Хотын дарга Х.Нямбаатар ажлаа аваад удаагүй байхдаа нэг сүрхий мэдэгдэл хийж байсан даа. 100 хоног ажилласны дараа над руу угаадас цацаарай гэж. Болзсон 100 хоног хэдийн өнгөрсөн боловч хотын дарга хэлсэндээ байсангүй ээ.
Гадаадад аялан зугаалж явах хойгуур нь нийслэлд газ ачсан машин нийслэлийн төийн дүүрэгт дэлбэрч, гал унтраахаар ирсэн Онцгой байдлын гурван албан хаагч, 19 настай энгийн иргэн длбэрэлтийн улмаас амиа алдаж, хэдэн арван иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон том осол гарчихаад байхад хотын даргын онгоцноос буугаад хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Гучин жилийн гажуудалд гуравхан сар ажилласан намайг буруутгах хэрэггүй”, “60 тонн ачаатай машин 8км/цагийн хурдтай гэлдэрч явахад гулгаа ямар хамаатай юм”...
Ядаж хүний урманд “Харамсалтай байна” гэдэг хоёрхон үгийг ч хэлж өгсөнгүй. Нөгөө “Гурван сарын дараа хараарай” гээд бардаад байсан хүний гурван сар нь “гуравхан сар” болоод агшчихсан ч байх шиг.
Энэ гурван сарын хотын даргын хийсэн ганц ажил, авсан ганц арга хэмжээ нь нийслэлчүүдийг автомашиныг улсын дугаарын тэгш, сонгойгоор зорчуулдаг болсон явдал. Энэ зохицуулалтын хугацаа дуусч, өнөөдрөөс хуучнаараа зорчиж эхэлсэн. Эргээд бөөн түгжрэл, бухимдал. Ядаж хөдөлгөөн хорьсон хоёр сарын хугацаандаа автобусуудаа бүрэн хүчин чадлаар нь явуулж чадсангүй. “Жолооч хүрэлцэхгүй байна, дүүргийн хөдөлмөр халамжийнхан жолооч бэлтгэнэ” гээд сууж байх юм. Хонх нь дуугарахаар дамар нь таг.
Хоёр дахь ээлжийн автобус нь ирэх замдаа осол хийж, хоёр хүний аминд хүрчихсэн, жолоочийн биеийн байдал муу. Х.Нямбаатарыг хотын даргаар ирснээс хойш хотод болж бүтэж байгаа юм нэг ч алга. Болж бүтэхгүй байгаа бүхнийг “өнгөрсөн 30 жил” гэдэг хар нүх рүү чихнэ.
Тэгвэл өнгөрсөн 30 жилийн дөрвөн жилээс бусдад нь МАХН, МАН нийслэлийг удирдсан. Дундаа дөрөвхөн жил АН засагласан. Сүүлийн найман жилд МАН нийслэлд эрх барихдаа хотын даргыг дөрвөн удаа сольсон. Энэ дөрвөөс хамгийн муу нь Х.Нямбаатар болж байна. С.Амарсайхан хотын дарга байхдаа гурван тэрбумаар ажилладаггүй усан оргилуур барьсан бол Х.Нямбаатар дөрвөн хүний амьтай бүрэн эрхээ дуусгах болж байна.
Дээр нь энэ өвлийн тоотойхон орсон цас, хальтиргаа, гулгаанд хөл гараа бэртээсэн хүмүүс, тэдний эрүүл мэндэд учирсан хохирлыг тоолбол учир тоймоо алдана. Хальтирдаггүй ганц хүн нь Х.Нямбаатар. Хэн, юу хэлсэн ч наалдахаа больсон, угаадас цацаад ч норохоосоо өнгөрчихсөн.
Эрүүл ухаанаар бодсон ч тэр. Хорин таван жилийн өмнө амиа алдсан С.Зоригийн алуурчдаар Хуулийн сайдын карьер хийсэн хүнд хотыг өгөх санаа яг ямар хүний толгойд орох вэ? Хоёрхон сарын дотор хорин жилээр ухрааж чадаж байна шүү дээ. Үүнийг л "гайхамшиг" гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ.
Б.ЗАЯА