Ийм нэртэй нэгэн төрлийн мэдрэлийн өвчин Монголд хүчтэй тархчихсан, сэхээтнүүд үлэмж тоогоор энэ өвчинд нэрвэгдчихсэн, ийм төрлийн өвчнийг дэвэргэдэг элдэв ажил үйлс олонтой, түүнд нь нүүдэлчний соёл иргэншил нь бүр ч нэрмээс болчихсон хөгийн түүх. Энэ тухай анализ хийе. Алхам тутамдаа, бүр сайн танил, найз нөхдийнхөө хүрээнд өдөр бүр мэдрэгдээд байгаа учраас би бүр ч амттай бичмээр санагдчихлаа. Хүлцэн уншина уу!
Их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэг дээхнэ үед дунд сургуулийн уран зохиолын хичээлд ордогсон. Тэр зохиолд ийм нэг мөрүүд бий дээ:
-Торгон Дорж: “Намайг ганган эр бурхан шиг хүн гэж байна шүү. Хөдөөгийн юм мэдэхгүй харанхуй ардууд, хамаг сайн сайхан юмаа, сэтгэлдээ тохирсон юмаа бурхан тэнгэрээр зүйрлэж хэлэлцэх юм даа, хөөрхий” гэж бодоод өврөөсөө толь гаргаж царайгаа харвал халимаг үс гялтганаж, цайвар шар царай нь нарны гэрэлд туяарч байна. Амнаас нь бас алтан шүд цухалзаж харагдав. “Би эмэгтэй хүн байсан бол мөн олон амьтны сэтгэлийг шаналгах хүүхэн байна даа” гэж бодоод инээх гэтэл сэтгэлд нь гэнэт нэг бөөн хар юм ороод ирэв. Бурхан шиг ахад бух шиг дүү заяасан нь санагдаад ирэв.
Өөрийгөө мандуулах өвчин, “Я”-гийн өвчин (орос хэлний “Я” буюу “Би”-гийн өвчин), өөртөө дурлах өвчин, аугаа ихийн дэмийрэл, өтөлийн хар амиа хичээх зан Монголд эртнээс байж ирсэнийг Ц.Дамдинсүрэн абугай ёгтлон мөн ч гайхамшигтай гаргасан байдаг даа.
Ийм нэг өвчин манай нийгэмд одоо ч түгээмэл байх аж. Их дээд сургуулийн ахмад багш нар, ШУА-ийн эрдэмтэд, урлаг–соёлын зүтгэлтнүүд, цаашлаад цэргийн ахмадууд, дипломат албаныхан гээд оюуны салбар салбарт өөрийгөө мандуулах өвчтэй хүн олон болчихсон, тэдэнд хэлж шүүмжилдэг, засуулах гэдэг гарц суваг ч байдаггүй, адаглаад л эхнэр хүүхэд, ойр тойрныхон нь тахин шүтээд цаад нөхрөө бүр эвдээд давруулчихдаг. Цаашлаад байгаа байдал (албан тушаал, эрхэлж буй ажил), шагнал урамшлыг нь чамлаад, бүр төрдөө гомдчихсон, гэвч аугаа ихийн дэмийрэл нь хамт авсанд орох тавилантай. Монголчууд минь хүлцээрэй, Та нарын яг үнэн царай чинь энэ шүү дээ!
Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай, бас мөрөөдөж амьдрах ёстой хэмээн монголчууд ярих дуртай. Гэм нь манайхан, ялангуяасэхээтнүүд хэтрүүлчихдэг. Гадаадад олон жил сууж ажилласан, түүнийгээ төрийн буян гэхээсээ өөрийн хосгүй гавьяанд тооцчихсон эрхэм анд нар надад байнаа байна. Тийм хүмүүс эрх мэдэл, эд баялаг, өчүүхэн амжилтандаа сагасан үедээ омог бардам, сагсуу, дээрэнгүй болчихдог. Эх орныхоо хөрсөн дээр буугаад ирэхийн цагт шалчийна даа. Бөөн гомдол ба гонгинуур.
