x

О.Мөнхсайхан: Парламентын засаглалаа сайжруулахгүй бол дарангуй дэглэм рүү халтирна

Өнгөрөгч долоо хоногт МУИС-ийн номын санд “Парламентын Бүгд найрамдах улс: Хариуцлагатай ардчилал” сэдвээр нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлэгт Аюулгүй байдал судлалын хүрээлэнийн зархирал судлаач О.Машбат “Парламентын ардчилал-Тусгаар тогтнол ба түүхэн сургамж”,

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Монголын парламентын ардчилал: Иргэний үндсэн эрх ба эрх мэдлийн хуваарилалт”,

Английн Йоркийн их сургуулийн магистр, эдийн засагч О.Эндэнэ-Өрнөх “Эдийн засгийн өсөлт ба улс төрийн тогтолцооны хамаарал”,

Оксфордын их сургуулийн төрийн удирдлагын магистр, эдийн засагч М.Чимэддорж “Үндсэн хууль ба улс төрийн ёс зүй” сэдвээр илтгэл тавьж, улс төр судлаачид болон сонирхогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ удаа бид судлаач О.Машбат, хуульч О.Мөнхсайхан нарын илтгэлийг товчлон хүргэж байна.

О.Машбат: Манжийн эрхшээлд байхдаа ч монголчууд өөрсдийн хуралтай байсан

1992 оноос хойш сүүлийн хорь гаруй жил Монгол Улсын тусгаар тогтнол яаж хөгжиж ирсэн бэ гэдгийг судалсан. Бидний олж мэдсэнээр парламентын тогтолцоо Монгол Улсын хувьд машинаар яривал яг амартизатор шиг үүрэгтэй. Монгол Улсын эрх ашиг Орос, Хятад болон бусад их гүрнүүдийн ашиг сонирхлын уулзвар, тэнцвэр дээр тогтдог. Тэр тэнцвэрийг гадаад талдаа гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогоор барих нь нэг асуудал. Дотоод улс төрийнхөө системээр тэнцвэржүүлж байх нь бас өөр асуудал. Парламентын засаглал бол гадаад улсаас ирж байгаа нөлөөллийг дотоод улс төрийнхөө хүрээнд тэнцвэржүүлж байдаг гайхамшигтай механизм. Ямар ч том тохиролцоо (бүр хуйвалдаан гэе л дээ), гадаад ашиг сонирхол парламентын засаглалын үр шимээр илэрч, ард түмэнд задарч байдаг. Энэ хуйвалдааны эсрэг талд нь баланслах ямар нэг зүйл гарч ирж байдаг. Тиймээс 1992 оноос хойш үүссэн энэ механизмыг бид хадгалах ёстой.

Түүхээ сөхөөд үзсэн ч зөвлөлдөх механизм Монголын төрийн тогтолцоонд ямагт байсаар ирсэн. Эзэнт гүрний үеийн Их хуралдай, феодалын бутралын үеийн ноёдын чуулган гэх мэт. Тэр битгий хэл Манжийн төрийн дор байхдаа ч монголчууд өөрсдийн гэсэн орон нутгийн парламентын системтэй байсан. Жирмийн, чуулган Улиастайн чуулган гэх мэтээр аймгууд бүгд хажуудаа чуулгантай, засаг ноёд нь цуглаад асуудлаа шийддэг байсан. Түшээд хан гэхэд олон Засаг ноёдын нэг л байсан. Засаг ноёд цуглаж байгаад ноёдын чуулган хийдэг, тэндээс гарсан цаазыг Халх журам гэдэг. Тэр нь зөвхөн Монголдоо л үйлчилдэг. Гэтэл Хятадын бусад мужуудад чуулганы зарчмаар асуудлуудаа шийдэж байсан уламжлал Чин гүрний үед ч байгаагүй. Манж чин гүрний үед хүртэл манайхан өөрсдийн хурлыг өөрсдөө хийдэг байсан.

Богд хаант засгийн үед Улсын дээд хурал, доод хурал байсан. Хятадын цэрэг орж ирээд автономыг буулгах тухай асуудал ярихад Дээд хурал буулгая гэж саналаа өгсөн. Доод хурал эсэргүүцсэн хүчээр тараасан. Иймэрхүү байдлаар манайд зөвлөлдөх механизм байсан.

Юань гүрэн мөхсөний дараа Их хаадаас Лигдэн хаан хүртэлх хаадыг харахаар хуралдайгаас гарч ирсэн хаан нь арай удаан эрх барьсан байдаг. Дундажаар нэг хаан 3-4 жил эрх бариад хорлогддог. Хуралдайгаас гарсан хаан нь арай удаан эрх барьдаг. Хуралдай нь бие биенээсээ хол оршдог хүмүүс цуглаж уулзах, найр наадам хийх шалтаг болдог байсан нь нүүдэлчин улсын онцлог байх. Заримдаа цугласан бүх хүмүүсийг хядчихсан түүх ч байдаг. Жишээ нь Исмэл тайжийн түүх байна. Гол нь ийм зөвлөлдөх механизм хаант засгийн үед ч хүрэл хэрэглэгдэж байж.

1992 онд Үндсэн хууль баталсан АИХ-ын протоколыг нь уншихад гэсэн “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг үг, энэ зарчмыг хамгийн их ярьсан байдаг. Хаа очиж бид энэ механизмдаа эрх мэдлийг нь бариулах бийдлаар Үндсэн хуулиа хийсэн. Парламентын засаглал бидэнд алдаа болоогүй, харин ч хожоо болсон. Сүүлийн 30 шахам жилийн байдлыг харахад аюулгүй байдал талаасаа ч тэр. Ялангуяа гадаад улсуудын шахалт, тэр хүчний тэнцвэрийг цөөхөн хэдэн монголчууд дотроо шингээж, балансалж байх, өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг парламентын засаглал, олон намын тоогтолцоо бий болгож байсан гэж боддог.

О.Мөнхсайхан: Парламентын засаглалаа сайжруулахгүй бол бид дарангуй дэглэм рүү халтирна

Би энэ удаад Монгол Улсын Үндсэн хульд хүний эрх, эрх чөлөөг хэрхэн баталгаажуулсан бэ, эрх мэдлийг дур зоргоор ашиглахаас яаж хамгаалсан бэ гэдэг хоёр өнцгөөс ярина.

1992 оны Үндсэн хуулийг баталж байх үеийн АИХ, УБХ-ын протоколыг уншихад залуу хүний хувьд бахархах сэтгэл төрдөг. Асуудал тус бүрийг маш үр дүнтэй хэлэлцсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг 1990 оны аравдугаар сард байгуулсан ажлын хэсэг, монголчууд өөрсдөө гаргаад 1991 оны хавар УБХ-д танилцуулсан. Зургадугаар сард нь ард нийтэд  танилцуулж санал аваад,өөрсөө санал шүүмжээ гаргаад, гаднын экспертүүд рүү явуулж бас саналыг нь авсан. Есдүгээр сард төслөө УБХ-аар дахиж хэлэлцүүлж, дараа нь АИХ-аар дахин хэлэлцүүлсэн. Энэ Үндсэн хуулийг тухайн үеийнхээ нөхцөл байдалд хамгийн сайнаар хийсэн. Үүнээс хойш Монгол Улсад долоон удаа парламентын, найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан, ялсан талдаа эрх мэдлийг шилжүүлж хэвшсэн. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс гэдгийг дэлхий нийтэд таниулсан.

Гэхдээ “ардчилсан” гэсэн болгон ардчилсан байдаггүй. Жишээ нь БНАСАУ байна. Түүн шиг Үндсэн хууль нэртэй болгон Үндсэн хууль байдаггүй.  1789 оны Хүний болон иргэний эрхийн тухай Францын тунхагийн 16-р зүйлд “Эрхийн баталгааг хангаагүй, эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль гэж байхгүй” гэсэн байдаг. Үндсэн хууль мөн үү, биш үү гэдгийг хэмждэг хоёрхон шалгуур энэ. Тэгэхээр манай Үндсэн хуульд хүний үндсэн эрхийг хангасан уу?

Түүхэнд анх удаа хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрсөн

1992 оны Үндсэн хуулиар хүний үндсэн эрх, эрх чөлөөг Монголын түүхэнд анх удаа хүлээн зөвшөөрсөн. “Гаднаас хуулаад авчихсан юмаа” гэж манай зарим хүмүүс хэлдэг. Гэтэл Үндсэн хууль баталж байх үеийн протоколыг уншаад үзэхээр 1992 оноос өмнө, социализмын үеийн хүнлэг бус үйлдлийг яавал гаргахгүй байх тухай л ярьсан байдаг. 1937-1939 онд үйлдэгдсэн геноцит, 30 мянган гэм буруугүй хүнийг цаазалсан хэрэг байна. Үүнийг дахин гаргахгүйн тулд “шударга шүүхээр шүүлгэх эрх”-ийн баталгаажуулж Үндсэн хуульдаа оруулсан. Зөвхөн тэр хүнийг цаазлаад зогсохгүй гэр бүлийг нь мөрдөж хавчдаг байсан. Үүнээс хамгаалахын тулд өөр аль ч орны Үндсэн хуульд байхгүй “Ял зэмийг гэр бүлийн гишүүдэд халдаахгүй” гэдэг заалтыг оруулсан. Шүүмжилснийхээ төлөө цаазлуулдаг, эсвэл нутаг заагддаг байсан. Үүний эсрэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуульчилсан. Шашнаа шүтэж чадахгүй, сүсэг бишрэлээ эдэлж чадахгүй байсан учраас шашин шүтэх эрхийг баталгаажуулсан. Монголын түүхэнд анх удаа хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрсөн. 1924 оноос хойш баталсан өмнөх гурван Үндсэн хуульд зөвхөн “жинхэнэ ард” гэдэг үгийг л ярьж байсан. Жинхэнэ бус ард буюу ноёд, феодал, ламыг ангиар нь устгах тухай ярьдаг байсан. 1992 оны Үндсэн хуульд анх удаа хүний эрх, эдийн засгийн болон улс төрийн эрх, нийгэм соёлын эрхийн гол баталгааг орчин үеийн утгаар нь тусгаж өгсөн. Энд ямар ч алдаа байхгүй. Одоо харин ойлгож хэрэгжүүлэх л асуудал байгаа.

Сайнтай ч, муутай монгол хүн бүрт сонгох эрх байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь байгаа. Гурван жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайдын эзэмшлийн амралтын газар бохироо Туул гол руу хийж байна гэдэг мэдээ зурагтайгаа мэдээллийн сайтад тавигдсан. Тэр сайт руу утасдаад “Наад зурагтаа авч хаяхгүй бол саятыг чинь хаалаа” гээд Ерөнхий сайдын мэдэлд байдаг Харилцаа холбооны зохицуулах хороо сайтыг нь хаасан. Шүүхэд хандаад Захиргааны хэргийн шүүх “хууль бусаар хаасан байна” гэдгийг нь тогтоогоод сайтаа нээлгэсэн. Шүүхээр эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан учраас тэр. Иргэний болон улс төрийн эрх дээр Монгол Улс пост коммунист улсууд дотроос ганцаараа төв болон зүүн европын улсуудтай хамт “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд багтаж байгаа. Төв Азийн бусад улсууд бүгд эрх чөлөөгүй, бүр хагас эрх чөлөөгүй ангилалд багтдаг. Энэ бол бидний амжилттай яваа хэрэг.

Эрх мэдлийг төвлөрүүлснээр нийтийн эрх ашгийн эсрэг явдаг

Хоёрдугаарт эрх мэдийн хуваарилалт, хяналт тэнцлийг хангах асуудал. Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй вэ? гэхээр зарим нь хагас ерөнхийлөгчийн, зарим нь парламентын засаглалтай гэдэг. Миний бодлоор 1992 оны Үндсэн хуулиас хойш хагас ерөнхийлөгчийн маягийн засаглалтай явж ирсэн. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш парламентын маягийн засаглалтай болсон гэж би хувьдаа үздэг. Парламентад олон суудал авсан нам нь Засгийн газраа байгуулдаг, Засгийн газар нь парламентынхаа итгэлийг хүлээж байж оршин тогтнодог зарчим парламентын засаглал. 1992 оны Үндсэн хуульд хэдийгээр парламентын олонхи Ерөнхий сайдаа томилдог ч заавал Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл авч чадахгүй бол бүрэлдэхүүнээ томилж чаддаггүй байсан. Тиймээс хагас ерөнхийлөгчийн маягтай. 2000 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадахгүй бол Ерөнхий сайд өөрөө парламент руу оруулдаг болсон. Засгийн газар нь парламентынхаа итгэлийг авч томилогдож байгаа учраас парламентын засаглалтай гэж хэлэх бололцоотой.

Зарим хүмүүс сонгогддог Ерөнхийлөгчтэй учраас хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэх гээд байдаг. Сонгогддог ерөнхийлөгчтэй парламентын засаглалтай улс олон бий, Финляндаас аваад. Харин парламентын засаглалд эрх мэдэл яаж хуваарилагдсан бэ?

Төр бол зайлшгүй. Төр байж шударга ёс хэрэгжинэ, дэг журам тогтоно, эрх тайван байна, хүний эрх хамгаалагдана. Үүний төлөө төрд эрх мэдэл өгдөг. Гэвч эрх мэдлийг хэт төвлөрүүлбэл урвуулан ашиглах магадлалтай. Нийтийн ашиг сонирхлын эсрэг явдаг. Тиймээс төрийн эрх мэдлийг салгах ёстой, бие биедээ хянагдах ёстой юм байна гэдэг зүйл Үндсэн хуульт ёсонд тулгараад Францын тунхаглалын 16-р зүйлд тусгагдсан. Ардчилсан улсуудын Үндсэн хуульд шингээд явж байгаа. Гэвч яг адилхан байдлаар тусгагдсан нэг ч улс байхгүй. Бүгд өөр өөрийн онцлогтой. Монголд жишээ нь, ард түмнээс сонгогдсон парламент хууль тогтооно, хуулийн хэрэгжилтийг Засгийн газар, түүний харъяа байгууллагууд улс орон даяар хангана, тэр хуулийг зөрчсөн эсэхийг хараат бус хөндлөнгийн шүүх шүүнэ. Энэ зарчмаар Үндсэн хууль хийгдсэн. Ингэж хуваарилаад зогсохгүй эрх мэдлүүд харилцан бие биенээ хянадаг механизмыг хийж өгсөн.

УИХ хууль тогтоож байгаа ч баталсан хууль бодлогын хувьд алдаатай, эсвэл Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхийлөгч хориг тавина. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын 2/3 хүлээж авбал хууль батлагдахгүй. Жишээлэхэд УИХ 2015 онд Өршөөлийн хуулийг батлахдаа авлигын хэргийг өршөөх заалт оруулсан байсан. Иргэд эсэргүүцсэн, Ерөнхийлөгч хориг тавьсан, хоригийг УИХ-ын 2/3-оор хүлээж авсан. Мөн парламентын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дээр очих боломжтой. Сүүлийн 26 жилд Цэц 200 орчим дүгнэлт гаргасан нь ихэнхдээ парламентын батлан гаргасан хуулиар. 2007 онд жишээ нь, гишүүдийн тойргийн 250 саяар дүгнэлт гаргасан. Мөнгө зарцуулсан хүмүүс шинээр нэр дэвшиж байгаа хүмүүсээс давуу эрх олж аваад байна, тэгш эрхийн зарчим зөрчсөн байна гээд хүчингүй болгосон. Гэх мэтчилэн УИХ ч гэсэн хянагдах боломжтой.

Засгийн газар мөн л Цэцэд хянагдана. 26 жилд Засгийн газрын10 орчим тогтоолыг Цэц авч хэлэлцсэн. Нөгөө талаар Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны шүүхээр хянагдаж байгаа. Засгийн газар иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг. Жишээлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан, эсвэл хувийн өмчийн газрыг тусгай улсын тусгай хэрэгцээнд авдаг. Мөн уул уурхайтай холбоотой маш олон шийдвэрүүд байна. Энэ тохиолдолд эрх нь зөрчигдсөн иргэд захиргааны шүүхэд ханддаг. Хүүхдийн эрхийн асуудлаар гэхэд өвлийн морин уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн гурван шатны шүүх хүчингүй болгосон тохиолдол байна.

Хүчтэй удирдагчийг хүсэмжлэх нь ерөнхийлөгчийн засаглалыг илүүд үзсэн хэрэг биш

2002 онд иргэдийн дунд хийсэн судалгаагаар “Хүчтэй удирдагчийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг хандлага 66 хувь байсан бол 2014 онд 34 хувь болтлоо буурсан. Иргэдийн 66 хувь нь “хүчтэй удирдагч гарч байж асуудлыг шийднэ” гэж үзэж байна. Гэтэл үүнийг хүмүүс тайлбарлахдаа “Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой”, “авторитари дэглэмд шилжинэ” гээд байгаа. Сингапур шиг, эсвэл Казакстан шиг. Гэвч иргэдийн хэлээд байгаа энэ үгний зүй ёсны тайлбар нь ерөөсөө ерөнхийлөгч, парламентын засаглалын ялгааны тухай биш юм. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа шийддэг, хариуцлагатай төртэй болъё, гүйцэтгэх эрх мэдэл нь хүчтэй байя л гэдэг санаа. Үүнийг парламентын засаглал шийдэж чадах уу? Мэдээж чадна.

Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, хараат бус шүүх, хууль дээдлэх ёс, эдийн засгийн хөгжил гэх мэт бүх шалгуураар нь аваад үзэхээр дэлхийд эхний 30 улсын 2/3-оос олон нь парламентын засаглалтай. Учир нь хууль дээдэлдэг, шударга ёс хэрэгждэг, эдийн засгийн хувьд хөгжсөн, хүний эрх хамгаалагдсан байхын хамгийн боломжит хувилбар нь парламентын засаглал. Манайх ч гэсэн парламентын засаглал дотроо шийдээд явах боломжтой. Манайд үндсэн суурь нь байгаа боловч зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай. 2015 онд УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, өнгөрсөн жилээс явж байгаа төсөлд аль алинд нь тусгагдсан. АН, МАН хоёрын аль аль нь зөвшилцсөн, судлаачдын хувьд ерөнхийдөө дэмжиж байгаа хэдхэн асуудал байгаа. Үүнийг шийдчих юм бол манайд парламентын засаглал тогтвортой хөгжлийг хангаад явах боломжтой. Өнөөдөр парламентын засаглал яагаад шүүмжлэгдээд байна вэ гэхээр хэд хэдэн судалгааны дүн гарсан. Эхнийх нь Засгийн газар тогтворгүй, дунджаар 1,8 жил болоод огцордог. Тиймээс Засгийн газар ямар ч бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Өнөөдөр нэг шалтгаан хэлээд огцруулдаг, огцруулсны дараа нөгөө шалтгаан нь алга болчихдог. Улс төрийн шалтаг гэсэн үг. Мөн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч оролцдог, дээрээс нь УИХ, УИХ дарга хүртэл оролцдог. Гүйцэтгэх эрх мэдэл нь хараат болчихсон. Олонхийн бодлогыг хэрэгжүүлэх, кабинетаа бүрдүүлэх эрх мэдэл Ерөнхий сайдад байхгүй. Сайд нараа томилохдоо болон огцруулахдаа нэг бүрчлэн УИХ-аас хамааралтай. УИХ дахь фракциудаас 100 хувь хамааралтай учраас кабинетийн зарчмаар ажиллах боломж байхгүй.

Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдэл уулнаас өнхрөх цас адил нэмэгдэж байна. Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох эрхтэй байтал 2013 онд баталсан хуулиар ШЕЗ-ийн бүх гишүүд, шүүгчийн ёс зүйн хорооны гишүүдийг томилдог болсон. Ингээд гэмт хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, шүүгч, АТГ-ын дарга гээд бүгдийг томилдог болсон. Үүнийг өөрчлөх ёстой. Дээр нь парламентыг чадавхижуулахын тулд УИХ-ын гишүүдийг дор хаяж 140 болгох хэрэгтэй. 76 гэдэг тоо яагаад гарч ирсэн бэ гэдгийг судлаад үзэхээр Үндсэн хууль баталж байх үед тухайн үеийнхээ хүн амд харьцуулаад 14000-15000 сонгогч тутамд нэг байхаар тооцсон байдаг. 1991 оны нэгдүгээр сард хэлэлцсэн ажлын хэсгийн протокол дээр байгаа. Тэгвэл одоо хүн амын тоо гурван сая давчихсан, хамгийн дээрх харьцаагаар авч үзвэл дор хаяж 150 гишүүнтэй байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр 39 хүн цуглаж хуралдаад 20 хүний саналаар хууль батлагдаж байна. Цөөхүүлээ учраас нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг, чадавхижих боломжгүй.

Зарим хүмүүс парламентын хоёр танхимтай болъё гэдэг. Гэхдээ энэ зайлшгүй зүйл биш. Арваас дээш сая хүнтэй, эсвэл шашны, үндэсний цөөнхийн олон бүлгүүдийг төлөөлөх шаардлагатай, эсвэл муж улсуудтай оронд хоёр танхимтай парламентыг хэрэглэдэг. Хэрвээ бид хоёр танхимтай болно гэвэл эрх мэдлийн хуваарилалтаас аваад бүх зүйлийг шинээр хийх болно. Одоо парламентын засаглалаа дөнгөж ойлгоод, асуудлаа харж эхэлж байтал бүгдийг эвдээд шинээр хийх болно.  

