Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш зургаа дахь сардаа ороод явж байна. УИХ-ын сонгуулиар бүрэн хэмжээний ялалт байгуулсан (53 хувийн санал авч) МАН-ын дарга цөөнх болсон АН, ХҮН-ыг танхимдаа урьж ажилуулсан шалтгаан нь эдийн засгаа тэлэх, том төслүүдээ хөдөлгөх явдал байв.
Монгол Улс 2010 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалты гэрээнээс хойш гаднаас нэг ч дорвитой хөрөнгө оруулалт татаж чадаагүй, энэ тал дээр нэгдсэн бодлоготой явж чадсангүй. Тэр ч байтугай арай гэж оруулж ирсэн хөрөнгө оруулагч талтайгаа удаа дараагийн маргаан үүсгэж, сүүлчийнх нь Лондоны арбитр дээр очоод гацчихсан байх жишээтэй.
Гэх мэтчилэн “хөрөнгө оруулаач ээ” гэж явахаасаа өмнө хөрөнгө оруулагч нарын итгэлийг олж авах, үүний тулд одоо байгаа төслүүдээ элдэв маргаангүйгээр хөдөлгөх, үргэлжлүүлэх, олон улсын тавцанд “Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлгүй” гэдэг итгэл, үнэлэмжийг бий болгох нь эхний асуудал болчихоод байгаа. Аз болоход юу байхав, аргагүйн эрхэнд энэ тал дээр хамтарсан Засгийн газар үг, үзлээ нэгтгэж байгаа бололтой.
Товчхондоо Засгийн газар олон жил сунжирсан том төслүүдтэй холбоотой маргаануудаа эцэслэхээр болж байгаа юм байна. Ингэж чадвал Монгол Улсад итгэл алдраад байсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах боломж байна гэж үзсэн байна.
Тодорхой хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Алтангэрэл нар ажлын хэсэгт багтсан байна.
Шинэ ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаанаас гадна “Оюутолгой” ХХК-тай үүсгэсэн маргаан, Лондоны арбитр дээр байгаа шүүхийн асуудлыг ч бас эцэслэх үүрэг хүлээжээ.
Сануулахад, Монголын улсын татварын байгууллага “Оюутолгой” ХХК-д 1,2 их наяд төгрөгийг татварын акт тавиад тав дахь жилдээ явж байна. Татварын байгууллагаас тавьсан актыг компани хүлээн зөвшөөрөөгүй тул Лондоны арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Маргалдагч талууд хоёр талаас өөр өөрсдийн нотлох баримтыг гаргаж өгч, шүүхийн хэлэлцүүлгийг зогсоох, хойшлуулах байдлаар таван оныг үдсэн байдаг юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард хөрөнгө оруулагч тал “Шүүхийн маргаан сэргэсэн ч гэлээ асуудлыг хэлцлийн замаар шийдвэрлэх боломжтой. Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, хураамж, төлбөрийг холбогдох татварын хууль болон 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын орчинд заасан хүрээнд цаг хугацаанд нь хариуцлагатайгаар бүрэн төлсөөр байх болно” хэмээн мэдэгдсэн байдаг. “Төлсөөр байх болно” гэдэг нь “төлж байсан шүү” гэдэг санааг давхар илэрхийлж байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын хувьд татварын байгууллагаас тавьсан акт хэр үндэслэлтэй байсан бэ? гэдэг дээр эргэж харах ёстой байсан байх. Ялангуяа Оюутолгойн 34 хувийн хөрөнгө оруулалтын зардалд зориулж авсан хүүтэй зээлээ хөрөнгө оруулагчдаар гаргуулж, өр төлбөрөө бүрэн тэглүүлсний дараа...
