x

Фашизм

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлэн Олбрайтын Анхаар: Фашизм гэсэн ном энэ оны хавар хэвлэгдэн гарсан даруйдаа бэстсэллэр болсон. НЭПКО хэвлэлийн газраас энэ номыг Ариунсанаагийн орчуулгаар хэвлэн гаргалаа. Уг номын хэсгээс уншигч олонд сонирхуулж байна.

ФАШИЗМ

1999 оны 9-р сард Клинтон бид хоёр Венесүэлийн залуухан эрч хүчтэй ерөнхийлөгч Уго Чавэстай зэрэгцээд НҮБ-ын танхимд сууж байсан юм. Тэр өмнөх оных нь 12-р сард ерөнхийлөгчөөр сонгогдсон байв. Зургадугаар сард тэр капитализмын хамгийн дээд тахилын өргөө болох Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээр арилжаа эхлэх хонх цохисон юм. Дараа нь Нью Йорк Таймс сонины газраар дайран ярилцлага өгөхдөө өөрийгөө хариуцлагагүй популизмаас зай барьдаг хүн хэмээн танилцуулав. Тэр өөрийгөө үзэл сурталч биш, харин ч өр, зогсонги байдлаас улс орноо аврах гэж байгаа хүн мэтээр ярьж байлаа. 

Нүүрэнд нь ямагт инээмсэглэл тодрох ба үгс амнаас нь ус шиг л урсах бөгөөд ядуусыг энэрсэн сэтгэл нэвт шувт харагдана. Венесүэл дэлхийн газрын тосны чамгүй нөөцөн дээр сууж байгаа хэр нь улсад нь баян, ядуугийн зааг улам нэмэгдэж байгаа ажээ. Үүнийг өөрчлөх болно гэж тэр амлаж байв. Газрын тосноос олсон мөнгөөр ядуу айл өрхүүдэд тусламж түгээнэ. Хүнс хоол, орон байр, эрүүл мэнд, ажлын байр, сургуулиудыг сайжруулна. Үндэсний эдийн засгаа солонгоруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төрийг ард иргэдийнхээ зарц нь болгоно гэнэ. Чавэсаас дутахгүй ярьдаг Клинтон Чавэсын ярианд бүр автсан байв. Ямар ч байсан энэ залуу удирдагч асуудал шийдэх юм байна, өнгөрсөн алдаанаасаа суралцан, одоо дэлхий дахины хүндлэл, дэмжлэг хүсч байгаа юм байна хэмээн бид бодов. 

Уго Чавэсийн эцэг эх хоёул багш баййснаас ч тэр үү  мань хүн багаасаа улс төр, яруу найраг их уншдаг байв. Хөдөө өссөн, зурах авьяастай, дуулах дуртай, бусадтай нөхөрлөхдөө амархан, бэйсболд мундаг. Спортын чиглэлээр явах сонирхолтой байсан ч арван долоон настайдаа цэрэгт явжээ. Бэйсболчин болно гэж мөрөөдөж байсан ч удалгүй винтов үүрэн параданд алхаж, хуарангийн амьдрал сайхан санагдах болсон тул цэргийн түүх уншиж эхлэв. Энэ үед том ах Адан нь нийгмийн дэвшилтэт үзэлтнүүдтэй нөхөрлөж эхэлсэн тул нийгмийн амьдралыг ч сонирхож эхлэв. Латин Америкийн эхэн үеийн хувьсгалчдын түүх түүнд сайхан санагдах болсноос тийм бослого хөдөлгөөнийг удирдах талаар ч мөрөөддөг болов. 

Испаниас ирсэн анхны аялагчид нуур тойрон амьдрагчид байшингаа хөлөн дээр барьдгийг нь гайхан бишрэн “Бяцхан Венец” хэмээн нэрлэдэг байснаас Венесүэл хэмээх нэр үүсчээ. 1821 онд Симон Боливар тус улсыг Испанийн дарангуйллаас чөлөөлсөн бөгөөд түүнээс хойш Латин Америкийн хамгийн тогтвортой бүгд найрамдах улс болсон ба газрын тос, мисс хүүхнүүдээрээ алдартай. Хоёр том нам ээлжлэн сонгуулиар гардаг ба ямар ч том дуулиан болж асуудал хурцатдаггүй байв. 1970-аад оны төгсгөлд тус улс бүс нутагтаа л баян ба иргэд нь боловсрол сайтай, баян, ядуугийн зааг тийм ч их биш байлаа. 

