөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?
Хамгийн гол хүчин зүйл гэвэл ус, хөрс, агаарын бохирдол, архи, тамхи, стандартын бус хүнсний бүтээгдэхүүн, эмийн замбараагүй хэрэглээ болж байна. Одоо Улаанбаатарыг хар л даа. Энэ утаанаас болж ханиад томуу дэгдэж, эмнэлгүүд хэдэн зуун ор дэлгээд ч дийлэхгүй л байна. Энэ байдал олон жил үргэлжилж байна. Үүнийг ямар нэг зуух, сайжруулсан түлш тараагаад дийлэхгүй. Зөвхөн гэр хорооллын айлуудыг дэд бүтцэд холбох, орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийж байж л энэ гамшигаас гарч чадна. Э.Бат- Үүл хотын дарга болоод энэ ажлыг эхлүүлсэн. Бас л зогсонги байдалд орчихлоо. Ингээд байвал утаатайгаа олон жил зууралдана. Эцсийн эцэст ард түмэн эрүүл мэндээрээ хохироод л үлдэнэ.
-Сүүлийн үед өвчин эмгэгийн асуудал ярихаар эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагчид л буруутан болоод байна. Энэ асуудал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд ч хариуцлага хүлээх ёстой биз дээ?
Тэгэлгүй яахав. Би хувьдаа эмчилгээний үр дүнд эмч, сувилагч, өвчтөн гурвын итгэлцэл маш чухал гэж боддог. Цалин хөлс бага ч гэсэн монголын эмч сувилагчид ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж байна. Эмч, сувилагчдын ганц нэг хариуцлагагүй үйлдлээс болж гарсан ганц нэг алдааг дэвэргэж, эрүүл мэндийн салбарыг тэр чигээр нь гутааж болохгүй л дээ. Үнэндээ монголд олон жил эмнэлэгт шүтсэн бодлого явчихсан болохоор иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарахаа больж, өвчин эмгэг нь хүндрээд болохоо байхаараа эмнэлгийн бараа хардаг зуршилтай болчихсон. Түүнээс болж амь насаа алддаг, тэгээд хамаг бурууг эмнэлэг, эмч, сувилагч нарт тохдог. Харин 2011 оноос “Эрүүл мэндийн тухай” хуульд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж хуульчилснаар сүүлийн үед иргэд өвчлөлөөс урьдчлан сэргийлэх, сайн дурын үндсэн дээр оношилгоо шинжилгээнд хамрагдах хандлага нэмэгдэж байна. Энэ бол маш сайн хандлага.
-Та эдийн засагч хүний хувьд Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тогтолцооны давуу тал, ач холбогдлыг юу гэж үздэг вэ?
ЭМД нэг талаас иргэдийн оношилгоо эмчилгээнд карманаасаа гаргах зардлыг бууруулж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаас оношилгоо, эмчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, эмч сувилагчдын хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Бид 2016 онд ЭМД-ын даатгалын хуулийг шинэчилж, сангийн хуримтлалын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйлчлэх хүрээг өргөтгөх томоохон арга хэмжээ авсан.
-Төрийн мэдлийн эмнэлгүүдийг хувьчлах асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
Одоохондоо иргэдийн амьдралын төвшин доогуур байгаа учраас шууд хувьчлах боломжгүй. Харин эмнэлгүүдийг эрх зүй, эдийн засгийн хувьд бие даан ажиллах бололцоог бүрдүүлж хэрэгжүүлэх нь чухал. 2016 онд бид “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль гаргасан. Тиймээс энэ хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлж, эмнэлгүүдийг удирдах зөвлөлтэй болгож, төсөв хөрөнгөө өөрсдөө захиран зарцуулж, бие даан хариуцлагаа хүлээж ажилладаг болгомоор байна.
-Таны харж байгаагаар АН хэр шинэчлэгдэж байна вэ?
