Санхүүгийн Зохицуулах Хороог тойрсон хэл ам, шүүмжлэл сүүлийн саруудад тасрахгүй байна. Санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас ирсэн гомдлын дагуу СЗХ-ны гишүүн Эдийн засгийн шинжлэх ухааны ухааны доктор, профессор Л.Энхтайвантай ярилцлаа.
-Санхүүгийн зохицуулах хорооны эргэн тойронд сүүлийн үед нилээд шүүмж дагуулж байгаа. Энэ талаар мэдээллийн хэрэгслээр чамгүй дурдагдах болсон. Олны үг ортой гэдэг шиг СЗХ үнэхээр асуудалтай байгаа юм болов уу?
-Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд СЗХ-ны үйл ажиллагаа, удирдлагатай холбоотой шүүмжлэл, сөрөг мэдээлэл их цацагдсан. Хорооны гишүүд хорооны хуралдаан дээр алдаа дутагдлыг засах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, энэ бүгдэд СЗХ-ны дарга онцгой анхаарахыг байнга хэлж ирсэн.
Миний хувьд энэ салбарт, төрийн албанд олон жил ажилласны хувьд зөвлөж ойлгуулах, тэрчлэн байдлыг ойлгож алдааг засаж сайжруулах байх гээд найдаж удаан хүлээлээ. УИХ-аас ажлын хэсэг шалгаж үүрэг даалгавар өгсөн. Гэсэн ч байдал улам муудаж буй тул Та бүгдтэй энэ ярилцлага хийхийг зөвшөөрч бодит байдлыг үнэн зөв танилцуулъя гэж бодсон юм.
Өнгөрсөн хавраас хойш хэвлэл мэдээлэл болон сошиал мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл бол үнэн, бодит нөхцөл байдлыг тодорхой баримттай гаргасан байна лээ. Бид хүмүүсийн өгсөн ажилд тус болох бодитой шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулан ажлаа сайжруулах ёстой. Тэрнээс алдаа дутагдлыг нууж хаацайлаад хий магтсан өрөөсгөл хандлагаар бид хандаж болохгүй. Хорооны гишүүд бид дотроо үнэн мэдээллээр сайн хангагдаагүй байжээ. Шүүмжилсэн , тодорхой санал дэвшүүлж СЗХ-ны ажлыг сайжруулах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд тусалж буйд чинь хэвлэлээр ярилцлага өгсөн хүмүүс болон хамтран ажилладаг мэргэжлийн холбоод та бүгдэд баярлалаа гэж хэлэх байна.
-Манай улсын эдийн засаг хөгжихгүй байгаагийн шалтгаан юу юм бол?
-СЗХ бол чиг үүргийнхээ хувьд банкнаас бусад санхүүгийн байгууллагын үйлчилгээг хариуцсан төрийн гол байгууллага. Өөрөөр хэлбэл Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, бирж болон хөрөнгийн зах зээл дэх байгууллагуудыг хариуцаж ажилладаг.
Ер нь манай улсын эдийн засаг сайн хөгжихгүй байгаагийн нэг гол шалтгаан бол банкнаас бусад санхүүгийн салбар хөгжихгүй байгаатай холбоотой. Санхүүгийн зах зээлийн 95 хувийг банк эзэлж, бусад санхүүгийн байгууллагуудын оролцоо 4-5 хувь ч хүрэхгүй байна шүү дээ. Ер нь хөрөнгийн зах зээл болон бусад салбар хөгжихгүйгээр тухайн улс орны эдийн засаг сайжирна гэж байхгүй. Бид нарт их хариуцлага, их ажил бий. Хороонд цөөн тооны дадлага туршлага, чадвартай ажилтнууд идэвхи зүтгэлтэй ажиллаж буйг дурдах хэрэгтэй. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо ажил, үүргээ тэр бүр сайн гүйцэтгэж чадахгүй байна, ялангуяа сүүлийн 2-3 жилийн хугацаанд бүр их дордлоо.
-СЗХ нь боловсон хүчний хомсдолтой болсон. Мэргэжлийн бус хүмүүс олонтой боллоо гэх шүүмжийг танай салбарынхан хэлэх боллоо...?
