x

А.Баттамир: Төр мэдээллээ нээлттэй болговол шинэ бизнесүүд төрнө

“Ардчилал таймс” сонины “Зочин сурвалжлагч” буланг нээж анхны зочин сурвалжлагчаар “Айтүүлс” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир ажиллажээ. Зочин сурвалжлагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал асан С.Төмөрхүүг анхны ярилцагадаа урьсан байна. С.Төмөрхүү эрчим хүчий үйлчилгээнд мэдээллийн технологи нэвтрүүлж, my.tog.mn цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн, ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн, дуудлагаар шуурхай үйлчлэх гялс системүүдийг хэрэглэгчдэд санал болгосон.

Зохиогчийн зөвшөөрлөөр ярилцлагыг нийтлэв.

С.Төмөрхүү: Сүүлийн үед танай чиглэлээр сонин сайхан юу байна. Уншигчдад шинэ сонин дуулгаач?

А.Баттамир: Нэг хэсэг “Шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжиж байгаа өнөө үед” гэж ярьцгаадаг байлаа шүү дээ. Тэр яригдаад байдаг хурд ч удаан гэхээр маш их өөрчлөлт явагдаж байна. Энэ өөрчлөлт зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтээрээ өрнөж байна. Мэдээллийн технологид суурилсан маш олон шинэ бизнес бий болж байна. Монголд байгаа мэдээллийн технологийн компаниуд ч завгүй ажиллаж байна даа. Энэ нь бизнесийн үнэт зүйл дэлхий даяар өөрчлөгдөж байгаатай холбоотой. Хуучин газрын тос, металлууд үнэт зүйлд тооцогддож байсан бол одоо өгөгдөл мэдээлэл бизнесийн үнэт зүйл болж байна. Үүнтэй холбоотойгоор мэдээллийн технологийг заавал байх ёстой зүйл, бизнесийн хурдасгуур гэж бүх л салбарт үздэг болсон. Энэ үзэл компаниуд бизнес эрхлэгчдийн толгойд сайн суусан. Нэг хэсэг ярьдаг ч нэвтрүүлж чаддаггүй байлаа. Монголд франчайзаар орж ирж байгаа Имарт, Сиркл K, KFC зэрэг гадны сүлжээнүүд бүгд мэдээллийн технологийг их хэрэглэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн байдаг. Хүчтэй өрсөлдөх чадвартай компаниуд ороод ирэхээр үндэсний компаниуд үүнийг дагаж хөгжих хандлага байна. Ийм л өөрчлөлтөөс хоцорчихгүй гэж хичээж байна даа. 

- Монголд байгаа сүлжээ дэлгүүрүүдээс танай компанитай хамтарч ажиллах санал ирж байгаа юу?

А.Баттамир: Байлгүй яах вэ. Одоогоор “Айтүүлс” 6000 орчим байнгын үйлчлүүлэгчтэй. Дата төвийн хувьд хамтарч ажиллах санал олон ирдэг.  Яагаад гэвэл энэ компаниуд өөрсдөө дата төв байгуулвал зардал өндөртэй. Тийм учраас бэлэн, сайн дэд бүтцийг ашиглаад, хөгжүүлбэл анхны хөрөнгө оруулалт, урсгал зардал ч хямд тусдаг. Энэ чиглэлээр олон газрууд хамтран ажиллаж байгаа. Цаашид ч хамтран ажиллахаар ярилцаж байгаа шүү.

С.Төмөрхүү: Бизнесийн үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөж байна гэлээ. Үл хөдлөх хөрөнгө алт, зэсээс илүү мэдээлэл өөрөө үнэт зүйл болоод мэдээлэлтэй хүн давуу байдалд ордог, мэдээлэл нь өөрөө үнэт зүйлд хувирдаг, мөнгөн утганд шилжиж болдог болчихоод байна л даа. Энэ талаар яриач?