1998 он шинэ хүн ерөнхийлөгч болоход тун тааламжтай жил байв. Санал өгөгчид өөрчлөлт шаардаж байсан бол Чавэс чухам яг түүнд нь таарсан эрч хүчтэй гадны хүн байлаа. Тэр өөрийгөө гэхдээ социалист гэж нэрлэж байгаагүй. Бүр сүүлд л тэгсэн юм. Оронд нь тэр өөрийгөө ажилчид, гэрийн үйлчлэгчид, тариачид, тогооч зэрэг дуу хоолой нь төдий л сонсогддоггүй байсан хүмүүсийг өмгөөлж буй эх оронч хэмээн тодотгосон. Энэ нь олонд таалагдсан агаад тэр шинээр улс төрд хөл тавьж буй хүн гэхэд сонгогчдоос 56 хувийн санал авсан юм. 

Албан тушаалаа авмагцаа л тэр тахиагаа зумлаж эхлэв. Эрх мэдлээ ашиглан илүү их эрх мэдэлд хүрэх саадуудыг зайлуулав. 1999 оны 4-р сард тэр бүх нийтийн санал асуулгаар тусгай чуулган зарлан шинэ Үндсэн хууль батлуулав. Шинэ Үндсэн хууль ерөнхийлөгч таван жил төр барих эрхтэй байсныг арван хоёр жил болгон сунгаснаас гадна сенат гэдэг байгууллага байхыг цуцлан, Чавэст зэвсэгт хүчнийхнийг өөрийн хүссэнээр томилох эрх мэдэл өгөв. Шинэ ерөнхийлөгч ажлаа асар эрч хүчтэй авав, бас хонзонтой. Тэр нь багадаа ядуу байснаас нь улбаатай болов уу. Гэсэн ч түүнээс ч олон венесүэлчүүд түүнээс хүнд хэцүү амьдрал туулсан. Магадгүй тэр зүгээр л уншсан ном, ажигласан зүйлсээсээ болоод тийм болсон байж магадгүй. 

Чавэсын уур хилэн амжилтад нь саад болох ёсгүй байсан юм. Линколн, Сюзан Б.Антони, Ганди, Кинг, Хавэл, Мандэла зэрэг улстөрчид зүй ёсны дургүйцэл, хилэнгийнхээ ачаар олон жилийн эргэлзээ, хүнд бэрхийг даван гарсан. Гэсэн ч хүн бүхэн уур хилэнгээ хянаж чаддаггүй бөгөөд дураар нь орхих юм бол том боломжийг том бүтэлгүйтэл болгон хувиргадаг. Ажил авсан анхныхаа жилүүдээд Чавэс венесүэлчүүдээс хангалттай их дэмжлэг авч байсан. Венесүэлчүүдийг нэгтгэн, эв нэгдэлтэй болгож чадах байсан. Гэсэн ч тэгэхийн оронд тэр улс орныхоо нэг хэсгийнхнээс нь алга ташилт сонсохын тулд нөгөө хэсгийнхнийг нь доромжлон муулсан. Тэр үед Чавэсаас ярилцлага авсан Колумбын зохиолч Габриэл Гарсиа Маркэс “Түүнтэй ярих хоёр өөр хүнтэй ярилцаж буй мэт. Нэг нь улс орноо аврах хувь тавилан хүлээн авсан хүн бол нөгөөх нь түүхэнд дарангуйлагч болон үлдэх тийм хүн байлаа”.

Чавэс бусдыг татах чадвараа хэзээ ч алдаагүй. Гагцхүү бусдыг татахаас түлхэхийг илүүд үзсэн юм. Хуучин шархыг анагаан, дэмжигчдийнхээ бааз суурийг тэлэхийн оронд тэр баячуудыг олигархиуд, эрхийн тэнэгүүд, халаасны хулгайч, гахай, бизнес эрхлэгчдийг цус сорогчид, өт хорхойнууд, Ромын католик санваартнуудыг гаж донтнууд гэж муулсан. Билл Клинтон бид хоёртой эв найртай уулзсан хэрнээ салаад явмагцаа АНУ-ыг ямар ч шалтгаангүйгээр дайрч доромжилдог байлаа. Магадгүй Хаванагаас олсон шинэ багш болох Фидэл Кастродоо таалагдах гэж тэр биз. 

