УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Чингисийн одон”-гоор шагнуулсан таньд баяр хүргэе. Энэ шагналыг ямар шалгуураар олгодог вэ? Та яг одоо ямар ажил эрхэлж байна?
-Баярлалаа. 180 мянган гишүүнтэй, Монголын томоохон улс төрийн намын хамгийн хүндтэй одонгоор шагнуулсандаа баяртай байгаа. Миний бие 20 жилийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин болж байлаа. Түүнээс хойш улс төр, бизнесийн салбарт ажиллаж ирсэн. 2010 оны сонгуулиар би хамгийн олон хүний санал авч УИХ-ын гишүүн болсон. Гишүүн байхаа больсноос хойш намын дотоод ажил руу нэг их орохгүй байгаа ч итгэл үнэмшлээрээ, сэтгэл зүрхээрээ намаа дэмжээд явж байна. Одоо би өөрийн найз нөхдийн хамтаар мал аж ахуй, барилга, уул уурхайн салбарт бүтээн байгуулалт хийгээд явж байна. Үүнийг маань тодорхой хэмжээнд үнэлж энэ одонгоор шагнасан болов уу. Энэ шагналыг өгч эхэлснээс хойш олгосон 43 дахь хүн нь би юм байна. Бөхийн салбараас асашёрюү Д.Дагвадорж, Ж.Баянмөнх аварга хоёр өмнө нь энэ одонг авч байсан юм билээ.
-Ингэхэд та АН-тай хэрхэн холбогдсон хүн бэ?
-Ардчиллын буянд би анх улаан паспорт өвөртлөөд Япон улсыг зорьж байсан. Цаанаасаа л ардчилал надтай салшгүй холбоотой байсан гэж боддог юм. Яагаад гэхээр би дөнгөж 16-хан настай байхдаа өлсгөлөн зарлах гэж Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт хандаж байлаа. “Өлсгөлөн зарлана” гэж нэрээ бүртгүүлээд, ходоодоо угаалгахаар болчихоод байж байхдаа насанд хүрээгүй маань “баригдаад” больсон. Хүүхэд байхдаа ардчиллын “Алтан хараацай”-ны нэг нь болох гээд явж байсан маань тэр.
Японоос эх орондоо эргэж ирээд би эргэлзээгүйгээр АН-ын гишүүн болсон. Нам маань ч, ард түмэн маань ч намайг сайхан хүлээж авсан.
-Та барилга, уул уурхай, мал аж ахуй, боловсролын салбарт амжилттай бизнес эрхэлж байна. Гэхдээ өнөөдөр амжилттай яваа, мөнгөтэй хүн болгоныг “олигархи” гэж харах хандлага байна. Та ч гэсэн нөгөө “алдарт” 30 гэр бүлийн тоонд очихсан байх жишээтэй?
-Барилгын салбар тийм амар биш. Би сумо барилддаг байхдаа энэ салбар руу нэг хэсэг орж үзсэн учраас мэднэ. УИХ-ын гишүүн болоод ажил ихтэй болсон учраас барилгын бизнесээ зогсоож байсан. Зүйрлүүлж хэлбэл, би нэг хэсэг тэнгэрт ниссчихсэн явж байгаад УИХ-ын гишүүн болонгуутаа “бензин дуусч” газарт нам унасан хүн шүү дээ.
-Яагаад тэр вэ?
