x

Манай ТУГ

Монголын анхны арилжааны хиймэл дагуул хөөрлөө. 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр. АНУ, Калифорни муж, Ломпок хот. Ванденбергийн Сансрын Хүчний Баазаас.

Түүх энгийн байх атлаа гайхамшигтай. Эрт цагт бол энэхүү мэдээ улс орныг доргиох хүчтэй байлаа. Монгол инженерүүд бүтээж, хувийн бизнесийнхэн санаачилж хийж хэрэгжүүлж байгаа төсөл. 

Элон Маск гэж элдэвтэй хүн энэ цагийн хөгжлийн тод төлөөлөл юм. Сансарт нисэх, хөөрөх, ажиллах бол төрийн онцгой бизнес байсан. Элон түүнийг хүнд сурталгүй болгов. Энэ том орон зайд чанарын өөрчлөлт гарч олны хэрэглээ болов. Аливаа хөгжлийг цаашид сансрын оролцоогүй төсөөлөхөө болих нь. 

Одоогоос хоёр зууны өмнө газрын эзэмшил, өмчлөл чухал байж. Уралдаж гүйгээд түрүүлж тугаа хатгасан нь газрын эзэн болдог. Өнөө цагт сансарт ийм уралдаан эхэлж байна. Сансрыг бид хязгааргүй гэж бодох боловч дэлхийг тойрсон орон зай хэмжээтэй аж. Тэнд түрүүлж тугаа хатгасан нь хөгжмийн захиалга авах нь. Одоо бидний хэрэглэж байгаа холбоо харилцаа, худалдаа бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ бүгд газраас хамаарах нь багасч, улмаар хоцрогдоно. 

Монгол залуус сансрын бизнесийн эхлэлийг өөрийн нэрийн станцаар ийнхүү эхлүүлж байна. Хиймэл дагуулын нэг эрхээ хоёр болгов. Нэгжийн багтаамжийг хоёр дахин бууруулжээ.

-Танай энэ шийдэл онцгой. Хиймэл дагуулын хэмжээг ингэж багасгаж манайд ирүүлсэн нь Азиас анхных гэж Спэйс-Х компанийн төлөөлөгч дарс шимэх зуураа сонирхуулав. 

Анхны бүхэн томоос эхлэх юм. Анхны гар утас тоосго шиг том хэмжээтэй байв. Анхны компьютер хэмжээгээрээ хоёр давхар байшинтай дүйцэж байсан. Тонноор яригддаг байсан хиймэл дагуул өдгөө инчээр, граммаар хэмжигдэх болжээ. Сая сансарт байршсан манай хиймэл дагуулаас нэг нэгжээр бага хэмжээтэйг зөвхөн Америкт нөгөө л Элоны баг хийжээ. 

Аливаа шинэ юм шийдэлтэй болох тусам, хүч чадал, чанар багтаамж нь сайжирч жижиг, энгийн, хэрэглэхэд амар болсоор. Хүнд ойртох тусам ийм ид шидийг технологи олдог. Гар утсыг л харчих. Гэтэл төр хүнээс улам холдож, улам томорч, улам үрэлгэн болсоор. Хүн төрөлхтөн өнөөдөр хүнд суртал, улс төр гэсэн гайтай тулгарч тамираа барж байна. Овсгоотой нь энэ мангасаас холдож, хаа хол сансарт ажлын байр, бизнесээ олжээ. 

Эрсдэл хийх эрх, эрх чөлөөнд л байдаг. Технологийн хувьсгалын зам нэг түвшинд очоод бөглөрдөг бололтой. Ихэвчлэн алдах айдсаас үүдэлтэй. Их мөнгө зарсан, буруудвал баларна, өрөнд орно, бүх юм дуусна. Алдах эрхтэй, бас эрсдлийн цаана боломж харсан хүмүүс л үүний ард гардаг аж. Элон энэ замаар явж. ONDO-ч энэ замаар явж байна. 

Дээр нь Монгол хүн нэгнийхээ амжилтад чин сэтгэлээсээ талархдаг болох. Элон сансрын бизнесийн салбарт тэргүүлж бас ноёрхож байна. Олон шалгуур, олон саад, атаархал өрсөлдөөнийг давж энэ замыг засчээ. Энэ бизнест Монголын далбаа байраа эзэллээ. Шар шувуу-1, 2 хоёул бөөрөндөө соёмбот далбаатай. Яг л West Point-ын хоёр сонсогчийн ханцуйн дээр байсан шиг. 

Одоо манай залуус бусдад сансраас үйлчилгээ хүргэнэ. Хоёр биш хоёр зуу болгож хиймэл дагуул хөөргөх зам нээгдлээ. Тэднийг бусад нь гүйцэхийн тулд тэдний явсан замыг туулна. Тэгэж зардал, хүч, цаг хугацаа зарсанаас тэнд хүрсэн тэмээг ашиглах нь хямд. Орчин цагийн бизнесийг ч үнэ, эрэлт хэрэгцээ тойрохгүй нь. Монголын ачаа, хэрэгцээ мундахгүй их аж. Бас нөгөө талаар ачаа заавал Монголынх байх албагүй. Үйлчилгээ ч бас Монголоос байх албагүй. 

Гэхдээ Монгол хүний зүрх нутгаа гэдэг. Манай эдийн засаг хөгжих гэвэл энд чанарын өөрчлөлт гарч байж дэлбэрэлт ирнэ. Дижитал, шинэ оюун ухаан, сансар гээд хэмжээ, орон зайд баригдахгүй агуулгатай болох. Бөөрөө гаргалцаж, атаархлын хорон дотроо бидний хэдэн ах дүүс буцалсаар байвал шаржигнуур тахианаас хэтрэхгүй өрөөлийн зууш байсаар л байна. 

Өвөг дээдэс маань нэг чухал өв үлдээсэн. -Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз гэж. Гэрээсээ гар, хол яв гэсэн үг. Тогооноосоо гарсан хүн л өөрийгөө мэдэрдэг, олдог. Нэгнээ доош биш дээш татаж байж урагшлахаар заяасан үндэстэн бол Монгол. Дэлхий рүү гарахаар л бусдын дор орохоо байчихдаг. Одоо бол бүр дэлхийгээс гарч тоглож болох нь. Ингэх л гэж Мянга Есөн Зуун Ерэн оны Цагаан Морин жил улсаараа бид эрх чөлөөг сонгосон. 

Хөөрнө. Тойрог замд шидэгдэнэ. Тэнцвэрээ олно. Нарнаас тэжээл авна. Сэрнэ. Антенн дэлгэгдэнэ. Сигнал цацна, хүлээж авна. Орших өндөр, явах зам, хийх ажил нь тодорхой. Сансарт монголчууд анхны арилжааны хиймэл дагуултай боллоо. Бид энэ мэдээг өөрсдөөсөө нууцлах шахам байв. Сигнал нь газрын станц руу бууж амжаагүй байхад Японоос анхны захиалга Анарын утсанд иржээ. Сайхан л юм. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 11 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 11 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 41 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 6 цаг 9 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 16 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 26 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 53 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 7 цаг 7 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 41 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 50 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 11 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 10 цаг 1 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 50 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top