“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас танилцууллаа.
Уг судалгаагаар өсвөр насныхны эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, оролцох эрх, хамгаалуулах эрхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтийг тодорхойлжээ. Судалгааны үр дүн доорх байдлаар гарсан байна.
Хамгаалуулах эрхийн хувьд гэхэд:
- Эмэгтэй сурагчдын хувьд интернэт орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзсан хувь эрэгтэй сурагчдаас 8.9 хувиар илүү байна.
- Цахим дээрэлхэлтэд өртөх байдлын хувьд эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс 7.4 хувиар илүү байна.
- Огт танихгүй хүнтэйгээ 2 хүүхэд тутмын 1 нь интернэт орчинд харилцаж байсныг нь судалгааны үр дүн харуулав.
- Мөн хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ.
"Хотын хүүхдүүдийн сургуульд ирж очих замдаа саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна"
Эсэн мэнд амьдрах эрхийн хувьд:
- Хотын хүүхдүүдийн сургуульд ирж очих замдаа саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна.
- Ажиглалт судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд сургуулиудын эргэн тойронд (150 м хүртэлх газар) хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байна.
- Сургуулийн эргэн тойрны 150 м хүртэлх газарт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг дүгнэхэд 60-аас доош хувьтай нь нийт сургуулиудын 17.6 хувийг эзэлж байна.
- Энэ үзүүлэлтийг хот, хөдөөгийн сургуулиар нь тодруулбал хөдөөгийн сургуулийн хэрэгжилт хотынхоос 2 дахин муу буюу 21.9 хувь нь хангалтгүй байна.
- Хотын хүүхдүүдийн саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна.
- Бэрхшээлийн төрлөөр харьцуулбал, автозамын түгжрэл (12.3 хувь), нохойноос айх айдас (9.4 хувь), гэрэлтүүлэг муу байдал (9.1 хувь), шороон замын халтиргаатай байдал (8.0 хувь) зэрэг байв.
- Хөдөөгийн дөрвөн сургууль тутмын нэг нь ус цэвэршүүлэх төхөөрөмж тавих усны эх үүсвэр байхгүй, зөөврийн цэвэршүүлсэн усыг тогтмол авч хэрэглэх төсөв зардлын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалсан цэвэр усны хүртээмжийн асуудалтай байна.
- Сургууль дахь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний халуун усны хангамж 45.1 хувьтай, байна.
Хөгжих эрхийн хувьд:
- Сургуулийн орчинд спорт, урлагаар хичээллэх орон зай, анги танхим, зай талбайн хүрэлцээгүй байдал нь хичээлээс гадуур хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн 40 хувьд нөлөөлжээ.
- Нийгмийн сүлжээ, интернэтээс өсвөр насныхны 60.3 хувь нь өөрт хэрэгтэй мэдээллээ авч байгаа бөгөөд хотын хүүхдүүд энэ талаар хөдөөгийн хүүхдүүдээс 13 хувиар өндөр байна.
Оролцох эрхийн хувьд:
- Өсвөр насныхны сайн дурын ажилд оролцсон байдал 45.3 хувьтай байна.
- Хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс сайн дурын ажилд оролцох нь 9 хувиар өндөр байна.
- Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, бүлэг, хамтлаг, клубийн үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон эсэх талаар тодруулахад хүүхдүүдийн 60 орчим хувь нь “Үгүй” гэж хариулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургууль, дотуур байрны гадаад болон дотоод орчин ээлтэй байж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.