Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ явуулсан иргэнд 5000.000, ААН-д 50.000.000 төгрөгөөр торгох хууль үйлчилж эхлээд (2024.10.15) хоёр хонож байна.
Өнөөдөр нийслэлд албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа таван ААН-ийн 251 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй такси үйлчилгээнд “Вип такси” ХХК, “Стар авто трэйд” ХХК, “ТБ сервис”, “Мөнх такси” ХХК, “Юбикаб бригада хоршоо” ХХК гэсэн таван компани багтаж байна. Одоогоор орон нутагт ААН-үүд бүртгүүлээгүй. Албан ёсны такси 2002 онд 3400 хүрч байсан гэсэн статистик мэдээлэл бий. ААН-үүд албан ёсны шаардлагаа хангаагүйн улмаас хасагдсаар байгаад одоо 251 такси явдаг болсон байна.
Такси үйлчилгээ эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлагуудыг тусгасан 2013 онд баталсан стандарт бий. Тус стандартад зааснаар такси үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь техникийн болон хүний нөөцийн чадавхтай байх ёстой. Тухайлбал, ААН-үүд мэргэшсэн боловсон хүчинтэй, татварын өргүй, засвар үйлчилгээ, угаалга хийх газартай, жолооч нь дүрэмт хувцастай, машин нь таних тэмдэгтэй, техникийн оношилгоонд хамрагдсан байх ёстой.
Такси компаниуд Авто тээврийн тухай хуульд зааснаар Нийтийн тээврийн бодлогын газартай харилцан тохиролцож үнийг нь тогтоодог. Одоо албан ёсны үнэ нь нэг километрийг 1500 төгрөгөөр тооцож байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-аас тогтоол гаргаж, такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг ААН-д олгож, иргэнд олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөлтэй, төлбөр тооцооны хэрэгсэлтэй, таних тэмдэгтэй, зүүн талдаа жолооны хүрдтэй, зорчигч баруун талаар нь буух нөхцөлийг хангах зэрэг стандартын шаардлага байдаг. Тиймээс энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Зөв талдаа жолооны хүрдтэй такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ" гэв.