УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга улсын төсвөөр баригдаж байгаа, ирэх оны 12-р сард ашиглалтад орно. 14-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрт илрүүлгийн оношлогооны төвийн барилгын ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 13-р хороонд Хайлааст салбар амбулаторийн барилга Цагаан сараар ашиглалтад орох юм байна. Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцлов.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар "Ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгнө. Хамгийн түрүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт хангалттай барилга байгууламж баригдаж байна. Гэтэл тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс зүгээр л барилга хүлээж авах нөхцөл үүссэн. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байна. Ашиглалтад орох барилга, байгууламжтай зэрэгцээд тоног төхөөрөмж, хүний нөөцийн бодлогыг уялдуулах шаардлага байна” гэв.
УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү:
-"Эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага, зөрчил нэмэгдэж байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Эхний ээлжид эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. ЦХИХХЯ-ны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэргэжилтнүүд аудит хийж, эрсдэлийг нь тодорхойлно. Эрүүл мэндийн салбарын цахимжилт дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтарч ажиллана. Систем гацах, серверүүдийн асуудлыг харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрнэ” гэв.
Чингэлтэй дүүргийн 10-р хороонд АХБ, ЭМЯ, НЗДТГ, ЧДЗДТГ-аас “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлүүлсэн. Барилгын ажил 2025-2027 онуудад үргэлжлэх юм байна. Гэвч томуугийн улиралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу, хүүхдийн хоёр тасагтай ч хүрэлцдэггүй байна. Тиймээс ид ачааллын үед Уламжлалтын тасгаа хааж, оронд нь хүүхдийн тасгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Хүүхэд эмчлэх нийт хүчин чадлаа нэмэгдүүлж, 150 ортой болсон ч ачаалал буурахгүй хэвээр байна.