Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь утааг бууруулах асуудлаар Монгол Улсын иргэн Б.Бат-Энх НҮБ-д захидал хүргүүлсэн явдал байв. Үүнтэй 50-иад мянган иргэний гарын үсэг бүхий захидал, шаардлагыг Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманд хүргүүлээд байхад нь ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батчулууны Бат-Энх гэдэг. 31 настай. Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Хувийн компанид ажилладаг. Энэ сарын 11-ний өдөр НҮБ-д хандах тухай бодож эхлээд иргэдэд санаачилгаа танилцуулаад гарын үсэг цуглуулж эхэлсэн. Миний хувьд “Утааны эсрэг ээж аавуудын групп”-ийн гишүүн. Тэнд бараг есдүгээр сараас л утааны асуудлаар маргаан өрнүүлж эхэлсэн. Тэгээд тэр олон мянган аав, ээжийн уур бухимдал, санал гомдлыг хараад ямар нэгэн алхам хийхгүй бол болохгүй юм байна.
Засгийн газар иргэдийнхээ үгийг сонсохгүй юм байна. Тиймээс өөрсдөө шийдэл хайя, гарц олъё гэж бодсон. Ингээд утааны асуудлаар эхлээд иргэдийн гарын үсгийг авъя гэж шийдсэн. Иргэд идэвхтэй оролцож цахимаар гарын үсгийг нь гурван хоногт л цуглуулсан.
-Яг хэчнээн хүн цахимаар гарын үсэг зурав?
-48 мянган иргэний гарын үсгийг авсан. Энэ тоо гэхдээ цаг тутам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн тав дахь өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман гэж хүнд хаяглаад захидлаа өглөө.
-Хариу хэзээ ирэх вэ?
-Хариу ирүүлэх хугацааг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ долоо хоногт захидлынхаа хариуг асууна. Ямар нэгэн мэдээлэл өгвөл олон нийтийн сүлжээнд оруулна.
-НҮБ таны санаачилсан монголчуудын нэлээд хэсэг нь гарынхаа үсгийг зурсан хүсэлтэд ямар хариу өгөх бол. Таны захидалдаа дурдсан, НҮБ-аас хүссэн гол хүсэлт юу байв?
-Гурван хүсэлт хүргүүлсэн. Нэгдүгээрт, гамшиг болчихоод байгаа утааг арилгах тухайд Монголын Засгийн газарт тодорхой ажил хийх хүсэлт гаргаач, яаралтай арга хэмжээ авах тухай санал хүргүүлээч, хоёрдугаарт, Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хариуцлага хүлээдэг. Тэгэхээр албан ёсоор гарын үсэг зураад НҮБ-д нэгдсэн бол хариуцлагаа үүрэх ёстой. Гэтэл хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчиж байна. Үүнийг нь сануулаач гэсэн. Гуравдугаарт, энэ сарын 18-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн төлөө томоохон хурал болох юм билээ.
Тэр хурал дээр энэ асуудлын талаар ярьж, дуу хоолой болж өгөөч. Монгол Улс утааны асуудлаар дорвитой ажил хийхгүй, мөнгө төсөвлөдөг ч тэр нь ямар ч үр дүнд хүрэхгүй байгааг хэлэлцээч.
Монгол Улсын Засгийн газар утааны эсрэг арга хэмжээ авч, ажиллаж чадахгүй байгаа бол гадны ямар нэгэн тусламж, хандивыг тодорхой хугацаатайгаар хязгаарлаж өгөөч гэж хүссэн.
-Хүн бүр утааны хор уршгийг амсаж байна. Утааны нөхцөл байдлыг юу гэж хэлэх вэ?
-Айл бүрт хүүхэд бий. Нэг хүүхэдтэй ч айл байхад 10 хүүхэдтэй ч айл байна. Энэ бол зөвхөн нэг өрх айлын тухайд л яригдах хүүхэд. Гэтэл Монгол Улсын хэмжээнд тэр тусмаа нийслэлийн хэмжээнд зөвхөн бага насны хүүхдүүдээ тоолбол энэ утааны уршгаар өвдөж, хордож байгаа нь хэдэн мянгаар тоологдоно. Хүүхдийн эмнэлгүүд багтаамжаа дийлэхээ байчихлаа.