Шинэчлэлийн аян тасралтгүй явагдаж байна. Шинэчлэлт гэдэг дүрэм, журмаа өөрчлөөд, дарга цэргээ сольсноор дуусчихдаг амар хялбар ажил биш. Намын шинэчлэл зөвхөн намын удирдлага гэлтгүй бүх гишүүдийн идэвхтэй оролцоо, итгэл үнэмшил, эв нэгдэл дээр суурилж явагдах учиртай. Намын гишүүд жилд өгөх ёстой 12000 төгрөгийн татвараа төлөөгүйгээс намын аливаа нэг сонгуульт арга хэмжээнд санал өгөх эрхгүй болж, цөөн тооны гишүүд орж байгаа нь манай гишүүдийн оролцоо, хариуцлага ямар хэмжээнд байгааг харуулж байна. Гишүүдийн оролцоо, хариуцлага гэдэг эндээс л эхлэх ёстой. Саяхан болсон АН-ын 9-р их хурлаар АН-ын үзэл баримтлалыг шинэ бодлого, шинэ үзэл санаагаар баяжуулж баталсанд чухал ач холбогдол өгч байна.
Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам болж байна. Хамгийн энгийнээр үүнийг хэрхэн ойлгох вэ?
Хамгийн товчоор хэлэхэд байдаг хөрөнгөө халамжид зориулж, ард түмнээ бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах бус, баялаг бүтээгч салбаруудыг эрчимтэй хөгжүүлж, иргэдээ ажлын байраар хангаж, дундаж давхаргыг бий болгох замаар хүн бүрт аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг.
-МАН-ыг боловсон хүчний хомсдолд орсон гэж байна. АН-ын хувьд ямар байгаа бол?
Намын боловсон хүчин гэдэг чинь бүх шатны намын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тухай асуудал биш. Тухайн намаас бүх шатны сонгуульд нэр дэвшигчдээс эхлээд төрийн эрх барих тохиолдолд төрд ажиллах улс төрийн болон мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин хэр зэрэг байна вэ гэдгээр тодорхойлогдоно. Энэ үзүүлэлтээр авч үзвэл манай нам ч залуучуудаа сургаж, боловсруулах тал дээр анхаарах шаардлага байгаа. Цаашдаа төрийн албанд ажиллах хүнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт ч хатуу чанга болох байх.
-Та УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөхөөр ажилладаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд хоёр бүлгээс гарсан тохиолдолд АН УИХ-д бүлэггүй болох уу?
УИХ-д найм болон түүнээс дээш гишүүнтэй нам УИХ-д бүлэгтэй байх хуультай. Гэтэл манай нам ердөө есөн гишүүнтэй. Хэрэв хоёр нь гарчихвал бүлэггүй болно гэсэн үг. Энэ тохиолдолд долоон гишүүн бодлогоо нэгтгээд сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд л явна.
-2005 онд АН УИХ-д бүлэггүй болж Зөвлөл байгуулж Л.Гансүх гишүүн та хоёр удирдаж байсан санагдана. Түүн шиг зөвлөл байгуулж болох уу?
Тэр үед сонгуульд эвсэл болж орсон “Эх орон” намынхан бүлгээс гарснаар УИХ дахь “Эх орон ардчилал” эвсэл тарж, хуулийн дагуу эвслийн УИХ дахь бүлгийн бүрэн эрх дуусгавар болсон. Гэхдээ эх орончид эвслээс гарсан ч АН дангаараа 25 гишүүнтэй байсан болохоор УИХ дахь АН-ын Зөвлөлийг албан ёсоор байгуулсан. Энэ зөвлөл бүлгийн нэгэн адил УИХ-ын бүтцийн байгууллага болж, байнгын хороо, чуулганы хуралдаанаас завсарлага авах, чуулганд дүгнэлт хийх гэх мэт бүх эрхийг хэрэгжүүлж байсан. Одоо бол арай өөр, долоон гишүүнтэй болохоор бүлэг байгуулах, хуулиар тогтоосон гишүүдийн тооны хязгаарт хүрэхгүй болоод байгаа юм.
П.Оюунсувд