x

Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүх “рекламны пауз”-аа л больчих хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Энэ Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар арга хэмжээ авч байна. Тухайлбал, гэр хорооллын айлын янданд утаа шүүгч суурилуулна гэж байгаа. Та энэ асуудал дээр өөрийн байр сууриа сошиалаар илэрхийлсэн байсан?

-Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлоос болж ямар олон хүн өвдөж  зовж байгаа билээ. Олон хүн хорт хавдраар өвчилж амь насаа алдах болсон. Олон хүүхэд эхийн хэвлийдээ эндэж, ургийн гажигтай төрж байна. Гэтэл төр нь эргээд үүгээр нь бизнес хийж байна шүү дээ. Нэг талдаа олон хүнийг хордуулж өвчлүүлж байгаад нөгөө талд нь “Өвтгөөд байгаа утааг чинь бид байхгүй болгоно” гээд бизнес хийж байна. Урьд нь утаагүй зуух баахан тавьсан биз дээ. Одоо тэрний үргэлжлэл янданд шүүлтүүр тавих юм байна. Тэр яндангийн шүүлтүүр нь дөрвөн кВт-ын эрчим хүч хэрэглэх гэнэ. Энэ бол солиорол. Тэр хэмжээний цахилгаан зарцуулалтаар шинэ, өндөр технологийн бойлуурын систем тавьчихвал бараг юу ч түлэхгүй байхаар. Шинжлэх ухааны мэдлэггүй, инженерийн боловсролгүй хүмүүсийн царай нь л энэ байхгүй юу.  

-Энэ жил утаанд 200 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бол бүхэл бүтэн нэг станц бариад тавьчих мөнгө гэж хүмүүс ярьж байна?

-Үгүй л дээ. Хэн энэ утааг бий болгоод байгаа юм? Орон нутгаас шилжиж ирсэн иргэд ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Эд гол утааг гаргаж байна. Байшинд орох боломжгүй байна. Ажил хөдөлмөр, мэргэжил, боловсролгүй байна. Гадаад явъя гэхээр хэл ус алга. Тэгэхээр арай өөрөөр шийдэх ёстой юм биш үү? Үнэхээр орон нутагтаа өмч хөрөнгө, ажил хөдөлмөргүй нь нэгдээд хөрөнгийн ахин нэг хуваарилалт хийх хэрэгтэй. 60 сая мал байна шүү дээ. Тэр 60 сая малын ядаж 30 саяыг нь малчдаас худалдаж авъя л даа. Хамаагүй, тодорхой хэсгийг нь зээлээр аваад, Улаанбаатар хотод байгаа ажилгүй нөхдийг малжуулж хөдөө рүү нь буцаая. Тэгвэл хүн өмч, хөрөнгөтэй, ажилтай, зорилготой болно шүү дээ. Гэхдээ тэнд очоод баяжих, аз жаргалтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс энэ чигээр нь нүүлгээд аваачих асуудал биш. Өнөөдөр гэр хорооллын 200 мянган өрх байна. Үүний ядаж 100 мянгыг нь явуулчихъя л даа. Юу нь болохгүй байгаа юм.

Орон нутгийнхан, ялангуяа залуучууд Улаанбаатар руу нүүж байна. Тэгээд одоо бид нар малчингүй болох гэж байна. Малчингүй болчихвол мал өсөх үү. Малгүй, газар нутаг эзэнгүй болно гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ энэ жалган дотроо утаа тавиад л, хахаж үхээд байх юм уу. Удахгүй дэлхий даяар интернэт үнэгүй болно. Өөрөөр хэлбэл хөдөөгийн ямар ч айлын хотноос интернэт шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл, мэдээллийг тухайн цаг хугацаанд нь авна. Интернэтэд холбогдчихвол өөрөө малдаа явах шаардлагагүй шүү дээ. Дроноор малаа хянаад, орой хураагаад ирнэ. Хөдөөний малчин хүн АНУ-ын фермерүүд шиг  гоё амьдарч яагаад болохгүй гэж.