2002 оны дөрөвдүгээр сарын 11-нд сөрөг хүчнийхэн нь түүнийг зайлуулах гэж оролдов. Хэдэн зуун мянган дунд давхаргынхан хоолны саваа гартаа барин нүдэж, дуулж, ерөнхийлөгчийн ордон руу алхацгаав. Цус асгаруулсан хэрэгт холбогдохыг хүсээгүй армийнхан цэрэг хөдөлгөхөөс татгалзав. Хамгаалалтын цэргүүд жагсагчид руу нулимс асгаруулах хий цацав. Тэгснээ дараа нь байлдааны сумаар буудсанаас хорь гаруй хүн алагдаж олон хүн шархтав. Цус урсаж буй зураг хэвлэл мэдээллээр цацагдсанаас ерөнхийлөгчийг огцор гэсэн шаардлага улам ширүүслээ. Ордондоо түгжигдсэн ч, буудалцан тэндээсээ гарах сонирхолгүй байсан тул Чавэс буулт хийв. Оронд нь тэр өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь аюулгүйгээр Куба руу очиход саад болохгүй гэсэн амлалт авав. Ийнхүү гарцаа зохицуулсныхаа дараа тэр нисдэг тэргээр тэнгисийн цэргийн бааз руу очсоноо, тэндээс нэгэн арал руу очив. Асуудалд орохгүй гэсэн баталгаа авсан ч гэсэн эх орондоо удвал шүүхэд дуудагдах юм уу буудуулах аюултай байлаа. Ийнхүү түүнийг зугтаж байх үед босогчид баяраа тэмдэглэж эхлэв. Нэгэн бизнес эрхлэгчийг түр засгийн газрын тэргүүнээр томилсонд өнөөх нь үндсэн хуулийг түдгэлзүүлэн, найз нөхөддөө албан тушаал амлаж эхлэв. 

Босогчид гэхдээ зорилгодоо бүрэн хүрээгүй л байлаа. Бүрэн хүрэхийн тулд хангалттай их цэргийн дэмжлэг, хангалттай их олон нийтийн дэмжлэг шаардлагатай байв. Аль аль нь хангалттай байсангүй. Түүнчлэн тэд хоорондоо зөрчилдөөд эхэлсэн байлаа. Энэ зуур Чавэсыг дэмжигч офицерууд өөрсдийн хуйвалдааныг зохион байгуулж эхлэхтэй зэрэгцэн Чавэсын намынхан, тариачид хөдөөнөөс Каракас руу алхаж эхлэв. Цаг өнгөрөх тусам улам их хүн цугларч, шинэ засгийн газар түгшиж эхлэв. Давалгаа буцан татарч байгааг харсан сөрөг хүчнийхэн цагаан тугаа босгов. Чавэс халагдах өргөдлөө буцаан авч, итгэлтэй хүн олон цэргийн нисдэг тэргээр ордондоо буцаж ирэн Венесүэлийн дайснуудыг дахин муулж эхлэв. 

Уго Чавэс ардчиллын бэлгэ тэмдэг ч байсан, бас түүнд заналхийлсэн аюул ч байсан. Ерөнхийлөгч болсныхоо дараа тэр шүүхийг илүү бие даасан болгох гэж оролдсон. Үүнийг нь олон хүн шагшин сайшаасан. Гэвч дараа нь, шүүх түүний эсрэг шийд гаргаад эхлэхээр нь тэр шүүгч нарт халаа солио хийн, өөрийнх нь үгээр байдаг шүүгч нарыг томилсон. Дараагийн жилүүдэд нь тэр төрийн аппарат доторх өөрийнх нь эсрэг хүмүүстэйгээ тэмцсэн. Дуулгавартай бусуудыг нь солив. Дараа нь өөрийг нь дэмждэг, сөрөг хүчнийхнийг муулан дайрдаг улс төрийн хөдөлгөөн эхлүүлэв. Хувийн хамгаалалтын бүлэг байгуулав. Танхайчуудын бүлэг гэж бараг болно доо. Түүгээрээ сөрөг хүчнийхнээ айлган сүрдүүлэв. Өөрөөс нь өөр үзэлтнүүдийг тэр эрх чөлөөнд аюул занал учруулагч хэмээн нэрлэх бөгөөд намын чиг шугамаас нь хазайсан ТВ, радио станцуудын эрхийг цуцлав. Муссолинигийн нэгэн адил тэр улс төрийг жүжиг мэт тоглодог байв. Өөрийн хийсэн бүхнээ сайрхана, хийх гэж буй зүйлээ онгирон ярина. Сонсогчид, үзэгчдээр өөрийгөө магтуулна, тэгээд эцэст нь ядарч цуцсан үзэгчид нь “Эх орон, социализм, эсвэл үхэл” гэсэн уриаг хашгирцгаана. 