-Манайхан мэднэ дээ, УИХ-ын гишүүдэд ирсэн өргөдөл, хүсэлтийн 50 хувийг надад хаягладаг байсан. Тэдгээрийн ихэнхи нь мөнгөн тусламж хүссэн өргөдөл байдаг байлаа. Би түүнээс ихэнхийг нь шийдсэн. Мөнгийг бол цацсан. Ингээд л эдийн засгийн хувьд “бензин дууссан” гэж хэлж болно. Үндсэндээ дампуурсан. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг шиг хэтэрхий бүдүүн бараг хандсан, тооцоо алдсан. Гэхдээ өөрийгөө үүнд буруутгадаггүй юм. Яагаад гэхээр буян эргэж ирдэг гэдэгт би итгэдэг. Үнэхээр ч буян нь эргэж ирсэн. Өнөөдөр миний худалдаж авалгүйгээр, өсгөсөн бод малын хэмжээ 10 мянга гарсан. Дорнод аймагт өөрийн найз, Монгол Улсын заан Батзоригтойгоо хамтраад 40-өөд өрхийг мал аж ахуй дээр ажиллуулж байна. 4-5 сумыг хамарсан томоохон отог айл тэнд бий.
Барилгын хувьд багын найз нартайгаа нийлээд “Хөрш заанууд” гэдэг компани байгуулж, нэг сая ам.метр барилга барина гэсэн томоохон зорилт тавиад явж байна. Одоогийн байдлаар 700 мянган ам.метр гараад явчихсан. Нэг сая ам.метр барилга барина гэдэг хэлэхэд амархан мөртлөө хийхэд маш хэцүү. Өнөөдөр манайд 3000 орчим хүн ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд барилгын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийж байгаа компани болно гэсэн зорилтдоо бид хүрнэ. Хаалгаа барих дээрээ тулчихсан цавууны, тоосгоны, цементийн жижиг үйлдвэрүүдийг нэгтгэж энэ бүтээн байгуулалтдаа татан оролцуулсан. Ингэхгүйгээр бидэнд тэр их хэмжээний бүтээн байгуулалтыг хийх боломж байхгүй.
Монголчууд мөнгөтэй хүнд атаархуу, дандаа “идчихлээ, уучихлаа” гэдэг өнцгөөс нь хардаг. Би өөрөө ч гэсэн “газарт уначихаад” тэгж боддог л байсан. Тэгээд “атаархаж байхаар өөрөө хийе” гэж бодсон. Барилгын салбартаа нэгдэл байгуулаад орсон шигээ уул уурхайд бас нэгдэл байгуулаад оръё гэж зориглосон. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүмүүсийн бухимдал төрүүлээд байгаа, улсын мөнгөөр хайгуул хийчихсэн, стратегийн ач холбогдолтой томоохон ордууд руу би халдаагүй. Ямар ч хайгуул хийгээгүй, доор нь юу байгааг ч мэдэхгүйгээр, харанхуйгаар газар эзэмшээд авчихсан 300 залуутай би уулзсан. Тэднээс боломжтой гэж үзсэн хүмүүсээ нэгтгээд тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн. Яагаад гэхээр тэд газрынхаа төлбөрийг ч төлж чадахгүй, буцаагаад хураалгах дээрээ тулчихсан хүмүүс байсан л даа. Хөрөнгө оруулалтыг нь Японоос татаж өгсөн. Бид олборолт, хайгуул явуулсан газрууддаа японуудтай нийлж байгаль орчны хамгийн сайн нөхөн сэргээлтийг хийж байгаа. Японы хөрөнгө оруулагч нарын нэг том давуу тал нь тэд уул уурхайгаас олсон мөнгөнөөсөө эхлээд нөхөн сэргээлтэд зарцуулаад үлдсэнийг нь ашгаа болгож авдаг. Харин манайд эсрэгээрээ эхлээд ашгаа хувааж аваад, үлдсэн жаахнаар нь байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн болдог шүү дээ.
Бидний байгуулсан энэ нэгдэл гээд байгаа зүйл бол шинэлэг бизнес, огт өөр менежмент. Гэхдээ бодитой. Зарим хүн ойлгодоггүй юм. Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр, энэ бизнесийг тэр 30 гэр бүлтэй битгий холиорой. Хүмүүс намайг тэр бүх лицензийн тоогоор нь 30 гэр бүлийн хоёрдугаарт нь аваачиж залах гээд байна. Тийм биш шүү. Би бол төрөөс, тендерээс төрсөн тэрбумтан биш. Түмэн олноо нэгтгээд хөдөлмөрөөрөө, хөлсөөрөө явж байгаа хүн. Надад ч ашигтай, энэ нэгдэлд багтсан хүмүүст ч ашигтай байгаа. Нөгөө талаараа энэ бол улс орны эдийн засгийн ачаанаас тодорхой хэмжээг нь үүрч яваа нэг хэлбэр гэж хэлнэ.