Тиймээс ч гэсэн хөрөнгө оруулагч талын энэ байр суурийг хүлээж аваад хэлэлцээрийн ширээнд суухыг санал болгож байгаа юм байна. Үүний гол зорилго нь 2025 оны гуравдугаар сард Канадын Торонто хотод PDAC (Канадын хайгуулчид ба хөгжүүлэгчдийн холбоо)-ын форум. Форумын үеэр Монголын Засгийн газар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нартайгаа үүссэн маргаануудыг дуусгавар болгосноо зарлах зорилготой. Ингэж чадвал Монгол Улсын хувьд гадагшаа оноо авах, хөрөнгө оруулагч нарыг урих боломж, бололцоо ч нэмэгдэнэ гэсэн үг.
“Дотоодын” гэдэгт мэдээж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж асан “Монголын зэс” корпарацитай холбоотой маргаан орж байна.
Сануулахад, “Монголын зэс” корпараци нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” компаниас 2016 онд худалдаж авсан. “Ростек” компани гадаад дахь хувь эзэмшлүүдээ зарж эхлээд байсан тэр үед Монголын Засгийн газарт 49 хувиа зарах санал тавьсан авч манай тал татгалзсан. Татгалзсан шалтгаан нь ердөө төрийн өмчийн хувь эзэмшлийг тэлэхгүй байх, төсөвт хэмнэлт хийх, илүү ачаалал авахгүй байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих.
Гэвч 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан УИХ, Засгийн газрын шийдвэрээр “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байсан 49 хувийг 2017 онд төрийн өмчид хураан авсан ба энэ үйлдэл нь хууль зүйн хувьд зөвтгөх боломжгүй үйлдэл болсон билээ.
Хувьцаа эзэмшигч тал УИХ-ын тогтоолыг үл зөвшөөрч, бүх шатны шүүхээр явж, эцэст нь Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан боловч үйлдвэрийг 49 хувийг төрийн өмчид хураан авсан УИХ-ын тогтоол нь “Үндсэн хууль зөрчөөгүй” гэдэг дүгнэлт гарснаар мухардалд орсон байдаг.
Цэцийн шийдвэр гарсны дараа Засгийн газар “Монголын зэс” корпорацитай хэлцэл хийж, “Ростех” компанид төлсөн 400 сая ам долларыг “Монголын зэс” корпорацид нөхөн төлөхөөр болсон авч тэр үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй яваа. Энэ нь Монголын төр хувийн өмчийг хуульгүйгээр (улс төрийн шийдвэрээр) дээрэмдэн авсан анхны тохиолдол ч байж магадгүй. Ардчилал, зах зээлд шилсэнээс хойш анх удаа гэх ёстой болов уу.
Тиймээс худалдан авах ажиллагаанд тухайн үеийн Засгийн газар оролцоогүй нь хувийн компаниас хариуцлага нэхэх шалтгаан биш гэж үзээд хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөрийг өгөхөөр болсон байдаг. Гэвч өмнөх Засгийн газрууд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна.
Энэ мэтчилэн найм дахь жилдээ үргэлжилж байгаа энэ маргааныг эцэслэж, “Монголын төр хувийн өмчийг хуульгүйгээр хураадаг” гэдэг имижийг засч залруулах нь хамтарсан Засгийн газрын бараг эхний асуудал болоод байна. Тэгж байж дотоодын хөрөнгө оруулагч нар ч гэсэн айж эмээхгүйгээр зах зээл дээр гарч, өрсөлдөөнд оролцож чадна. Дотооддын хөрөнгө оруулагч нараа хамгаалж байж гадаад хөрөнгө оруулагч нарын ч гэсэн итгэлийг хүлээнэ. Монгол Улсад хөрөнгө оруулах нь ямар ч эрсдэлгүй, хууль эрх зүйн орчин нь тогтвортой, аль нэм эрх барихаас шалтгаалаад савлаад байдаггүй, тогтвортой бодлоготой төр улс байна аа гэдэг итгэлийг олох.
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үг ийм учиртай…
Б.СЭМҮҮН