Дандаа уушги, амьсгалын замын өвчнөөр хүүхдүүд өвдөж байна. Энэ бол бидний нүдэн дээр харагдаж байгаа л аюул. Бидэнд мэдэгдээгүй аюул ямар байгааг хэн ч мэдэхгүй. Монгол утаагаа бууруулахгүй бол гурван жилийн хугацаанд уушгины өвчлөл үхлийн гол шалтгаан болно гэсэн судалгаа байсан. Энэ бол нэлээд түгшүүртэй мэдээлэл гэж бодож байна. Мөн НҮБ-ын хэд хэдэн универсал эрх бүхий тунхаг бий. Хун эрүүл орчинд амьдрах эрхтэй гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд, бидний үр хүүхэд энэ эрхээ эдэлж чадахгүй байна.
-Та бол Монгол Улсын иргэн. Үүргээ биелүүлээд үгээ хэллээ. НҮБ-д хандлаа. Утааг бууруулахад хэрэгжүүлж болох ямар ажил байна. Шийдвэр гаргагчдад санаа өгөөч гэвэл юу хэлэх вэ?
-Миний хувьд эрдэмтэн, судлаач биш ч гэсэн боддог зүйл юу вэ гэхээр, төрийн эрхэнд байгаа нам нь ч тэр, Ерөнхийлөгч нь ч тэр эрдэмтдийнхээ үгийг ерөөсөө сонсохгүй байна. Гэтэл утаа дан ганц Монголд ужгирсан асуудал биш. Бусад улс ч мөн утаан дундаа байсан. Гэтэл тэд биднээс ялгаатай нь эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаж чадсан. Тэгээд утаагүй болсон. Би захидалдаа ч дурдсан.
Утаа бол шийдэлгүй асуудал биш. Утааны асуудлаа шийдсэн улс зөндөө. Тэр жишээнээс суралцаад, олон улсын мэргэжлийн хүмүүсийг нь авчраад утаанаасаа хэрхэн салсан арга хэрэгслийг нь сонгоод ажиллах боломж байна. Гэтэл манай Засгийн газар үнэхээр хүсэхгүй байна. Энэ чиглэлд дорвитой ажил хийх сонирхолгүй байна гэж харж байна. Үүн дээр иргэдийнхээ дуу хоолой, бухимдлыг сонсохоо больсон. Тиймээс л олон улсын байгууллагын анхаарлыг татахын тулд НҮБ-ыг сонгосон. Ингэж байж л төр жаахан цочрох болов уу гэж итгэсэн хэрэг л дээ.
-Хамгийн ойрын жишээ бол манай хоёр хөршийн утааны асуудал. Хоёрхон жилийн өмнө утаан дундаа байсан Бээжин өнөөдөр цэлгэр, тунгалаг хот болсон нь үнэхээр атаархам шүү?
-Зөвхөн утаанаасаа салсан туршлагын тухайд ч биш, хөгжлийн бүхий л төвшинд бид хоёр хөршөөсөө суралцмаар байна. Ядаж тэдний туршлагыг хуулмаар байна. Гэтэл бид тэгсэнгүй, зүгээр л утасныхаа араас олон нийтийн сүлжээнд бухимдаж, хэрэлдэж, шүүмжлээд л суусаар байна. ОХУ-ын Москва хот гэхэд л хэдэн зуун сая хүн амтай билээ, хэчнээн машинтай билээ, хэчнээн үйлдвэртэй байна. Гэтэл ямар ч утаа алга. Дэлхийн бусад нийслэлүүд хөгжил, дэвшлийн өөр төвшинд байхад бид XXI зуунд утаагаа л яриад суугаа нь харамсалтай.
-Эрхээ эдлэхийн тулд Олон улсын байгууллагад хандаж байгаа таны туршлага олон жирийн иргэнд зориг өглөө гэж харж байна. Энэ бол нөлөөллийн хамгийн сайн жишээ байх болов уу?
-НҮБ-аас ирэх хариу ямар байхаас хамаарна. Олон улсын тухайд, Засгийн газар нь иргэндээ үйлчилдэг. Иргэнийхээ төлөө ажилладаг. Шийдвэр гаргадаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Иргэдийнхээ талд ажил хийх, шийдвэр гаргах, эрх ашгийг нь дээдлэх хүсэл алга. Мэдээж олон нийтийг уриалахад цахим орчныг ашиглах нь хамгийн зүйтэй арга гэж бодсон. Энэ ч зөв байсан.
