x

Эдийн засгийн энгийнээр

Нэгэн арал дээр 100 хүн амьдардаг байжээ. Тэднээс 10 нь төмс тарьж, тарьсан төмс нь 100 хүний хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг. Тиймээс ямартай ч тэд амьд явахад асуудалгүй. Тэгвэл үлдсэн 90 хүн юу хийх вэ?

Мэдээж хийх ажил мундахгүй. Тэднээс 40 нь оёдолчин, барилгачин, уурхайчин зэрэг үйлдвэрлэгчид ба 100 хүний өдөр тутмын аж амьдралд шаардлагатай багаж хэрэгслийг бүрэн хангана.

Үлдсэн 50 хүн юу хийх вэ гэхээр..., мэдээж үйлчилгээний салбарынхан. Эмч, багш, цэрэг, тогооч, зохиолч, судлаач, шууданчин, дуучин, жүжигчин, шоучин. Тэдний ачаар амьдрал илүү аюулгүй, тав тухтай, зугаатай бас өнгөтэй болно.

Тэгээд тэдгээр 100 хүн өөр өөрсдийн хийж бүтээснээ бусдадаа хуваалцсан шигээ сайхан амьдардаг байв аа.

Үүн дээр нэг асуулт гарч ирнэ.

-Энэ арал дээр мөнгө хэрэгтэй юу? Эдгээр хүмүүс цаашид ч дутагдах гачигдах зүйлгүй амар жимэр амьдраад байж чадах уу?

Хариулт нь "Мэдээж чадна". Гэхдээ 100-уулаа нэгэн гэр бүл шиг эвтэй найртай байвал шүү дээ.

Угаас хүнс ч, хэрэглээ ч, үйлчилгээ ч бүгд хүрэлцэж, бүгд эвтэй найртай хуваалцаж байгаа хойно өөр юу хэрэгтэй гэх вэ?

Даанч бодит байдал дээр зуугийн зуун хүн мөнхөд эвтэй найртай амьдарна гэдэг тийм ч хялбар яриа биш ээ.

Юуг ч хуваарилсан их багаар гомдож цухалдах хүмүүс нэг гэлтгүй гарч л таарна. Тэр болгон дээр зуугаараа цуглаж ярилцаад байлтай ч биш. Нэгийгээ дарга болгоод, түүнийхээ үгээр явъя гэхээр тэр ч бас эрсдэлтэй. Нөгөөх нь яаж ч оодроо билээ.

Ингээд арлынхан бодож бодож, нэгэн систем зохиохоор болов.

Тэр нь юуны өмнө "Хэрхэвч зөрчиж болохгүй шүү" гэсэн хэдэн абсолют дүрмүүдээс эхэлнэ (үндсэн хууль).

Нэгнээ алж болохгүй, бүгд бодож санаснаа чөлөөтэй илэрхийлж болно, дуртай шашнаа шүтэж болно..., гэх мэт.

Түүн дээрээ суурилан цаг үеийн сэдэвтэй олон янзын дүрмүүд зохиогоод явна (ердийн хуулиуд).

Тэгээд дээр нь нөөцөө (хүнс, үйлдвэрлэл, үйлчилгээ г.м) хуваарилах зорилготой "мөнгө" гээч юмтай болохоор шийдэв. Учир нь мөнгөний ачаар хуваарилалт болгон дээр гардаг явган хэрүүлүүд хамаагүй намжина. Ухаандаа, "За энэ төмсийг яаж хуваах вэ?" гээд дахин дахин ярилцаад байх шаардлагагүй. Ердөө л их идмээр байгаа нь их мөнгө төлөхөд хангалттай.

Ийнхүү арал маань мөнгөтэй болохоор шийдсэн боловч тэр дороо асуудалтай тулав. Ингэхэд тэр мөнгийг чинь хэн хариуцах юм бэ? Хэн нэг нь түүнийг хэвлэх, тараах, хянах, тоолох гээд баахан ажил хариуцаж таарна. Тиймээс үйлчилгээний салбарын 50 хүнээс 20 нь системийн цагдаа болцгоов. Тэд мөнгө хэвлэнэ, хэвлэсэн мөнгөө юунд зарцуулахыг шийднэ, системийн дүрмийн хэрэгжилтийг хянана, зөрчсөн хүмүүсийг шийтгэнэ. Үндсэндээ бол системийн хэвийн үйл ажиллагааг хариуцан цагдана (төрийн алба).

За тэгээд системийн цагдаа нар ингэж тэгэн мунгинасаар арай чүү хэвлэсэн мөнгөө арлын хүмүүст тарааж өгөв өө. Тэгтэл арлынхан эхэндээ нөгөө мөнгийг нь төдийлөн тоосонгүй. Арга ч үгүй биз, угаасаа төдийг хүртэл тийм юмгүй амьдарсаар ирсэн юм хойно. Ядахад нөгөөх нь идэх ч, хэрэглэх ч боломжгүй ердийн нэг цаасны өөдөс.

Үүн дээр аргаа барсан системийн цагдаа нар нэгэн дүрэм шинээр зохиов.

"Хүн бүр жил болгон энэ мөнгөөр татвар төлнө!"

Ингэснээр арлынхан сая нэг арга буюу мөнгийг ойшоох болов. Нээрээ л татвар төлөхөд мөнгө хэрэгтэй, төлөхгүй бол цагдаад шийтгүүлнэ. Тиймээс тариачид өгсөн төмснийхөө оронд мөнгө нэхэх болж, үйлдвэр үйлчилгээнийхэн ч бас төмсчинд өгөх мөнгөө олохын тулд тус бүрийн ажлаа мөнгөөр солилцдог болж, системийн цагдаа нар ч бас мөнгөөр цалинждаг болсноор тийнхүү мөнгө нийгэмд эргэлдэж эхлэв ээ. (Мөнгийг татвар л хэрэглээнд оруулдаг гэх энэ санааг "Татвар мөнгөний онол" гэнэ)

Гэтэл татварт хүн бүр жишээ нь 1,000 мөнгө тушаана гэвэл жил бүр нийгмээс 100,000 мөнгө хорогдоход хүрнэ. Түүнийг нөхөхийн тулд системээс жил бүр шинээр мөнгө хэвлэдэг болов. Тэгээд хэвлэсэн мөнгөөрөө системийн цагдаа нарыг цалинжуулах, нийтийн бүтээн байгуулалтад зарцуулах замаар нийгэмд тараана.

Нийтийн бүтээн байгуулалт гэдэг нь тухайлбал "Алив барилгачид аа, энд далан барьцгаая. Шанд нь мөнгө өгнө шүү" ч юм уу, "Өвөлд бэлдэж хүнс нөөцөлцгөөе. Тариачид аа, төмсөө өгөөд мөнгө аваарай", "Алив, үйлчилгээнийхнээс нэг нь ирээд нөөцийн төмсийг хариуцаарай" гэх мэт олон нийтийн ажлуудыг хэлнэ.

Бүхэлд нь харвал систем маань жил бүр эхлээд мөнгө тарааж, жилийн эцэст тараасан мөнгөө татвараар буцааж хураана гэсэн циклээр ажилладаг гэсэн үг.

Тэгтэл оршин суугчдаас зарим нэг хүн "Мөнгийг чинь найдвартай хадгална!" хэмээх банк гэдэг үйлчилгээг бодож олж гэнэ. Нээрээ л бэлэн мөнгө гэдэг эрсдэлтэй, барьж яваад гээх ч юм уу, сармагчинд булаалгавал ярих юм биш. Ингээд банкны ачаар хүмүүсийн солилцоо улам л хялбар болов. Төмсчин үсээ засуулах болбол "Алив банкчин! Миний мөнгөнөөс 5-ыг үсчин руу шилжүүлчих!" гэхэд л нөгөө банкчин нь төмсчний дэвтэр дээр "-5" гэж бичээд, үсчний дэвтэр дээр "+5" гэж бичэхэд л бүх юм жин тан.

Тэгсэн чинь банкчин нөхөр нэгэн сонирхолтой илбэ сэдэж гэнэ. Хэн нэгний дэвтэр дээр ердөө л "+1,000" гэж бичих төдийд хоосноос цоо шинэ 1,000 мөнгө төрөн гарна. Ингэж үүсгэсэн мөнгөө хүнд зээлбэл зээлдсэн хүн нь түүнийгээ цааш нь солилцож явсаар нийгэмд эргэлдэх мөнгөний хэмжээ 1,000-аар өснө.

Эндээс харж буйчлан мөнгө маань хоёр замаар нийгэмд нийлүүлэгддэг болов. Нэг нь системээс хэвлэж тараасан мөнгөний нийлүүлэлт. Нөгөө нь банкнаас зээлж бий болгосон мөнгөний нийлүүлэлт. Эсрэгээрээ мөнгөний таталт ч бас хоёр замаар хэрэгжинэ. Нэг нь татвараар нийгмээс мөнгө татах. Нөгөө нь банкинд зээлээ төлөх.

Эндээс хоёр сонирхолтой зүйлийг хэлж болохоор байна.

Нэгт, татвар гэдэг бол төсөв бүрдүүлэхийн төлөө гэхээсээ нийгэмд эргэлдэж байгаа мөнгөний хэмжээг зохицуулахын төлөөх арга хэрэгсэл. Ердийн үед бид "Муу сайн цагдаа нар бидний татвараар цалинждаг юм чинь бидэнд үйлчлэх ёстой" гэхчлэн зандардаг. Цагдаа нар иргэдэд үйлчлэх ёстой нь үнэн л дээ, гэхдээ түүний үндэслэл нь "Бид тэднийг цалинжуулдаг учраас" гэвэл далийгаад явчхаж байгаа юм. Учир нь цагдааг цалинжуулахын тулд гэхээсээ зах зээл дээр эргэлдэх мөнгөний хэмжээг зохицуулах гэж л систем татвар хураадаг (харин бид цагдааг цалинжуулдаг эсэхээс үл хамааран цагдаагийн ажил албаны үндсэн үүрэг нь иргэдэд үйлчлэх байдаг). Тиймээс татварын бодлогоор голлон анхаарах ёстой асуудал бол дараах асуудлууд юм.

-Зах зээлээс нийт хэдий хэр мөнгө татах нь зохистой вэ? Өөрөөр хэлбэл, хэдий хэмжээний мөнгийг зах зээлээс татвал инфляци хэвийн түвшинд байж, эдийн засаг эрүүл эргэлдэх вэ?

-Мөн тэр татаасыг хүн нэг бүрд хэрхэн хуваарилах вэ? (өндөр орлоготой хүнээс хэдийг авах вэ, бага орлоготой хүнээс хэдийг авах вэ? зэрэг татварын хуваарилалт)

Татварыг засгийн газрын зарлага буюу төсөв бүрдүүлэх арга хэрэгсэл гэж харах юм бол эдийн засгийн бодлого талаасаа сууриасаа мордохын хазгай болж байгаа нь тэр. Ухаандаа зах зээл дээр эргэлдэж буй мөнгөний хэмжээ хомсдолтой байхад "Цагдааг цалинжуулахын тулд дор хаяж ийм татвар хураах шаардлагатай" гэсэн логикоор татварын бодлогод хандвал зэх зээл дээр эргэлдэх мөнгө улам л татрахад хүрнэ шүү дээ. Тэгээд ч мөнгө хэвлэх онцгой эрхтэй төр гээч нөхөр цагдаадаа цалин өгөх гээд иргэдээсээ мөнгө гуйх нь яаж ч бодсон маазрал биз дээ? "Татварын орлого давж биеллээ" гэх мэтийн мэдээ бүр оогт баярлах ёстой зүйл биш гэсэн үг.

Хоёрт, зээл төлснөөр мөнгөний хэмжээ багасдаг юм бол төр гээч аварга зээлдэгч зээлээ төлбөл бүр л их мөнгө зах зээлээс ууршина. Жирийн иргэд бид өрнөөсөө мултрахаар нээх гоё магнай тэнийж, нуруу тэгширсэн мэдрэмж төрдөг дөө? Харин төр зээлээ дарах эсэхээ тэр мэт хувь хүмүүсийнх шиг мэдрэмжээр шийдэж болохгүй. Засгийн газар зээлээ төлнө гэдэг бол тэр хэрээр зах зээлээс мөнгө ууршина гэсэн үг тул хэзээ, ямар хэмжээгээр өрөө хаах зэрэг нь бүгд бодлогоор шийдэх асуудал юм.

За ингээд ямар ч байсан мөнгөний ачаар өдөр бүр хэнд юуг хэрхэн хуваарилах вэ гэсэн хуваарилалтын залхуутай ажил хөнгөрч, бүх юм автоматаар өөрөө эргэлддэг болжээ. Үнэн чика!

Нөгөөтээгүүр "Хэнээс ямар хэмжээний татвар авах вэ?", "Одоо ямар нийтийн бүтээн байгуулалт хийх вэ?", "Шинэ дүрэм зохиох уу яах уу?" гэх мэт цаг үеийн шинжтэй асуудлуудыг нухацтай бодож шийдэх гэдэг шинэ ажил гарч ирэв. Үүнийг шийдэх зорилгоор давхарга бүрийн төлөөллийг цуглуулж, тариачдын төлөөлөл 1 хүн, үйлдвэрчний төлөөлөл 4 хүн, үйлчилгээний төлөөлөл 3 хүн маягийн бүтэцтэй Дивтаатын хурал гээч юмтай болжээ (Улсын их хурал).

Ойлгомжтой байгаа биз? Үндсэн хуульт, парламентийн тогтолцоот, ардчилсан капиталист нийгэм гээч юм товчдоо бол иймэрхүү л механизмаар ажилладаг.

Бодит байдал дээр засгийн газар нийтийн бүтээн байгуулалтад шаардлагатай мөнгийг босгохдоо бонд (буюу засгийн газрын өрийн бичиг) гаргаж, бондыг нь төв банк худалдаж аваад оронд нь мөнгө хэвлэж өгөх байдлаар гүйцэтгэдэг. Үүнээс болж засгийн газар ба төв банкийг тусдаа зүйлс мэтээр харж, төв банкны бие даасан байдлыг дөвийлгөн чухалчлах хүмүүс мэр сэр ажиглагддаг л даа. Гэвч том зургаар нь харвал эцсийн эцэст засгийн газар, төв банкны аль аль нь системийн л нэг хэсэг, нэг тэрэгний хоёр дугуй гэсэн үг. Тиймээс засгийн газрын зээлсэн мөнгө бол үнэндээ зээл биш юм. Систем мөнгө хэвлэх онцгой эрхээ ашиглан мөнгө хэвлэж байгаа төдий л явдал (Аа харин гадны орноос гадаад валютаар зээл авах бол яриа байхгүй зээл буюу өр мөн).

Ер нь төрийн хувь дахь ашиг, алдагдал (буюу төсвийн тэнцэл) гэдэг нь хувь хүмүүсийн ашиг, алдагдлаас тэс ондоо зүйл. Харин жирийн бид төрийн зээлийг өөрсдийнхөө банкнаас авдаг ахуйн зээлтэйгээ андуурч хутгадгаас болж л "Төрийн өрийг иргэд нуруун дээрээ үүрч явна" гэхчлэн исгэрэлддэг хэрэг. Нэг талаар хувь хүний зээл ба төрийн зээлийг адилхан л "зээл" гэж нэрлэдэг болохоор аргагүй ч байж болох юм. Гэвч цаад механизмаас нь харвал шал өөр хоёр эд байгаа биз? Тиймээс өр гэдэг юманд "Дарах ёстой өр" ба "Дарах шаардлагагүй өр" гэсэн хоёр төрөл байдаг гэсэн үг. Тэгээд төрийн өр бол дарах шаардлагагүй өр юм.

Ингэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. "Төр чинь тэгээд хязгааргүй их зээл авч, мөнгө хэвлээд байж болно гэсэн үг үү?" гээд. Үүн дээр хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Юу гэвэл "Төрд санхүүгийн хязгаарлалт байхгүй ч, нөөцийн хязгаарлалт байдаг" гэх факт. Ойлгомжтой хэлбэл "Засгийн газарт мөнгө байхгүй учир хийж чадахгүй (буюу санхүүгийн хязгаарлалт байна)" гэсэн яриа огтоос байх боломжгүй. Харин түүний оронд "Механикийн хувьд боломжгүй (буюу нөөцийн хязгаарлалт байна)" гэсэн яриа бол байх боломжтой. Үүнийг жишээгээр тайлбарлая.

Арлын 100 хүнээс нэг нь хөлөө хугалаад, "Ажил байхгүй, орлого байхгүй, мөнгө байхгүй, өлсөж үхлээ. Туслаарай Систем ээ!" гэсэн гэе. Тэгсэн чинь Дивтаатын хурлын хэд ярилцсанаа "Уучлаарай, мөнгө хүрэлцэхгүй байгаа тул та өлсөж үхнэ үү" гэвэл өнөө хүн чинь "Айн? Яагаад?" гэсэн яриа болно. Бодоод үз дээ, угаас энэ арал дээр 100 хүнд хүрэлцэх хүнс байна, хувцас байна, оромж байна, машин байна, бүх юм байна. Систем байгаагүй бол арлын 99 хүн тэр нэг хүнийг яасан ч өлсгөж алахгүй байсан. Тиймээс хөлөө хугалсан төдийд өлсөж үхэхдээ тулсан хүн гарч ирнэ ээ гэдэг бол тэр чигээрээ системийн менежментийн л асуудал юм. Систем "мөнгө" гэгч зохиомол хэрэглүүрээр дамжуулж арлын менежментийг удирддаг. Тиймээс "Системд мөнгө байхгүй" гэх нь өөрөө ямар ч утгагүй яриа юм (Номингийн салбараас бараа автал "Өнөөдөр манай пойнт дууссан тул олгохгүй шүү" гэвэл гэнэт галзуугийн эмнэлэгт ороод ирсэн юм шиг санагдах байлгүй?). Харин "Чамд мөнгө өгөхөөр инфляци өсөөд, бүр олон хүн өлсөж үхэх гээд байна" ч юм уу, "Чамд мөнгө өглөө гээд ямар ч асуудал шийдэгдэхгүй" бла бла гэсэн шалтгаан хэлбэл мэдээж өөр хэрэг л дээ.

 

Хэн нэг хувь хүн нөгөө хөлгүй нөхөрт хандаж "Уучлаарай, надад чамд илүүчлэх мөнгө алга" гэвэл тэнд ямар ч асуудал байхгүй. Хувь хүн л бол хувь хүн. Харин системд бол тийм хувь хүний шалтаг хэлэх эрх байхгүй. "Системд мөнгө алга гэсэн яриа байх боломжгүй" гэсэн энэхүү яриаг "Төрд санхүүгийн хязгаарлалт байхгүй" гэж хэлээд байгаа юм.

Эсрэгээрээ "Төрд нөөцийн хязгаарлалт байна" гэдэг нь, жишээлбэл төр ямар ч их мөнгө хэвлэлээ гээд 1 сая хүнд хүрэлцэх төмс тарих боломжгүй гэх мэт механик таазыг хэлнэ. Товчхондоо бол хэчнээн ч мөнгө хэвлэлээ гээд 100 хүн амьдардаг арал дээр 100 хүний хийж чадахаас илүү зүйл хийх боломжгүй гэсэн үг.

Мэдээж яахав, ургацын хэмжээгээ өсгөе гэвэл хэрэгжүүлж болох арга замууд бий л байх. Тариачдад хөнгөлөлттэй зээл өгч тариачдын тоог олшруулъя ч юм уу, судалгаанд мөнгө зарцуулж, дэвшилтэт технологитой болъё ч юм уу, тариачдад илүү ээлтэй дүрэм шинээр зохиоё гээд юу ч байж болно. Ямар ч байсан "мөнгө" гэдэг багажийг ашиглан, хууль, нийтийн бүтээн байгуулалт зэргээр дамжуулж арлын аж амьдралаа илүү гоё болгох менежмент хийж явах нь системийн үндсэн үүрэг юм. Зарим хүмүүс "Төр бол хамгийн муу менежер" гэж онолддог. Гэтэл оршин байгаа утга учраараа төр бол ерөөсөө л нийгэмд менежер хийх үүрэгтэй институц юм.

 

За тэгвэл систем үндсэн үүргийнхээ төлөө юу хийх нь хамгийн үр дүнтэй байж болох талаар бодож үзье.

Жишээ нь системээс хүн бүрд 1 сая мөнгө тараавал арлын амьдрал сайжрах уу? Бараг л онцын өөрчлөлт гарахгүй болов уу. Түүний оронд ядаж хөлөө хугалсан цөөн хэдэд л мөнгө өгч "Үүгээр хөлөө эмчлүүлээд, хурдан эдгээд, ажилдаа буцаж ороорой" гэвэл арай учиртай биз. Гэхдээ түүнээс ч илүү үр дүнтэй арга бол тариачдын ургацыг өсгөж, үйлдвэрлэгчдийн бүтээмжийг дээшлүүлж, үйлчилгээнийхний чанарыг сайжруулах чиглэл рүү менежмент хийхэд анхаарах нь чухал. Товчхондоо бол иргэншлийг улам цэцэглүүлж, техник технологийн дэвшлийг өдөөх чиглэлд луужингаа тохируулах нь хамгийн үр дүнтэй.

Гэхдээ иргэншлийн цэцэглэлт, технологийн дэвшлийг эдийн засгийн өсөлт буюу мөнгөөр хэмжих нь учир дутагдалтай. Угаасаа мөнгөтэй орон нь илүү баян, мөнгөтэй орон нь илүү өндөр соёл иргэншилтэй гэвэл энэ хүртэлх ярианаас ямар ч утгагүй болох нь харагдаж байгаа биз? Даанч өнөөгийн "Өсөлтийн капитализм" гэх догма ноёлсон ертөнцөд иргэншлийн цэцэглэлтийг эдийн засгийн өсөлт буюу мөнгөний хэмжээтэй андуурдаг болсон нь харамсалтай. Өнөөдөр бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүн гэгддэг Чингис хаанаасаа ч тав тухтай амьдарч яваа маань мөнгө гэхээсээ цэвэр иргэншлийн л ач юм (Бодоод үз дээ, Чингис хаан маань тэр өндөр насан дээрээ приус ч байхгүй газар морьтой явж байгаад унаад, олигтой эмнэлгийн тусламж ч авч чадалгүй өөд болсныг!).

Энэ иргэншилд хүрэхийн тулд хүн төрөлхтөн хаант засаг, феодалын засаг, социалист засаг, тоталитари засаг гээд олон янзын системийг туршиж ирсэн. Бүгд бүтэлгүйтсэн. Харин өнөөдөр капитализм гэх хувилбарыг туршиж яваа ч сайжруулах шаардлагатай дутагдлууд олон байна. Угаасаа хэрэгжиж эхлээд 200-аадхан жил л болж байгаа хойно аргагүй ч хэрэг биз. Тухайлбал, капитализмаар баян хоосны ялгарал улам бүр тэлж байна. 100 хүнтэй арал дээр чөлөөт зах зээлийг зөнд нь эргэлдүүлээд орхивол гарцаагүй баян ба ядуу хүмүүс гарч ирнэ. Тэгээд баян болсон нь баялгаа эргэлдүүлэн улам их баяжихаас гадна, тэр баялгаараа Дивтаатуудад нөлөөлөх замаар өөрт ашигтай дүрмүүдийг гаргуулж, эсрэгээрээ өөрт ашиггүй дүрмүүдийг унагаад байж болохыг хялбархан төсөөлж болно. Ингээд баян хоосны ялгарал зогсолтгүй тэлээд байхаар яваандаа нийгэм тогтворгүй болж, дайн дэгдэх эрсдэл нэмэгдэнэ. Тэгээд дайн дэгдэж байж сая нэг ялгарал нь агшиж ирнэ. Тиймээс тогтвортой үргэлжлэхийн тулд заавал үе үе дайн хийх ёстой системийг яаж төгс гэх вэ. Ядаж л энэ асуудлыг засах шаардлагатай... гэх мэт.

Одоо тэгвэл 100 хүнтэй арлын дэргэд 1,000 хүнтэй өөр нэг арал байвал эдийн засаг юу болох вэ? гэдэг талаар ярьмаар байгаа ч..., за за залхуу хүрсэн тул дараа үргэлжлүүлье.

ТомёБодё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 1 цаг 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 39 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 47 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 56 мин 1968 оны Чехословакийн хавар 2 цаг 24 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2 цаг 38 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 4 цаг 12 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 4 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 42 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 32 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top