x

Нэг монгол, Цэгцрэх хөдөлгөөн, Ардчиллын хоёр дахь давлагаа

Дээрх гурван холбоо үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын он солигдох завсар хэлсэн үгнээс нь онцолж байна.

Ерөнхийлөгч:

Яах аргагүй гадаад харилцаагаа онцолжээ. Үнэхээр ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Пап лам, Макрон Ерөнхийлөгч болон бусад гадаад айлчлал манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын үр дүн, ололт амжилт болж чадсан. Тээр жил АСЕМ-ийг Монголд хийж байхад дэлхийн медиа тэгж шуугиж байсныг санаж байна. Хамгийн чухал нь Монгол Улс өнгөрөгч 2023 онд НҮБ-ийн бүх гишүүн орон болох 192 улстай бүгдтэй нь дипломат харилцаа тогтоож чаджээ. 

Гэхдээ энэ бүх амжилтыг нөгөө л түүх, соёл, уламжлалтай холбон тайлбарлаж бахархан огших юм. Мэдээж өнгөрсөнгүй өнөөдөр гэж байхгүй ч ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч хэдий хүртэл өнгөрсөн түүхээр “түрий барьж” жилээс жилд хэлдэг үг болгон дээрээ бидний хайрцаглах ёстой юм бэ? Өөрсдийн бахдам түүх, бүтээн байгуулалт, ололт амжилтаа томъёолж, тэрнийхээ эхний үр дүн, алдаа оноог харин жил бүр ярилцдаг баймаар юм. Ардчилал, хүний эрх, хүртээмжтэй нийгэм, эрх чөлөө гэдэг үгийг энэ удаа төрийн тэргүүн амнаасаа ган хийлгэсэнгүй. 

Хажуу хавирганы улстөрчид нь мань мэтийг улныхан, бядгүй, хар масс гэх мэтчилэн янз бүрээр ярьж бичдэг. Гэтэл “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү” гэж хэлсэн нэг бодлын давхар даапаалаад ч байгаа юм шиг. Бие биенээ хайрлаж, хамгаалж, дэмжиж, эе эвээ сахин, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр эгнэгт хамтдаа зүтгэх учиртай гээд бид хэдэд хандаж хэлж байгаа үгийг нь шийдвэр гаргагчид, улстөрчдөд рүү давхар чиглүүлж хэлсэн бол...

Баярын үг гэдэг утгаараа маш их билэгдэл ярих юм. Автобусгүй, утаатай, түгжрэлтэй хотын иргэд дүн өвлөөр хичнээн билэгдэл сонсоод яах билээ. Уг нь бодит байдал, сорилт, хүндрэл, алдаа оноогоо факттай нь цуг дэнсэлсэн үг хэлж байвал яг л айлын аав шиг санагдах байлаа. 

Эцэст нь хилчин дайчид, энхийг сахиулагчид, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынд тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Мэдээж энэ хүмүүсгүй улс оршин тогтнохгүй. Гэхдээ нөгөө талаас энэ хүмүүсийг ажилтай орлоготой байлгаж, бодитоор орших эсэхийг тодорхойлж, тэдний цалинг татвараар дамжуулан тавихын төлөө өдөр шөнөгүй ажилладаг хувийн хэвшлийг дурдсангүй нь харамсалтай санагдав.

УИХ-ын дарга:

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал, өмчийн эрх гээд чухал үгсээр яриагаа эхэлсэн боловч утга, үр дүнг нь огт дурдсангүй. Өнгөрсөн хугацаанд төрд хулгайлуулж, дээрэмдүүлж, дээрэлхүүлж байсан ард түмэн маань одоо л овоо хэрсүүжиж, зоригжиж байна, хүйтэн усанд шидүүлсэн хүүхэд одоо л усанд учраа олж хэрсүүжиж эхлэх гэж байна, овоо шүү дээ гэх ухааны зүйл хэлж байна гэж би ойлгов. Үүний үр дүнд л тогтолцооны өөрчлөлтүүд хийгдэж байгааг онцлов. 

“Хагарсан цонхны онол шиг эмх замбараагүй байдал ноёлсон энэ цагт” гэж одоо байгаа нөхцөл байдлыг УИХ-ын дарга онцолж, хүлээн зөвшөөрч тодотгож хэлэв. Үүнийг хуулиар засаглаж байж л засч чадах учиртайг ч дурдав. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хуулийн засаглалгүй явж ирсэн болж таарав уу? Аймаар үг! 2023 оны эдийн засгийн өсөлтийн үндэс нь Хөгжлийн банк, нүүрстэй холбоотой хулгайтай хийсэн тэмцэл гээд шууд хэлэв. Энэ үнэн байх аа. 

“Бидний ардчиллын хүч бол парламентийн засаглал” гэж онцолсон нь таалагдсан. Улмаар удахгүй эдийн засгийн суурь реформууд эхлэнэ гэдгийг ч дурдав. Бүс нутагтаа өрсөлдөх чадвараа сайжруулж, бие даасан, хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх дээр анхаарах тухайгаа ч амлав. Гэхдээ энэ том зорилтуудыг биелүүлэх гэж оролдохоосоо өмнө дотоод хулгай, хариуцлагаа цэгцлэхгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг төрийн эрх барих дээд байгууллагын дарга мэдэж буй байлгүй дээ. Жаахан зүйлийг буруу хийхэд л татвар төлөгчдийн мөнгөөр албатай юм шиг бизнес хийх гээд гонгинолдсон бизнесийн шантаажны бүлэглэлтэй болох бий вий. Өөрөөр хэлбэл, дээрх эдийн засгийн реформууд нь худалдан авагчдын нийлүүлэлтийн сүлжээнд хүчээр халдаж, ард иргэдийн чөлөөт сонголт хийж, дуртай улсынхаа дурын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрх чөлөөг бузарлаж болохгүй билээ. 

Эцэст нь одоо байгаа та бидний байгаа замбараагүй, ороо бусгаа байдал нөгөө талаараа цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм. Иймээс энэ хөдөлгөөний оролцогч, бүтээгч, хамгаалагч, зохиогч нь байгаарай гээд үгээ дуусгав.

Ерөнхий сайд

Их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна гэхэд жаахан гайхав. Чингис хааны талбай болоод нэрийг нь солиод байгаагүй билүү, би андуурсан уу?

Гэхдээ авлигын системийг нурааж чадлаа гэж мэдэгдсэн нь хамгийн чухал зүйл байв. Гэхдээ яг нурааж чадсан уу, хаана хэний бүтээсэн ямар системийг нурааж унагаагаад, хэнд ямар хариуцлага тооцож, татварын төлөгчдийн дээрэмдүүлсэн мөнгө, алдсан боломж дээр ямар нөхөн төлбөр үзүүлсэн бэ? 

Эдийн засгийн өсөлт, тэлэлт гээд гоё эерэг, чухал том тоонууд ярьсан ч яг үнэндээ нүд, чихэнд огт наалдсангүй ээ. Учир ину бид хэд нь өнгөрсөн хугацаанд сонсож дадсан авлига, хулгайн олон оронтой мега тоонд дасчихжээ. Боломжоо хулгайлуулсан бидэнд энэ гоё өсөлт, эдийн засгийн тоонууд төрийн хулгайн мөнгөнөөс илүү гарахгүй л бол бодит өсөлт, тэлэлт, хөгжил дэвшил гэж ойлгогдохгүй болжээ харамсалтай нь... “Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй" гэж хэлсэнийг нь тэмдэглээд авлаа.

Эрх баригч намын даргын хувьд өнгөрсөн сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хувь, сорилт, боломжуудаа багцлаад танилцуулсан бол тун хэрэгтэй үг болохоор байв. 

Эцэст нь төрийн гурван өндөрлөгийн хэний ч амнаас хариуцлага гэдэг үг гарсангүй ээ. Энэ үгийг би хувьдаа хамгийн ихээр хүлээж байв. Хариуцлагатай Монгол байж чадахгүй л юм бол бид хөгжил дэвшлийн гараан дээрээ мөнхөд зогсох болно.

ОХУ:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үгийг маш товчоор хувьдаа дүгнэвэл дайны хүнд үеийн илтгэл болсон байна. Бид нэг улс, нэг гэр бүл, бие биенээ хайрлаж, хүндэлж дэмжих ёстой байна гэж хэлсэн үг нь манай ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилээр хэлсэн үгний агуулгатай яг адилхан таарч буй нь сонихон. Эндээс ургуулаад янз бүрийн дүгнэлтүүд гарч болохоор л байна. Эх орны үнэ цэнэ, ард иргэдийн итгэл найдвар гээд товчхондоо Монголтой төстэй буюу дандаа өнгөрсөн түүх, эмоци дээр суурилсан үг хэлэв. Ирээдүй, боломж гэдэг зүйл огт үнэртсэнгүй ээ харамсалтай нь. Харин эсрэгээрээ одоо гаргаад буй “амжилтандаа” сэтгэл хангалуун буйгаа дурдав. Уламжлал ёсоор цэрэг, армийнхандаа тусгайлан баяр хүргээд үгээ дуусгаж байна лээ.

БНХАУ:

Хятадын ерөнхийлөгчийн шинэ жилийн үгний эхний агуулга нь “Бид ирээдүйдээ улам бүр итгэлтэй болж байна” гэдэг контекс байна. Ногоон хөгжил дээр онцгой авч холбогдол өгч ус нь улам цэвэр, уул нь улам ногоон болж буйгаар бахдаж байна. Эдийн засаг нь хүнд нөхцөлд орох тусам резинен бөмбөг шиг улам харимхай, уян, хөдөлгөөнтэй, хурдтай болж байна гэж дурджээ. 

Хятадын ерөнхийлөгчийн үгний хамгийн гоё хэсэг нь ирээдүйгээ ярьсан, мөрөөдлөө төлөвлөсөн, зорилгоо бататгасан үг өгүүлбэрүүд нь байлаа. Газар, ус, агаарын тээвэр, сансрын технологи, инновацаараа хэдийнэ дэлхийд тэргүүлээд эхэлсэн гэдгээ ч онцолсон байна. Зөөлөн хүчний бодлого, тив бүс дамнасан глобал төсөл санаачилгуудаа бүгдийг нь дурдлаа. 

Ирэх жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой болох ажээ. Энэ тухайгаа дурдах зуураа Хонг Конг, Макаог улам бүр өөртөө шингээхийн сацуу Тайванийг авах (нэгдэх) эсэх нь цаг хугацааны л асуудал маягтай зүйлийг дурджээ. Шинэ Хятадын зорилго маш энгийн. Тэр нь Хятад хүн бүрт сайхан амьдрах боломж, бололцоо, орчинг бүрдүүлж өгөх гэж томъёолсон байна аа. 

Төрийн 3 өндөрлөгийн 2022 онд хэлж байсан үгийг ЭНДЭЭС, 2021 онд хэлж байсан үгийн тойм дүгнэлтийг ЭНЭ холбоосоор орж уншаарай. Одоо харьцуулаад уншвал бүр сонин байх болно.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 9 цаг 47 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 9 цаг 47 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 16 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 11 цаг 45 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 11 цаг 52 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 1 мин 1968 оны Чехословакийн хавар 12 цаг 29 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 12 цаг 43 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 17 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 26 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 14 цаг 47 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 15 цаг 37 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 15 цаг 47 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 26 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top