У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхэллээ. МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа санасандаа хүрч, Засгийн газрыг огцруулах шаардлагаа 27 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад өргөн барив. Сонирхолтой нь тэдний дунд М.Ундармаа, Б.Саранчимэг гэх мэт “зээлийн асуудалтай” зарим гишүүдийн нэр ч тууж явна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тэдэнтэй нэгджээ. Тэр У.Хүрэлсүхийн танхимд жил шахам хугацаанд хамтарч ажилласан.
Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Огцруулж болно. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд намайг намын дарга байхад сонгуульд дахин нэр дэвшихгүй шүү” гэдэг хатуухан анхааруулгыг бүлгийнхээ гишүүдэд өгсөн сурагтай. Ямар ч тохиолдолд "тохиролцоо хийхгүй" гэсэн гэнэ. Тэгэхээр энэ асуудлыг дахин нэг удаа эргэж харах шаардлага гарын үсэг зурсан гишүүдэд үүсч магадгүй. Гэхдээ нэгэнт Ерөнхий сайдаас нь буулгачихвал намыг нь авах юу юм бэ л биз дээ.
У.Хүрэлсүхийн хувьд өчигдөр ЖДҮ-ийн зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг дөрвөн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ихэнх нь өмнөх засгийн үед томилогдсон албан тушаалтнууд.
Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хоёр хоногийн өмнө албан айлчлалаар ОХУ-ыг зорьсон бөгөөд ирмэгцээ өргөдлөө өгөх гэнэ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын албан тушаалтнуудын асуудал шувтарч байгаа юм. Харин УИХ-аас томилогддог албан тушаалтнуудаас Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ганцаараа ажлаа өгөөд байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Би хаанаас ч зээл аваагүй” гэж мэдэгдсэн боловч одоогоор албан ёсны нотолгоо үзүүлээгүй л байна. Дээр нь ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын нэр бүхий 13 гишүүний асуудал ч хараахан шийдэгдээгүй байна. (Хуулийн байгууллагаар явлаа гэхэд багадаа хоёр жил болно, УИХ-ын сонгуультай золгож дуусна) Тиймээс МАН-ын бүлгийн 27 гишүүн ирэх өдрүүдэд яг юунд үндэслэж засгаа ноцох нь жаахан бүрхэг болчихлоо.
Хэдийгээр огцруулах үндэслэлд 2019 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсанд Ерөнхий сайд буруутай гэх боловч энэ төсвийг баталсан хүмүүс нь өөрсдөө. Мөн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн, нэгдсэн чуулганаар эцэслэн шийдээгүй байж төсвийн асуудлаар огцруулна гэдэг бас л зохимжгүй. Гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл олон байгаа ч хүний олноор огцруулна гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх найдвар тун бага байна. Гарын үсэг зурсан 27 гишүүн дээр АН-ын найм, МАХН-ын нэг гишүүнийг нэмэхэд Засгийн газар шууд огцорно. Энэ нь гэхдээ АН-ын бүлгээс илүү хамааралтай.
Одоогийн байдлаар АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “Огруулна, огцруулахгүй” гэсэн хоёр өөр байр суурь илэрхийлээд байгаа. Эдийн засгийн хямралт байдал, иргэдийн амьжиргааны доройтлыг урдаа бариад огцрууллаа гэхэд дараачийн Засгийн газар нь одоогийнхоосоо дээр байна гэдэг амлалтыг хэн ч өгч чадахгүй байна. Ядаж л одоогийнхоосоо илүү өр тавьсан, УИХ-ын барьцаанд улам лав орсон Засгийн газар байгуулагдах болно.
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нэг бол туйлсан шиг туйлаад Засгийн газраа унагах, эсвэл тэврэлдээд үлдэх (тэгсэн ч ирэх сонгуулийг хүртэл тэснэ гэдэг хэцүү) гэсэн хоёр л зам үлдэж байна. Ядаж л өнгөрсөн жил гаруйн хугацаанд ярьж амжаагүй сахилга, хариуцлагын асуудлаа урдаа бариад, чирэх нэгийгээ чирээд унавал дараачийн хүмүүст хэрэгтэй юм даа. Наад зах нь зээл завшсан гишүүдийг хаацайлаад хуулийн байгууллагад ч өгөхгүй, бүрэн эрхийг нь ч тавихгүй, УИХ-ын бүтцийн байгууллагуудаа ч ажиллуулахгүй байгаа УИХ-ын даргатайгаа нэгийгээ үзээд "үхэх" хэрэгтэй шүү дээ.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (4)