-Аливаа байгууллагын оршин тогтнох үндэс нь мэдлэг чадвар, туршлагатай, ёс зүйтэй боловсон хүчин билээ. Манай байгууллагад 140 орчим хүн ажилладаг. Үүний 80 орчим ажилтан нь өнгөрсөн хоёр жилд чөлөөлөгдсөн болон халагдсан.
Энэ хүмүүс зүгээр ч нэг боловсон хүчин байгаагүй олон жил гадаад, дотоодод сурч боловсрол олсон, мэргэжил дээшлүүлж туршлага хуримтлуулсан, энэ нарийн мэргэжлээр мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин байсан. Энэ нь байгууллагын хувьд төдийгүй Монгол улсын хувьд маш том хохирол гэж үзэж байна.
-Удирдлага, гишүүдийн шийдвэрээр боловсон хүчнийг цомхотгосон асуудал биш үү?
-СЗХ бол хамтын удирдлагатай байгууллага. УИХ-ч гэсэн хамтын удирдлагатай байгууллага. Шийдвэрийг хамтарч хуралдаад гаргадаг бөгөөд түүнд нь тусалдаг, үйлчилдэг аппарат байдаг. Тухайлбал УИХ-д бол тамгын газар, Үндсэн хуулийн цэцэд ажлын алба ажилладаг. Манай байгууллагад мөн ажлын алба ажилдаг. СЗХ-нд УИХ-аас таван жилийн хугацаагаар томилсон долоон гишүүн ажилдаг бөгөөд Хорооны гишүүд хуралдаж хамтаараа шийдвэр гаргадаг.
Тэрнээс хэн нэг албан тушаалтан бүх шийдвэрийг гаргаж ажилладаг байгууллага биш. СЗХ-ны хувьд 2016 оны 8-р сард салбарын биш, төрийн болон удирдах ажлын, тэрчлэн багаар ажиллах чадвар, туршлага дутмаг, зан харьцааны хувьд гадаадын зөвлөхийн тодорхойлсноор “ агрессив “ хүн Хорооны дарга болсноор энэ их бужигнаан хямрал эхэлсэн.
Дарга гэдэг бол мэргэжил юм аа гэж дээх нь үед бидэнд сургадаг, үүнд их анхаарна гэж олон жил ярилаа.
Өөрөөр хэлбэл шат шатаар суралцаж чадваржин туршлага хуримтлуулж дарга болдог гэсэн үг. Энд хувь хүнийг шүүмжлэхээс гадна төрийн албаны шатлан дэвших мерит зарчмыг бүрэн алдагдуулж хийсэн томилгоо буруутай. Харин энэ удаа томилогдож ирсэн дарга УИХ-аас томилсон Хорооны бусад гишүүдтэйгээ болон хамт олонтойгоо хамтарч ажиллаж чадсангүй.
Ажлын албаны бүх дарга нарыг тэр чигт нь сольчихсон. Мөн СЗХ-ны хууль ёсны бүтцийг дураараа өөрчилж гадаад, дотоодод нэг хүний удирдлагатай байгууллага хэлбэрээр ойлголтыг өгснөөс болж УИХ-аас томилогдсон гишүүд эрх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байна.
Бид чинь нэг байгууллагад нэг завин дээр суусан хүмүүс гэтэл дотроо ойлголцохгүй асуудалтай байгаагаас болж СЗХ-ны дотоод ажил явахгүй доголдолтой болсон. Би 40 жил төрийн албанд ажил хийлээ. Ингэж ажилладаг байгууллага, удирдлагыг үнэхээр хараагүй.
-СЗХ-ны энэ дотоод зөрчилдөөнд бусад хөрөнгийн зах зээл дээрх байгууллагууд хэрхэн хандаж байгаа вэ?
-Мэдээж СЗХ-оос Хадгаламж зээлийн хоршооны холбоо, ББСБ-ын холбоо, Даатгагчдын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо гэх мэт холбоонуудтай ажил хэрэгч, нөхөрсөг уламжлалт холбоо тасарсан. Салбар, чиглэл бүрээр Бодлогын зөвлөл ажилдаг байсныг сүүлийн 2 жил зогсоосон. Иймээс сүүлийн жил гаруй эдгээр холбоод гомдол шүүмжлэл өрнүүлж УИХ-д хүртэл хандах боллоо. Би СЗХ-нд сүүлийн 7 жил ажиллаж гурван даргын нүүр үзлээ. Өнөөдрийнх шиг удирдлагын асуудал хурцадсан , хямарч байсан удаа байхгүй.