Чавэс үгээ үйлдлээрээ харуулах гэж хичээдэг байв. Тэр хийдэг хүн байсан. Улс төрийн процессыг өөрт таатай тийш хазайлгах гэж оролддог байсан. Гэхдээ ганц энэнээс болж тэр дахин дахин сонгогдсон юм биш. Өөр бас гурван шалтгаан бий. Сөрөг хүчнийхэн нь хоорондоо зөрчилтэй байсны дээр газрын тосны үнэ тэр үед өндөр байснаас амласан амлалтынхаа нэлээдийг биелүүлж чадсан. Түүнийг ерөнхийлөгч байх үед венесүэлчүүд илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж, бензин шатахуун, хүнсний үнэ бага байж, илүү их цалин авч, илүү гоё байр сууцанд орцгоосон. Үүнээс гадна, тэр хамгийн ядуу дорой хүмүүсийг хүртэл Венесүэл орны нэг хэсэг шүү гэдгийг мартаагүй. Тэр шууд хүмүүст зориулж үг хэлж, тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулж, тариачид, ажилчдыг ферм, хоршоо, үйлдвэрийн шийдвэр гаргалтад оролцуулж, өөрийнх нь төлөө санал өгөөрэй гэж уриалж, энгийн хүмүүсийн хүсэлтэнд хариу өгч, үр хүүхэд нь ямар байгааг асууж, юу ярихыг сонсдог байв. 

Тэрхүү чинээлэг цаг үед Чавэс ядуустаа мөнгө өгөөд зогсохгүй Куба, Аргентин, Никарагуа, Эквадор, Боливи, тэр бүү хэл Нью Йоркийн өмнөд Бронкс дүүргийнхэнд туслах хандив тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэн, тэдэнтэй нэг өглөөг дэрсэн малгай тавин сальса бүжиглэж өнгөрүүлсэн юм. Төр өөр юу ч хийдэггүй, зүгээр л юм тараадаг байсан бол энэ үлгэр ингээд амар сайхандаа жаргахсан. Чавэсыг олон хүнд таалагдуулсан зүйл нь түүний хэмжээ хязгаараа мэдэхгүй байдал. Тэр дэмжигчиддээ яг л өвлийн өвгөн шиг хандаж байлаа. Гэвч ерөнхийлөгч гэдэг бол Санта Клаус биш тул математикийн хатуу хуулинд баригдахаас аргагүй. 

Чавэс бүтэлгүй төслүүдэд асар их мөнгө зарцуулснаас гадна газрын тосны компани удирдаж, бизнес эрхэлж, ферм ажиллуулж, шүүх системээ хэвийн байлгахад мэргэжлийн хүмүүс хэрэгтэй гэдгийг ойлгоогүй. Удирдагч хүн хүнсний дэлгүүр, цахилгаан барааны худалдагчдыг бүтээгдэхүүнээ хямд зар гэж тушаан өөртөө нэр хүнд олж авч болох юм. Гэлээ ч дэлгүүрийн лангуун дээрээс хүнс, бараанууд алга болохын хамт түүнийг уухайлан дэмжиж байсан дэмжлэг бас алга болдог. Сайд нар, цагдаагийн газрын дарга нарыг бууруулсан цалингаар ажилла гэж тушааж болох юм. Гэсэн ч ингэх нь эцэстээ ур чадваргүй хүмүүс албан тушаалд гарах юм уу хээл хахууль газар авахад нөлөөлдөг. Газрын тосны орлогоор улсынхаа эдийн засгийг тэтгэнэ гэдэг үнэ өндөр байх үед л байж болох зүйл. Үнэ навс унахад, хямралыг хөнгөвчлөх санхүүгийн нөөц байхгүй бол аймшигтай үйл явдал тохиолдох болно. Эвитагийн фэнүүдийн харуулсанчлан мөнгө орж ирж байх үе, мөнгө гарч байх үеийн хүмүүсийн араншин шал өөр байдаг. 