А.Баттамир: Нэг жишээ хэлье. Дэлхий даяар 12 мянган салбартай Wallmart гэж сүлжээ дэлгүүр байдаг. Тэд wallmart.com сайтаараа бас бараагаа зардаг. Гэхдээ интернэт худалдаагаа бараа зарахаас илүүтэйгээр мэдээлэл цуглуулах хэрэгсэл гэж үздэг юм билээ. Уламжлалт дэлгүүрээр үйлчлүүлэхэд худалдан авагчийн талаар нэг их мэдээлэл үлддэггүй бол интернэт худалдаанд маш их мэдээлэл үлддэг. Хаанаас ямар төхөөрөмж ашиглан орж байгаагаас авахуулаад юу үзэж сонирхоод ямар бараа авав гэх мэт. Ингэж худалдан авагчдынхаа мэдээлэлд тулгуурлаж, барааны өрөлт, татан авалт, тээвэрлэлт гэх мэт үйл ажиллагаагаа сайжруулан хөгжүүлэхэд түлхүү анхаардаг онцлогтой. Үүнээс гадна хэрэглэгчдийн мэдээллийг боловсруулаад, хэрэглэгчид нь юу хүсдэг, манай ямар үйлчилгээ таалагддаг, цаашдаа юу хийх хэрэгтэйг олж мэддэг. Wallmart энэ мэдээллээ боловсруулахад зориулж 250-иас дээш тооны серверийг ашигладаг том дата төвийг ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл дэлгүүр хүртэл технологийн компаниудаас дутахааргүй том дата төвтэй байгаа нь мэдээлэл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулж байгаа юм.

Манай монгол компаниуд ч бас үйл ажиллагааны автоматжуулалт хийгээд, хэрэглэгчдэдээ аль болох хурдан ойртох, хялбар байлгах, бизнесээ өртгөтгөх чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд маш их мэдээллийг “авдрандаа” цуглуулчихаад байгаа юм. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж үг бий. Авдран дотроо хэрэглэдэггүй, баахан мэдээлэлтэй байвал хайран. Одоо үүнийгээ үнэ цэн оруулж, ашиглах хэрэгтэй байна. Мэдээллийг ашиглаж, үнэт зүйл болгодог бизнесүүд эрчимтэй хөгжиж байгаа.

Өгөгдөл, мэдээлэл бол шавхагдашгүй баялаг. Мэдээлэл боловсруулахад дахиад шинэ мэдээлэл үүсдэг. Газар ухахад нүүрс багасдаг. Харин мэдээллийг ухаад байхаар улам нэмэгддэг. Боловсруулаагүй мэдээлэл их. Дэлхийн сүүлийн хэдхэн жилд бий болгосон мэдээллийг боловсруулах аргагүй их болчихсон. Ийм мэдээлэл дээр хиймэл оюун ухаан ашигладаг болж байна. Хиймэл оюун ухаан шинээр сэтгэж, хүн шиг аливааг бодож олдог биш харин хуучин мэдээлэл дундаас боловсруулсан боловсруулаагүй мэдээллээс өөрөө хайдаг. Саяхан Обама, Трампыг дайрч доромжилж байгаа бичлэг цацагдсан. Яг үнэндээ Обама тийм үйлдэл хийгээгүй. Гэхдээ Барак Обамагийн олон жилийн бичлэг, мэдээлэлд суурилаад хиймэл оюун ухаан түүнийг яаж ажилладаг, үгээ хэрхэн бэлтгэдэг, ийм үг хэлэхдээ толгойгоо гилжийлгэдэг, гараа ингэж хөдөлгөдөг гэх мэтээр бүгдийг судлаад, огт өөр хүн үгийг нь хэлээд, өөрөө хэлснээс нь ялгах аргагүй бичлэг хийж байна. Мэргэжлийн хүн ялгаж таних хэдий ч иймэрхүү бичлэгийг сонгуулийн үеэр ашиглавал юу болох вэ гээд халуун сэдэв болчихсон явж байна.

С.Төмөрхүү: Обамаг дууриасан тэр технологиор өөр нэг газар мэдээ уншуулж байна. Гурав хоногийн өмнө Хятадын мэдээллийн Синхуа агентлаг хиймэл хүнээр мэдээгээ уншуулж эхэлсэн.

