Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах бүрэлдэхүүн энэ сарын 25-26-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 110, 186, 234 дүгээр ангид ажиллав.
Тэднийг Эрдэнэт цэргийн хүрээний дарга хурандаа Ц.Төрмөнх хүндэт харуулын хамт угтаж, ангийн үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг уламжиллаа.
Эрдэнэт цэргийн хүрээний ангиуд нь хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож байгаа юм.
Эдгээр ангиуд алба хаах орчин нөхцөлийг сайжруулж гал тогоо, фитнес заал, тавиулан, спорт заал зэрэг барилга байгууламжид томоохон засвар, тохижилтыг хийсэн байна. Дэд сайд Б.Баярмагнай цэргийн хүрээний бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа, Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт, мөн энэ хугацаанд БХЯ-наас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.
Мөн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, сүүлийн 30 гаруй жил шийдэгдээгүй Зэвсэг, техникийг сэргээн сайжруулах асуудлыг шийдвэрлүүлж, “Хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч салбар болох” зорилтыг хэрэгжүүлэн сум, галт хэрэглэл үйлдвэрлэх “Зэв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан зэргийг онцолж, алба хаагчдын цалинг 3-5 шат, 40-80 хувиар нэмэгдүүлсэн, цаашид ч нийгмийн хамгааллын бодлого үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг тэмдэглээд захирагч, удирдлагуудын уламжилсан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат болоод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцээд иргэдийн цэрэг-эх оронч үзэл, хандлага идэвх өндөр байгаа нь нутгийн захиргааны болон цэргийн анги, байгууллагын идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойг онцолж талархан сайшаасан юм. Орон нутгийн удирдлагууд ч аймаг орон нутгийн хөгжилд Зэвсэгт хүчний ангиудын үнэтэй хувь нэмэр оруулж буйд сэтгэл хангалуун байдгаа хэлж, шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа 40 айлын албан тушаалын орон сууцны төсөлд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин