Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий алба хаагчдын дунд сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2024.01.29/ зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж нар оролцлоо.
Цагдаагийн хурандаа Т.Сүхболд хэлсэн үгэндээ:
"Зөрчлийн хэрэг бүртгэх алба хаагчид нь иргэд, олон нийттэй шууд харилцдаг, зөрчил шалган шийдвэрлэх ажлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бие даан явуулдагаараа бусад алба нэгжээс онцлог юм.
Та бүхэн зөрчил шалган шийдвэрлэхдээ нэн тэргүүнд хүний эрх эрх чөлөөг хангаж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээхэд хуулийн хүрээнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Цагдаагийн ерөнхий газраас энэ чиглэлээр та бүхнийг бүх талаар дэмжин ажиллах болно. Иймд бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд, иргэдтэй хүнлэг, энэрэнгүй зөв харилцах шаардлагатай болохыг та бүхэндээ анхааруулж байна" гэдгийг онцлон хэллээ.
Зөвлөгөөнд нь 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтнууд оролцож байна. Энэхүү зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар бодлого, чиглэл баримтлан ажиллах зэрэг олон асуудлын хүрээнд хэлэлцэх юм.