Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн автомашины дугаарын хязгаарлалтгүй зорчиж эхэллээ.
Энэ талаар Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Замын нөхцөл байдал, автомашины тоо зэргээс шалтгаалж тэгш, сондгойгоор зорчуулах түр зуурын арга хэмжээ авахаас аргагүй байлаа. Тэгш, сондгойгоор зорчуулж байхад өдөрт 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Амралтын өдрүүдэд энэ зохицуулалт үйлчлэхгүй байсан бөгөөд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, тэг зогсоход хүрч байсан. Маргаашаас түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байна. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.
Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна. Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа" гэв.