-У.Хүрэлсүхийн хувьд улс төрд хуучин хүн. Гэвч энэ хүнээс Ерөнхий сайдын зангараг, улстөрчийн төлөвшил харагдахгүй байна гэлцэх юм?

-У.Хүрэлсүх одоо “рекламны пауз”-аа болих хэрэгтэй. Төмөр өргөдөг, мотоцикль унадаг ч гэл үү. Юу нь сонин байгаа юм. Ерөнхий сайд хүн толгойгоо ажиллуулах хэрэгтэй. “Байхгүй юмыг яаж бий болгох вэ, яаж монголчуудыг хөрөнгөжүүлэх вэ, аз жаргалтай, эрүүл, хариуцлагатай болгох вэ” гэдгийг шийдэх  ёстой. Төрийн албыг зардал багатай болгох ёстой. У.Хүрэлсүхийн хувьд одоо дахиад Ерөнхий сайд болно гээд горьдоод, мөрөөдөөд ч хэрэггүй. Хувь заяа, аз завшаанаар нэг удаа Ерөнхий сайд болсон. Одоо  жаахан эрэмгий байж, энэ нийгмийг яаж шинэчлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Шүүмжлэлээс айх хэрэггүй шүү дээ. “Эдийн засаг ер нь гайгүй болж байгаа шүү, өсч байгаа” гэж яриад байна. Хаана, юу  өсөөд байгаа юм бэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг бол харж байна. Тоон дүнгээрээ өсдөг юм байгаа биз дээ, энэ эдийн засаг чинь. Тэрийгээ эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа юм уу? Манай Ерөнхий сайд ажил хийхдээ нөгөө Долдой гэдэг шиг л хийгээд байгаа юм болов уу даа.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байгаа бодлого, хэлж байгаа үгийг  хэр дэмжиж байна. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аас ажлын хэсэг гарчихсан, улс төрийн намуудаас санал авсан. Сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх тухай битгий хэл, Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай яригдах боллоо?

-Өнөөдрийн засаглал манайд тохирсон гэж би боддог. Монголын төрийн эрхийг гурван хүн хувааж барьж байгаа. Үүнээс өөр бас нэг арга байж болно. Ерөнхий сайд нь маш хүчтэй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч бол бэлгэдлийн чанартай, цөөхөн дуугараад, одон медаль гардуулчихаад байж байг. Германд тийм байдаг, канцлер нь их хүчтэй. Ерөнхийлөгч нь ямар ч эрх мэдэл байхгүй, бэлгэдлийн чанартай. Нөгөө нэг асуудал нь Ерөнхийлөгчийн засаглалтай орон болох. Хэрэв тийм болчихвол их хэцүү, Монголд. Гадаад харилцааныхаа тухай бид бодох хэрэгтэй. Гадаад хамтын ажиллагаанаас манай улсын хөгжил маш их хамаарна. Бид зээл авна, аж үйлдвэрийн, технологийн парк бий болгоно. Тэрийг чинь гаднаас л бий болгоно шүү дээ. Бид нарт байхгүй юм чинь. Энэ маш чухал бөгөөд эмзэг асуудал.

Өмнөх гашуун туршлага бий шүү дээ. Орос Тува, Буриадыг, Хятад Өвөрмонголыг  авчихсан. Х.Чойбалсан тэрэнд дургүйцсэн. Мань хүн зөрчилдсөн учраас Оросын коммунист намаас дуудаж аваачаад, буцаагаад төмөр авсанд хийгээд л явуулсан шүү дээ. Нэг хүний засаглал ийм л байх нь. Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгчийг Москва руу дуудаад “Чи тэр Америк, Япон энэ тэр гэхээ боль. Манай улс хүчтэй, манайхаас зэвсэг ав. Хонь малынхаа махыг манайд хямд нийлүүл” гэх нь. “Үгүй” гэвэл “нухчихаад” явуулах нь байна шүү дээ. Урагшаа Бээжин байна. “Бид түүхэн ах дүү байсан. Чи Хятад руу нал, Оросоор яана вэ. Манайд бүх юм байна” гэнэ.