А.Баттамир: Тийм шүү. Технологи энэ мэтчилэн нийгэм, эдийн засагт сайн нөлөөг, саар нөлөөг ч авчрах боломжтой.

С.Төмөрхүү: Сүүлийн үед хэн нэгний өмнөөс фэйсбүүкт хаяг нээгээд зургийг нь тавиад хэсэг хугацаанд өмнөөс нь хөтөлж байгаад, дараа нь ойр дотны хүн рүү нь мөнгө шилжүүлээч гэсэн мессеж явуулах жишээтэй. Мэдээллийн технологи гайхамшигтай ч буруугаар хэрэглэвэл сөрөг үр дагавартай. Хэрэглэгчдийн боловсролыг сайжруулахад анхаарах ёстой байх тийм үү?

А.Баттамир: Хүүхдэд хутга өгч болохгүй гэдэг нэг үг байдаг. Мэдлэггүй сайн хүмүүс ч бий, мэдлэгтэй муу хүмүүс бий. Үүгээрээ дамжуулж хүмүүсийг хохироодог, өөртөө давуу тал олж авдаг байдлыг хянахад хэцүү. Гарах арга нь нийтээрээ мэдлэгтэй болох юм.

С.Төмөрхүү: Асар их боломж атгасан буруу бодолтой хүмүүсээс яаж хамгаалах вэ, үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга явуулахаасаа илүү дунд сургуулийн сурагч байхаас нь мэдээллийн технологитой хэрхэн зөв харьцах, сөрөг зүйлсээс өөрийгөө хамгаалахад сургах ёстой. 

А.Баттамир: Ганцхан мэдээллийн технологийн хичээл биш  монгол хэл, математик, бусад хичээл дээр ч технологи ашиглаж сургах учиртай. Бидний үр хүүхдүүд машин, компьютертэй харилцах хүмүүс. Ажилд ороход багаар ажиллах чадвартай байх гэсэн шаардлага тавьдаг. Одоо бол үүн дээр машинтай ажиллах чадвар нэмэгдэж байгаа. Солонгост багш нар мэдээллийн технологи ашиглавал урамшуулал өгдөг. Хүүхдүүдээ интернэт ашиглаж болохгүй гээд ор тас хориглож хэрэггүй. Хязгаартай, хяналттай хэрэглэх хэрэгтэй. Огт хэрэглүүлэхгүй бол хүүхдэд цахим орчинд өөрийгөө хамгаалах чадвар суухгүй шүү дээ. Та хүүхдүүдээ хянаж чадаж байна уу?

С.Төмөрхүү: Техникийн хувьд боломж бий. Бодит байдал дээр айл болгон хэвшүүлэх боломж алга л даа. Хэдийгээр туурга тусгаар айл боловч, мэдээллийн технологи биднийг нэг хавтгайд аваад ирж байна. Би гэрийнхээ интернэтийг хаалаа ч хажуу айлын интернэт онгорхой байвал орчихож болно. Сургууль, үйлчилгээний газрууд интернэтэд холбогдсон. Ийм нөхцөлд зөвхөн би гэртээ хүүхдээ цагдаад дийлэхгүй. Энэ зөвхөн Монголын асуудал бус, дэлхий нийтийн асуудал. Мэдээллээр хангах нь тодорхой шатанд хөгжлийн асуудал байсан бол одоо тэр их мэдээллээс яаж хэрэгтэйг нь олж авах вэ, зохисгүй мэдээллээс хол байлгах вэ гэдэг мэдээллийн технологийн дараагийн үеийн хамгийн  хурцадмал асуудал болчихоод байна.

Одоо таны өмнөөс хуурамч хаяг нээгээд, таны өмнөөс үг сэтгэгдэл оруулаад байна. Яваандаа дээр ярьсанчлан таныг ингэж хэлж байгаа мэтээр видео бичлэг оруулдаг болох нь. Үүнээс сэргийлэх боломж байгаа юу?