Чавэс Венесүэлд асар гүн өөрчлөлт хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ тэр амласан бүхнээ биелүүлээгүй. Нас барах үед нь тус улсын чинээлэг мэргэжилтнүүд өөр улс руу явсан байсан бөгөөд тэдний тансаг ресторан дахь суудлууд дээр валютын ченжүүд, контрбандчид, хар тамхины худалдаачид, албан ёсны эрхтэй хулгайчууд сууж байлаа. Өмнө нь төлөвлөлтийн яамны сайд байсан хүн Чавэсыг эрх барих үед Венесүэлийн газрын тосны орлогын гуравны нэг нь хулгайлагдах юм уу алдагдсан гэсэн юм. Чавэс Цагаан ордоныг муулан, тэднийг сэжиглэдэг зангаараа тус улсад үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаныхныг хөөн гаргасан. Ингэснээр тус улсад орж ирдэг кокайны хэмжээ гурван жилийн дотор тав дахин нэмэгдсэн. Чавэс үйлдвэрчний эвлэлийг дэмждэг байлаа. Гэсэн ч ажил хаялтууд болоод эхэлмэгц тэр өмнөх үйлдвэрчний эвлэлийн найз удирдагчдаа шоронд хийсэн. Дагалдагчдаасаа ухамсартай байхыг шаардаж байсан ч тус улсын нийслэл Каракас гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлэгч хот болсон бөгөөд тус хотод очих нь Багдадад очихоос ч илүү аюултай. Чавэс насаараа ерөнхийлөгч байна гэж санаархаж байсан ч өвчнөөс болоод санаархлаа хэрэгжүүлж амжаагүй. Нас барах үедээ тэр Венесүэл орныг 1999 онд төрийн эрх авах үеийнхээсээ илүү ядуу болгосон байлаа. Түүнийг залгамжлагч Николас Мадуро өмнө нь автобусны жолооч байсан үйлдвэрчний эвлэлийн толгойлогч бөгөөд Чавэсын бүх дутагдлыг өвлөсөн ч, аль ч сайн талыг нь өвлөөгүй. 

Мадуро булиа биетэй, ооч сахалтай нэгэн. Түүнд Чавэсынх шиг цэцэн билиг, бусдыг өөртөө татах чадвар, газрын тосны их орлого байгаагүй. Эдийн засаг хүндэрч эхлэх үед тэр төрийн залуурыг авсан ба улмаар улс орноо их сүйрэл рүү залсан. Улсынхаа өрийг дарахын тулд тэр сангийн нөөцөө шавхав. Нөөцгүй бол Венесүэл гаднаас бараа импортолж чадахгүй шүү дээ уг нь. Импорт байхгүй бол өргөн хэрэглээний бараагүй болно. Мөнгө босгохын тулд тэр цаасан мөнгө нэмж хэвлэв. Ингэснээр тус улсын мөнгөн дэвсгэрт Боливарын ханш бараг 0-тэй тэнцэв. Инфляц нь дэлхийд рекорд тогтоов. Үгүйрэл гуйранчлал хаа сайгүй. Цалин, тэтгэвэр хүмүүсийн хэрэгцээг хангаж дийлэхээ болив. Ганц ширхэг оо долоо хоногийн цалинтай тэнцэв. Өлсгөлөн газар авлаа. Ширхэг толгойны эм хайгаад хэдэн ч эмийн сан орсон олохоо болив. Цалингийн доод хэмжээг удаа дараа нэмсэн ч инфляцыг гүйцэхээ больсон ба иргэд нь хөрш Колумбаас найм дахин бага цалинтай болов. Кофе, эрдэнэшиш, будааны үйлдвэрлэл 60 хувиар буурав. Малын тоо 30 хувиар буурав. Арав гаруй жил хувийн хэвшлийнхнийг доош нь хийснээс тэд одоо иргэдийнхээ наад захын хэрэгцээг хангаж дийлэхээ больжээ. 

