Цас их хэмжээгээр орсон чиглэлийн замын нөхцөл байдлын талаар орон нутгийн замд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид zoom-ээр холбогдож мэдээлэл өгсөн юм.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч, дэслэгч н.Наранбаатар "Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуургатай, зүүнээс баруун чиглэлийн авто замын хөдөлгөөн сийрэг байна. Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна" гэв.
Ховд аймгийн Булган сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч: Ховд-Улаанбаатар чиглэлийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар тэнгэр бүрхэг, цаг агаар тогтуун ч замын зорчих хэсэг халтиргаа гулгаатай байна.
Ховд АЗЗА компани дөрвөн тээврийн хэрэгсэл, 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Бодонч-Улаан даваанаас улсын хил хүртэл 311 км замыг цэвэрлэж, хөдөлгөөнийг нээсэн.
Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатах тослох материалын нөөцийг хангаж, болгоомжтой явахыг зөвлөе.
Булган сумын онцгой комисс төв замаас малчны хот руу явах замын хөдөлгөөнийг нэмж байна. Цаг агаарын нөхцөл хүнд байх үед очих газраа олохгүй, төөрсөн гэх дуудлага их байлаа. Одоо хэвийн болсон.
Завхан аймгийн Тэлмэн сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч, дэслэгч н.Дэмчигноров: Одоогийн байдлаар Тэлмэн суманд бүрхэг, 31 хэмийн хүйтэн авто зам дагуу халтиргаа, гулгаатай байна.
Загастай, Солонготын даваа халтиргаа, гулгаа ихтэй байгаа тул жолооч нар хурдаа тохируулж явахыг анхааруулъя.
Цас бага орсон замаар жолооч нар их давхиж байна, хурд хэмжиж байгаа. Загастайн давааны халтиргаа гулгааг цэвэрлэж байна.
Тэлмэн сум чиглэлийн замыг цэвэрлүүлэх мэдэгдэл аймаг руу явуулсан. Орон нутгийг зорихоосоо өмнө замын нөхцөл байдлыг судалж байхыг зөвлөе. Жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил их гаргаж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: Цаг агаарын байдал хүнд байгаа энэ хоногуудад онцын шаардлагагүй бол холын замд явахыг байхыг зөвлөе.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Холд замд явах бол туулах чадвар сайтай машинаар явах, зорчигчдыг дулаан хувцаслах, шатах, тослох материалын нөөцөө хангаарай.
Онцгой байдлын байгууллагад ирсэн дуудлагыг аваад үзэхээр суудлын машин төв замаас гараад сум, багийн төв рүү явж байгаад цасанд суусан дуудлага зонхилж байна. Ийм эрсдэлтэй байдалд орохгүй байхыг анхааруулъя.
Орон нутгийн замд гарч байгаа ослын гол шалтгаан гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх үйлдэл байна.