А.Баттамир: Яг одоохондоо бол үүнээс яаж сэргийлэхээ мэдэхгүй л байна. Хэцүү шүү дээ. Зурагтаар их гардаг, хэвлэлээр яриа өгдөг хүмүүсийн мэдээлэл ихээр хуримтлагдаж, энэ хэрээрээ өгөгдлийн санг баяжуулж байгаа. Тийм учраас хиймэл оюун түүн дээр нь ажиллаад, жинхэнээс нь ялгарах юмгүй хийгээд явна. Үүнээс сэргийлэх арга замыг хүмүүс олох л байх  даа. Хууль эрх зүйн хязгаарлалт хийдэг юм уу хүмүүсээ мэдлэгжүүлдэг юм уу нэг арга олно л доо. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа технологийг өөрчилж болдог. Жишээ нь банкны гүйлгээн дээр мэдээлэл өөрчлөх, гэрээ хэлэлцээр дээр нотлох баримтыг устгах солих  нь дэлхийн хурц асуудал. Технологи үүнийг шийдэхээр янз бүрээр сайжруулж байгаа.  Гэхдээ дээр хэлсэн итгэлийн асуудлыг шийдэж чадаагүй. Хийсэн бүртгэлдээ бусдыг яаж итгүүлэх вэ?

Үүн дээр блокчейн технологи нэвтэрч байгаа. Энэ бол бүх мэдээлэл холбоотой, нэг мэдээлэл өөрчлөгдөхөд бүртгэл бүтнээрээ өөрчлөгдөх болчихдог учраас хэн ч өөрчилж чаддггүй технологи. Мэдээллийг засварлах боломжгүй учраас хүмүүс итгэдэг. Үүнийг хиймэл оюунтай хослуулсан шийдлүүдээр итгэлийн асуудлыг шийдэж магадгүй.

Монголын хувьд ч манай компани энэ технологи дээр ажиллаж байгаа. Үндэсний блокчейний платформ гэж хийсэн. Үүн дээр Монголын томоохон үйлдвэрлэгч компаниудыг оролцуулаад, бүтээгдэхүүний үнэн зөвийг нь баталгаажуулдаг. Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр баталгаажуулдаг систем дээр ажиллаж л байна. Энэ маань 2019 оноос амьдралд нэвтрээд эхэлбэл бас нэг том дэвшил болох байх аа. 

А.Баттамир: С.Төмөрхүү ахаас нэг юм асууя. Цахилгаан түгээх сүлжээ эрчим хүчний салбар дотроо тэсрэлттэйгээр хэрэглэгчдэд зориулсан гар утасны аппликэйшн вэб сайт, онлайн системүүдийг нэвтрүүлсэн. Энэ бүхний хэрэглэгчиддээ үзүүлсэн нөлөөг та хэрхэн үнэлж байна вэ?

С.Төмөрхүү: Мэдээллийн технологийн үр шимийг хүртэх тал дээр Монголчууд жаахан хоцроод байдаг. Ийм байж болохгүй гэж үздэг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид байхдаа хэрэглэгчдэд цахим үйлчилгээ хүргэе. Мөнгө төлөх гэж банкин дээр дугаарладаг, дугаарт зогсч мөнгөө төлөөд, баримтаа аваад компани дээр очдог, гэрээн дээр гарын үсэг зурах гэж нэг газар очдог, банк 18 цагт хаачихдаг, ийм байдлыг арилгах гэж оролдсон. Дуудлагын төвд цугласан мэдээллээр үйл ажиллагаандаа дүгнэлт хийдэг, гадуур ажиллаж байгаа хүмүүсээ онлайнаар удирдаж, хянадаг, бүтээмжийг нь дээшлүүлэх системүүдийг хийсэн. Тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн. Одоо зуу гаруй мянган хэрэглэгч тэр системүүдийг хэрэглэдэг юм билээ. Өнөөгийн ажиллаж байгаа хүмүүс энэ системийг хөгжүүлж, шат ахиулах ёстой. Мэдээллийн технологи нэг байрандаа зогсдоггүй. Нэг сайн юм хийсэн ч мэдээллийн технологи 18 сарын дараа үе солигдоод явчихдаг. “Moore”-ийн хууль гэж байдаг. 18 сарын дотор мэдээллийн технологийн нөөц хоёр дахин нэмэгддэг гэж энэ хуулиар тодорхойлсон. Хотын хөгжил мэдээллийн технологитой холбоотой.