1992 оны Үндсэн хуульд 200-300 жил үйлчлэх потенциал бий

Мөн Үндсэн хуулийн Цэц улс төрийн нөлөөнд ордог, захиалгаар шийддэг системийг арчих ёстой. Хэн нэгний захиалгаар гомдол гаргаад хэлэлцдэг. Энэ системийг Унгарт хэрэглэж байгаад 2011 онд халсан. Одоо дэлхий дээр байгаа, амжилттай ажиллаж байгаа Үндсэн хуулийн шүүхүүдэд дуртай иргэн Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргадаггүй. Эрх нь зөрчигдсөн хүмүүс ердийн шүүхээр шийдүүлж чадахгүй бол Үндсэн хуулийн шүүхдээ ханддаг. Уг нь манай Үндсэн хууль баталсан протоколыг харахаар иргэн ханддаг тогтолцоо байхгүй байсан. Тэгээд НҮБ-ын хоёр зөвлөх “Иргэн хандахгүй бол наад тогтолцоо чинь тунхаг болно“ гэж үзээд иргэний өргөдөл гаргадаг болсон. Түүнийг нь Цэцийн хуулиар явцууруулаад эрх нь зөрчигдсөн хүн ханддаг тогтолцоог нээж өгөөгүй мөртлөө дурын иргэн Цэцэд гомдол гаргах эрхтэй болсон. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд байгаа эрхийг хэрэглэдэг шүүх бараг байхгүй. Цэц өөрөө ч хэрэглэдэггүй. АИХ-ын протоколыг уншихаар “ Эрх нь зөрчигдсөн иргэн хандана” гэдэг үгийг зөндөө олон хүн хэлсэн байна. Харамсалтай нь энэ үзэл баримтлал хэрэгжээгүй. Дээрээс нь Цэцийн гишүүн зургаан жилээр томилогддог, дахиад томилогдохын тулд эрх мэдэл бүхий хэсэгт үйлчлээд байдаг. Нэг хүн бүр дөрвөн удаа томилогдсон байна шүү дээ. Энэ бол дэлхийд байхгүй үзэгдэл. Ихэнхдээ нэг удаа ёс, эсвэл 12 жилээр томилоод хараат бус байдлыг нь хангадаг. Дээрээс нь мэргэжлийн биш, шүүгчийн туслахын шаардлага ч хангахгүй хүмүүсийг Цэц рүү томилж байна. Энэ чинь өөрөө ҮХЦ-д хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хянагдах тэр боломжийг хаачихаад байна. Ийм гурав, дөрөвхөн зүйл дээр тодруулга хийчихвэл манай Үндсэн хууль Америкийнх шиг 200-300 жил үйлчлэх потенциал байна.

Сүүлийн үед зарим хүмүүс Үндсэн хууль руу бүх алдааг чихэж байна. Гэтэл үнэндээ Үндсэн хуулиас болсон алдаа ховор. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжих шинэтгэлийг хийж чадаагүйгээс ардчиллын нэр хүндийг унагаад байна. Нэг нам олонхи байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт хийж болохгүй гэдэг. Гэтэл 2015 онд ч гэсэн хийж чадаагүй. Үүнээс болоод ардчилал гэдэг чинь хэрэггүй юм байна, шинэтгэл хийж, харицлага тооцож чаддаггүй юм байна, шинэтгэл хийсэн сайдыгаа огцруулаад хаячихдаг юм байна. Ерөөсөө энэ парламентын засаглал хэрэггүй, эсвэл авторитари дэглэм хэрэгтэй юм байна гэдэг рүү л явна. Үүний жишээ Ваймерийн БНУ-ын түүх байна. Маш тогтворгүй Засгийн газартай байсан учраас ардилалд итгэх иргэдийн итгэлийг унагаачихсан. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бид хийх ёстой. Ажлын хэсгийн боловсруулсан төсөл маш нухацтай, алдаагүйгээр өргөн баригдаад тэр нь батлагдчих юм бол тэр нь манай Үндсэн хуулийн тогтвортой байдлын нөхцөл болно. Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуй дэглэм лүү маш амархан халтирдаг Урт хугацаандаа ардчилалтай байгаа улсуудаас ганц АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай, үлдсэн 21 улс нь парламентын засаглалтай байгаа. Бид өөрсдийгөө Америктай харьцуулж болохгүй. Америкийг дуурайгаад хуулсан улс аяндаа дарангуй дэглэм рүү орчихдог. Польш, Унгарт болж байгаа үйл явдлыг бид харж байгаа. Унгар маш сайн шинэчлэл хийж байсан боловч өнөөдөр бараг л хаантай болчихоод байна. Туркийн Эрдагон ч бас л хаан шиг болсон.

Үргэлжлэл бий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (172.70.162.133)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2022 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 1 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 1 цаг 20 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 44 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 цаг 11 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 33 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top