x

Сэтгэлийн гүнд мэлтэлзэх Сангийн далай

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Сангийн далайнхаа тухай бодох бүрд одоо морио эмээллээд мордвол бүрий орохоос өмнө хүрчих юм шиг санагддаг юм. Түмэн бээрийн алсаас ч алаг морио хатируулсаар сэрүүн хангайдаа очиж болмоор гэгэлзэнэ. Хөндий талаар нь хөл нүцгэн гүйж өссөн болохоор төрөлх нутгийнхаа газар шороог, намуухан нуурынхаа эрэг хөвөөг техник хэрэгслээр гэмтээж сэтгэл төвдөхгүй мэт. Тэгээд ч адууны тэнгэртэй өвөөгийн амин охин хүлгийн зоон дээр дэрвэж л явах ёстой гэж боддог минь тэр. Намайг багад бугын сүрэг айлуудаас алсуурхан явсаар нуурын уснаас ундаалчихаад, нар буутал тэртээх уулын энгэрт идээшилдэг байсан сан. Тугалын зэлэн дээр, үнээ ивлэгэж зогсохдоо ийм ховор нандин зураглал харах боломжтой гэхээр хэчнээн сайхан хангай болох нь тодорхой биз. Ерөөс тоглож өссөн толгод, уул ус, нуурын минь зүг морин туурай, үхэр тэрэгний мөрнөөс өөр ором битгий гараасай, үеийн үед унаган дагшин, амар амгалан энэ л төрхөөрөө байгаасай гэж хүснэ. Өдийд айлууд зусландаа гарч эхлээд Номт, Сэвсүүлийн ам, Цагаан мөсний гол, Хясааны гол, далайн захаар хонь, мал тааваараа идээшлэн налайж байгаа даа. Ийн бодох төдийд “Даваа даваад ирмэгц далайн жавар мэдрэгдэж, сэрүү татаад хачин сайхан” хэмээх аав минь нутгийн зүг жолоо залах бүрдээ үг санаанд бууна.

Хүн гэдэг өсөж, төрсөн нутгаасаа холдох тусам хоргодож, сэтгэлдээ сүсэлж явдаг юм байна. Миний бага нас Завхан, Хөвсгөл аймгийн заагт орших Сангийн далай хэмээх жижгэвтэр нуурын дэргэд өнгөрсөн. Тодруулбал, Булнайн нурууны ар шилд буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Их-Уул сумын хооронд оршдог давст нуур. Нуурын өргөн дунджаар 5.2 километр бөгөөд зүүн хэсгээрээ хамгийн ихдээ 13, баруун хэсгээрээ найман километр гэж үздэг. Монгол оронд Сангийн далай гэх нэртэй нуур хэд хэд бий. Гэхдээ миний “жаахан” нуур буй бүхнээрээ онцгой санагдах нь үр шимийг нь хүртэж “ургасан” хүний үрийн сэтгэл биз. Тийм ч болохоор нутгийн нуураа далай хэмээн дээдэлдэг юм. Сангийн далайд сайрхах зүйл олон бий. Нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нуураас бага боловч давсархаг. Мөн Увс нуурын өмнөд хэсгээс эхлээд Хан хөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор, Тэсийн голын эх, Булнайн нурууг дамнан 500 орчим километр үргэлжилсэн 1905 оны их газар хөдлөлтийн улмаас үүссэн газрын хагарал нуурын өмнөд хэсэгт тодхон бий. Хагарсан газар зарим хэсэгтээ галт уулын тогоо шиг хотгор, зарим хэсэгтээ намхан толгод үүсгэн эдгэрсэн байдаг юм. Ийн үүссэн толгодыг нутгийнхан Хүйс толгой, Гавын толгой гэхчлэн тус бүрд нэрлэж заншжээ. Харин хотгор хэсгүүд нь зун цагт усаар дүүрч, цөөрөм үүсгэнэ. Энэхүү гавын толгодын цаахантаа Салхит, Дээд захын гэх мэт бие биедээ ижилдэн сүндэрлэсэн таван толгой бий. Нуурын эрэг элсэрхэг, зарим хэсгээрээ асга хадтай ч ойр орчмын газар нь ерөнхийдөө талархаг. Хаашаа ч харсан уулс цэнхэртэж, байц хавцал бараантан байдаг уулархаг нутгийн иргэд далайн захын мөлгөр, хүрэн толгодыг Талын таван толгой хэмээн нэрлэсэн нь оносон мэт.

Нуурын хамгийн нандин зураглал бол усны шувууд наадан цэнгэх агшин. Сангийн далайд ангир, галуу, цахлай гээд олон зүйлийн шувуу ирнэ. Мөн жил болгон сүрэг хун ирж, зусдаг юм. Анх хун шувуу харсан мөчөө огт мартдаггүй юм. Хөдөөгийн хүүхдүүд өөр өөрийн үүрэгт ажилтай, чөлөө зав багатай тул үргэлж нуурын зүг гүйгээд байх боломжгүй. Ялангуяа, зун цагт хонь саах, үнээний өглөө, оройн саам, хурдан морь уях, унах гээд ажил нөр их. Нуураас хол зуссан жил “Далайн зах явмаар байна” гэж хөгшин ижийгээ байнга л шалгаана. Өдөр бүр шахам сүү саалиа борлуулж, гэрийн ажлаа эрт хийчихээд далай явах зөвшөөрөл хүснэ. Учир нь, хүүхдүүдийг дураар нь далай руу явуулдаггүй байлаа. Онгирч, хөөрсөн багачууд хэт гүн хэсэг рүү нь орж эндэх вий гэж тэр байх. Тээр жилийн нэг өдөр хөгшин ээж болон айлын эгч нар бидний хэдэн хүүхдийг дагуулаад далай руу явлаа. Сэвсүүлийн амнаас далайн зах хүртэл гэхээр лав гурав, дөрвөн километр алхсан байх. Яагаад ч юм тэр өдөр мориор эсвэл машинаар явсангүй. Зам чамгүй хол тул замдаа амарч, хөгшин ээжийн гал дээр барьсан талх, шинэхэн өрмөөр цайлсан санагдаж байна. Хангайн зун гэмээнэ уран зураг шиг тансаг болохыг тэр үед анзаарч билээ. Хөгшин ижийнхээ гараас хөтлөөд алхаж явахдаа баруун тийш харвал, Хясааны голын эрэг дагуу буусан саахалт айлууд сувд мэт гялтганан үзэгдэнэ. Тэртээх уулс цэнхэртэж, оргил нь тэнгэрийн хаяатай нийлээд замхрах мэт нууцлаг. Тэгснээ энүүхэнд голын чимээ харгиатан сонстох нь өнө мөнхийн амар амгалан илэрхийлнэ. Энэ хөндийд жилийн жилд зуншлага сайн, газрын гарц арвин байдаг юм. Мөн нуурын ус хужир, шүү ихтэй учраас отор, нүүдэл элбэг. Тийм болохоор зун цагт энэ хавь өнөө, маргаашгүй даншиг наадам, овоо тахилга болох гэж байгаа мэт хөл хөдөлгөөн ихтэй байдаг сан.

Ойртох тусам сэрүү татаад, нуурын мандал тэнгэрийн өнгөтэй сүлэлдэн цэнхэртээд даанч сайхан. Тэр өдөр далай руу явна гэхэд учиргүй догдолж, гэгэлзсэнийхээ учрыг ирсэн хойноо л ойлгов. Дэгдээхийнүүдээ дагуулсан хос хун хараад учиргүй их баярлаж билээ. Хун ирдгийг нь мэддэг, өмнө нь өчнөөн олон нуурын дэргэд ирж байсан ч үр зулзагаа дагуулсан хос хунг ийм ойроос харж байгаагүй юм. Төсөөлснөөс хэд дахин том, нүд булаам үзэсгэлэнтэй тэр шувуу гоолиг хүзүүгээ цэх өргөж эрхэмсэг гэгч хөвж байв. Дөлгөөн цэнхэр нуурын мандалд аажуухан хөвсөөр, алсрахад нүд салгаж чадахгүй байснаа одоо ч тодхон санаж байна. Дараа таарахдаа таних юм сан гэж зүслэх гэж хичээж буй нь тэр. Магад цасан цагаан өнгөтэй, жигүүртний зүсийг тогтоохсон гэх бодол арав гаруй настай охинд л төрөх биз. Усны шувууд ирэх, буцах үеэр хөгшин аавынх нуураас нэлээд хол буусан байж таардаг болохоор ганганан гаргасаар өндрөө авч, Сангийн далай нуураа хэдэнтээ тойрчихоод, хошуураад нисэхийг нь алсаас хардаг байлаа. Шувууд ганганах чимээнээр гэрээсээ гүйн гарч, тэнгэр өөд хараа бэлчээнэ. Тэгээд хөгшин ижийтэйгээ хамт зэллэн нисэх шувуудын бараа тасартал гэрийнхээ гадаа зогсдогсон. Ийм хайлган зураглал хүнд юу эсийг бодогдуулах билээ. Онц сурах, алсыг зорих, өндөрт дүүлэх хүсэл цээжинд багтаж ядна. Харин хөгшин ижийнхээ юу бодож байгааг анзаарах ухаан тэр үед байсангүй. Одоо бодох нь ээ охиндоо хүн байхын, үнэн байхын ухааныг эгэл амьдрал, үйлдлээрээ сургадаг байж. Ямартаа л хун шувуу харуулах гэж, далайн зах очих хүслийг нь биелүүлэх гэж 60 гарсан хойноо зуны халуунд өчнөөн холоос алхах билээ. Ерөөс бэтгэртэл саналаа ч уулзаж чадахгүй алсад одоход эх нутаг, элгэн халуун дурсамж хоёр л үлддэг аж. Одоо би таныг, олон олон ухаарлыг нутгаасаа, тоглож өссөн нуурынхаа эргээс олох мэт санагдана.

Их усны дэргэд өссөн хүн уужим болдог гэлцдэг. Сэтгэл минь уудам гэвэл далайн захад өссөнийх. Хүсэл минь гэгээн гэвэл нуурын мандалд чуулах шувуудыг харж торнисных. Бодол минь уужим гэвэл буурлын сургаал сонсож, байгалийн сайхныг мэдэрч өссөнийх биз ээ. Үлээх салхи нь ээжийн үнэртэй нутагтай очихсон. Сэтгэлийн гүнд мэлтэлзсээр буй Сангийн далайдаа, уул ус, ургамал цэцэг жигдэрсэн сайхан Сэвсүүлдээ хүрэхсэн. Холын холоос зориод очих нутагтай байна гэдэг хэчнээн сайхан.

Энэ хөндийн чулуу бүхэнд шивнээд мартсан хүсэл минь бий

Эргээ халин мэлтэлзэх Сангийн далай мину

Өргөн дэнжийнх өвс бүрд буурлуудын минь хэлж амжаагүй захиас бий

Өнө мөнхийг бэлгэдэн харгиатах Хясааны гол мину

П.Даваажаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сайнжаргал (172.69.252.157)
    Яг бодол нэг байнаа сайхан бичжээ .
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 9 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 9 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 28 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 11 цаг 56 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 4 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 13 мин 1968 оны Чехословакийн хавар 12 цаг 41 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 12 цаг 55 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 29 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 38 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 14 цаг 59 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 15 цаг 49 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 15 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top