Монголд амьдарч байгаа олон зуун гадны иргэд хүртэл саналаа ирүүлсэн. Тухайлбал, “Би Монголд зургаан жил амьдарсан. Үнэхээр аймшигтай. Үнэхээр юм хийх цаг нь болсон” гэсэн байсан. Манай төр засгийн шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид иргэдээ арчаагүй, тэнэг гэж боддог юм уу. Гэтэл бид глобалчилагдсан нийгэмд амьдарч байна. Хаашаа л бол хаашаа хандаад олон улсын байгууллагуудын анхааралд оруулж чадна гэдгийг л харуулах гэсэн эрмэлзэл.
-Мэдээж ингээд НҮБ-д хандаад санаачилгаа зогсоохгүй болов уу гэж бодож байна Утааны эсрэг дараа дараагийн тэмцлийн хэлбэр ямар байх бол?
-НҮБ-ын WHO гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байдаг. Энэ бол Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар Монгол улсад ДЭМБ-ын бүрэн эрхт албан ёсны төлөөлөгч юм. Суурин төлөөлөгчийн газар нь тухайн орны эрэлт хүсэлтэд хариу өгөх эрүүл мэндийн салбарын бие даа-хөгжих бодлогод дэмжлэг үзүүлэх эрүүл мэндийн системийн нэгдмэл байдлыг хангах арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх гол үүрэгтэй. Энэ газар руу хандана. Эндээс тодорхой шийдэл бүхий хариу ирүүлэхгүй бол Олон улсын хүний эрхийн шүүхэд хандана. Энэ мэтээр Олон улсын байгууллагууд руу хандаж байж Засгийн газрын төвшинд утааны эсрэг ажил жинхэнэ утгаараа яригдах болов уу гэж найдаж байна.
-Тантай хамтраад энэ чиглэлд дуу хоолой болж явъя гэж байгаа хувь хүн, таныг дэмжиж байгаа цахим группүүд байна уу?
-Маш их байна. Яг энэ чиглэлээр хэд хэдэн байгууллагатай энэ долоо хоногт уулзахаар болж байна. Мэдээллийн чинь спонсор болъё гэсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч холбогдсон. Энэ бүхнээр би ямар нэгэн нэр төр олох гээгүй. Иргэн хүнийхээ хувьд эн ч энэ мэт шаардлага, хүсэлт гаргаад хаана ч хандаж болно гэдгийг л харуулахыг зорьсон гэдгээ хэлсэн. Мөн ганц би Олон улсын байгууллага руу захидал явуулаад утаа цэгцрэхгүй. Тиймээс хүн бүрийн оролцоо, идэвх чухал.
-Сайны хажуугаар саар зүйл байдаг. Нийгэмд дуу хоолой болж гарч ирж байгаа гол дүр болгоны ард хэн нэгэн улс төрийн нам, эвсэл байх вий гэсэн хардалт үүсдэг. Таныг ч мөн хэн нэгний гар хөл гэж харах ч хүмүүс байгаа болов уу?
-Юм бүхэн хоёр талтай. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би эрүүл амьдралынхаа төлөө дуугарсан жирийн иргэн. Миний ард хэн нэгэн улс төрийн нам, эвсэл, хувь хүн байхгүй.
-Манай улсад утааны эсрэг хэрэгжүүлсэн сүүлийн арван жилийн ажлыг багцлаад харахаар иргэдээ орон сууцжуулах, утаагүй түлш үйлдвэрлэх, иргэдээ маскжуулах, янданд шүүлтүүр хэрэглэх, цахилгаан халаалтыг дэмжих гэх мэт зүйлийг хэрэгжүүлэх гэж оролдсон байна. Харамсалтай нь аль нь ч төгс хэрэгжээгүй, айл өрхийг бүхэлд нь хамарч чадаагүй. Нэг хэсэг яригдаад “замхарсан” байна. Таны хувьд шийдлийн тухайд юу хэлэх вэ?
