x

Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой

Олноо "пассив Ганбаа" хэмээн алдаршсан “Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаатай гэр, байшингийн дулаан алдалтыг хэрхэн бууруулах, ая тухтай амьдрах талаар ярилцлаа.

-Жил бүрийн өвөл утаатай, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн нөхцөлд нийслэлчүүд бид өвөлжиж байна. Хэрхэн дулаахан өвөлжих вэ гэдэг асуудал айл бүрт тулгардаг. Энэ тал дээр ямар гарц шийдэл байна вэ?

-Бид 2018 оноос эхлээд монгол гэрийн дулааны нөхцөл байдлыг туршиж судалсан.Үндсэндээ дулаан алдалтыг эрс буулгаж чадвал монгол гэр зуух, яндангүй, нүүрс түлэхгүй байх бүрэн боломжтой. Гэрийнхээ хаяавч, хаалга, тооно, яндангийн нүх, дээвэр туурганы дулаан алдалтыг бууруулах, агаар сэлгэлтээ яаж шийдэх вэ гэсэн аргуудыг нэг бүрчлэн танилцуулаад явж байна.

Дээрх туршилтын үед гэр хорооллын шөнийн тарифыг тэглэж эхэлж байсан. Нэг айл бүтэн сарын хугацаанд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 700 квт цагийг үнэгүй ашиглах боломжтой байв. Энэ хүрээнд нь бид туршилтаа хийсэн. Тэр өвөл аравдугаар сараас дараагийн жилийнх нь гуравдугаар сар хүртэл хэмжилт хийхэд тус айлд ямар ч халаалтын зардал г араагүй. Халаалтын ачааллыг ердийн гэрээс тав, зургаа дахин бууруулсан гэсэн үг. Тавдугаар цахилгаан станц барих гэх мэтчилэнгээр цахилгааны хангамжийг хэд дахин нэмэгдүүлэх гэж өндөр зардал гаргаж байхаар хэрэглээгээ тав дахин буулгах боломж нь байсаар байтал түүнийг хийхгүй байна.

-Төрийн бодлого оновчгүй байна уу?

-Эрчим хүчний бодлого буруу явсан. Нүүрс түлэхийг л хөхиүлэн дэмжсэн. Нүүрс түлэхэд татаас өгч, түлж буй нүүрсний гуравны хоёрыг нь улсаас хөнгөлж, үлдсэнийг нь айлууд өөрөө төлж буй нь алдаатай бодлого. Аль болох халаалт хэмнэсэн дулаан хамгаалалтаа сайн шийдэх боломжийг нь олгож, хөхиүлэн дэмждэг байх ёстой. Тухайн айл цахилгаан, түлшнийхээ хэрэглээг бууруулах юм бол эсрэгээрээ урамшуулал авдаг, дулаалгыг нь хийж, агаар сэлгэлтийг нь шийдэж өгдөг ийм бодлого байх ёстой байтал яг эсрэгээрээ байна.

-Гэр хорооллын янданг цөөлөхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Улаанбаатар хотод гал түлэхгүй байх технологийн бүрэн шийдэл, нарны эрчим хүч хүртэл бий. Гэр, сууцны дулаалгыг сайн шийдсэн тохиолдолд нарны эрчим хүчээр халаалтаа шийдэж болно гэдгийг бид зөндөө харуулж байна. Гал түлэхгүй бол өвөлжиж чадахгүй гэдэг ойлголт бидний тархинд суучихсан. Бид үүний эсрэгээр нотлох гэж “Загастай байшин” төсөл хэрэгжүүлсэн. Дулаанаа алдахгүй хадгалж чадвал гал түлэх огт шаардлагагүй юм гэдгийг ойлгуулах гэж оролдсон. Энэ мэтчилэнгээр төр засаг нь түүчээлж манлайлахгүй бол хувийн хэвшил, цөөхөн хэдэн инженерүүд нь хүчрэхгүй байна. Нөгөө талд нь 99.9 хувь нь нүүрсийг дэмжсэн бодлого явж байгаатай холбоотой. 2018 оны монгол гэрийн жишээ бол нэг ч төгрөгийн халаалтын зардал гаргалгүй идэр есийн хүйтэнд ч тогтмол температуртай, эрчим хүч хомсдолтой оргил ачаалалд оролцохгүйгээр, зөвхөн шөнийн тарифын хөнгөлөлттэй цагаар халаагуураа залгаж, энэ хураасан энергиэрээ дулаанаа хангаж болж байгаа юм гэдгийг туршилтаар харуулсан. Агаар сэлгэлтийн төхөөрөмж гээд нарийн юмнууд хэрэгтэй боловч хүн гайхаад байхаар юм биш, амархан. Энэ жилийн хувьд тодорхой 10 айлыг сонгож аваад яг дээрх аргаар төслөө хийж үзүүлнэ.

