Өнгөрөгч шөнө /2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих/ 01:05 цагт Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан 60 тоннын автомашин эргэх үед суудлын автомашинтай мөргөлдөж, ослын улмаас гал гарчээ.
Гал унтраах явцад газ дэлбэрч, хүний амь эрсдэн, ойролцоох 60 айлын орон сууц руу гал алдсан байна. Ослын газраас 40 гаруй метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, 20 гаруй машин шатжээ. Гал түймэрт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууц өртөж, 11 иргэн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Галыг 04:30 цагт бүрэн унтраасныг ОБЕГ-аас мэдээлжээ.
УОК-оос галд өртсөн байрны айл өрхийг ойролцоох буудалд байрлуулах хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Мөн ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийжээ. Цагдаагийн байгууллагаас ослын талаарх мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.