Нарны хорооллын гүүрэн гарцыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Гүүрэн гарцны тендерийг анх 1.5 тэрбум орчим төгрөгөөр зарласан ч гүйцэтгэгч компани 1.2 тэрбумаар барьсан гэдгийг албаныхан онцолж байлаа.
Энэхүү гүүрэн гарцны нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар оролцож, мэдээлэл өгсөн юм.
Тэрээр "Нарны хорооллын явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан.
Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна.
Би барилгын ажлыг бага сага гадарлана. 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхэд бараг компанид нь ашиг гарсан болов уу. Гүйцэтгэгч компани дахиад цаад талын гүүрэн байгууламжийн тендерт оролцоосой гэж хүсэж байна.
Энэ гүүр
-
55-60 метрийн урттай
-
Орой гэрэл асдаг
-
Монголын уур амьсгалд илүү тохиромжтой. Лифт удаан эдэлгээгүй учраас налуу замаар шийдэх нь зөв гаргалгаа хэмээн харж байгаа.
Алтай хотхон, Нарны хорооллын оршин суугчид хотын төвийн үйлчилгээг авахдаа заавал машинтай явах шаардлага үүсдэг байсан. Харин одоо гүүрэн гарцтай болсноор явган эсвэл дугуйтай зорчиж үйлчилгээ авах бололцоотой болж байна.
Түүнчлэн Алтай хотхон орчимд 1,200 гаруй хүүхдийн сургууль барихаар төлөвлөж, НЗДТГ-аас газрыг нь шийджээ. Газар нь шийдэгдсэн тул тендер сонгон шалгаруулалтын ажил 2024 онд зарлагдана" гэж хэллээ.
"Явган зорчигчдыг зам тээврийн осол аваараас сэргийлэх арга хэмжээ мөн"
Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Н.Ариунтөгс "Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ хавийн автомашинуудын эрчим хөдөлгөөнийг судалсан.
Судалгаанаас үзэхэд
-
Өглөө 07:00-08:00
-
Өдөр 11:00-12:00
-
Орой 17:00-18:00 цагийн хөдөлгөөний эрчмийн тоололтыг үзэхэд 3,000 гаруй тээврийн хэрэгсэл урагш, хойш зорчиж байсан.
Өөрөөр хэлбэл нэг цагийн хугацаанд 3,000 гаруй машин хөдөлгөөнд оролцож, зорчих хэсэгт маш их ачаалал үүсдэг. Үүний зэрэгцээ явган хүний замын ачаалал их, улмаар осол аваар гарах эрсдэл үүсэж байсан.
Энэ гүүрэн байгууламж бий болсноор явган зорчигчид зам тээврийн осол аваараас сэргийлэх боломжтой болж буй.
Тухайлбал 2023 онд явган хүний гарц хэсэг дээр 82 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн мэдээлэл судалгаа, статистик бий. Иймд явган хүний гүүрэн гарц нь хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан арга хэмжээ мөн" гэлээ.
"Бид хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгч байгаа"
Гүүрэн байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн “Энх бизнес өгөөмж” компанийн ерөнхий инженер Д.Батлхагва "Бид хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгч байна.
Барилгын тухай хуульд зааснаар гурван жилийн баталгаат хугацааг гүйцэтгэсэн компани үүрдэг.
Шороо, тоос болон халуун, хүйтэнд тэсвэртэй ажиллах гэрлүүдийг гүүрэн байгууламжид суурилуулсан. Төмөр хийц учраас явган зорчигчид тогонд цохиулахаас сэргийлж, цахилгааны холболтуудыг маш сайн хийсэн. Өвлийн улиралд хөлддөггүй, хугардаггүй цахилгааны утас татсан байгаа.
Гадна талын тохижилтын ажил хавар үргэлжилнэ" гэв.