А.Баттамир: -Тийм шүү. Жишээ нь замын түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулаад, машинд улам ээлтэй болгоод, дугаарын хязгаарлалт хийж, машинаа хязгаарлах  бодлого  барьж байгаа нь богино хугацааных. Боломжтой хүмүүс бүгд хоёр машинтай болж, машиныхаа тоог ихэсгээд байна. Эсрэгээрээ аль болох машин унах хэрэгцээг нь багасгах учиртай. Онлайн худалдаа гэх мэтээр хүн гэрээсээ, ажлаасаа гарахгүйгээр хийж болох юмнуудыг сайн дэмжих хэрэгтэй. Дундын эдийн засаг гэх юм уу даа  машинаа хувааж унах. Үбэр болон үүнтэй төстэй аппликэйшн гэхэд Монголоос бусад бараг бүх оронд нэвтэрсэн.Үбэрийн аппликэйшн утсан дээрээ татаж авсан хүн ажлаасаа гарахаасаа өмнө “Эндээс арвангуравдугаар хороолол явна” гээд зар тавьчихна. Энэ хэсгээр явах хүнд мэдээлэл очно. Машиндаа суулгаж хүргэж өгөөд, замынхаа зардлыг хуваагаад төлчихнө. Би хоосон явж байхын оронд хоёр хүн суулгачихна. Тэр хоёр хүн такси хүлээж даарч зогсохгүй. Бидэнд бас нэг бэлэн боломж байна. Тэр нь автобусны карт. Umoney-д маш их мэдээлэл цуглачихсан байгаа. Одоо замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүд зүүн эргэхийг хориглох, уулзваруудыг өргөтгөх ажлыг загварчлал хийгдсэн мэдээлэлд суурилж гаргаж чадаагүй. Автобусны картны мэдээллийг жаахан өөрчлөлт хийгээд 550 төгрөгөөр зорчдог болгоод буухдаа картаа уншуулахад 50 төгрөгөө буцааж авдаг болгочихвол долоо хоногийн дараа Улаанбаатарт 13 дугаар хорооллоос МУИС руу ирдэг хэдэн хүн байдаг,  оройдоо хэдэн хүн хороолол явдаг гэх мэт иргэдийн урсгалын бүх мэдээлэл гараад ирнэ. Үүнд суурилаад хаашаа ямар автобус явуулах, хүрэлцээгээ тооцох, хаана явган зам өргөтгөх, таксины зогсоолуудыг хаана шийдэх гэх мэт тодорхой болно.

С.Төмөрхүү: Монголчууд өгөгдлийн сангаа тодорхой хэмжээнд бүрдүүлчихлээ. Автобус, банкуудад төлбөрийн карт, дэлгүүрүүдэд хөнгөлөлтийн картаар мэдээлэл цуглачихлаа. Улсын бүртгэл тэр чигээрээ цахимд шилжчихсэн.  Ямар нэг байдлаар компьютерт бүх мэдээлэл нь ороод ирчихсэн.  Одоо бид мэдээлэлд анализ хийдэг чадвар, туршлага, амьдралд үр дүнг нь нэвтрүүлэх шаардлагатай. Дэлхий даяар их өгөгдлийн анализ, биг дата анализ гэж яригдаад Монголд ч амтай болгон ярьж байгаа. Одоо компани, дэлгүүр болгон нэг нэг өгөгдлийн сантай, тэрийгээ хуваалцаж болдоггүй.