Монголчууд төрийн шагнал одон медаль, алдар цолны захад хүрчих юм бол тэнгэрийн амьтан болчих гээд байдаг гэмтэй. Сайрхан ярьж, бичүүлж байгааг олныг харж байна. Улиг болж дээ. Цол шагнал гуйгаад сайд дарга нараа зүгээр суулгадаггүй жишээ ганц дипломат алба гэлтгүй өөр яамдад зөндөө байдаг юм билээ, нуух юм алга. Тэгээд бүр гуйсаар байгаад авчихаад өөрийн гавьяа болгон ярьж сагаж явахтай би зөндөө л таарч байлаа. Гуйж байгаад авсан тэр шагналд нь атаархаад хэл ам хийгээд явах нь ч түгээмэл. Барьцах гээч үзэгдэл монголчуудыг ямагт ээрнэ.
Монгол төрийн шагналын тогтолцоо 1990 онд социализмтайгаа хамт мөхчихсөн, арай өөр, XXI зууны шагналын тогтолцоо нэвтрүүлчихсэн бол Монголд нарциссизмын өвчнийг хумиад авч болох байсан байх. Одоо ч өнгөрлөө л дөө. Улс даяараа нарцисс өвчтөн болоход дөхсөн (галзуурахад ганц хуруу дутуу!), шагналын хур гэдэгт дээр доргүй хөнөглөн давхидаг, олон сэхээтний өнө мөнхийн гомдол (заримд нь хүсээд хүсээд олддоггүй!), хонзон, атаа жөтөө ямагт үүн дээр тэсэрдэг, эсвэл өөртөө дурлах өвчнийг нь бадраадаг тухай би олонтаа бичсэн дээ. Улиг болтол нь.
МУСТА, МУГЖ, СГЗ, МУШУГЗ, МУГБ гэх мэт бүх төрлийн гавьяатууд, “Ардын”-ууд төрөл төрлөөрөө, араас нь Хөдөлмөрийн баатар, араас нь Чингисийн одон гээд шат шатны шагнал одон тэмдэг монголчуудын өөртөө дурлах өвчин, аугаа ихийн дэмийрэл, өтөлийн хар амиа хичээх занг нь ямагт бургилуулна.
Нарцисс өвчтөний тухай энэ онол аль дивангарт үүссэн байх юм. Нарциссын тухай домгоос гаралтай, эртний грекийн “Наркисс” буюу Νάρκισσος, эсвэл латиныNarcissus гэсэн үгс уламжлагдаад өнөө хүрсэн, монгол хэлэнд орчуулагдаагүй, тиймээс “нарцисс”, “нарциссизм” гээд хэвшүүлчихэд болохоор юм. Хойшдоо өргөн хэрэглэгдэнэ. Учир нь монголын сэхээтний хүрээнд өргөн дэлгэрсэн өвчин тул би тэр нэрээр нь сэтгэл судлал, анагаах ухаан, бүр томоор нийгэм–улс төр судлалд “нарцисс”, “нарциссизм” гээд хэвшүүлье гэж байгаа юм шүү.
Шалбаагны усанд өөрийгөө тольдож харчихаад би ямар сайхан төрөө вэ хэмээн өөртөө дурласан тэнэгийн тухай үлгэрээр төсөөлөөд бодчиход л болмоор санж. Өөртөө хэт дурласан усан тэнэг. Түүнийгээ бусдаар зөвшөөрүүлэх гэж насан туршдаа өөрийгөө зовоодог сагсуу тэнэгийг л нүдэндээ төсөөлчих. Аугаа ихийн дэмийрэл нь амьдрал дээр бүр шал эсрэгээрээ, тэр цаад нөхөр яг чухамдаа тийм аугаа их байтугай юу ч байхгүй, хов хоосон, эсвэл хийсэн бүтээсэн нь байдаг л ердийн нэг зүйл, хэн ч тэр тушаалд нь байсансан бол, эсвэл тэр мэргэжил мэдлэгийг нь эзэмшсэн бол хүн гайхахааргүй ердийн зүйл хийчихсэн байдаг даа.
Гэм нь амьдрал алаг цоог, тэр нөхрийн дэргэд тэнэгүүд маш олон байдаг тул өөрийгөө харьцуулж, өөрөө дүгнээд, өөрийгөө магтан магтсаар нэг мэдэхнээ нарцисс өвчтөн болчихдог. Эхнэр хүүхэд нь ташуур өгчихнө. Ялангуяа гэр бүл, ахан дүүс дотор нь өөрөөс нь өөр олигтой хүн үгүй бол тэнгэрт мандлаа л гэсэн үг.
