Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил зөвхөн автобус оруулж ирснээр хэмжигдэхгүй. Трамбай, такси, дүүжин тээвэр, метрог хосуулж хөгжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцолсон.
Тухайлбал, таксины үйлчилгээн дээр такси болон жолооч нарыг бүртгэлжүүлэх нь чухал. Үүний тулд таксины үйлчилгээний нэгдсэн стандарт бүхий франчайзинг хэрэгжүүлэх бизнес моделийг боловсруулж байна гэсэн юм. Тодруулбал бизнес модулийг доорх төрлүүдээр хөгжүүлэх нь. Үүнд:
- Нэгд, такси баазтай байх юм уу, бааз байгуулж жолооч нарыг авч бүртгэн цалинжуулж ажиллуулах,
- Хоёрт, uber маягийн таксины баазгүй, жолооч нарыг аппликэйшн дээр нэгтгэж явуулах,
- Гуравт, дээрх хоёр аргыг хослуулсан дундын бизнесийг хөгжүүлэх.
Манай улсад 80 гаруй мянган хүн албан болон албан бусаар таксинд явдаг судалгаа гарчээ. Энэ нь такси барих хүний нөөц байна гэсэн үг. Гол нь тэдэнд стандартын, зөв талын жолоотой, таксиметртэй, аюулгүй байдлыг хангасан бүхээгтэй таксины шинэ моделийг санал болгох юм байна.
Таксины бизнес үйлчилгээг ирэх сараас олон нийтэд танилцуулна. Манайд цахилгаан машин явахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс таксины үйлчилгээнд тохирох нь хайбрид машин юм гэсэн байна.
Таксины үйлчилгээг хоёр төрөлтэй болгоно. Хар такси буюу өндөр зэрэглэлийн, ердийн такси. Мөн таксины үйлчилгээний зорчих тарифыг нь шинэчлэх хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг дарга хэлсэн байна.