А.Баттамир: -Оросын бухал манасан нохой гэсэн үг байдаг.  Амьтан хүн ойртуулдаггүй. Өөрөө өвс иддэггүй. Хүнд ч идүүлэхгүй, өөрөө ч идэхгүй. Яг түүн шиг төрд, хувийн хэвшилд маш их хэмжээний мэдээлэл байгаа.  Түүнийгээ нээлттэй болгохыг нээлттэй өгөгдөл буюу open data  гээд байгаа юм. Энэ тухай олон жил ярьж байгаа ч үүнийгээ эхлэхгүй байлаа.  Саяхан Ухаалаг засаг төслийн хүрээнд “Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ” гээд нэг хэсэг явсан. Нээлттэй болгох ажил эхэлсэн нь сайн. 

С.Төмөрхүү: -Мэдээлэл нээлттэй хүртээмжтэй болохын сайн тал ЖДҮ дээр ч харагдаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр компаниудын бүртгэлийг ил болгоод, нийгмийг хамарсан ийм юм эхлүүлж байна. Жишээ нь Улсын бүртгэлийн газар хаалттай байсан бол хий хардлага л явна шүү дээ. Баримтгүй яах юм. Одоо бол хөдөлгөөнгүй баримт байна шүү дээ. 

А.Баттамир: -Финлянд улсад  монголоор бол өгөгдлийн бүрдэл гэж орчуулдаг 700 гаруй дата сет нээлттэй байдаг. Тэнд нийгмийн даатгалын мэдээлэл, төрийн орлого, зарлага, сангууд, боловсролын салбар, цэрэг, цагдаа бүх салбарын мэдээлэл нээлттэй байдаг. Энэ мэдээлэлд түшиглэж шинэ компаниуд хөгждөг. Шинэ бүтээгдэхүүн гаргаж авахын тулд судалгаа хийж байж амжилтанд хүрдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэдэг шиг мөнгөөр, татварын бодлогоор бизнесийг дэмжихээсээ илүүтэйгээр датагаа нээлттэй болгоод судлаачдад, бизнесийнхэнд өгөөч ээ. Тэгвэл шинэ старт апууд өөрсдөө л гараад ирнэ.  Америкийн open data сайт байдаг. Шинэ компаниуд бизнесүүдийг үйл ажиллагаагаа явуулахад мэдээллээр дэмжих зорилготой гээд биччихсэн байгаа.  Нээлттэй өгөгдлийн  салшгүй хэсэг нь хувийн мэдээллийг хамгаалах. Олон улсад бол өгөгдөл хамгааллын хуулиар зохицуулагддаг. Монголд Өгөгдөл хамгааллын хуулийг одоо л хэлэлцэх шатандаа яваа.

С.Төмөрхүү: -Тийм шүү. Хувь хүний нууц найдвартай хамгаалагдсан байх ёстой. Миний санаа зовоод байгаа юм бол нэг дэлгүүрт, банкинд, хувь хүний бүх мэдээлэл байгаа. Үүний зэрэгцээ мэдээлэл нэгдсэн цул байх учиртай. Хамтраад нэг юм хийчихэж болох байтал гурвуулаа тусдаа дата төв байгуулаад, ижилхэн программ хийлгээд, зардал нь гурав дахин их гардаг. Ялангуяа гаднаас авдаг программ хангамж дээр монголчууд нийлээд нэг хэрэглэгч болохын оронд гурван компани тус тусдаа ханддаг. Бидний нүүдэлчин сэтгэлгээ ийм. Нүүдэлчид уулын мухарт алх, хөрөө, сүх, тэрэг бүх юмтай. Тэр сэтгэлгээнээс салж байж бид мэдээллийн цогц нийлмэл байдал руу орохгүй бол болохгүй. Хөдөө явж байхад хоёр компани зэрэгцүүлээд шилэн кабель татчихсан байдаг.  Хэмнэсэн мөнгөөр өөр хүрээгүй цэгтээ кабель татсан нь дээр шүү дээ. Одоо бид нийгэмших, хамтын амьдралын хэв маягт хурдан сурах хэрэгтэй байна л даа.

- Биг дата анализ гэж их яригдаж байна. Яг анализ хийх чадвар суугаагүй ч биг дата анализэд хэрэглэгдэх өгөгдлүүд бүх газар байна.  Эднийг нийлүүлээд ямар үр дүнд хүрэх ёстой вэ?