Мэдрэлийн өвчин судалдаг шинжлэх ухаанд нарциссизмыг олон талаас нь судлан оношлоод нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Фантаз сэтгэлгээ, хүмүүжил хоёр нь хослоод, магтаал даахгүй хэт биеэ тоочихдог, зарим нь бүр хүүхэд байхаасаа тийм өвчинд нэрвэгддэг, өөрийгөө засахгүй явсаар сүүлдээ сэтгэл мэдрэлийн өвчин болчихдог, сэтгэлдээ их шарх тээсээр үхэлд хүргэх тохиолдол бий гэсэн байх юм.
Өвчний шинж тэмдэг нь түгээмэл ойлголтоор дараахи мэт:
- Өөрийнхөө авьяас, хийсэн бүтээснийг ямагт хэтрүүлж дүгнээд өөрийгөө хэт шүтчихсэн. Эхнэр хүүхэд нь дэмжээд бүр хөөргөж өгнө.
- Өөрт байгаа зарим давуу тал–амжилт бүтээл, гадаад хэлний мэдлэг ба гадаадад олон жил суусан түүх, эрх мэдэл, гоо үзэсгэлэн, гаднахи өнгө, хүч чадал, дурлалаа уран сайханжуулж фантазлан боддог. Хий юм их хардаг. Зүүдэлдэг. Өөрөө өөртэйгөө ярьдаг, хүүрнэдэг.
- Ямар нэгэн онцгой эрх дархын тухай мөрөөднө. Шагнал урамшил, албан тушаал, бүр дурлал дээрээ хүртэл маш их зүйл хүснэ.
- Шагнал урамшил нэхнэ. Нэхэж авснаа өөрийг нь үнэлээд өгчихсөн мэт ярьж сурталчилна. Монголд яг одоо түгээмэл байгаа!
- Өөрийн «онцгойрол»-оо ямагт сурталчилна, амны уншлага болгоно. Энэ зорилгодоо өөрийгөө, гэр бүлээ, найз нөхдөө, хамт олноо, эсвэл хэвлэлийн индэр, хэвлэл мэдээлэл, зурагт, сэтгүүл, сонин ашиглахыг ямагт эрмэлзэнэ. Хаа хөндлөнгийн ажил үйлс ярьж байхад хөндлөнгөөс “Би тэгсэн!” болоод явчихна. Заавал өөрийгөө хавчуулж ярина.
- Мэдрэмж байхгүй, хаана хэнтэй, юу ярьж байгаагаа ойлгохгүй л өөрийгөө магтан мандуулахыг хичээнэ.
- Атаархуу чанар нь байнга дагалдана. Бусад нь өөрт нь атаархаж байдаг, тэр атаархалтай тэмцэж яваа баатарлаг хүн гээд өөрийгөө бодчихно. Хэрэг дээрээ өөрөө бусдад атаархаж, атаархалдаа шатах нь холгүй. Атаархал нь шууд үгүйсгэл дагуулна. Өөрөөсөө бусдыг үл зөвшөөрнө, шууд үгүйсгэнэ.
- Бусдын амжилт бүтээлийг эс мэдэгч, эс анзаарагч, үл тоогч. Өөрөөс нь дээр гарчихсан явааг үл тэвчигч.Тэр нь бас атаархлынх нь нэг хэлбэр. Мэдээгүй царайлах нь бүр ч хөгийн.
- Маш их хартай. Хардлага нь яван явсаар “Би яачихав?”, “Би хаана байна”, “Намайг яагаад”, “Би яагаад хоцорчихов?” гэх асуулт өөртөө тавиад мөчөөрхөөд гомдчихно.
- Өөртөө хэт дурласнаас үүдэн сэтгэл санааны хямрал, гутрал, архины цагаан солио, агсам согтуу, мансууралд автчихсан хүн цөөнгүй. Ер нь л өөрөө өөрийгөө зовоогоод дуусдаг. Гэр бүл нь чирэгдэнэ.
- Явж явж тогтсон хамт олонгүй, олон тийшээ харж гомдсон, гонгинуур, хүмүүжлийн асар их доголдолтой ганц бие хүн (гэр бүлийг нь эс тооцвол) болж хувирна.
Цааш нь уншигчид ургуулан бодно уу!
Д.Баярхүү /baabar.mn/