-Зөвхөн нэг арга хэмжээ биш, олон талын арга хэрэглэж байж утаанаас сална гэж боддог. Мэдээж нэг хэсэг айл өрх орон сууцанд орлоо гэхэд нөгөө хэсэг нь төвийн халаалтад хашаа байшингаа холбож болно. Монгол гэрт амьдарч байгаа айл өрхүүдийнхээ цахилгааны төлбөрийн асуудлыг төр бодлогоор бууруул. Шөнийн тарифаа тэглээд өдрийнхийг нь 50 хувийн хөнгөлөлттэй болгох байдлаар. Тэгэхгүйгээр иргэд нийтээрээ ядуу байгаа нөхцөлд цахилгааны төлбөрт сард 200-400 мянган төгрөг төлөөд байх чадалтай, эдийн засгийн хувьд боломжтой өрх тун цөөн.
Тэгэхээр иргэдийн амьдарч байгаа тухайн орчин, нөхцөлд нь тохирсон боломжийг төр олгож өгөх хэрэгтэй. Хамгийн зөв шийдэл хайхын тулд шинжлэх ухааны эрдэмтдээ ашиглах хэрэгтэй. Яагаад энэ хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй юм гэдгийг гайхдаг. Хүн төрөлхтөн утаанаас том асуудлыг шийдээд, бүтээгээд байхад бидний утаатай нөхцөлөөсөө салахгүй байгаа нь инээдэмтэй, эмгэнэлтэй. Ийм өчүүхэн зүйл шийдэж чадахгүй байж аль ч шатандаа улстөржөөд, намчирхаад байх нь утгагүй санагддаг.
-Утаагаар бизнес хийж байна гэж бухимдах нэг хэсэг байна. “Нэгэнтээ энэ их утааг багасгаж чадахгүй бол ханиад томууныхаа эм тариаг үнэгүй болгож өгөөч” гэх саналтай ч ээжүүд байсан?
-Хүмүүс Засгийн газрыг мөнгө үрлээ гэж ер уурлаагүй. Мөнгөө үр ашиггүй цацаж байна, мөнгө зарлагадаад байгаа хэрнээ утаа буурахгүй байна гэдэгт л бухимдаж байна. Гэхдээ өвлийн улиралд ханиад, томууны эмийг үнэ төлбөргүй болголоо гээд утаа арилахгүй. Хүүхэд, хөгшид өвдөхгүй гэсэн үг биш. Энэ бол зөвхөн гал унтрааж л байгаа асуудал. Аргаа барсан ээжүүдийн л хүсэл шүү дээ. Ингэж л аргаа барж, гуйж байгаа юм.
Хорт хавдартай хүн байлаа гэж бодоход өнөөдөртөө хоол, цай идээд түрхэн зуур өвчнөө мартчих гэж хэлж байгаатай л агаар нэг. Тэгэхээр цаад талын асуудлаа шийдэхгүйгээр утаа арилахгүй. Утааг дагасан бидний зовлон дуусахгүй.
-Утааны түвшинг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал танд ямар дүр зураг бууж байна вэ?
-2000-аад оны эхэн үеийг бодоход л нийслэл бараг утаагүй байсан нь санаанд буудаг. Манай гэр “Бөхийн өргөө”-ны урд байдаг байлаа. Тэгэхэд л хэзээ ч ийм гамшгийн хэмжээнд байгаагүй. Мэдээж сүүлийн 10-19 жилийн хугацаанд утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнд нөлөөлсөн зүйлүүд ч бий. Шилжилт хөдөлгөөн, машины тоо эрс нэмэгдсэн. Хот тэлэлттэй холбоотой хүчин зүйлс ихээхэн нөлөөлсөн.
Гэтэл Засгийн газар гэнэтийн цочир байгалийн гамшиг нүүрлэчихсэн юм шиг шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай. Гэтэл өнөөдрийг хүртэл утааг бууруулах нэг ч төлөвлөгөө алга. Зүгээр л хэн дуртай дарга, сайд нь зуух тараана, яндангийн шүүлтүүр тараана, утаагүй нүүрс үйлдвэрлэнэ гэж бурдаг. Үр дүн байхгүй. Гэтэл энэ нийслэлд Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь суурьшиж байна. Зуны гурван сарыг эс тооцвол жилийн долоон сард нь утаагаар утуулж байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН