Дөрөвдүгээр сарын 1 болоод, манайх л болсон хойно хошин, инээдтэй дурсамж яриа, нэгнийгээ хуурсан марзан үг шидэлцэж өнгөрөөв. Тэр дунд нэгэн төрийн түшээ “Сүүлийн найман жил өдөр бүр дөрөвдүгээр сарын 1 байлаа” гэжээ.
Монголын улс төр, улстөрчдийг шүүмжилсэн хэрэг л дээ. Улс орон ядуу буурай байна. Эдийн засаг хүнд байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд шударгаар шүүгдэхгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна. Иргэд сөхөрсөөр л байна. Ерөөсөө энэ тухай өнөөдөр ч яриагүй. Саяхнаас ч ийм болоогүй. Урт удаан жилийн улс төрийн доройтлын үр дагавар.
Манай улстөрчид ёс зүйгүй, ёс суртахуунгүй. Улс төрд гарсан л бол эрээ цээргүй улсын төсвөө тонож ирлээ. Албан тушаалаа ашиглах нь байдаг л үзэгдэл болчихлоо. Эцсийн дүндээ бид хөгжлийн бүхий л үзүүлэлтээр ухарч байна. Ингээд харахаар “Өдөр бүр дөрөвдүгээр сарын 1” болж байхад иргэд бид юу хийж, хаана байв гэж асуухад хүрч байгаа юм.
Энэ нийгмийн, төрийн хамгийн гол хүч иргэд, ард түмэн байдаг. Иргэн дор бүрнээ болохгүйг хурцаар харж, шүүмжилж засч залруулахын төлөө зүтгэх сэтгэлтэй болмоор байна. “Би болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзлээ таягдан хаяад улсынхаа, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөөр байгаа юм.
Удахгүй сонгууль болно. Нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөрийг бүрэн уншихаас бидний үүрэг эхэлнэ. Мөнгө төгрөг, аар саархан зүйлд хууртаж болохгүй. Сонгогч хэрсүү болох л сүүлчийн найдвар байдаг. Түүнээс улс төр “цэвэршиж”, мөнгө, эрх мэдлээ орхихгүй. Орхидог ч үгүй, улс төр ийм л байдаг.
Өдрийн сонин