Байт харваан спортын “Нийслэл өргөө” клубын дасгалжуулагч, ОУХМ Ж.Отгонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр амьдралынхаа 41 жилийг байт харвааны спорттой холбож, 1992, 1996 оны Олимпуудад эрхээ авч, эх орноо төлөөлөн оролцож байсан хүндтэй тамирчин юм.
-Таны тамирчин байхдаа гаргасан хамгийн том амжилт юу вэ? Үүнээс яриагаа эхлэх үү?
-Монголд анх удаагаа 1300 гаруй оноо авч байлаа. Мөн 1992 оны Барселоны, 1996 оны Атлантын олимпод ганцаараа эрхээ авч оролцож байлаа.
-Та тамирчин байсан. Одоо дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ спортын хөгжлийн олон үе шатыг давсан байх?
-Би 1974 оноос байт харвааны спортоор хичээллэж, өөрөө тамирчнаас 41 жил энэ спорттой холбоотой явлаа. Харин дасгалжуулагчаар найм дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж энэ спортоор 40 гаруй жил хичээллэсний хувьд хөгжлийн янз бүрийн үе шатыг л давж байна.
Сүүлийн дөрвөн жилд Монголын байт харвааны холбооны үйл ажиллагаа идэвхиж, байт харвааны хөгжилд маш том өөрчлөлтүүдийг хийж байна. Тухайлбал, тамирчид бэлтгэл сургуулилалтаа хэдийд ч хийх боломжтой сайхан талбайтай боллоо. Ганц байт харвааны тамирчид бус Монгол Улсын нийт ард түмний хандив мөнгөөр боссон маш сайхан талбай бий болсонд маш их баяртай байна. Цаашид битүү заалтай болох гэж байгаа. Битүү заалтай, гадаа талбайтай болчихоор манай харваачдын амжилтад асар их нөлөөлнө гэсэн үг. Энэ сайхан боломжийг манай байтын холбооны ерөнхийлөгч П.Цагаан, С.Эрдэнэболд дарга нар маань санаачлан их сайхан үйл хийж, тамирчдад асар их боломжийг олгож байна.
-Та дасгалжуулагчаар долоон жил ажилласан гэлээ. Энэ хугацаанд тамирчдын тань гаргасан амжилтуудаас дурьдвал?
-Би энэ хугацаанд дөрвөн ОУХМ, зургаан спортын мастер, 16 дэд мастер цолтой тамирчин төрүүллээ. Олон улсын тэмцээнд Гантөгс маань маш сайн оролцож байна. Миний шавь биш ч манай Нийслэл өргөөгийн тамирчин гэж явдаг. Гантөгс маань сүүлийн хоёр олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Мөн Монгол Улсын арав дахь удаагийн улсын аварга болсон.
Мөн Мягмардорж гэж манай тамирчин улсын аварга боллоо. Манай хүүхдүүд маш сайн байгаа. Миний үед байт харвааны тамирчдын олонхи нь эмэгтэйчүүд байсан. Харин сүүлийн үед залуу тамирчдын олонхи нь эрчүүд болж. Тэр хэрээр эрэгтэйчүүдийн амжилт ч давамгайлах янзтай байна.
-Тамирчин байсан дасгалжуулагч хүний хувьд байт харвааны спортын ирээдүйн хөгжлийг ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Манай тамирчдад зайлшгүй дутагдалтай зүйл бэлтгэлийн талбай байсан. Одоо энэ асуудлаа шийдсэн. Мөн битүү заалтай болох гэж байна. Тийм болохоор манай тамирчдын үзүүлэх амжилтад асар том ахиц гарна. Өнөөдөр бид Азийн наадамд дөрөвдүгээр байр буюу тусгай байрын амжилттай байна. Хэдийгээр хүрэл медалийг атгаад алдсан боловч энэ бол одоо бидний ойрын зорилтонд байгаа. Түүнээс том амжилт бидний хаяанд байгааг мэдэж байна. Одоо амжилтаа ахиулах л хэрэгтэй.
mminfo.mn