-Энэ зөрчилдөөн нийгэмд, эдийн засгийн салбарт ямар хортой үр дүнг дагуулж байна вэ?
-СЗХ нь дээр дурдсан Хөрөнгийн зах зээл, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо, Даатгалын салбар зэрэг дөрвөн салбарыг хариуцаж ажилладаг. Энэ дөрвөн салбар бол өөрөө зах зээлийн эдийн засаг хөгжихөд нөлөөлдөг хамгийн чухал салбар.
Өндөр хөгжилтэй орнуудад даатгалын салбар нь банкны салбараас илүү хүчтэй том салбар. Хөрөнгийн зах зээл нь банкны салбартайгаа тэнцүү төвшинд байдаг салбар. Өнөөдөр манайд энэ зах зээлийг хөгжүүлэхийн тул хийх ажил асар их байна. Гэтэл гадаадад болон дотооддоо бэлтгэсэн 80 гаруй боловсон хүчнийг халчихаар хэн энэ ажлыг хийж чадах вэ? Өнөөдрийн уналттай байгаа зах зээлийг сэргээхийн тулд мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин хамгийн хэрэгцээтэй зүйл шүү дээ. Их нарийн мэдлэг чадвар шаардсан энэ ажлыг хэн нэгэн дуртай нь хийчихгүй. Эдийн засгийн салбарыг авч явах боловсон хүчингүй байна гэдэг бол Монгол улсад, нийгэмд маш их хохирол авчирч байна.
-Ер нь танай салбарын удирдлагад тавигддаг шаардлага хэр “өндөр” байдаг вэ?
-Саяхан төрийн албаны хуулинд өөрчлөлт орууллаа. Энэ хуулинд байгууллагын удирдлагаар сонгогдохын тулд ямар шат ангиллаар явах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Хэлтсийн дарга болохын тулд таван жил, Газрын дарга болохын тулд 10 жил тухайн чиглэлээрээ ажилласан байх, илүү өндөр албан тушаалтнаар ажиллахын тулд 15 жил тухайн чиглэлээрээ ажилласан байх ёстой гэж зааж өгсөн. Олон улсын жишиг өөрөө ийм байдаг.
Гэтэл сүүлийн жилүүдэд газар, хэлтсийн удирдлагыг сонгохдоо дээрх шалгуур босгыг үл тоон гаднаас тус салбарын биш хүнийг авчраад шууд дарга болгочихсон. Бүхэл бүтэн салбар хариуцсан газрын даргаар салбарын бус хүн томилчихож байгаа юм. Бүх салбар нэгжүүдийн дарга нар үндсэндээ зөвхөн нэг хүний үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө ажиллаж УИХ-аас томилогдсон бусад зургаан гишүүн үүргээ биелүүлж ажлаа хийх эрхийг нь хасчихсан байдалтай байна.
-Төрийн хамгийн чухал салбар дотоодын зөрчлөөс болоод ажлаа хийхгүй байгаа гэж ойлгож болох уу?
- Бидний ажиллах хам хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байна.СЗХ өөрийнхөө салбарын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, тэрчлэн тодорхой дүрэм журам гаргадаг. УИХ-аас 2020 он хүртэл мөрийн хөтөлбөрт орсон 9 хуульд өөрчлөлт, нэмэлт оруулах ёстой . Монгол банк манайхтай адил УИХ-ын харъя байгууллага. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний мэдэхийн 5-6 хууль УИХ-аар хэлэлцүүлэн батлуулаад ажиллаж байна. Манай СЗХ-ны хувд СЗХ-ны эрх зүйн байдлын хууль, “ББСБ-ын хууль”, “Хадгаламж зээлийн хоршооны хууль”, “Даатгалын хууль”, “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль”, “Жолоочийн даатгалын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн тухай хууль”, “ХАА-н биржийн хууль” гэх мэтийн хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах тухай заагдсан хэдий ч одоо хүртэл нэгийг нь ч УИХ-д өргөн бариагүй байна.
Аливаа салбарыг бид нийтэд нь өсөлттэй байна гэж орхилгүй яг ямар хүчин зүйл нөлөөлснийг маш нарийн судлах хэрэгтэй.
-Сүүлийн үед иргэдийн бухимдлыг хүргэж байгаа зүйл бол яах аргагүй зээлийн хүү. Ер нь хүүг багасгах арга хэмжээ авч ажиллах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Ганц салбар энэ асуудал дээр яригдахгүй. Тогтолцоо бүхэлдээ ажиллаж байж хүү багасах ажил хийгдэнэ. Хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжих юм бол иргэд банкнаас өндөр хүүтэй зээл авахгүй.
Хэрвээ иргэд хөрөнгийн зах зээлээс бага өртөгтэй урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр олж чаддаг болчихвол банк хүүгээ буулгаж таарна. Тиймээс бид нар банкны салбартай өрсөлдөх бусад салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр СЗХ илүү идэвхтэй ажиллах ёстой. Хүний итгэлцэл дээр ажилладаг салбар бол санхүүгийн салбар шүү дээ. Энэ салбарт гадны хөрөнгө оруулалт ихээр орж боломж бий болох шаардлагатай. Бид банктай өрсөлдөх салбаруудад боломж олгож хөгжих нөхцөлийг нь бий болгож, хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадвал зээлийн хүү бууж ирэх ёстой юм. Банкны өндөр хүү өнөөдөр монопол хэлбэртэй байна. Гаднаас өрсөлдөгч байгууллага оруулж ирдэггүй.
Банк зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа учраас хөрөнгийн зах зээлийн хөгжлийг боомилж байна. Уг нь эдийн засгийн тэнцвэртэй байдал талаасаа энэ хоёр зах зээл чинь хоёулаа 50:50 хувийн байр суурьтай байх ёстой. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд банкны салбар “саажилт” үүсгэх болсон. Аль ч санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл гэдэг бол хамгийн урт хугацаатай харьцангуй хямдхан эх үүсвэр байдаг. СЗХ-ны үндсэн чиглэл бол хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хүүг бууруулах шаардлагатай. Бидний зүгээс энэ хөрөнгийн зах зээлээ өөрийг нь хөгжүүлж өрсөлдөх чадвартай болгох ёстой гэж харж байгаа юм л даа
-Татварын бодлогоор банк болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангаж болохгүй юу?
-Саяхан болтол банкны хадгаламжийн хүүний татвар авдаггүй байлаа. Банкны хүүний татвар гэж 10 хувь авдаг болсон нь хэрэглэгч хөрөнгө оруулагчид банкнаас хөрөнгийн зах зээл рүү орох бас нэг түлхэц болсон. Сүүлийн хоёр жил эдийн засаг өсөж хөгжсөний үр дүнд хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Хөрөнгийн биржийн гол индекс дээр авч үзэхэд Таван толгой компанийн хувьцааны үнэ 228% өссөн гэж гарсан байна. АПУ ХХК-ны хувьцаа 80% өссөн байна. АПУ компанийн хувьд Heineken компанитай нэгдсэнээр үнэлгээ нь өссөн гэх мэтээр компаниудын хувьцааны өсөлтөөс хамааралтайгаар үнэт цаасны зах зээл дээрх нийт үнэлгээ өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа. Аливаа салбарыг бид нийтэд нь өсөлттэй байна гэж орхилгүй яг ямар хүчин зүйл нөлөөлснийг маш нарийн судлах хэрэгтэй.
-СЗХ-нд дээр дурдсан Мэргэжлийн холбоодуудаас хэр их гомдол ирсэн бэ. Мэдээж үйл ажиллагаа доголдолтой явж байгаа нь салбар байгууллагуудад хүндээр тусах нь ойлгомжтой шүү дээ..?
-Манай хороон дээр хуулийнхаа дагуу 30 хоногийн дотор аливаа асуудал шийдэгдчихсэн байх ёстой. Гэтэл зарим шийдвэр маань нэлээд удаж байж гарч байгаа. Зарим шийдвэр 300 хоног хүлээгдээд гараагүй байгаа асуудал байна. Энэ талаар хэвлэлд тодорхой баримт гарсан байна лээ. Тэрчлэн СЗХ-нд өгсөн материалыг өгсөн дарааллаар нь шийдэхгүй байна. Ялангуяа мөнгө төгрөгтэй харьцдаг байгууллагуудын хувьд хугацаа маш чухал. Хөрөнгийн бирж дээр нэлээд гомдол гарсан байна. Хувьцаа гаргая гэсэн хүсэлт өгчихсөн компаниудаас сүүлд өгсөн компанийн хувьцааг түрүүлээд гаргах зөвшөөрөл өгсөн.
Манайх шиг жижигхэн зах зээлтэй оронд түрүүлж хувьцаа гаргасан компани давуу талтай болох талтай. Хөрөнгийн биржийн манайд ирүүлсэн мэдээллээр бол ийм төрлийн асуудлууд сүүлийн үед их гарсан байна. Энэ үйлдэл нь алдаа гэхээсээ илүүтэй хууль зөрчсөн үйлдэл болно. Тэр битгий хэл СЗХ-ны гишүүдийн хурлаар шийдэж гаргасан тогтоолыг утга найруулга, үг үсгийг нь өөрчлөөд гаргачихсан байгаа юм. Энэ бол гэмт хэрэг. Уншигчид ч сайн санаж байгаа байх Ц.Нямдорж гишүүн УИХ-ын Дарга байхдаа баталсан хуулийн агуулгыг засаж гаргаснаас болж огцорсон шүү дээ.
-Ямар тогтоолын утга найруулгыг өөрчлөөд гаргачихсан бэ?
-Тухайлбал, шинээр байгуулагдаж буй ББСБ-ын дүрмийн санг өөрчлөх тухай СЗХорооны 2016 оны 10-р сарын 18-н хуралдааны шийдвэрийг цаасан дээр буулгаж хэлбэржүүлэхдээ агуулга, найруулгыг нь засаад гаргачихсан байгаа юм.
Жишээ нь: Зөвхөн Улаанбаатарын төвд буюу Налайх, Багануур, Бага хангай дүүргээс бусад дүүрэгт шинээр байгуулагдах ББСБ-ын дүрмийн санг 2,5 тэрбум төгрөг байна гэж баталсныг Монгол улс даяар гээд аймаг,суманд хүртэл үйлчлэх байдлаар болгоод дураараа өөрчилж зассан байгаа юм. Ингээд өөрчилчихөөр чинь нөгөө хөдөө аймаг, сумдын иргэд чинь 100 сая төгрөгөөр ББСБ байгуулж болох байтал 2,5 тэрбум төгрөгтэй байж л ББСБ байгуулах ёстой болж байгаа юм.
Энэ тухай гишүүд бид тэр үед нь мэдээгүй, сүүлд хэвлэлээр гарсан мэдээллийн дагуу шүүлт хийхэд бидний гарын үсэг зурж баталгаажуулсан тогтоолоос шал өөр болсон нь үнэн байсан. Надад одоо тэр өөрчилж гаргасан материал байгаа. Чи харж болно. Анх 2016 оны аравдугаар сард засаж гарсан шийдвэрийг 2017 оны тавдугаар сард залруулж байгаа юм.
Бүхэл бүтэн долоон сарын дараа алдаатай гарсан тогтоолд залруулга оруулсан. Энэ асуудал бол ноцтой авч хэлэлцэх захиргааны алдаа бөгөөд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Аймаг орон нутгийн олон ч иргэд хохирсон болуу. Уг асуудлыг хэлэлцэхдээ материалыг урьдчилан танилцуулалгүй хурлын үеэр тараан яаралтай хэлэлцэн батлуулсан\ хурлаар нийт 2 асуудал\, танилцуулга материалд худал зүйлийг бичиж Хорооны гишүүдэд буруу ойлгуулсан болох нь сүүлд илэрсэн. Ганцхан энэ жишээ бол ноцтой асуудал бөгөөд зохих хариуцлага тооцож цаашид дахин гаргахгүй байхад анхаарууштай.
-Энэ засвартай тогтоолын талаар СЗХ-ны Дарга өөрөө тайлбар хийсэн үү?
