Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт өнөөдөр болж төслийн хүрээнд гарсан сайн туршлага болон орон нутаг дахь тогтолцоо, сургууль, цэцэрлэгт бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн үеэр багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласан туршлагуудаасаа хуваалцлаа.
Дундговь аймгийн Гуравдугаар цэцэрлэгийн багш н.Сүнжидмаа:
-Манай бүлэгт гар хөлийн сул хөдөлгөөнтэй, явж чаддаггүй хүүхэд ирсэн. Хамгийн эхлээд эцэг эхтэй нь ярилцаж хүүхдэд үр дүн гаргахын тулд би юу хийх хэрэгтэй вэ гэдгээ эрж хайсан. Анх хүнд байсан ч сууж сургахаас эхэлсэн. Дараа нь хооллож сургахын тулд таваг, халбага, аяга, ширээ зэрэг дээр нь анхаарч янз янзаар туршиж үзсэний дараа хүүхэд аяндаа 3-4 сарын дараа ямар ч асуудалгүй хоолоо иддэг болсон.
Дараа нь хүүхдээ зурж бичүүлж сургахын тулд сул хөдөлгөөнтэй гарт нь давстай хүндрүүлэгч зүүлгэх зэрэг аргыг туршиж үр дүнд хүрсэн. Мөн тэнцвэржүүлэх зорилгоор уг хүндрүүлэгчийг ашиглаж байсан.
Дундговь аймгийн III цэцэрлэгийн багшийн слайдаас
"Хичээлээс авсан мэдлэг, чадварыг нийгмийн орчинд хэрэглээ болгоход эцэг эхчүүд голлох үүрэгтэй"
Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн багш н.Ариунзаяа:
-Анх надад хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдтэй ажиллаж ахиц гаргаж чадах болов уу гэсэн айдас байсан. Ахмад багш нараасаа туршлага судлахад тэд энэ хүүхэд хийж чадна, чадахгүй гэж ялгалгүйгээр хүүхэд болгоны онцлогт тохируулан даалгавруудыг өгч хүүхдийг байгаагаар нь хөгжүүлж байсан.
Хүүхдийг "Хөгжлийн ай" бүрээр нь үнэлж тухайн хүүхдийн аль чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгааг тогтоодог. Хичээлээс авсан мэдлэг, чадварыг нийгмийн орчинд хэрэглээ болгоход эцэг эхчүүд голлох үүрэгтэй. Ангидаа суралцаж байгаа хүүхдүүдээ гурван түвшинд ангилж тухайн хүүхдийн онцлогт тохируулж дараах байдлаар хичээлээ заадаг. Нэг аргазүйгээр ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургах боломжгүй.
Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн багш н.Ариунзаяагийн слайдаас
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилчдын сэтгэлзүйд анхаарах нь их үр дүнтэй байсан"
Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэгийн багш н.Хулан:
-Эцэг эхчүүдэд хоорондоо туршлага солилцох ажлыг зохин байгуулдаг. Мөн багш, багшийн туслах, эмч, тогооч нараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон хоол тэжээлийг өгөх, хөдөлгөөн заслын анхан шатны бариа хэрхэн хийх зэрэг чадавхжуулах сургалтад хамруулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилчдын сэтгэлзүйн асуудал маш чухал учир сэтгэлзүйн зөвлөгөөнд хамруулж ажиллах нь их үр дүнтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь ганц багшийн үүрэг биш. Сургуулийн ажилчид, эцэг эхчүүдийн оролцоо чухал.
Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэгийн багш н.Хулангийн слайдаас
"Хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээс болж хүүхэд хазах, зулгаах, мэрэх, зажлах зэрэг үйл явцуудаа ажиллуулахгүй болж өгүүлэх эрхтний хөгжил нь дутуу явагдаж байна"
Дархан-Уул аймгийн Долдугаар цэцэрлэгийн багш н.Баянжаргал:
-Гэр бүлийн орчинд амьд харилцаа байхгүй, утасны хамаарлаас болоод хүүхдийн өгүүлэх эрхтний булчингуудын хөгжил дутуу явагдаж байна. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээс болж хүүхэд хазах, зулгаах, мэрэх, зажлах зэрэг үйл явцуудаа ажиллуулахгүй болж амны зуулт нь буруу явагдан улмаар хэл ярианы бэрхшээл үүсэж эхэлж байна.
Түүнчлэн эцэг эхчүүдийн буруу хандлага буюу хүүхдээ эрхлүүлж буруу ярьснаас үүдэж хүүхдийн авианд зөв дуудлага нь сууж өгөхгүй байна.
Хэл заслын сургалтыг тоглоомын аргачлалаар явуулбал илүү үр дүнтэй. Жишээ нь үндэсний шагай таалцах тоглоом тоглоход хүүхэд шагайгаа нэрлэж харилцаа үүсгэхээс эхлээд олон чадваруудаа давхар хөгжүүлж байдаг.
Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгийн багш н.Баянжаргалын слайдаас
Мөн багш нар "Багш хүүхдүүдийнхээ төлөө суралцах хэрэгцээ байна", "Хөгжлийн бэрхшээлийг нь биш хөгжих боломжийг нь харж хөгжүүлье гэж уриалмаар байна", "Өмнө нь бэрхшээлийг нь илүү хардаг байсан бол одоо хүлээн зөвшөөрч хүртээмжтэй орчин, хэрэглэгдэхүүнийг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна" зэрэг зүйлсийг онцлон хэлж байв.
ikon.mn