-АН-ын шинэ байрны санхүүжилтийг та гаргаж байгаа юм уу?
-Үгүй шүү дээ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр нь манай “Хөрш заанууд” компани орж байгаа. Яагаад гэхээр, нэгдүгээрт өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн олон барилга барьсан компани нь манайх. Бас би АН-ын гишүүн, надтай хамтарч “Хөрш заанууд” компанийг байгуулсан, миний найз, Монгол Улсын заан Ч.Батзориг мөн ардчиллыг дэмждэг гэдэг утгаараа бид энэ барилгыг барьж байгаа юм. Тиймээс нам тендергүйгээр манай компаниар гүйцэтгэл хийлгэж байгаа. Нам санхүүжилтээ гаргана.
Гуравдугаарт, манай компанид дандаа монголчууд ажилладаг. Яахав, хоёр инженер нь япон, хоёр инженер нь солонгос хүн бий.
-АН шинэчлэлийнхээ хүрээнд янз бүрийн акцуудыг зохион байгуулж байна. Та намын шинэчлэлтэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ойлгомжтой, дэмжинэ. Нөхцөл байдлыг дүгнээд хэлэхэд нам гэдэг нэг айл гэр. Толгой эргүүлсэн сахилгагүй хүүхдүүдтэй, нэг нь архи уудаг, нэг нь үгэнд ордоггүй, нэг нь тэнээд алга болчихдог, өөр нэг нь багшдаа “хичээлээ хийсэнгүй” гээд загнуулдаг, “би болилоо” гээд гэрээсээ зугатаачихдаг нэг хэсэг, бусад нь онц, сайн сурлагатнууд байх жишээний. Тэр бүх асуудал аавын толгой дээр ачаа болж ирдэг. Нам бол яг л тийм бүтэцтэй. Энэ гэрийн эцэг байх эрхийг бид УИХ-ын гишүүн С.Эрдэнэд итгэл хүлээлгээд өгчихсөн.
Урьд нь бид удирдагчаа “дургүй хүргэлээ” гээд л нийлж аваад зайлуулдаг байлаа. Тэрийгээ болихын тулд орон даяар гарын үсэг цуглуулж, энэ хүнийг тавьсан. Энэ хүн сонгууль дуустал хэрхэн ажиллахыг бид хараад, дэмжээд л явах ёстой. Энэ бол дотоод эв нэгдлээ бэхжүүлж байгаа нэг хэлбэр. Намын хурал өчигдөр үнэхээр сайхан боллоо шүү дээ. Үнэнийг хэлэхэд ойрд ийм хурал харсангүй.
-Намын хурал сайхан боллоо гэдгийг та юунд үндэслэж хэлж байна вэ?
-Урьдынх шиг зодоон цохион, орилоон, танхайгүй болсон байна. Намын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байна. Нам бас хариуцлага хүлээлгэх хүндээ хүлээлгэж чаддаг юм байна гэдгийг ойлгосон байна. Намын дарга маш том эрсдэл хийгээд зарим гишүүндээ хариуцлага хүлээлгэсэн. Энэ хүн өөрийгөө бодсон бол арай өөр байдлаар шийдэх байсан болов уу. Яахав намаа, намынхаа ирээдүйг бодсон байна гэдгийг намын гишүүд бүгд мэдэж байгаа. Яг л тийм халуун, дулаан уур амьсгалтайгаар бүгдээрээ хуралдчихав уу гэж харлаа.
-Та АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр аль тойрогт ажиллаж байгаа вэ?