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Танилцуулга болон Даргын тайлбараар энэ зөвлөлөөр хэлэлцэж чиглэл өгсөн гэж худлаа танилцуулсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл үүнийг хэлэлцээгүй, ийм чиглэл өгөөгүй болох нь тодорхой болсон. Үнэхээр 40 жил төрийн албанд ажиллахдаа ингэж дураараа түрэмгий авирладаг, ийм зоригтой худлаа хэлдэг, хууль дүрэм зөрчдөг нэг ч даргатай таарч байсангүй.
-УИХ-аас СЗХ-нд гарч буй асуудлаар шалгалт явуулж арга хэмжээ аваагүй юу?
-УИХ-аас ажлын хэсэг гаргаж бүтэн сар шахуу шалгасан. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард тухайн ажлын хэсэг найман чиглэлээр СЗХ-ны Даргад үүрэг өгсөн. Бид ч үйл ажиллагаа маань сайжирна гэсэн итгэлээр хүлээсэн. Гэвч шаардлага нь хэрэгжээгүй, УИХ-ын үгэнд ороогүй гэх үү дээ. /Инээв/. СЗХ-ны гол үйл ажиллагаа чинь хуралдаан шүү дээ. Хамтын үйл ажиллагаатай төрөөс томилогдсон гишүүдийн хурлаар шийдвэр гарах ёстой.
СЗХ-ны хурлаар ярилцсан асуудлууд огт хэрэгжихгүй, ажлын албанд үүрэг болгосон ажил явдаггүй ээ. УИХ-нь хуралдааны дэгтэй, хуралддаг өдрүүдтэй. Үүнтэй адил хороо бас өөрийн гэсэн дэгтэй, хуралддаг өдөртэй. Сая бол өнгөрсөн тав дахь өдөр гэнэт хуралдлаа. СЗХ-ны гишүүн цагаа бусад ажилтайгаа зохицуулах ёстой байдаг. Хорооны хуралдаанаар баталсан дэгээр сар бүр 2 удаа Лхагва гаригт хуралдах ёстой. Өнгөрсөн 2 жил 4 сарын хугацаанд дэгийн дагуу нийт 54 удаа хуралдахаас 35 удаа, үүний тал хувийг дэгээр заасан өдөр биш хуралджээ.
Үүнээс шийдэх асуудал уддаг, хүлээгддэгт мөн нөлөөлдөг. СЗХ-ны шинэ Дарга томилогдож ирээд удалгүй анхны хурлаа хийхдээ бүтцийн өөрчлөлт хийж шууд баахан хүнийг халж сольсон. Уг нь бол анх ирж байгаа хүн чинь ажилтайгаа танилцаад ажлаа хэрхэн сайжруулах талаар ярилцах ёстой шүү дээ. Өөр салбарынхан бол хэлэхээр итгэхгүй байх бараг. Их дураараа хүн л дээ ер нь. Гурав дахь удаагийн хуралд сууж байсан чинь гэнэт ББСБ-ын дүрмийн санг өөрчилнө гээд өөрчлүүлсэн. Уг нь мөрдөгддөг журмаар бол бүх гишүүдэд хуралдаан болохоос гурав хоногийн өмнө хэлэлцэх асуудлын талаар материал тараагдах ёстой.
Хамгийн гол нь нэг хүний хийсэн алдааг СЗХ-ны бүх гишүүд цуг үүрч байгаа. СЗХ-ны дарга, гишүүд адилхан эрх үүрэгтэй.
-УИХ-аас томилогдсон бусад гишүүд өөрсдөө хуралдаад СЗХ-ны Даргыг ажлаас нь буулгаж болохгүй юу?
-СЗХ-ны Даргыг УИХ-ын дарга санал болгож томилдог учраас бид яаж ч чадахгүй ингээд хараад л сууж байна. УИХ руу гомдол хүргүүлээд асуудлыг маань авч хэлэлцэхгүй байгаа. Холбоодуудаас гомдлыг УИХ-д хүргүүлсэн чинь харин эсрэгээрээ холбоонуудыг дарамтлаад хяналт шалгалт хийлгээд, тэрчлэн татварын албанаас хүртэл шалгуулсан гэсэн. Зарим холбоодыг дотор нь хагалан бутаргасан асуудал гарсан байна лээ. .
-УИХ одоогоор юун танай СЗХ мантай ажил ихтэй байх шиг байна аа даа?