Төмөр зам барих ажил одоо болтол байхгүй байгаа биз дээ. Тавантолгойд нарийн цариг тавих уу, өргөн цариг тавих уу гээд гацчихсан. Хятад болохоор нарийн зам тавь гээд. Орос яагаад өргөнийг тавих гээд байгаа юм. “Хэрэв өргөнийг тавьчихвал, Хятадад Монголыг алдчихна. Нарийн замаар хятадууд нүүгээд орно” гэж оросууд үзэж байна шүү дээ. Хоёрдугаарт, хэрэв ийм болвол магадгүй дараачийн ээлжинд газар нутгаа алдах нь Орос болчихоод байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглал ярьж суухын оронд дэлхийн бүх хөгжилтэй улс оронтой хамтын ажиллагаагаа идэвхжүүл. Тэгж амьдарч байгаа улс орнууд байна шүү дээ. УИХ  болохоо байчихсан байгууллага биш. Чадварлаг хүмүүсээр УИХ-аа бүрдүүл л дээ. Баахан “бандаажтай, бандаажгүй” амьтан цуглуулчихаад хэрэлдээд амьтны доог болж явж байх хэрэг байна уу?

-Бүгд Найрамдах нам өнгөрсөн тавдугаар сард намын Онц их хурлаа хийсэн. Хурал хийх болсон шалтгаан юу байв, юу ярьсан бэ?

-Өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байна.  Юу нь болж байна, юу болохгүй байна. Бид намын хурлаараа үүнийг маш нухацтай ярилцсан. Ингэж төрийн эрх барьж байгаа нам, сөрөг хүчинд шаардлага тавьж, улс орныхоо эрх ашгийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Төрийн өмчийг идэж уухад ашигладгаа одоо таслан зогсоох хэрэгтэй байна. Тухайлбал, МИАТ компани байна. МИАТ-д онгоцны түлш өндөр үнээр шахаж иддэг. Элдэв жорлонгийн цаас, сальфетка шахдаг.

“Эрдэнэт” үйлдвэр байна. Асар их хэмжээний бараа материал шахаж, зарж идэж байна. Тухайлбал, Х.Бадамсүрэн гэж захирал байгаа. Миний л мэдэхийн энэ хүн сая хоёр, гуравхан сарын дотор 6-7 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойг тэмдэглэж байна гэж үрэн таран хийлээ. Наадам, ойн баяр, шоу арга хэмжээ хийж мөнгө иддэг боллоо шүү дээ. Намын Онц их хурлаар бид үүнийг ярьсан. Ийм байвал эдийн засаг илүү хүндэрнэ гэдгийг бид бүгдээрээ ярьж байгаа. Одоо ихэнх аж ахуйн байгууллагууд үндсэндээ хаалга үүдээ барьж байна.  Арилжааны банкууд өнөөдөр хөрөнгө оруулалтын зээл гэж бараг гаргахгүй байна. Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн гэсэн үг. Дараачийн нэг асуудал нь “Чингис”, “Самурай” бондын мөнгийг хэн, хэдийг нь аваад, ямар журмаар, яаж зарсан юм, тэрнийхээ тайланг гаргах хэрэгтэй.

-Сонгогчид сонгуулийг арилжааны хэрэгсэл болгож байна та их ярьдаг байсан. Таныхаар сонгогчийн боловсрол дээрдэж байна уу?