-Би Дундговь аймгийн Үндэсний бодлогын хорооны гишүүн.
-Нууц биш бол та 2020 оны сонгуульд нэр дэвших үү? Дэвших бол Дундговиос дэвшинэ гэж ойлгож болох уу?
-Дэвшихгүй. Сая хэлсэн шүү дээ, УИХ-ын гишүүн болохоороо эдийн засгийн хямрал руу уначихдаг гэж (инээв). Өмнөх сонгуулиар ч нэр дэвшихгүй гэдгээ би хэлсэн. Зарим хүн намайг “Чи сонгуульд нам чинь ялахгүйг мэдэрсэн байна, мэдээлэл авсан байна, үгүй бол мөнгөө хайрласан байна” гэдэг. Үгүй, би бизнесээ чөлөөтэй хиймээр байна. Надад тэр нь сайхан байна.
Улс төрд орсон хүн, тэр тусмаа УИХ-ын гишүүн болж байсан хүн улс төрөөс гарч чаддаггүй гэдэг юм билээ. Би гарч чаддагаа харуулчихсан. 2020 онд нэр дэвших сонирхол алга. Ажил их байна, бүтээн байгуулалтын ажлуудаа амжуулъя гэж бодож байна.
-Уучлаарай, таны сая хэлснийг жаахан мушгиад асуучихъя. Та өмнө нь “улам баяжина” гэж бодож УИХ-ын гишүүн болсон юм уу?
-Тэр үед надад тэгж их баяжих шаардлага байсангүй л даа. Ний нуугүй ярихад, зодгоо тайлаад эх орондоо ирэхдээ би японы топ сургуульд боловсрол эзэмшчихсэн байсан. Сумогийн түүхэнд над шиг барилдаж байхдаа тийм том сургуульд тэнцэж орсон нь цөөхөн байх. Энэ тийм амар зүйл биш л дээ. Эх орондоо ирснийхээ дараа Японы тэр сайхан туршлага, хөгжил дэвшлээс эх орондоо хуулмаар, бий болгох сон гэсэн маш их хүсэл өвөрлөж ирсэн. Дор хаяж соёлыг нь, барилгын дизайн, зам гүүрийг нь хийчих юм сан гэх мэт.
“Метротой болъё” гэж хамгийн анх хэлсэн хүн чинь би байхгүй юу. Газар олголтыг одооноос битгий хийгээч, метротой болъё гэсэн. Түүнээс болж надад “Мянгуужингийн үлгэр” гэдэг хоч хүртэл зүүсэн. Намайг “Газар дээрээ бууж ирээгүй байна” гэдэг байсан. Тэр үед намайг хүмүүс дэмжээд метротой болчихсон бол өнөөдөр Улаанбаатарын түгжрэл тодорхой хэмжээгээр шийдэгдэх байсан. Дөнгөж одоо л метро яриад эхэлж байна.
Намайг Монголын хамгийн анхны интернэт компани байгуулах гээд явж байхад бүгд намайг шоолж байлаа шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн болсон шалтгаан маань тэр сайхан соёлыг эх орондоо нэвтрүүлье гэж бодсоных. Өөрөө шийдвэр гаргах түвшинд гаръя гэж бодсон. УИХ-д орсныхоо дараа үүнийг хийх нь хүнд юм байна гэдгийг ойлгоод 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татсан. Одоо зүгээр л чаддаг хүмүүсээ, намаа дэмжээд л явъя гэсэн бодолтой байна.
-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал дээр та ямар дүгнэлт хийж байна вэ. Хүмүүсийн зарим нь МАН-ын сүүлчийн задрал болж байна гэж харж байна. АН-ыг ч гэсэн задрах ёстой, бүхнийг шинээр эхлэх ёстой гэсэн байр суурь ч харагдаж байна?
