Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолд камерын нэгдсэн системтэй болох асуудлыг тусгасан байна.
2010 оноос хойш Улаанбаатар хотод 5,188, орон нутагт 5,924 камер суурилуулсан байна.
Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Гэмт хэрэг, зөрчил гарсны дараа камерын асуудал байнга яригддаг. Камергүйн улмаас онц ноцтой гэмт хэргийг илрүүлж чадаагүй харамсалтай тохиолдол Монголд цөөнгүй гарсан.
Ийм учраас нийслэлд Теле камерын нэгдсэн төв, аймаг, дүүргүүдэд Теле камерын нэгдсэн дэд төв байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Ингэснээс Монгол Улсад байгаа бүх камер нэг системд холбогдоно.
Нийслэлийн хэмжээнд 8 тэрбум орчим төгрөг, орон нутагт 20 орчим тэрбум төгрөгийг камерын хяналтын системд зарцуулна.
Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн бүрэн камержуулж, ногоон бүс болгосон. Үүний дүнд тус дүүрэгт гэмт хэргийн гаралт буурсан. Одоо нийслэлийг бүрэн ногоон бүс болгохоор ажиллаж байна” гэв.