-Хүмүүс бүгдээрээ Эйнштейн, Ньютон, Моцарт, Леонардо Да Винчи болох шаардлагагүй. Зүгээр нэг л зүйлийг ойлгох ёстой. “Би өөрийнхөө эх оронд эрх чөлөөтэй, аз жаргалтай, эрүүл энх, ажил хөдөлмөртэй, орлоготой амьдрах ёстой. Ийм  байхын тулд улс төрийн сонгуульд оролцож, саналаа хариуцлагатай өгөх ёстой юм байна. Би хариуцлагатайгаар саналаа өгнө гэдэг зөвхөн өөрийнхөө төлөө биш, хүүхдийнхээ төлөө, хүүхдийнхээ хүүхдийн төлөө юм” гэж. Бид хэдэн үеэрээ Монгол сайхан орондоо амьдрах аз жаргал, эрх чөлөөгөө л сонгох гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ чинь тав, аравхан мянган төгрөгийн үнэтэй байж таарах уу. Эсвэл нэг таваг хоол, ганц шил архи, нэг ширхэг халуун сав, дээлийн өнгөний үнэтэй байж болох уу? Эрээний аялал жуулчлалын эрхийн бичгийн үнэтэй байх уу?  Одоо үүнийг бодох цаг болсон биз дээ.

-Та Үйлдвэр худалдааны сайд байсан хүн. Монгол Улс үйлдвэржсэн улс болно гэж 27-28 жил ярилаа. Тэгсэн хэрнээ үйлдвэрүүд нь хөгжихгүй, томрохгүй юм. Яагаад?

-Үйлдвэржүүлнэ гэдэг ганцхан Үйлдвэр, худалдааны сайдын хийдэг ажил биш. Бүхэл бүтэн намуудын мөрийн хөтөлбөр, зорилго, зорилт байх ёстой. Мөрийн хөтөлбөр дээрээ тэр нь байхгүй юм чинь яах юм. Зүгээр л нийлүүлэлтийг дэмждэг мөрийн хөтөлбөртэй. Аваад байя, хэрэглээд байя, тэгээд болоо. Аваад л хэрэглээд байсан чинь хамаг мөнгөө гадагш нь өгөөд, оронд нь болсон болоогүй баахан хог авсан. Хэдэн хуучин машин,  жаахан барилгын материал. За тэгээд оймс, гутал. Тэр чинь элэгдээд дуусчихна, дараа нь яах вэ? Хэрэв үйлдвэр байгуулчихвал хүмүүс нь ажилтай байна, улсдаа татвар төлөөд олон хүн түүгээр чинь амьдрах болно. Тэгтэл үүнийгээ 1990 оноос хойш орхигдуулчихсан.

Үйлдвэр хөгжүүлье гэж байгаа бол жишээ нь хүнснийхээ асуудлыг 100 хувь өөрсдөө шийдье. Импортоор орж ирж байгаа ногооны татварыг эрс нэмэх ёстой. Үүнийг шийдэхгүйгээр “Тариаланг дэмжинэ” гээд ногоочдод комбайн, трактор авч өгөөд нэмэргүй. Энд нэг нь арай хийж төмс ургуулаад, 1000 төгрөгөөр зарах гэж байхад нөгөө нь баахан төмс ачиж оруулж ирээд 500 төгрөгөөр зараад байхаар яаж тэр аж ахуй нь явах юм. Хувцас хийнэ л гэж байна. Хувцсыг өмнө нь өөрсдөө оёдог байлаа шүү дээ, манайхан. Тэрийгээ сайхан хөгжүүлчихсэн бол манайхан хувцас биш, ядаж даавуу оруулж ирдэг болчихсон байхсан. Монголд байхгүй нейлон, синтетик, хөвөн даавуунууд оруулж ирээд, төрөл бүрийн гадуур, дотуур хувцсаа өөрсдөө хийдэг болчих хэрэгтэй. Одоо дандаа гадаадад очоод үнэ хямдарсан хувцас авчирч, тэрийгээ 3-4 нугалсан үнээр зарах гээд зогсож байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Болихын тулд Монголд үйлдвэрлэж болох бүх барааны импортын татварыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнийг нь зөрчсөн, гаалийн татвараас зугатсан, тойрсон төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, иргэнийг хуулийн хатуу хариуцлага ногдуулах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж эхлээд зах зээлээ хамгаалж, дараа нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.

Сайд байхдаа би ашигт малтмалын лицензийн тоо 9500 ширхэг байсныг 3500 болгож цөөлсөн. Ашигт малтмалын хуульгүй шахуу, гадаадынхан хамаг юмыг нь авдаг журам, дүрэмтэй байхад нь чиглэл өгч, Ашигт малтмалын тухай хууль гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн хууль, Аж үйлдвэрийн паркийн тухай хуультай болсон. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр хүртэл гаргасан шүү дээ.  Тэрийг маань АН, МАН хоёр одоо өөрсдөө хийсэн юм шиг ярьдаг.

-Танай нам УИХ-д ганцхан суудалтай байсан ч та маш тод хүн байсан. Хурц хэлдэг, сайн ч шүүмжилдэг байсан. Одоо улс төрд, УИХ-д тийм тод, тодорхой хүн харагдахгүй юм аа?

-Энэ УИХ-д ер нь хийж байгаа ажил байхгүй шүү дээ. Одоо яаж ийгээд нэг төсвөө баталчихвал УИХ-ын гишүүд бүгдээрээ гадаад руу тэнээд явчихна. Эд нар ганц л юм бодож байгаа. “Яаж хурдан төсвөө баталж энэ төсвөөс тендер авч, хэдэн цаас идэж уух вэ” л гэж. Тийм учраас эд нарт өнөөдөр яриад байх зүйл алга  шүү дээ. Сөрөг хүчин алга байна. Өнөөдөр монгол хүний тухай ярьж байгаа зүйл байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Монголчуудыг амьдарвал амьдар, үхвэл үх гэх  байдлаар манай улстөрчид хандаж байгаа. Тэгээд жаахан дургүйцэл илэрвэл тэрийг нь худлаа аргална. Саяхан багш нар цалингаа нэмүүлнэ гээд л нэг хэсэг шуугисан. Тэгээд 5-10 хувь нэмсэн болсон, зөрүүлээд ам.долларын ханш хэдэн төгрөгөөр өсөв, бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэв. Ингэж л нэг гараараа таван төгрөг өгөөд, нөгөө гараараа 10 төгрөг суйлж байна. Тэгээд энэ тухай хэн ч ярихгүй байна.

Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр нэмэх нь 51 хувь, ингээд 100 хувь, дээр нь “Оюу толгой”-н 34 хувийн хувьцааг нэмээд монголын алт, зэс, молибдений том корпораци бий болгож болно. Төрийн мэдлийн. Үүнийхээ хувьцааг Лондон, Нью-Йоркийн бирж дээр гаргана. Зөвхөн тэр хувьцаагаар бид 200-гаад сая ам.долларын хөрөнгө босгох боломжтой. Үүгээр нийгмийг бухимдуулаад байгаа бүх асуудлыг шийдчихнэ шүү дээ. Одоо дэлхий дахинд таван жилийн дотор суудлын бүх автомашин, онгоц, унаа цахилгаанаар явдаг болох гэж байна. Тэгэхээр зэс үнэд орно. Харин нефтийн үнэ унана. Яагаад гэхээр нефтийн хээрэглээ багасна. Арабууд буцаад гуйлгачин болно. Тийм учраас бид алт, зэсний корпораци байгуулаад яаралтай олон улсын санхүүгийн зах зээлд гаргах хэрэгтэй байна.  Өнөөдрийг болтол бид олон улсын санхүүгийн зах зээлд ерөөсөө олигтой гарсан юм алга. Зөвхөн арилжааны нэг жаахан зээл л авсан. Казахстан том, том ордуудаа түшиглэсэн улсын компаниудаа бүгдийг нь Нью-Иорк, Лондонгийн бирж дээр аваачсан. Өнөөдөр Казакстаны хөгжлийн санд нь 28 сая ам.доллар байна. Тэдэнд саяхан гэхэд л биднээс илүү юм байгаагүй шүү дээ. Харин манай санд ганц л юм байна. Тэр нь хэдэн зуун сая ам.долларын өр.

-Засгийн газар Тавантолгойн 30 хувийг Хөрөнгийн биржээр зараад, хувьцаа тараана, Ирээдүйн хөгжлийн сан байгуулна гэсэн шүү дээ?

-Би галзуурчихсан юм уу, аль эсвэл энэ хүмүүс галзуурчихсан юм уу? Дэлхий даяараа ойрын таван жилийн дотор нүүрснээс 100 хувь татгалзах гээд байхад манай энэ “нойлын ногоон тэг”-нүүд нүүрсээр хувьцаа гаргаж, мөнгө босгоно гээд солиороод байх юм. Өнөөдөр Орос, Хятад манайхыг тойруулаад том хийн хоолойнууд тавьчихаад байна. Одоо дахиад том хийн хоолой тавих гэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадад нүүрс шатаахаа болиод хий үйлдвэрлэдэг станц барих гэж байна. Маш олон төрлийн цахилгаан машин үйлдвэрлэхээр эрчимтэй ажиллаж байна.  Галт тэрэг нь цахилгаанаар явдаг болж байна. Ганцхан манайд л яндандаа утаа баагиулаад, гал тэрэг нь явж байгаа шүү дээ.

Хоёрдугаарт, Скандиновын орнууд гэж байна. Маш их байгалийн хийн нөөцтэй, нефттэй. Тэдний мөнгө олох арга нь улсын том, том компаниудаа хөрөнгийн бирж дээр гаргаад, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Хөрөнгийн биржээс том хэмжээний мөнгөнүүд босгоно. Тэгж байж том, том хөгжлийн сангууд байгуулж хөгжүүлдэг юм шүү дээ. Манайх болохоор бүгдээрээ халаасны хулгайч. Ханаж дуусна гэж байхгүй.

-Хөгжлийн сан байгуулах гэж байгаагаа Казахстанаас туршлага судалсан гэсэн. Ерөнхийлөгч маань болохоор Азербейжанаас туршлага судлаад...?

-Казахстан улс гэж байхгүй, Оросын хараат улс шүү дээ. Казахстан, Азербайжан аль аль нь нүүрсээрээ дэлхийн зах зээлд гараагүй байхгүй юу даа. Нүүрсээр хэн ч босоогүй. Үүнийг яагаад ойлгохгүй байна вэ. Дэлхий даяар дулаарал бий болоод, усанд автаад энд тэндгүй л газар усны аюул болоод байна. Нүүрс их түлээд дулаараад байгаа юм байна гэдгийг эрдэмтэд тогтоочихсон шүү дээ. “Хойд мөсөн далай хайлаад байна. Тийм учраас нүүрс шатаахаа больё” гээд сая Индонезид болсон Ази, Европын АСЕМ-ын үеэр бүгдээрээ ярьж байна. Тэгтэл манайх тэрнийх нь эсрэг “Үгүй ээ. Бид бүр хэдэн зуун саяар нь нүүрс шатаана. Тэгээд нүүрсний хувьцаа гаргана, та нар аваарай” гэх гээд байна аа даа янз нь. Яаж тэгж болдог юм.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ сүүлийн арван хэдэн жил шүүмжлүүлж байна. Хамгийн сүүлд “Далд уурхайн ашиглалтаа хойшлуулна” гэдэг анхааруулга өгсөн. “Сентерра гоулд”-ын араас гараад явчих юм биш биз?

-“Сентерра гоулд”-ын хувьд бол гарсан нь зөв байх аа. Дөчин тонн алт авсан, нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Тэр алтыг бүгдийг нь энд цэвэршүүлээд онгоцоор зөөсөн шүү дээ. Манайд ч тушаагаагүй. Би сайд байхдаа нэг удаа очоод уулзсан. “Одоо үлдсэн алтан дээрээ татвараа төл өө, нөхөд минь. Тэгэхгүй бол та нарыг хөөж явуулна. Дээр нь та нар 40 тонн алт авсан. Тэрнийхээ ёс суртахууны хохирлыг барагдуул” гэсэн. “Манайд таван эмнэлэг барьж өг, инженерүүдийг сургаж өг” гэсэн.  Үлдсэн алтан дээр нь 150 сая ам.долларыг шахаж байж авсан. Дээр нь тэр Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг санхүүжүүлсэн юм шиг байна лээ. Уг нь бол би оношлогооны бүх тоног төхөөрөмж, бүх юмыг нь тавиулчихъя гэж бодсон юм.

