ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Тэрбээр Улаан-Уул суманд Засаг дарга болон Хамтарсан багийн бүрэлдэхүүнтэй 2024 оны нэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд уулзаж, сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцсан юм.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг судалж, тусгахаар Комисс ажиллаж байна.
Уг ажилтай холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм.
Уг асуудлаар Улаан-Уул сумын Засаг дарга, нийгмийн халамж хариуцсан ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаад байна.
Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн.
Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд шаардлагатай баримт баримт материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт 5 барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 870 хүүхэд суралцдаг.
Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна.
Цаашид Комисс уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг Комиссын гишүүн Ж.Хунан хяналт шалгалтын үеэр цохон тэмдэглэсэн юм.
Дээрх хяналт шалгалтаас гадна Улаан-Уул сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажиллалаа.
Тухайлбал, Хилийн цэргийн 257 дугаар ангийн ... дугаар заставын бие бүрэлдэхүүн, сумын төрийн албан хаагчид, иргэдэд хүний эрхийн ойлголт хөдөлмөрлөх эрхийн талаар сургалт нөлөөллийн ажил, зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Эх сурвалж: ХЭҮК