А.Баттамир: - Хувийн компаниудыг мэдээллээ ил болгооч гэвэл магадгүй хэн ч эхэлж болгохгүй байх. Хамгийн түрүүнд эхлэх нь төр. Жишээлбэл цахим баримтын мэдээллийг нээлттэй болгоё. Цахим баримтын мэдээллийг нээлттэй болгоно гэхээр А.Баттамир юу худалдаж авч байна гэдгийг нээлттэй болгож мэдээж болохгүй. Яагаад гэвэл хувийн нууцад хамаарна. Харин гуравдугаар хороололд амьдардаг 30-40 насны эрчүүд ийм юм худалдаж авдаг гэдэг мэдээлэл нээлттэй бол дэлгүүрүүд хаана салбараа нээх, юу худалдах шийдвэрээ гаргаж чадна.  Монголд том том салбар нээгээд, худалдан авагчгүйгээс болж “шатсан” хэд хэдэн жишээ бий. Төр мэдээллээ нээлттэй л болгочих. Өөрөө анализ хийх гээд байх хэрэггүй. Одоо старт аппуудад шинэ санаа зөндөө бий. Энэ хүмүүс маань ийм мэдээлэлд суурилсан судалгаа хийгээд, шинэ бизнесүүд төрнө. Дундын оффисууд нээгдээд байдаг. Эдэн дундаас бүхэнд танигдсан жишээ одоо болтол байхгүй байна.  Залуустаа ийм боломж өгөх ёстой. Төр нийгмийн даатгал, халамжийн мэдээлэл, автобусны  картын мэдээллээ нээлттэй болгоод залуустаа боломж олгож, старт апуудаас бизнесийн шинэ баатар төрүүлье.

-Ай түүлс хөрөнгийн биржид гарсан анхны технологийн компани амжилттай хөрөнгө босгосон, тэр мөнгөөрөө юу хийж байгаа бол, ямар үр дүн гарч байгаа бол гээд хүмүүс сонирхох байх л даа?

А.Баттамир: Монголчууд нийслэлдээ төвлөрчихсөн. Хүмүүсээ дагаад бизнес, мэдээлэл төвлөрдөг. Улаанбаатарт газар хөдлөлт гамшиг болвол нүдэнд харагдаж байгаа зүйлс хүнд байдалд орохоос гадна технологид суурилсан бизнесүүд хэцүүднэ. Шинэ Зеландад 2011 онд хоёр удаа газар хөдлөлт болсон.  Энэ үеэр 6000 компани дампуурсан. Мэдээллээ алдсанаас болоод дампуурсан. Харилцагчийн, санхүүгийн мэдээлэлгүй болсон. Монголд Улаанбаатарт бүх юм төвлөрсөн гэдэг эрсдэлтэй.  Мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулахын тулд хөрөнгө босгоод Дарханд дата төв барих төсөлд санхүүжилт хийсэн юм.  Барилгын ажил явж байна. Нөөц дата төвтэй болсоноор мэдээллээ зөвхөн хувилаад хадгалчих юм байна гэж бодох хэрэггүй. Хувилаад хадгалахын цаана маш том давуу тал эрсдлээс сэргийлнэ. Заавал Улаанбаатараас өөр газар эрсдлийн өөр бүсэд мэдээллээ хадгалах шаардлага бий. Дундаас дээш түвшний компаниуд маань үүнийгээ сайн ойлгож байгаа.  Улаанбаатар дахь үндсэн дата төвийн хэрэгцээ борлуулалт сайжирч байна. Ай түүлс шинээр гарч ирж байгаа программ хангамжуудын дэд бүтэц болдог давуу талтай. Үүнийг ч хөрөнгө оруулагчид маань олж хардаг болоод байгаа, үүнд нь баяртай байгаа.

Яриаг тэмдэглэсэн: Б.Янжмаа 

Гэрэл зургийг Ц.Сүх-Очир

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 54 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 1 цаг 4 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 11 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 40 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 52 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 4 цаг 6 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 13 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 19 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 40 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top