Засгийн газрын 2022 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1030, Баянгол дүүргийн Засаг даргын А/303, А/331 дугаар захирамжийн хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зөвлөмжийг иргэдэд хүргэж эхэллээ.
Тодруулбал аравдугаар сарын 26-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, хороодын ажлын албад, “Таван толгой түлш” ХХК-ны төлөөлөл болон холбогдох мэргэжлийн байгууллагын алба хаагчдын уулзалт болсон.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр дүүргийн гэр хорооллын хороод буюу 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23, 29-р хорооны 9329 айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, шахмал түлш хэрэглэх болон учирч болох аливаа эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмж мэдээллийг хүртээмжтэй хүргэх чиглэл өглөө.
Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн эрсдэлээс сэргийлэх цаашлаад угаарын хийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг.
Энэ талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлээс сэргийлэх нь чухал алхам учир олон нийтэд зориулсан угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран материал болгон боловсруулж энэ сарын сарын 27, 28, 29-ний өдрүүдэд айл өрхүүддээ тараах юм.