УИХ-ын Хиймэл оюун, их өгөгдлийн лобби бүлгийн гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Ж.Золжаргал, С.Лүндэг, О.Номинчимэг, А.Ундраа, Д.Энхтүвшин нар Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Болгар Улсад наймдугаар сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулсан хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад Монголын баг оролцож, мөнгөн медаль хүртсэн аж. Түүнчлэн есдүгээр сарын 8-12-ны хооронд Саудын Арабын Хаант Улсад болсон хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад оролцсон нэг сурагч алт, нэг сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тус бүлгийн гишүүд дээрх олимпиадад оролцсон сурагчдад баяр хүргэн, эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хиймэл оюуны салбарын түүчээлэгчид болохыг хүслээ. Мөн удирдан бэлтгэсэн багш нарын оролцоо, заах арга барилыг онцолж, энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Уулзалтаар тус бүлгийн гишүүд төрийн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглан илүү ухаалаг, үр дүнтэй болгох, нийгмийн тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар багш сурагчидтай ярилцсан юм. Тухайлбал, нийслэл хотын түгжрэл, агаарын болон хөрсний бохирдол зэрэг асуудал, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцов.
УИХ-ын гишүүн Ч.Анарын зүгээс Монгол Улс цаашид хиймэл оюуны судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, оюутан, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөгжилд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Мөн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн түвшинд хиймэл оюун ухааны чиглэлийн хичээл, сургалт, төслүүдийг хэрэгжүүлж, тэдний шийдлийг улс оронд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, турших, оролцоог хангаж ажиллах нь оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжихэд чухал алхам болохыг онцлов.