“Оюутолгой” дээр бол бид ярилцах ёстой. Фрийдланд гээд нөхөр манайд хайгуулын ажил хийсэн. Маш удаан хугацаанд, олон тооны өрөмдлөг хийсэн. Хамгийн сүүлд бүх зүйлээ хураагаад “За, за одоо явъя даа” гэж байтал “Энд нэг ганцхан удаа өрөмдөөд үзье дээ” гэсэн байгаа юм.  Тэгээд 1200 метр өрөмдтөл тэндээс зэсийн орд олсон. Тэгээд Фрийдланд компани байгуулаад, түүнийгээ Хөрөнгийн бирж дээр гаргаж, тэндээс нь “Рио Тинто” гэдэг компани тэдний хувьцааг авсан. “Рио Тинто”  бол дэлхийн уул уурхайн том компани. Ганц Монголд биш, олон оронд өөрийн салбар уурхайтай. Манай дарга нар унхиагүй юм чинь яахав дээ. “Өө, надад төчнөөн хувийг өгчих. Тэгвэл наад татвар энэ тэрийг чинь хөнгөлөөд өгье” гээд манай дарга нар өөрсдөө гүйж очоод санал болгоод монголчуудад аль болохоор ашиг муутай, алдагдалтай гэрээ хийсэн.

Тэгэхээр “Рио Тинто”-д буруу байна уу, бид нарт буруу байна уу? Бид муу, муухайгаа гадныхан руу дандаа чихдэг. Манай дарга нар л гадныхныг хууль бус юм руу түлхдэг. Тэгж мөнгө иддэг. Тэрний нэг жишээ нь “Оюутолгой”-н гэрээ байхгүй юу. Манай талд ашиг багатай гэрээ. Гэхдээ оройтоогүй, өөр асуудлаар үүнийг нөхөж шийдэх эрх хэмжээ  байгаа.

-Та саяхан Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгт суусан байна. Ямар байр суурь илэрхийлэв?

-Цаадуул чинь хуулийн төсөл боловсруулсан байна лээ. Тэр нь үндсэндээ “Сонгуулийг хаалттай хийчихье” гэсэн утгатай. “Ерөөсөө сурталчилгаа хийхгүй, сошиал орчныг хаачихъя, телевиз, радионуудыг цаг, минутаар хавчаад хаачихъя.Тэгээд сонгуулийг 10-14 хоногийн дотор хийгээд сурталчилгаа хийхгүй зүгээр тав таван төгрөг тараагаад хийчихъе” гэсэн тийм л тогтолцоо бичсэн байна лээ. Бид ямар саналтай орсон бэ гэхээр, “Сонгуулийн үйл явцад хяналтыг олон нийтийн байгууллага, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлч нар, дээр нь нэр дэвшигч нар хийг. Түүнээс СЕХ биш. СЕХ зөвхөн сонгууль зохион байгуулах л үүрэгтэй байг. Дээр нь телевиз, радиог  хязгаарлах биш аль болохоор нээлттэй болгох хэрэгтэй” гэсэн. Ярих юмаа яриг. Өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулж чадаад олон хүнийг  араасаа дагуулж чадвал гар л даа. Тэгж чадахгүй бол хохь нь. Мэдээллийн хэрэгслийг нь хаачихаад, өөрсдөө гарна гэвэл үнэнд арай ч нийцэхгүй байх аа.

Х.Хулан “Ардчилал таймс сонин”

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 17 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 28 мин Энгийнийг ухаалгаар 35 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 3 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 15 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 29 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 36 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 3 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 20 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 37 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top