-Пассив хаусын онцлогийг тайлбарлавал?

-Пассив хаус гээд яриад байгаа нь энгийн үгээр хэлэхэд тавхан тулгуур зарчимтай. Нэгдүгээр зарчим нь сайн дулаалга, хоёр дахь зарчим нь чанх урагшаа харсан сайн пассив цонх буюу нар оруулах, нөгөөтэйгүүр дулаан алдахгүй байх, гурав дахь нь битүүмжлэл бөгөөд гэрт үүссэн дулаан агаарыг гадагш алдахгүй байх үүрэгтэй. Дөрөв дэх нь дулааны гүүргүй хийцлэлтэй байх. Байшин, гэрээс бетон, тоосго зэрэг нь илүү гарч, дотогшоо гадагшаа дулааныг дамжуулсан гүүр гарсан байх ёсгүй. Монгол модон гэрт дулааны гүүр байхгүй гэж үздэг. Тав дахь тулгуур зарчим бол дулаан сэргээгчтэй агаар сэлгэлт. Том хүн нэг цагт 20 м.куб агаарыг бохирдуулдаг учраас энэ хэмжээний цэвэр агаарыг гаднаас оруулж ирэх шаардлагатай болдог. Гэтэл тэр агаар нь маш хүйтэн байдаг. Яаж түүнийг байнга тогтмол бүлээсгэж оруулж ирэх вэ гэхээр бохирдсон агаараа гаргахдаа тэр дулааныг нь шинэ агаартаа шингээдэг. Маш өндөр чадамжтайгаар бохирдсон агаарынхаа дулааныг сэргээгээд авчихдаг төхөөрөмж бий.

-Ер нь монгол гэрийн дулаан алдагдлыг яаж шийдэх вэ?

-Боломжиндоо тааруулаад эдгээр таван зарчмын аль нэгийг нь ч хийсэн болно. Жишээлбэл, монгол гэрийн зөвхөн битүүмжлэлийг нь сайжруулбал дулаанаа хадгалах маш сайн үр нөлөөтэй. Монгол гэр дээр хамгийн хямдхан, үнэгүй шахуу битүүмжлэлийн аргаар дулаан алдагдал 20-30 хувь хэмнэгдэнэ.

-Монгол гэрт халаалтыг яаж шийдэх вэ?

-Мэдээж шууд өөрөө халахгүй, нэмэлт халаалт хэрэгтэй. Чулуун халаагуур гэж бий. Эрчим хүч хямд, нарны эрчим хүч үүссэн үед дулаан болгоод нөөцлөөд авчихдаг. Ийм дулаан нөөцлүүрийг хоёр гурван аргаар хийж болдог. Нэгдүгээрт, элс, тоосго зэрэг гар доорх материалаар хийж болно. Ерөнхийдөө ханан пийшин шиг болно гэсэн үг. Үүнийгээ халааж аваад хэрэгцээтэй үедээ хучлагыг нь сөхөж дулаанаа авах, эрчим хүчний илүүдэлтэй үед нөөцөлж аваад, дутагдалтай үед хэрэглэх ухаалаг арга юм.Шалаа цутгахдаа дулаалаад шалны халаалтыг давхар хийж болно.Монгол гэрт 10 см дулаалга хангалттай гэж үздэг. Энэ өвөл дулаалсан шалан дээр гэрээ бариарай гэж зөвлөе.