-Би ингээд ярьчихаар буруудчихдаг юм аа. Энэ бол байнга л гардаг асуудал. Задраад л, хөөгдөөд л, шинэчлэгдээд, ялаад, ялагдаад л байдаг. Японд намайг 1990 оны эхээр барилдаж байхад надад УИХ-ын гишүүн найзууд байдаг байсан. Тэд яг ийм зүйл ярьдаг байсан. Өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Яг л хэвэндээ. Шинэ нам гарч ирээд огцом шинэчлэл, ялалт хийж байсан түүх тэдэнд байдаггүй. Монголд ч байхгүй. МАН, АН хоёр нь явдгаараа яваад л байна. 2020 онд АН жаахан илүүтэй л ялах байх. Гэхдээ МАН байж л байна.
Яахав, бусад цаг үеийнхтэйгээ харьцуулбал илүү үймээнтэй, дээрээс нь хувийн сонирхол давуутай байна. Манай АН гэхэд л 20 жил хагарсан шүү дээ. Одоо л нэг төлөвшиж байгаа биз дээ, “За больё доо” гээд. МАН одоо тэвчиж болохгүй дээрээ тулчихсан учраас дотроо хагараад байна. Үүнээс хойш энэ хагарал ахиад ч 20 жил үргэлжлэх болов уу гэж би харж байгаа. Задрал дуусахгүй. Яагаад гэхээр өнөөдрийн МАН-ынхны насыг хар л даа. М.Энхболд хэдэн настай юм, У.Хүрэлсүх хэдэн настай юм, залуучууд нь хэдэн настай юм. Залуучуудын энэ өс хонзон ойрын 20 жилдээ дуусахгүй байхгүй юу. Одоо АН-ын үе эхэлж байгаа, төлөвшиж байна гэж л харж байгаа. 20 жил “алалцсаар” байгаад одоо л төлөвшиж байна. Багтаж чадахааргүй болтлоо буглаад, задарчихсан учраас одоо 20 дахь жил дээрээ төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёрын байр солигдож байна. Тиймээс одоо АН зөв зохион байгуулалттайгаар, бодлогоо зөв тодорхойлоод явчихвал ард түмэнд л хэрэгтэй юм даа. Би дотор нь ороод үзчихсэн хүний хувьд тэгж л бодож байна.
-Сая Монголын сумогийн холбооны 25 жилийн ой боллоо. 25 жил гэдэг нэг хүн төрөөд төлөвших хугацаа шүү дээ. Энэ холбоо 25 жилд юу хийсэн бэ?
-25 жил гэдэг удаан юм шиг мөртлөө маш хурдан өнгөрсөн. 800 жилийн өмнө өвөг дээдэс маань Японыг эзлэх гэж очоод салхинд цохигдоод буцсан байдаг. Одоо бид соёлын дайнаар Японыг эзэлсэн. Үүний гүүрийг тавьж өгсөндөө би өөрөө баяртай байдаг. Манай дүү нар, шавь нар сумогийн дэвжээг эзэлснээс гадна тэднийг дагаж Монголд маань маш их хөрөнгө орж ирсэн. Зөвхөн би л гэхэд энэ 25 жилийн хугацаанд тооцоолж дийлэхгүй тийм их хэмжээний хөрөнгө оруулалтууд, холболтуудыг хийсэн байна. Гэтэл бусад 50 бөх маань хэчнээн хэмжээний санхүүжилт босгож, хэр их үр нөлөө үзүүлсэн бол гэж боддог юм. Манай сумогийн холбоо 25 жил ямар нэгэн маргаангүй, хэл амгүй явж байгаа холбооны нэг. Эмэгтэйчүүд маань маш сайн барилдаж байгаа. Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж эхэлж байна. 25 жилийнхээ ойн хүрээнд бид олон сайхан тэмцээн зохион байгуулсан. Хүүхдүүд, өсвөр нас, сэтгүүлчдийн дунд хүртэл тэмцээн зохион байгуулсан. Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл маш их бий.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Х.Хулан “Ардчилал таймс” сонин