2017 оны эхээр уурссан иргэд гудамжинд гаран Мадуро огцор хэмээн лоозон барин жагсав. Ингэхдээ тэд мотоциклын дуулга өмсөж, хөлдөө картон цаасаар шилбэний хамгаалалт хийн өмсөж, улсынхаа далбааны шар, улаан, цэнхэр өнгөөр будсан бамбай барьсан байлаа. Ерөнхийлөгч алдаагаа хүлээн зөвшөөрч, улс орноо эвлэрүүлэн нягтруулах бодлого баримталсан бол хямрал арай гайгүй өнгөрөх ч байсан юм бил үү. Тэгсэн бол хөрөнгө оруулагчид тус улсын нөхцөл байдлыг шинээр харан, бүс нутгийнхан нь, олон улс тусалж магадгүй л байсан байх. Гэвч ийм буулт хийх нь Мадурогийн хувьд байж болшгүй зүйл аж. Тэр Чавэсын хувьсгалч зорилгоос ухрахгүй гэсэн бөгөөд 2017 оны долдугаар сард бүх нийтийн санал асуулгаар парламентыг халан, оронд нь намынхнаасаа бүрдсэн чуулган байгуулах гэж оролдов. Тэднүүс нь Чавэсын өмнө боловсруулсан Үндсэн хуулийг солих ажээ. Мадурогийн удирдлагаар бусад намуудыг хориглосны зэрэгцээ зарим сөрөг хүчнийхнээ шоронд хийж, цөлөв. Хүмүүс гудамжинд гарч жагсахад цагдаа нар гал нээн 120 гаруй хүнийг алж, олон мянган хүнийг шоронд хийв. Аюулгүй байдлыг хангахын тулд төрийн байгууллагын гол албан тушаалуудад өөрт үнэнч цэргийн хүмүүсийг томилсон ба тэднээр газрын тосны үйлдвэрлэл, хүнс хоолны түгээлтийг хянуулав. 

Улсад нь учирсан бэрхшээлийн хариуцлагыг хүлээхээс тэр татгалзсан. Түүнийхээр тэр бүх хүндрэл хорлон сүйтгэгчид, төрийн эргэлт хийх гэсэн хүчнүүдээс болсон бөгөөд тэднийг нь АНУ санхүүжүүлж байгаа ажээ. АНУ-ыг шүүмжилсэн дээрх шүүмжлэлийг өмнөх удирдагчид тоодоггүй байсан бол Трамп харин гольф тоглож байх үедээ, тэгээд байвал Венесүэл рүү цэргийн дайралт хийнэ шүү гэж мэдэгдсэнээс болоод түүнд АНУ айлган сүрдүүлж байна гэж зарлах шалтаг өгсөн юм. Үүнийг ашиглан тэр Төв Америкчуудаас дэмжлэг авах юмтай болсон. Тэгээд ч АНУ Төв Америкийн дотоод хэрэгт хутгалдаж байсан сөрөг түүхтэй тул энэ нь үндэстэй. 

Венесүэлийн түүхээс харахад ардчилсан удирдагчид хэлсэндээ хүрэхгүй байснаас болоод эдийн засаг, нийгмийн байдал мууддаг бөгөөд ийм үед зальжин хүмүүс төрийн эрхэнд гарах амархан болдог ажээ. Уго Чавэс зүгээр нэг шоучин байгаагүй. Тэр ардчиллын захад хаягдсан хүмүүсийг төлөөлөн гарч ирсэн юм. Тэд нар нь түүнийг өндөр албан тушаалд аваачиж тухлуулж, улаан подволк, бэйсболын малгай өмсөн түүнийг дэмжиж, сонгуульд ялахад нь баярлан хөөрч байсан. Гэсэн хэдий ч XXI зуунд засаглах илүү ухаан шаарддаг болсон байна. Хүндрэл учирч эхлэх үед тэр ардчилсан арга барилаасаа хазайн, өөрт байгаа эрх мэдлийг ашиглан өөрийг нь дэмжигчид, өөрийг нь эсэргүүцэгчдийн хооронд гадас зоон улам ангайлган, зөрөлдүүлсэн. Энэ ухаалаг алхам биш ч хамгийн хялбар алхам байж. 

Чавэс улс орон болон бүс нутгийнхаа түүхэнд Боливартай зэрэгцэхийг мөрөөддөг байв. Энэ хүслээсээ болоод тэр фашизмын хаяанд очиж буусан. Тэгвэл дэлхийн бөмбөрцгийн нөгөө хагаст Чавэсынхтай төстэй мөрөөдөлтэй, төстэй нөхцөл байдалд орсон өөр нэг хүн бас байна. Тэр бол Түрэгийн ерөнхийлөгч Эрдоган.

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 4 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 45 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top