"Шөнийн цагаар хотын гудамжинд дрифт хийж байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсаны мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт явуулжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо "Гранд плаза"-гийн урд зам дээр иргэн С, А нар "toyota mark II", "toyota chaser" маркийн машинаар дрифт хийсэн нь тогтоогджээ.
Зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар жолооч тус бүрийг 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.