Амгалан дулааны станцад өчигдөр гэмтэл гарч тэг зогсолт хийсний улмаас нийслэлийн зүүн бүсийн айл өрхүүд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон.
Гэмтэл гарсан шалтгааныг тодруулахад "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн ахлах инженер Т.Ангараг:
-"Хоёрдугаар сарын 28-ны өглөө буюу 05:50 цагт давтамж хувьсгуур дээр гэмтэл гарч, станц тэг зогсолт хийсэн. Тэг зогссонтой холбоотойгоор зуухнуудад уур үүсэж, сүлжээний ус гарах 900-гийн коллекторт цохио үүссэн тул коллекторын хаалтын сальникан жийрэг сэтэрч усны гоожилт үүссэн юм. Давтамж хувьсгуурын гэмтлийг 18:00 цагт, сальникан жийрэг сэтэрсэн гэмтлийг 17:10 цагт зассан.
Манай станцын суурилагдсан хүчин чадал нь 300 Гкал буюу 100 Гкал-ын гурван ширхэг зуухтай. 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үеэр нэг зуух ойролцоогоор 105 Гкал буюу суурилагдсан хүчин чадлаас 5-10 хувь илүү ачаалсан. Одоо гадна харьцангуй дулаарч байгаатай холбоотойгоор хоногт 6,000 Гкал дулаан үйлдвэрлэж байна. Хавар, намар буюу завсрын улиралд станц хэрэглээгээ бүрэн хангадаг. Энэ жилийн хэт хүйтрэлтийн үед станц 10-20 хувь хэт ачаалагдсан.
Ерөнхийдөө Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай станцад 100 Гкал нэг ширхэг зуухны ТЭЗҮ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 92%-ийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр галлахаар гүйцэтгэгч болох "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК-иас төлөвлөн ажиллаж байна.
Хотын станцууд болох ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4 нь цахилгаан дулаан хослон үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрүүдэд нэг турбин, нэг зуух гэмтэл гарсан тохиолдолд ОХУ-аас экспортын цахилгаан эрчим хүч худалдан авч, хэрэглэгч дээр үүссэн хэрэглээг хаах боломжтой. Өөрөөр хэлбэл цахилгааны хэрэглээг экспортолж аваад нөхөх боломжтой. Харин Улаанбаатар хотын дулааны үйлдвэрлэл болон түгээлтэд гэмтэл, саатал гарсан тохиолдолд өөр эх үүсвэрээс хангахад хязгаарлагдмал байна” гэв.