ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, төрийн өмчит компаниудад хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав.
Н.Учрал:
-Төрийн өмчит компаниудын 5 нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа үр дүнгийн урамшуулал авчээ. Алдагдалтай ажилладаг төрийн өмчийн есөн компанийн дарга өөрсдөдөө 970 сая төгрөгийг "үр дүнгийн урамшуулал" гэж олгосон байна. Огт төлөвлөөгүй, юу нь хийсэн нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн байна. Үүнийг таслан зогсооно.
Төр бодлого гаргаад, түүнийгээ өөрөө хэрэгжүүлж байгааг өөрчилнө. Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн оролцоотой гэх мэт олон статустай компаниуд бий. Эдгээрийг хуулиар цэгцэлнэ. Зарим компани ТУЗ-гүй, гүйцэтгэх багт хяналт тавих механизмгүйгээр ажиллаж байна. Тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд л үр дүнгийн урамшуулал байх нь зөв. Төрийн компаниуд нийт 22 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.
ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, яамд төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангаж байна. Үүнийг ч цэгцэлж, төрийн өмчит ААН-үүдийг нээлттэй ХК болгох, ашиггүй ажилласаар байвал татан буулгахаас өөр аргагүй. Зардал нь өндөр байхад л цалин, орон тоогоо нэмсээр байна. Төсвөөс гадуурх хяналтгүй байдал газар авсан байна. ТҮК /Тохиржилт үйлчилгээний компани/ бараг төрийн өмчийн компаниас илүү нэр хүндтэй байна.
Төрийн байгууллага бүр хуулийн хэлтэстэй, маркетингийн газартай байх албагүй. Эдгээр үйлчилгээг аутсорсингоор авч болно. Шинэ хуульд төр ямар ажил үйлчилгээ эрхлэхийг ч заана. Ингэвэл иргэд, хувийн хэвшлийнхэнд олон зүйл ойлгомжтой болно. Хамгийн ойрын хугацаанд хийх ажил бол төрийн өмчит компаниудад хөндлөнгийн аудит оруулж, бүх мэдээллийг ил болгоно. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна, компанийн тухай хуулиар тайлангаа ил тод тавьдаг болно. Ашиг олох зорилгоор ажиллаж байгаа л бол төрийн өмчтэй байсан ч Компанийн тухай хуулийг мөрдөх нь зөв.
Одоо байгаа хуульд зааснаар төр стратегийн зургаан салбарт үйл ажиллагаа явуулахаар байна. Энэ хүрээнд л төрийн өмчит компаниуд ажиллана. Энэ бодлогоо Засгийн газар таван жил тутамд зарлаж явна. Бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэг тусламжаар энэ хуулийн төслийг боловсруулна. Мөн зөвлөх үйлчилгээг хэд хэдэн компаниас авч байна.