Өнгөрсөн сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан. Осолтой холбоотойгоор галд өртсөн иргэдийн байр болон амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд дэмжлэг туслалцаа үзүүлж, нөхөн төлбөр олгож, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхээр УОК ажиллаж байна.
Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Одоогийн байдлаар манайхаас ажлын хэсэг гарч, ослын дүн шинжилгээ хийж байна. Төсөв мөнгөний нэгдсэн тоо хэмжээ хараахан гараагүй байна. Амь эрсэдсэн гурван алба хаагчийн ар гэр удахгүй гурван өрөө байрандаа орох төлөвлөгөөтэй байна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулах эсэхийг шийднэ" гэлээ.