Уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхээр АДАПТ төсөл үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн багийнхан энэ сарын 23-25-ны өдөр Ховд аймагт “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2024” сэдэвт сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Үүнд Ховд, Завхан аймгаас 80 гаруй малчин, хоршооны төлөөлөл оролцсон юм. Тэд орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бусад үйл ажиллагаагаа танилцуулж, зарим байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд ноолуур бэлтгэлийн чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдийг зах зээлийн үнээр, тогтвортой нийлүүлэх боломж бүрдсэн байна.
Мөн малчдын байгуулсан хоршоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, АДАПТ төслийн загвар үйл ажиллагаа, мал, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлж, хоршоогоор дамжуулан борлуулах арга, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар мэдээлэл солилцлоо.
"Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" АДАПТ төслийг 2021-2028 онд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт тус тус хэрэгжүүлж байна.
АДАПТ төслийн томоохон зорилтын нэг бол уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, зах зээлтэй холбох юм. Энэ хүрээнд төслийн зорилтот дөрвөн аймгийн найман суманд уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн загвар үйл ажиллагааг төр хувийн хэвшил, малчдын түншлэл зарчмаар туршин хэрэгжүүлж байна.