Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан аж ахуйн нэгжүүдийн барилга, иргэдийн орон сууц, ил зогсоолд тавьсан иргэдийн автомашин шатаж ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа билээ.
Иймд галд өртсөн эд хөрөнгийнхөө даатгалын гэрээний бичиг баримтаа гээгдүүлсэн, мөн даатгалын гэрээтэй эсэхээ мэдэхгүй байгаа бол Монголын Даатгалын Холбоонд хандаж зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна. /Утас: 76118001 Имэйл хаяг: info@mia.mn/
Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн
Монголын Даатгалын холбоо:
-"Гал түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэд даатгалын компани руугаа болон манай холбоонд холбогдож зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.
Орон сууцаа зээлээр авсан бол анх зээл авахад нь банк даатгал хийлгүүлдэг. Гэвч иргэд эхний хэдэн жилдээ даатгалын хураамжаа төлж байгаад гурав, дөрөв дэх жилээсээ төлөхгүй хаячихдаг. Даатгалын зарчмаараа хураамж төлөөгүй бол нөхөн төлбөр олгож чадахгүй.
Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн байна. Тийм жишээ их байгаа учраас хандаж ирэх нь цөөхөн байгаа ч эсрэг байрных нь цонх хагарсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэл гаргаж байгаа иргэд байна.
60 айлын орон сууцанд бол нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор шийдвэрлэсэн юм байна.
Автомашины даатгалын хувьд жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлоо барагдуулах боломжтой.
Уг даатгал нь дотроо осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн олон төрөлтэй байдаг ба аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг.
Иймд жолооч галд шатах эрсдэлийг сонгож даатгуулаагүй бол нөхөн төлбөр авах боломжгүй гэдгийг Монголын Даатгалын Холбооноос мэдээллээ.