-Энэ хүндээ шаардлага тавьж журмын дагуу ажиллуулах хэрэгтэй байна гэх гомдлыг Холбоодууд удаа дараа УИХ-д хавраас хойш гаргаж байгаа. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв аргаа бараад л тэд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байна. Манай хороонд яг юу болоод байгаа талаар бусад салбар, иргэд сайн мэдээлэл авч чадахгүй байгаа. Хорооны гишүүд байгууллагынхаа нэр хүндийг бодоод дотроо зохицуулах, алдааг засах гэж их ч оролдлоо.
Хамгийн гол нь нэг хүний хийсэн алдааг СЗХ-ны бүх гишүүд цуг үүрч байгаа. СЗХ-ны дарга, гишүүд адилхан эрх үүрэгтэй. Ер нь дарга бол зөвхөн хурлыг л удирдаж явуулах үүрэгтэй хүн шүү дээ. Нэг их том албан тушаал ярьж барьцах гэсэндээ энэ үгийг хэлсэнгүй. Хамгийн гол нь хууль зөрчсөн үйлдлүүд илэрч байгаа учраас энэ талаар хэлж байгаа юм. Хорооны гишүүд УИХ-ын ЭЗБХ-ны даргатай энэ оны 3-р сард 2 удаа, мөн 9-р сард дахин уулзаж бодит байдлыг танилцуулж Хорооны ажлыг хэрхэн сайжруулах талаар ярилцах хүсэлт тавьсан боловч хүлээн авч уулзаагүй.
-Танай байгууллагын танилцуулган дээрх схемээс харахад дарга бүгдийг нь шийдвэрлэхээр хийгдсэн юм биш үү?
-Бид , мөн УИХ-ын гишүүд ч бүтэн хоёр жил энэ хууль бус схемийг хэлж засуулах гээд дийлэхгүй байна. Бүтцийн одоогийн албан ёсны схемд СЗХ хамтын удирдлагагүй, УИХ-аас томилогддог ганцхан “ том “ даргатай л ажиллаж байгаа мэтээр харуулсан схем байгаа юм. УИХ-аас томилогдсон гишүүд гээгдчихсэн.
Энэ схем бол хууль зөрчсөн үйлдэл. Энэ нь гадаад, дотоод харилцаа, дипломат болон ёслолын ажилд маш сөрөг нөлөөтэй.Үүнээс гадна зогсоож царцаасан олон ажлууд дундаас Жайка олон улсын байгууллагын таван чиглэлээр хийгдэх байсан хөрөнгө оруулалт зогсоод нилээн удчихлаа..
-Ямар таван чиглэлтэй хөрөнгө оруулалтын төсөл байсан бэ?
-Бодлогын зөвлөл, Өөрийгөө зохицуулах байгууллага, Хянан шалгах тогтолцоо, Дэд бүтэц, Хүний нөөцийг чадавхижуулах гэсэн үндсэн таван чиглэлтэй төсөл байсан. Энэ Жайкагийн төсөл Баярсайхан болон З.Нарантуяа даргын үед хэрэгжиж байгаад сүүлийн даргын үед зогсчихсон. Буцаагаад харилцааг сэргээсэн чинь таван хөрөнгө оруулалтын төсөл төсвөө танаад нэг чиглэлтэй болоод орж ирсэн. Учир нь Япончуудын хувьд СЗХ нь эдгээр асуудалдаа анхаарахгүй байгаа учраас нэг чиглэлээр л хамтарч ажилласан нь зөв гэж үзсэн байсан. Жайкагийн мэргэжилтнүүд С.Даваасүрэн даргатай уулзаж гарч ирчихээд “Танай дарга Аggressive-Хэрцгий, түрэмгий хүн байна. ” гэж тодорхойлсон гэж хамтран ажилдаг хүн нь хэлсэн байдаг. Япончууд бол их дипломат хүмүүс, хэр барагтаа тийм үг хэлээд байдаггүй. Энэ хүний харилцааны доголдол зөвхөн манай байгууллагын үйл ажилгаанд нөлөөлөөд зогсохгүй гадны төлөөлөгчид, улс хоорондын харилцаанд хүртэл нөлөөлж хөрөнгө оруулалт зогссон байдалтай байна.
Сэтгэгдэл (1)