-Хаус, амины орон сууцны хувьд барихдаа пассив аргыг хэрхэн хэрэглэх вэ?

-Дээрх таван зарчим л явна. Агаар сэлгэлтээ зөв шийдэх ёстой. Цонхоо сайн дулаалж, сийгэлтгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.Сийгэлт ихтэй байшинд чийг барьцалдаад байшингийн дотор материал мод, төмрийг зэврүүлээд байшинг амархан муутгадаг. Битүүмжлэлийг дотор талаас нь хангаж өгнө гэдэг пассивын үндсэн хоёрдугаар зарчим дээр байж байгаа. Тэр чигээрээ эрчим хүч хэмнэх, барилгыг урт удаан настай байлгах технологийн нэг хэлбэр. Дүнзэн байшинг дурын газраараа амьсгалдаг байшин гэж хэлдэг. Энэ нь буруу, хуучирсан арга. Агаар сэлгэлт хийдэггүй, технологийн шийдэл байхгүй учир нүх сүвээ онгорхой орхичихоод амьсгалдаг гэх мэт гоё үгээр халхавчилдаг. Сийгэлт ихтэй байшин ая тухгүй хурдан дулаанаа алддаг барилгын үндсэн хийцлэл ч цантаж нороод амархан өмхөрдөг, чанар нь мууддаг. Барилгын технологийн шинэ эрин болох пассив нь хамгийн ухаалаг эрчим хүч хэмнэж болохуйц арга, аргачлалуудын нэгдэл юм. Монголын хувьд өвөл маш хүйтэн байдаг ч нарны эрчим маш өндөр байдаг. Наргүй өдөр гэж бараг байхгүй. Үүнтэй пассив хаус маш сайн зохицдог.

-Үнэ өртгийн хувьд пассив хаус хэр байдаг бол. Иргэд байшингаа хэрхэн зөв дулаалах арга хэлж өгөхгүй юү?

-Ерөнхийдөө 1.5 дахин өндөр материалын зардал гарна. Маш сайн цонх, агаар сэлгэлтдээ мөнгө их зардаг. Үүнтэй зэрэгцээд талбайгаа цомхон болгож хэмнэ гэж бид зөвлөдөг. Цонх буруу талдаа гарахаар хэт халж, хөрдөг. Хуучин барилгын хувьд Пассив зарчмаараа урагшаа харсан цонхыг нь сайжруулаад, бусад цонхыг нь хааж өгч болно. Мөн агаар сэлгэлтийг нь сайжруулах шаардлагатай. Ингэснээр хуучин байшин ч 80 хувь хүртэл эрчим хүч хэмнэж болох юм. Бид өмнө нь Ганданд палкан байшинг пассив болгож дулаалаад, агаар сэлгэлтийг нь хийхэд өвөлдөө сард 60-80 мянган төгрөгийн эрчим хүч сард зарцуулсан. Тухайн үеийн ханшаар дулаалгын зардал 20 сая төгрөг болсон. Цонхыг нь маш сайн дулаалснаар өдөрт хоёр шуудай нүүрс түлж байсан тэр айл хожсон доо.

Яндангүй бүсээ зарлая гэхээр хүмүүс их эмзэг хүлээж авдаг. Хөлдөж үхэх юм уу гэх зэргээр их олон шалтгаан хэлдэг. Дээр хэлсэнчлэн монгол гэр, хуучин модон байшин гэх мэт олон хувилбараар амжилттай туршилт хийж үзсэн, яндангаа буулгаснаар маш хожилтой, ая тухтай ногоон дотоод гадаад орчин үүсгэж болдгийг бид харуулсан. Төр засгийн удирдлагууд айх юмгүй хийгээд л эхлэх хэрэгтэй. Нэг сумаар хоёр туулай буудна.

Олон жил нөлөөлөх гэж оролдсоны эцэст төр засгийн бодлого жаахан наашилж байна. Пассив хаус бариулбал 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Айлуудын газрыг төр чөлөөлж авч өндөр барилга барьснаас, яндангүй бүсээ зарлаад, тухайн газар дээрээ иргэд өөрсдөө шууд хаус хороолол болгон хувиргах боломжтой юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top